| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00385/и |
| Дугаар | 151/ШШ2017/00637 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2017/00637
| 2017 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2017/00637 | Төв аймаг |
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2016/000385/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Батсүмбэр сум, Мандал 1-р баг, будаантолгой 2-58 тоотод оршин суух Батакара овогт Елемесийн Карима /НБ65100201/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Е.Карима, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е.Карима нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие нь 1985 оны 1 сараас эхлэн Төв аймгийн Батсүмбэр сумын Шүүст тэжээлийн бригадад тогоочийн туслах хөдөлмөр хамгааллын ажилд орсон боловч ажилд орсон тушаал байгаад ажлаас гарсан, чөлөөлсөн тушаал байхгүй. Шүүст тэжээлийн бригадад 1985 оноос 1989 он хүртэлх тушаалууд архив болон сумын архивт олдохгүй байна. Учир нь хувьцаат компани болохдоо шатсан байна. Иймд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын үр тарианы бригадад тогоочоор, 1985 оны 04 сарын 22-ны өдрөөс 1989 оны 4 сар хүртэл Төв аймгийн Батсүмбэр сумын Шүүст тэжээлийн бригадад тогоочоор ажиллаж байсан 4 жилийг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Е.Карима шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Би 1980 онд Сэлэнгэ аймагт 7 дугаар анги төгсөөд Орхонтуулын САА-н 3-р бригадад тогоочоор ажилд орж байсан. Тэгээд 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан юм. 1985 оны 1-р сард Төв аймгийн Батсүмбэрийн САА-д шилжин ирж 1985 оны 4 дүгээр сарын 22-ноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Батсүмбэр сумын Шүүст тэжээлийн бригадад тогоочоор ажилласан юм. Төв аймгийн Батсүмбэр сумын Шүүст тэжээлийн бригадад тогоочоор ажилд орсон тушаал байгаад ажлаас гарсан, чөлөөлсөн тушаалууд архив болон сумын архивт олдохгүй байгаа юм. Учир нь хувьцаат компани болохдоо шатсан байсан. Иймд миний цуглуулсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн 1981 оноос 1985 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Орхонтуул САА-д тогоочоор, 1985 оны 4 сараас 1989 онд Төв аймгийн Батсүмбэр САА-н Шүүст тэжээлийн бригадад тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е.Карима нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул САА-д 1981 оноос 1985 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл тогоочоор, Төв аймгийн Батсүмбэр сумын Шүүст тэжээлийн бригадад 1985 оны 04 сараас 1989 оны хооронд тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Е.Карима нь Төв аймгийн Батсүмбэрийн САА-н Шүүст тэжээлийн бригадад 1985 оны 04 сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тогоочоор тасралтгүй ажиллаж байсан болох нь:
-Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1985 оны 5 сарын 24-ний өдрийн ажилд томилох тухай “...Елемесийн Каримааг 4-р сарын 22-оос шүүст тэжээлийн бригадад тогоочоор...тус тус томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй 90 дугаартай тушаал /хх 4/,
- Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 1 сарын 21-ний өдрийн нярай хүүхэдтэй эхчүүдэд чөлөө олгох тухай “...Елемесийн Каримаад 1-р сарын 13-ны өдрөөс 4 сарын 29-ний өдрийг хүртэл 3 сар 16 өдрийн...цалингүй чөлөө тус тус олгосугай...” гэх бичилттэй 7 дугаартай тушаал /хх 5/,
-Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 12 сарын 11-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай “...Ажилчин албан хаагчдын амралтыг хуваарийн дагуу хавсралтаар баталсугай...хавсралтын 23№т Е.Карима...” гэх бичилттэй 342 дугаартай тушаал /хх 6/,
-Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 9 сарын 5-ны өдрийн эхчүүдэд цалингүй чөлөө олгох тухай “...Е.Каримаад хүүхдээ асрахад нь зориулж 9 сарын 1-нээс 12 сарын 1-нийг хүртэл 3 сарын...цалингүй чөлөөг тус тус хөдөлмөрийн хуулийн 159-р зүйлийг үндэслэн олгосугай...” гэх бичилттэй 281 дугаартай тушаал /хх 7/,
-Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 3 сарын 26-ны өдрийн ажиллагсадын цалингийн картын хувийн номер, цалингийн хэмжээг батлах тухай “...САА-н зөвлөлийн 1988 оны 3 сарын 3-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ажиллагсадын цалингийн картын хувийн номер, цалингийн хэмжээг хавсралтаар баталсугай...хавсралтад...Карима, 07-550...” гэх бичилттэй 89 дугаартай тушаал /хх 55/,
-Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 1 сарын 26-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай “...ажилчдыг 1989 оны 1 сарын 16-ны өдрөөс нэг, хоёр дугаар хавсралтаар ажлаас нь чөлөөлж, Барилгын ангийн мэдэлд шилжүүлсүгэй...хавсралтын 71-т Карима...” гэх бичилттэй 245 дугаартай тушаал /хх 57-58/,
-Гэрч Р.Батсайхан “...Е.Карима нь Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн Сангийн аж ахуйд 1985 оноос 1989 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх 24/,
-Гэрч М.Мухайтын “...Е.Карима нь 1985 оноос манай бригадын Телүвжантай гэр бүл болж Сэлэнгэ аймгийн Орхонтуул нэгдлээс манай Төв аймгийн Батсүмбэрийн Сангийн аж ахуйд ирээд 1985 оны 4 сараас тогоочоор орж 1989 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх 25/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Харин Е.Каримагийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын үр тарианы бригадад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлын талаар гэрч А.Цэрэндолгор, Б.Эрдэнэтогтох нар мэдүүлж байгаа хэдий ч гэрчийн мэдүүлгийг давхар нотлох бичгийн нотлох баримт шүүхэд хангалттай ирүүлээгүй, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын үр тарианы бригадад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоох боломжгүй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн дээрхи хугацааны нотлох баримтаа бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Е.Каримаг Төв аймгийн Батсүмбэр сумын Шүүст тэжээлийн бригадад 1985 оны 04 сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