Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Баярсайханд холбогдох 201525031101 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Баясалмаагийн Баярсайхан 1981 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, 2 дүүгийн хамт, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 13-336 тоотод бүртгэлтэй,   

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 574 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 124 дүгээр зүйлийн 124.2, 131 дүгээр зүйлийн 131.2, 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2003 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хугацааны өмнө тэнсэн, хянан харгалзаж суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 395 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар ЧН81032493.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/;

1. Шүүгдэгч Б.Баярсайхан нь давтан үйлдлээр 2015 оны 7 дугаар сарын  31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан банк"-нд ажиллаж байхдаа тус банкаар үйлчлүүлсэн иргэн Д.Энхтөртэй уулзаж 100 айлд таньдаг хүн байвал бараа материал аваад ирээч ирэхээр нь мөнгийг нь өгье гэж хэлээд хуурч мэхлэн 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 15 лааз 18 литрийн будаг, 2 хайрцаг барилгын сликон, 10 хайрцаг барилгын хөөсийг залилан авч 1.725.000 төгрөгийн,

2. 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэх" барилгын материалын зах, иргэн Д.Сэржмядагийн 129 дүгээр лангуунаас барилгын материал худалдаж авна АТМ-ээс мөнгө аваад ирье гэж хуурч мэхлэн 3 хайрцаг барилгын хөөс, 3 хайрцаг барилгын сликон залилан авч 435.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

1. Мөн давтан үйлдлээр 2015 оны 4 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвийн 138 дугаар лангуунаас бараа бөөндөж авна гэж бэлдүүлж худалдагч О.Наранцэцэгийн анхаарлыг нь сарниулж байгаад 3 блок парламент, 3 блок эссэ, 3 блок ченж эссэ тамхийг нь хулгайлж, 83.500 төгрөгийн,

2. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "К" худалдааны төвд барилгын материалын лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулдаг иргэн Ц.Амарзаяагаас бараа худалдан авах гэж байгаа дүр үзүүлэн анхаарлыг нь өөр зүйлд сарниулж байгаад 54 ширхэг барилгын хөөсийг нь хулгайлж, 360.000 төгрөгийн,

3. 2015 оны 6 дугаар сарын 18-аас 19-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бөмбөгөр" худалдааны төвийн А2 тоот гоо сайхны павилоноос бараа худалдан авах гэж байгаа дүр үзүүлэн худалдагч Н.Эрдэнэтуяагийн анхаарлыг нь сарниулж байгаад 6 ширхэг слайт нэртэй пүдр хулгайлж 72.000 төгрөгийн,

4. 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн  2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Содон бөмбөгөр" худалдааны төвийн    2 давхар В-48 дугаартай гэр ахуйн барааны лангууны худалдагч Б.Жаргалаас бараа худалдан авах гэж байгаа дүр үзүүлэн анхаарлыг нь өөр зүйлд сарниулж байгаад лангуун дотор байсан эмэгтэй хүний гар цүнхтэй бэлэн мөнгө, эд зүйлийг нь хулгайлж, нийт 330.000 төгрөгийн,

5. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны "Ачлал" их дэлгүүрийн 1 давхарт байрлах 251 дүгээр лангуунаас зургийн жааз, 3,0 граммтай 960 сорьцтой алтан бөгж зэргийг худалдан авах гэж байгаа дүр үзүүлэн худалдагч Ц.Мэнд-Амарын анхаарлыг нь өөр зүйлд сарниулж байгаад 3,0 граммтай 960 сорьцтой алтан бөгжийг нь хулгайлж, 300.000 төгрөгийн,

6. 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Түмэн-Эрдэнэс" үнэт эдлэлийн дэлгүүрээс 7,3 граммтай, 585 сорьцтой алтан бөгж худалдаж авах гэж байгаа дүр үзүүлэн худалдагч Ц.Бямбажаваар баталгааны хуудас бичүүлж анхаарлыг нь сарниулж байгаад алтан бөгжийг нь хулгайлж, 450.000 төгрөгийн,

