Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2018/ДШМ/65

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч,

                         Ерөнхий шүүгч                            Б.Батзориг

                         Шүүгчид                                      Г.Давааренчин                                       

                                                                           Д.Буянжаргал

                      

Оролцогчид:

                      Прокурор                                      Н.Бадам

                        Хохирогч                                           *******                                           

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Даваахүү

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* д холбогдох эрүүгийн *******  дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1******* оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ******* ******* ******* тоотод оршин суудаг, Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуугийн тусгай ангийн 91 дүгээр зүйгийн 91.2, 181 дүгээр зүйгийн 181.2.1, 181.2.5, 279 дүгээр зүйгийн 279.1 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгүүлж 2016 оны 09 сарын 02-ны өдөр 65 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай ******* /

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б. нь

1. 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт Дөмбөнгийн За-5 тоотод иргэн *******, нарыг онц хэрцгийгээр хутгалж хүн алахыг завдсан гэмт хэргийг,

2. Эрүүгийн хэрэгт шалгагдан Сэгэнгэ аймгийн ******* сум дахь цагдан хорих байранд хоригдож байхдаа 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цаг 31 минутад тус байрны 04 тоот өрөөний цонхны хамгаалалтын хаалт төмрийг сугалж цонхоор гарч оргон зайлах гэмт хэргийг,

3. 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сум Жимстэй хороолол 6-08 тоотод орших иргэн цоожтой байсан гэрийн цоожийг эвдэн гэрт нэвтэрч 2 хос гутал авч үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор ******* овгийн ыг хоёр хүнийг онц харгис хэрцгийгээр хутгалж алахыг завдсан, оргон зайлах, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6-д зааснаар ******* 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ******* оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор ******* оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 07 ны өдрийн 18 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 05 сар 13 хоногийн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 18 жил 05 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, ялыг хаалттай хорих эдлүүлж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгчийн Б. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхээс надад оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Б. би давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс намайг бусдыг санаатай алахыг завдсан гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч, буруугаа ойлгон гэмшиж байна. Би Оюунбадамтай 2016 онд танилцсан. Бид хоёр дотно харьцаатай байсан бүр гэр бүл болно, сууна гэж ярьдаг байсан. ... 2017.12.23-ны өдөр намайг гэртээ байж байхад Оюунбадам өөрийнхээ дугаараас 13 цагийн үед залгаад Хөтөлд хүрээд ир гэж дуудсан би 18 цагийн үед Андууд дээр очоод 19 цаг өнгөрч байхад таксигаар Хөтөл рүү гарсан Хөтөлд 23 цаг орчимын үед ирээд Хөтөл хөшөөний орчимд буугаад Оюунбадамынд ирсэн. Намайг ирэхэд Оюунбадам байшинд ганцаараа газар ор засчихсан хэвтэж байсан. Би түүнээс чи өчигдөр шөнө ямар хүнтэй шоудсан бэ гэхэд би шоудаагүй хэлж хэлсэнээ хувцасаа өмсөхөөр нь би чи хаашаа явах гэж байгаа юм гэхэд айл руу явлаа гэсэн. Араас нь харсан чинь хашаанд нь байдаг монгол гэр рүү орсон. Би гэрт нь нэг цаг гаран хүлээгээд тэр айл руу орох гэтэл хаалга нь түгжээтэй байсан. Хүчтэй татахад хаалга нь онгойсон. Намайг ороход Оюунбадам тэр гэрийн эзэн залуутай газар хамт хэвтэж байснаа босоод зүүн ор руу явсан. Гэрт тэр хоёроос гадна 3 хүүхэд байсан нэг нь унтсан, нөгөө хоёр нь сэрүүн байх шиг байсан. Гэрт ороод би Оюунбадамтай Галбадрахыг хардаж түүний цээж рүү хутгалсан, түүний араас хөөсөн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн Оюунбадамыг ч олон удаа хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан буруугаа ч хүлээн зөвшөөрч байна. Уг нь надад тэдний амь насыг хохироох алах санаа зорилго байгаагүй ч миний хийсэн үйлдэл бусдыг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй үйлдэл байсан гэж шүүхээс дүгнэсэнтэй маргахгүй. Гэхдээ надад оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байгаа тул миний гомдлыг хүлээн авна уу. Би анх миний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл ангийг өөрчилж, хүндрүүлж ял сонсгох үед ээжтэйгээ уулзья, ганц нэг хүнээс авах мөнгө төгрөгний авлагаа авч хохирогч нарт өгье гэж бодож оргосон нь үнэн. Миний энэ үйлдлийн улмаас мөрөөрөө ажлаа хийж явсан албан тушаалтан нарын нэг нь албан тушаал буурч, нэг нь халагдсанд маш их харамсаж байна. Оргох явцдаа эзэнгүй гэрт нэвтэрч орж тэнд байсан пүүзийг авч өмссөн буруугаа ч хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс надад бусдыг санаатай алахыг завдсан үйлдэлд 12 жил, цагдан хорих байрнаас оргосон үйлдэлд 1 жил, айлын орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлан авсан үйлдэлд 2 жилийн ял оноож, эдгээр ял дээр тэнсэн суллагдсан 3 жил 5 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 18 жил 05 сар 13 хоногын хорих ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулна. Миний ээж одоо 75 настай биеийн эрүүл мэнд сайн биш байдаг. Надаас болж ээж маань их шаналж, зовж байгаад их харамсаж байна. Би өөрийн буруугаа ойлгон гэмшиж байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүгдэгчид бусдыг санаатай алахыг завдсан үйлдэлд нь 12 жилийн ял, мөн оргосон үйлдэлд нь 1 жил, бусдын орон байранд нэвтэрч хулгай хийсэнд 2 жилийн ял өгсөн. Дээрх ялыг хүндэдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд “....тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээдхэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан ба шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ялыг хөнгөлөх бололцоо байна гэж үзээд давж заалдсан гомдол гаргасан. ... Иймд шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөөч гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

