Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 154/2021/00038

 

                                      

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

            Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Н.Алтантуяа,

         Шүүгдэгч Т.Б    нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2137000000041 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ** настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Биеийн тамирын багш мэргэжилтэй ажилгүй, ам бүл-*, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Б* дүүргийн *-р хороо ** тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан Т    овогт Т   ын Б   . РД:  

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Т    овогтой Б    нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мандахтүвшинтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч Т.Б   ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Мандахтүвшин намайг хүнтэй маргалдаж байхад хажуунаас орж ирээд юм хэлээд байхаар нь хамрын дээд хэсэгт нь нэг удаа цохисон. Би хохиролд боломжоороо 500.000 төгрөг өгсөн. Хохирогч гомдолгүй гээд явсан. Өөрийн гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудал гаргахгүй” гэх мэдүүлэг.

         Хохирогч Б.Мандахтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 9 дүгэзр сарын 23-ны өдөр ах дүү нартайгаа Шуудай гэх газарт хадам ахын гэр барьж өгөхөөр эхнэр Буянтын Алтанцэцэгийн хамт 15 цагийн орчимд явсан. Тэнд очоод 2 гэр барьж өгөөд, 2 мал гаргасан, тухайн үед Т.Б   ээ гэх залуу манай баз Шокоо буюу Ариунбаярын хамт архи ууж байсан. Надад архи хийж өгөхөер амсаад өгсөн. Би нэг хамаатныхаа залуутай харанхуйд хонь гаргаж байхад Д.Ариунбаяр, Б   ээ хоёр ирээд дээш сумын төвд нэг юм хүргэж өгье гэж хэлээд намайг дуудахаар машинд нь суугаад сумын төв орж ирээд нэлээн орой болсон байсан цаг хараагүй. Д.Ариунбаярын гэрийн гадна машинд 1 шил архи уусан юм. Тэгж байхад эхнэр залгаад наанаас чинь тогоо, эд зүйл авахаар боллоо байж байгаарай гэж хэлсэн юм. Тэгээд бид нар Д.Ариунбаярын хамт тэдний гэрийн гадаа байж байхад манай хадам ээж Уранчимэг эхнэрийн ах Б Батбаатар эхнэртэйгээ, манай эхнэр Алтанцэцэг нар хамт машинтай ирсэн. Бид нар бүгд гэрээс эд зүйл авахаар Д.Ариунбаярын гэрлүү орсон юм. Гэр дотор Т Б   ээ нь Б.Батбаатарыг барьж аваад дээлнийх нь захаар боогоод байхаар нь би Т.Б   ээд чи яаж байгаа юм бэ? ахын дүү гээд очиход намайг түлхчихсэн юм. Тэгэхэзр нь би гэрээс гараад жаахан цааш эргээд зогсоод тамхи гаргах гэж байхад Т.Б   ээ ирээд хамар луу цохихоор доош тонгойх үеэр миний амруу цохисон юм. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй, ухаан алдсан байсан. Би Ховд аймаг явж эмчилгээ хийлгэж ирэхэд 300.000 төгрөгний зардал гарсан. Гаргаж өгөх баримт байхгүй. Бид нар эвлэрсэн хохирол барагдсан..." гэх мэдүүлэг,

Б.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн “...Тэр өдөр бид нар нагац ахынхаа шинэ гэрийн цайллага маргааш нь болох гээд цуглаад байж байсан юм. Тэр үед Б    гээд энэ залуу мөн ирсэн байсан. Манай нөхөр хонь гаргаж байтал Б   , Шокоо гээд манай хүргэн хоёр аваад сумын төв явсан. Тэгээд би хэсэг байж байгаад сумын төв орж ирж хонох санаатай хүүхдүүдээ аваад мөн манай ээж, Батбаатар эхнэрийн хамт бүгд төврүү орж ирээд Шокоогийн гэрт ороход манай нөхөр, хүргэн Шокоо, Б    нар архи уусан байдалтай сууж байсан. Ороод байж байтал Б    Батбаатарлуу үг хаяад дайраад дээлийн энгэр хэсгээс нь татаад урахаар нь манай нөхөр хажуугаас нь чи Б    жаахан хүүхэд байж идсэн, уусан зүйлээ зөв шингээ гэж хэлээд гэрээс гараад машин руу явах үед Б    араас ирээд нөхрийг цохиод унагаасан. Тэр үед манай нөхөр газар унаад нэлээд хэвтэж байгаад босож ирсэн Манай нөхөр надад болохоор гараар биш чулуугаар цохисон гэж хэлсэн. Би яг чулуугаар цохисон үгүйг хараагүй. Манай нөхөр газарт хэвтэж байх үед дээрээс нь очиж цохих гээд байхаар нь би Б   ийг татаж, хувцсыг нь урж зогсоож салгаж авсан...” гэх мэдүүлэг,

Б.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн“...Энэ өдөр би ах дүү нарын хамт өөрийн төрсөн дүү Баянмөнхийн гэрт байж байгаад сумын төв рүү өөрийн охин Алтанцэцэгтэй 21 цагийн үед орж ирсэн. Сумын төв орж ирээд Шокоогийн гэрт очсон. Гэтэл тэднийд манай хүргэн Мандахтүвшин, Шокоо, Б    гэх залуу гурав архи уусан байдалтай байсан. Гэтэл Б    гэж залуу гадаа тамхи татах гээд зогсож байсан манай хүргэн Мандахтүвшинг ирж нэг цохиж унагаасан. Гэтэл манай хүргэн ухаан алдах шиг болоод хэсэг байж байгаад босож ирэх үед цус гарсан босож ирсэн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Бидний дунд ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Тэр үед Б    гэж залуу их согтуу байсан. Манай хүргэн Мандахтүвшин гайгүй байсан. Ямар ч байсан нэг удаа цохисон. Тэгээд манай хүргэний шүд унасан байсан...” гэх мэдүүлэг, 