7. 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо 84-ийн автобусны буудлын замын эсрэг талд байрлах барилгын материалын дэлгүүрээс 2 хайрцаг хадаас авна гэж худалдагч Д.Дуламсүрэнгээр бэлдүүлж анхаарлыг нь сарниулж байгаад ширээн доороос нь орлогын бэлэн мөнгийг хулгайлж, 150.000 төгрөгийн,

8. 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын барилгын материалын дэлгүүрийн 4 дүгээр павилоноос 20 ширхэг ханын цаг авмаар байна гэж бэлдүүлж худалдагч Ц.Нарантуяагийн анхаарлыг нь сарниулж байгаад лангууны араас нь түрийвчтэй бэлэн мөнгийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн,

9. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах иргэн Ж.Энхболдын "Биндэръяа" нэртэй барилгын материалын дэлгүүрээс өдрийн гэрэл олноор авмаар байна гэж бэлдүүлж худалдагчийн анхаарлыг нь сарниулж байгаад лангууны араас орлогын бэлэн мөнгийг хулгайлж, 400.000 төгрөгийн,

10. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах "Мон Оргил ХХК"-ны 'Комплекс" барилгын материалын дэлгүүрийн 5 дугаар лангуунаас иргэн Г.Дэжидсүрэнгийн "Самсунг нөүт-2" маркийн гар утсыг нь хулгайлж, 320.000 төгрөгийн,

11. 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 17 цагаас 18 цаг 30 минутын хооронд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах модны захын барилгын материалын 10 дугаар контейнероос 4 хайрцаг барилгын сликон, 4 хайрцаг барилгын хөөс, 3 тонн цемент худалдан авна гэж бэлдүүлэн, падан бичүүлж авна гэж худалдагч Т.Гантуяагийн анхаарлыг нь өөр зүйлд сарниулж байгаад 4 хайрцаг барилгын сликон, 4 хайрцаг барилгын хөөсийг нь хулгайлж, 710.000 төгрөгийн,

12. 2015 оны 8 дугаар сарын 18-аас 20-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 51-6 дугаар байрны доод давхарт байрлах иргэн Л.Баярбатын "Заан" нэртэй монгол оймсны дэлгүүрээс 1000 ширхэг оймс авна гэж шуудайлуулж, худалдагчийн анхаарлыг нь сарниулж байгаад ширээн дээрээс нь пасктай бэлэн мөнгийг хулгайлж, 500.000 төгрөгийн,

13. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны эцсийн автобусны буудлын "Дөл" нэртэй дэлгүүрээс олон ширхэг сандал авах хэрэгтэй байна гэж бэлдүүлж худалдагч Д.Энхзаяагийн анхаарлыг нь сарниулж байгаад лангууны араас нь орлогын бэлэн мөнгийг хулгайлж, 200.000 төгрөгийн,

14. 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ноmе mart" гэр ахуйн барааны дэлгүүрийн лангууны араас иргэн Ганчимэгийн "Самсунг эс-4" загварын гар утсыг нь хулгайлж, 350.000 төгрөгийн,

15. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “АНУ” нэртэй цүнхний дэлгүүрээс цүнх авах гэж авах гэж байгаа дүр үзүүлэн худалдагч Б.Мөнхзулын гар цүнхтэй бэлэн мөнгө, эд зүйлийг нь хулгайлж, нийт 346.000 төгрөгийн,

16. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах иргэн Б.Баярмаагийн ажиллуулдаг “Дэм” худалдааны төвийн барааны лангууны араас пасктай бэлэн мөнгийг хулгайлж, 635.000 төгрөгийн,

17. 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 19-340а тоотод оршин суух иргэн Баттунгалагийн гэрээс иргэн Б.Амгаланбаатарын бэлэн 220.000 төгрөг, “Самсунг эс-2”, “Айфонь-4” загварын гар утаснуудыг нь хулгайлж, 470.000 төгрөгийн буюу бусдад нийт 6.676.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баярсайхан мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, үнэн зөв бичигдсэн байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав. 

