Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 154/2021/00034

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор   Э.Алтанцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр,

Шүүгдэгч Ж.А   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ж.А  т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2137000430036 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-*, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Б***** багт оршин суух, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т    овогт  Ж   ийн А  . РД:  

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч  Ж    овогтой А   нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр  Ховд аймгийн Булган сумын Бүрэнхарйхан багийн нутаг дэвсгэрт байрлах №114 дугаартай  ХААН банкны АТМ-ээр гүйлгээ хийх явцдаа иргэн Э.Батсайханы орхиж явсан “SB3 маркийн бор өнгийн хавтастай хар өнгийн гар утсыг олж авч бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас иргэн Б.Зоригоод 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав.  Үүнд:

          Шүүгдэгч Ж.А  ийн  мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 13-ны орой 21 цаг 40 минутын үед Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-р гүйлгээ хийж 50.000 төгрөг авсан. Би тухайн үед S8 загварын бор өнгийн хавтастай гар утас АТМ-ын тавцангаас авсан. Гар утсыг Булган сумын Баянсудал багийн иргэн Б.Култайя гэх залууд 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг,

             Шүүгдэгч  Ж.А  ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн утсыг Хаан банкны АТМ-с олж авсан. Би олж авсан болохоор авч яваад дүүдээ 100.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролоо нөхөн төлсөн..." гэх мэдүүлэг,

            Хохирогч Б.Зоригоогийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Манай хүү З.Батсайхан миний гар утсыг 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр авч явж байгаад Хаан банкны АТМ дээр мартаж алдсан юм. Тухайн үед манай хүүтэй зөрж орсон хүн миний утсыг аваад явсан байсан. Манай хүү зөрж орсон хүнээ танихгүй байсан. Миний гар утасны үнийг төлнө гэсэн. Миний мөнгийг хуулийн дагуу төлөөд өгвөл өөр надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг,

            Гэрч Б.Сухбайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн иргэн Ж.А   гэх хүнийг танина. Бид нар төрсөн ах дүү нараас гарсан хүүхдүүд байгаа юм. 2021 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Ж.А  тэй уулзахад би энэ утас зарчихмаар байна. Чи авах уу гэхээр нь тухайн үед би 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 10 гаруй хоногийн дараа Ж.А   утасдаад утас аваад ирээч цагдаад аваад ир гэж байна гээд надаас утас аваад явсан. Ж.А  ээс авсан утас бор хавтастай хар өнгийн S8 маркийн гар утас байсан.  Ж.А  ээс хэний  утас талаар асуусан тэр үед асуудал байхгүй би олж авсан юм гэж хэлсэн.  Хаанаас олсон тэр тухайгаа хэлээгүй. Гар утасны галера хэсэг рүү орж үзэхэд хоосон байсан. Би өөрөө барьж байх хугацаандаа  зураг дарж галера хэсэгт хадгалагдсан байгаа байх... ”гэх мэдүүлэг

          Насанд хүрээгүй гэрч З.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ өдөр би мөнгө шилжүүлэх гэж төв гудамж орсон юм. Тухайн үед аавын гар утсаар цахим хичээл үзэж байгаад аваад гараад ирсэн байсан. Тэгээд мөнгөө шилжүүлээд гарах үед аавын утсыг АТМ-ын  тавцан дээр үлдээгээд гараад явсан байсан. Намайг АТМ-ээс гарч явах үед 40 орчим насны эрэгтэй хүн зөрж орсон. Би нэг их удаагүй 5 орчим минут болоод буцаад ирэхэд нөгөө эрэгтэй хүн байхгүй, миний гар утас мөн алга болсон байсан..." гэх мэдүүлэг,

   - гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

   - эд зүйлийн үнэлгээ,

   - эд зүйлийг хүлээлгэн өгсөн  тэмдэглэл,

              - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

              Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч  Ж.А   нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхарйхан багийн нутаг дэвсгэрт байрлах №114 дугаартай ХААН банкны АТМ-ээр гүйлгээ хийх явцдаа иргэн Э.Батсайханы орхиж явсан “S8 маркийн бор өнгийн хавтастай хар өнгийн гар утсыг олж авч бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас иргэн Б.Зоригоод 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 Шүүгдэгч Ж.А   гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.      

Иймд шүүгдэгч Ж.А  ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлөгдсөн, хохирогчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаар шийтгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч  Ж.А  т урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Т    овогт Ж   ийн А  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүгдэгч Ж.А  ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ж.А  т  оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Асалбек нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 5. Шүүгдэгч Ж.А  т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид  даалгасугай.

             6. Шүүгдэгч Ж.А   нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүйг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан CD-ийг хэрэгт хавсарган хадгалсугай.

            7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А  т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                                                                                                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.ТҮВШИНЖАРГАЛ