Д.Ариунбаярын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн "...Би энэ өдөр Шуудай мод гэх газарт ахын гэрийн цайллага хийх гэж байна гэхээр нь туслах санаатай 16 цагийн үед очсон. Очоод хэсэг юм хийлцэж байгаад сумын төвөөс гэрээсээ тогоо авах гэж Б   , Мандахтүвшин бид гурав миний машинтай 21 цагийн үед ирсэн. Сумын төвд ирээд машинд байсан 0.5 граммийн хараа архийг бид гурав хувааж уусан. Тэгээд сууж байтал манай хадам ах Батбаатар манай гэрт орж ирээд бид нарыг та нар маргааш найр болох гэж байхад яагаад архи уугаад сууж байдаг юм бэ гэж хэлтэл Б    жаахан маргалдсан. Тэр үед Мандахтүвшин Б   ийг чи муу нагац ахтай хэрэлддэг хэн бэ пизда минь ална шүү гээд Б   ийг өдөөд байхаар нь би гэрээс гарч маргалд гэж хэлсэн. Гэтэл бүгд гэрээс гарсан бөгөөд би араас нь дагаж гараад гэр цоожилж байтал ард пид гээд юм унах шиг болохоор нь эргээд хартал Мандахтүвшин газар унасан байсан. Б    цохиж унагаасан байсан бөгөөд Мандахтүвшин босож ирээд Б   ийг цохиж ална гээд газар самардаад чулуу хайхаар нь би очиж барьж авсан. Намайг барьж авах хооронд Мандахтүвшин Б   ий бөгс хэсэгрүү хэд өшиглөхөөр нь салгаж машинд нь хүргээд хүүхэд чинь уйлж байна яв гэж хэлсэн. Гэтэл удалгүй цагдаа ирээд авч явсан Мандахтүвшин Б   ийг өшиглөх үед эхнэр нь Б   ийг цамцаар нь боогоод газарт дараад байж байсан. Мандахтүвшингийн эхнэр Алтанцэцэг Б   ийг мөн зодсон. Би ямар нэгэн хүний талд орохгүй болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлж байна. Бидний хувьд бүгд төрөл садангийн холбоотой хүмүүс байгаа. Бид гурав хамт уусан бөгөөд бүгд болж байгаа зүйлсийг мэдэж байсан. Т.Б    гараараа хамар хэсэгрүү нь 1 удаа цохисон. Би тухайн үед хамт байсан бөгөөд яг хамрын дээд талаас цус гарч байсан..." гэх мэдүүлэг,

           Б.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн "...Энэ өдөр би 21 цагийн үед хөдөөнөөс ирээд Д.Ариунбаярын гэрт ортол Б   , Мандахтүвшин хоёртой архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би тэр гуравт та нар маргааш ажилтай байж юу гэж архи уудаг юм бэ гэж хэлтэл Б    бид нар ах мэдэж байна гээд миний урдаас үг хэлээд байхаар нь би гарч амар гэж хэлээд машиндаа очоод юм авч байтал ард гэнэт аллаа гээд юм дуугарах шиг болтол Б   , Мандахтүвшин хоёр зодолдсон байсан. Тэгэхээр нь би буцаж очоод боль гээд зогсож байтал цагдаа ирээд аваад явсан. Б    Мандахтүвшинг гараараа нэг удаа цохисон. Намайг орох үед нэг их согтсон хүн байгаагүй. Ямар нэгэн эд зүйлээр цохиогүй. Гараараа хамар хэсэгт нь нэг удаа цохисон. Б    намайг татаад олон юм ярьж байх үед миний дээлний суганы шилбэ тасарсан. Намайг босоод зодсон асуудал байхгүй. Тэгээд согтуу хүмүүстэй юу ярьж суух билээ гээд гадаа юм хийж явах үед знэ хоёр зодолдсон байсан” гэх мэдүүлэг,

            Хохирогч Б.Мандахтүвшины биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Оргилболдын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны едрийн 568 дугаартай шинжээчийн

1. Б Мандахтүвшинд дух ясны цууралт, хамрын яс ба таславчийн хугарал, зүүн нүдний цус хуралт, хамрын зулгаралт, хамрын нуруу ба зүүн хацарт хаван хавдар, баруун, зүүн дээд 1-р шүднүүд унасан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой

            5. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулсан  гэх шинжээчийн дүгнэлт,

          - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

             Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Б    нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мандахтүвшинтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн 568 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэг авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Т.Б    гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

             Прокуророос шүүгдэгч Т.Б   ийг хохирогч Б Мандахтүвшины биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Б   ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Билгүүүнээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Т.Б   д урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т    овогт Т   ын Б   ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б   д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б   д оногдуулсан 5.00.000 /таван зуун мянган/ төгрөгний торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Б   д тайлбарласугай.

5. Шүүгдэгч Т.Б    нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурьдаж, шүүгдэгч И.Б   д урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 6. Шүүгдэгч Т.Б   д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

 7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ТҮВШИНЖАРГАЛ