Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 154/2021/00035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор  Э.Алтанцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

Шүүгдэгч Ч.А    нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ч.А   д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2137000450035 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл * эхнэр хүүхдийн хамт, Ховд аймгийн Булган сумын Б*** багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй Х   овогт Ч   гийн А   . РД:   

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч Ч    овогтой А    нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны шөнө Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Дүгэржавын эзэмшлийн гэрийн гадна байсан Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн “Хаожи" маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хулгайлж 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

          Шүүгдэгч Ч.А   ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай эхнэр Жайнагүль аавынхаа гэрт очно гээд байхаар нь Баянсудал багийн “Хараан үзүүр” гэх газар луу эхнэр хүүхдийн хамт явган алхаж хадам аав Мишээлийн гэр очсон. Орой гэрлүүгээ буцах болоход эхнэр хэд хоног аавындаа байна гэхээр нь эхнэр, хүүхдээ үлдээчихээд гэртээ ганцаараа алхаж ирсэн. Замдаа нилээд ядарч ирээд гэртээ унтаж байгаад шөнө сэрээд толгойд янз бүрийн юм бодогдоод хувьдаа мотоциклтэй болмоор санагдаад гэрээсээ гараад хойшоо төврүү чиглээд явж байтал хэн гэдгийг нь мэдэхгүй, байшингийн үүдэнд мотоцикль байхаар нь хашааны хаалганы ойролцоо очиход хүн явж харагдахгүй болохоор нь очоод мотоциклийг нь түрээд явган хүний хаалгаар гараад гаднаас нь хаалгыг нь уячихаад мотоциклийг нь түрээд гэрийн хажууд малын хашаа руу оруулж тавьчихаад өглөө босоод 2 ширхэг толь, карбираторын таг, урд хөлний хамгаалалт, суудлын бүрээс зэрэг эд зүйлсийг нь авч хаячихаад ээжийндээ очоод ирж байгаад цагдаагийн алба хаагчид баригдсан. 

         ... айлын гэрийн хажууд мотоцикль байхаар нь түрээд явсан. Түлхүүр нь хажууд нь байсан. Танигдуулахгүй байх зорилгоор эд ангиудыг нь тайлж авсан. Авсан зүйлсээ бүгдийг нь хохирогчид буцааж өгсөн. Надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Мотоциклийн яндангийн таг, хойд гэрэл зэргийг хохирогчид буцааж өгнө манайд байгаа..." гэх мэдүүлэг,

          Д.Дүгэржавын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Булган суманд хадлан хийж дуусгаад Сөнхөл гэх газар луу малруугаа явсан юм. Явахдаа өөрийнхөө Бүгд Найрамдах Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн улсын дугааргүй Хаожи маркийн мотоциклоо Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах байшингийнхаа хажууд тавиад явсан юм. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай хүү Д.Дэмбэрэл утсаар холбогдож мотоциклоо хулгайд алдсан талаар ярьсан. Хэзээ алга болсон талаар асуухад 2021 оны 08 дугаар сарын 30-ны орой алдсан гэж хэлсэн юм. Ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Үйлдвэрээс ирсэн чигээрээ байсан юм. Одоо 2 сая төгрөгөөр үнэлж байна. Миний мотоциклийн хойд гэрэл байхгүй, урд гэрлийн шил хагарсан, зүүн талын дохионы 2 гэрэл байхгүй, тоормозны пидалыг тахийлгасан, аккумляторын таг байхгүй, яндангийн хамгаалалт урд хойд шаврын хаалт өвдөгний хамгаалалт, 2 толь, суудлын бүрээс зэрэг эд зүйл байхгүй байна. Миний мотоциклийн эд зүйлийг гарган өгч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

         Д.Батхуягын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай төрсөн дүүгийн хүүхэд болох Д.Дэмбэрэл утсаар залгаад манай мотоцикл хулгайд алдагдсан байна. Та цагдаад мэдэгдээд өгөөч гэхээр нь миний бие цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Тухайн мотоцикль нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн Хаожи маркийн мотоцикль бөгөөд, миний төрсөн дүү Д.Дүгэржавын эзэмшилд байдаг юм. Содон шинж тэмдэгийг нь мэдэхгүй байна... ” гэх мэдүүлэг,    

          Насанд хүрээгүй гэрч Д.Дэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай аавын ах болох Д.Батхуяг намайг мал гаргахад туслаад өг гэхээр нь Д.Батхуяг ахынд очиж мал гаргахад нь туслаж өгөөд орой 20 цагийн үед гэртээ ирээд мотоциклоо байшингийнхаа үүдэнд данхараадаад гэртээ орж амарсан юм. Тэгээд 8 цагийн үед босоод бие засах гээд гараад ирсэн чинь мотоцикл байхгүй болохоор нь хашаан дотор хайгаад олдохгүй болохоор Д.Батхуяг ах руу мотоцикл алга болсон талаар хэлэхэд за би цагдаад дуудлага өгөөд яваад очье гээд утсаа таслаад удалгүй цагдаагийн алба хаагчид ирсэн юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Хаожи маркийн мотоцикл байсан ба ямар нэгэн илүү дутуу нэмэлт тоноглол байхгүй үйлдвэрээсээ гарсан янзаараа байгаа тухайн мотоцикл манай аав Д.Дүгэржавын эзэмшилийн мотоцикл байгаа манайх тухайн мотоциклийг 1 жилийн өмнө аваад сар болоогүй байхад нь Булган сумын Байтаг багийн иргэн Дариагийн Болдоо гэдэг хүнээс 2.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 2.000.000 төгрөгөөр үнэлэж байна...” гэх мэдүүлэг,

          Б.Майраулын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”... 2021 оны 08 дуаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед манай нөхрийн дүү Ч.А   ийн гэрийнх нь хажууд Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн мотоцикл байсан. Тухайн үед би хүний мотоцикл байх гэж бодоод хэний мотоцикл болох талаар асууж тодруулаагүй юм. Тэгээд удалгүй Ч А    мотоцикл унаад хөдлөөд явж байсан. Хаашаа явж байгааг асууж тодруулаагүй юм. Ч.А   ийг явсаны дараа 1 цаг орчмын дараа цагдаа нар ирж хулгайд алдагдсан мотоцикл хаана байна гэж асуусан удалгүй Ж.А    тухайн мотоциклийг унаад ирсэн...” гэх мэдүүлэг,

   - гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

   - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

   - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

   - эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл,

   - Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

              - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

           Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч Ч.А    нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны шөнө Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Дүгэржавын эзэмшлийн гэрийн гадна байсан Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн “Хаожи" маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хулгайлж 2.000.000 /хоёр сая/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж үнэлэв.

             Шүүгдэгч Ч.А   ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Ч.А    нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна

Шүүгдэгч Ч.А   ээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр алаг 1 хос 2 ширхэг пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч  Ч.А   д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Х   овогт Ч   гийн А   ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Ч.А   ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /Нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 25-д зааснаар шүүгдэгч Ч.А   д шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ч.А   д тайлбарласугай.

5. Шүүгдэгч нь хохирогчид мотоциклыг биет байдлаар буцаан өгсөн, мөн мотоциклын яндангийн тал, хойд гэрэл зэргийг хохирогчид хүлээлгэн өгөхөө илэрхийлснийг тус тус дурьдсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар алаг өнгийн пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.   

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

                                                                                                     

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.ТҮВШИНЖАРГАЛ