 

Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуулийн дагуу шийдэж өгнө үү гомдолтой байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор ******* оногдуулсан ял шийтгэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.ыг 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт Дөмбөнгийн За-5 тоотод иргэн *******, нарыг онц хэрцгийгээр хутгалж хүн алахыг завдсан,

-Эрүүгийн хэрэгт шалгагдан Сэгэнгэ аймгийн ******* сум дахь цагдан хорих байранд хоригдож байхдаа 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цаг 31 минутад тус байрны 04 тоот өрөөний цонхны хамгаалалтын хаалт төмрийг сугалж цонхоор гарч оргон зайлсан,

-2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сум Жимстэй хороолол 6-08 тоотод орших иргэн цоожтой байсан гэрийн цоожийг эвдэн гэрт нэвтэрч 2 хос гутал авч үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг дээр дурьдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хүн алахыг завдсан гэмт хэрэгт 12 жил, цагдан хорих байрнаас оргосон гэмт хэрэгт 01 жил, бусдын орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэмт хэрэгт 02 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, урьд оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 05 сар 13 хоногийн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 18 жил 05 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.ы давж заалдах гомдлын дагуу түүнд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Б. нь дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч ******* /1-р хх-ийн 41-46, 210-211, 2-р хх-ийн 115-128-р ху/, /1-р хх-ийн 121-124, 2-р хх-ийн 115-128-р ху/ нарын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч С.Хамсандорж /2-р хх-ийн 14, 16-р ху/, насанд хүрээгүй гэрч /1-р хх-ийн 149-150-р ху/, насанд хүрээгүй гэрч /1-р хх-ийн 151-р ху/, гэрч /1-р хх-ийн 155-р ху/, /1-р хх-ийн 156-157-р ху/, /2-р хх-ийн 17-18-р ху/, /2-р хх-ийн 19-20-р ху/, /2-р хх-ийн 21-23-р ху/, /2-р хх-ийн 24-25-р ху/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 132 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 32-р ху/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 133 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 35-36-р ху/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зураг болон схем зураг /1-р хх-ийн 3-7, 8-10-р ху/, 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Цагдан хорих байрны хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 233-235-р ху/, Цагдан хорих байрнаас оргосон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зураг /1-р хх-ийн 236-239-р ху/, Оргодол эрэн сурвалжилсан тухай мэдээлэл /1-р хх-ийн 229-р ху/, Оргодол Б.ыг олж баривчилсан тухай илтгэх хуудас /1-р хх-ийн 243-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байх тул шүүгдэгч Б.ы давж заалдах шатны шүүхэд гаргасан “... Шүүхээс надад бусдыг санаатай алахыг завдсан үйлдэлд 12 жил, цагдан хорих байрнаас оргосон үйлдэлд 1 жил, айлын орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлан авсан үйлдэлд 2 жилийн ял оноож, эдгээр ял дээр тэнсэн суллагдсан 3 жил 5 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 18 жил 05 сар 13 хоногийн хорих ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулна. Миний ээж одоо 75 настай биеийн эрүүл мэнд сайн биш байдаг. Надаас болж ээж маань их шаналж, зовж байгаад их харамсаж байна. Би өөрийн буруугаа ойлгон гэмшиж байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөлж өгнө үү...” гэсэн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д ... Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэсэн заалтыг баримталж ******* оногдуулсан нэг төрлийн ял болох хорих ялуудыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул зөвтгөн өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3-д “...Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй...”, 4-д “....Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй...” гэсэн заалтуудыг баримтлан хорих ялуудыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 6 дугаар заалтанд шүүгдэгч Б.ы нэрийг Б.Отгонбаатар гэж буруу бичиж бичилтийн алдаа гаргасан байх тул зөвтгөн өөрчлөх шаардлагатай.

 

Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3, 6 дугаар заалтуудад өөрчөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3, 6 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

 

3 дугаар заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4-д заасныг баримтлан ******* оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жилийн  хорих ялаар тогтоосугай” гэж,

6 дугаар заалтыг:

“6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар ******* оногдуулсан 18 жил 05 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