1. Хохирогч Д.Энхтөрийн: “...2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 7-н буудлын Хаан банкинд мөнгө тушаагаад гараад явж байхад Хаан банкны хамгаалагч залуу хүрч ирээд ачаа ачдаг уу би маргааш 100 айл юм уу гурвалжингаас будаг, хөөс, сликон авч Хайлаастад буулгаад Хөвсгөл рүү барилгын материал өгч явуулах гэсэн юм, манай ах 3 барилгын ажил авсан байгаа тийшээ машин явах гээд яараад байна. Та явахаар бол маргааш ажил дээр хүрээд ирээч гээд утасны дугаараа өгсөн. Маргааш нь Хаан банкин дээр очиход амардаг өдөр байсан. Тэр залуу өөрийгөө Ган-Эрдэнэ гэж хэлээд 80186393 гэсэн дугаарын утас бичиж өгсөн. Тэр утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны хамгаалагч залуу над руу ярихаар нь чи яагаад утсаа салгачихсан бэ гэж асуухад манай хамгаалалтын алба хуралтай байсан юм. Хуралтай үедээ утсаа салгасан юм гээд хоёулаа уулзъя 100 айлд таньдаг хүн байвал барилгын материал аваад ирээч би ирэхээр нь мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь 100 айлд барилгын материал зардаг хүнээс манай дүү барилгын материал аваад ирээч гэнээ хүргэж өгөөд буцаж ирэхдээ мөнгийг чинь өгье гээд 1.725.000 төгрөгийн бараа, материалыг падаан бичүүлж аваад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Шунхлай ШТС дээр Ганаа гэх залуутай уулзахад бараа авсан падааныг аваад бүрэн байна гээд та миний сууж байгаа таксиг дагаад яв гэхээр нь таксиг нь дагаад бичил хороолол ороход та яарч байгаа байх би таксигаа явуулчихлаа хоёулаа бараагаа Хайлаастад буулгая гээд цуг миний машинд сууж явсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 41-484в тоотын үүдэнд буулгасан. Бараагаа буулгачихаад одоо таны мөнгийг өгье гэж намайг дагуулаад хорооллын Номин их дэлгүүрийн хажууд байрлах их дэлгүүрийн үүдэнд намайг орхиж орсон. Ороод 5-6 минутын дараа тэр залуу залгаад одоо 2 хүний дараа байна удахгүй гарлаа гэж хэлснээс хойш 30 минут гаран өнгөрөөд гарч ирэхгүй болохоор нь залуугийн араас нь ороход байхгүй байсан. Тэгээд тэр залууд залилуулснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх17-19/.

2. Хохирогч Д.Сэржмядаг мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр манай 2 охин Дархижав, Оюунцэцэг нар миний оронд Тэх худалдааны төв дээр ажиллаж байсан. Тухайн үед би хөдөө Төв аймаг руу явчихсан байсан учраас манай охидууд наймаагаа хийж байсан. Дотор лангуун дээр Оюунцэцэг, гадна контейнерт Дархижав ажиллаж байсан. Би барилгын олон нэр төрлийн бараа, гадаа төмрийн худалдаа хийдэг юм. Тэр өдөр 16 цагийн үед охин Оюунцэцэгийн утас руу нь залгатал утсаа авахгүй байж бай, байж бай гээд л надтай ярихгүй байсан. Тэгэхээр нь эгч Дархижав руу залгатал дотор лангуунаас 3 хайрцаг барилгын хөөс, барилгын сликон өгөөд алдчихлаа. Тэр хүн АТМ-ээс мөнгөө аваад ирье гэж хэлээд, нөгөө машин барьж явсан хүн нь машиндаа бараагаа хийлгүүлчихээд тэр хүн явчихсан гэж хэлсэн. Тэгж энэ хэргийн талаар сонссон. Хяналтын камер шүүж үзсэн гэж хэлсэн. Солонгос барилгын хөөс 1 хайрцаг нь 90,000, 3 хайрцаг нь 270,000 төгрөг, Солонгос барилгын хөөс нь 1 хайрцаг нь 75,000 төгрөг, 3 хайрцаг нь 225,000 төгрөг болж байгаа юм. Манай охидууд болсон хэргийн талаар сайн ярих байх. Тухайн үед би байгаагүй болохоор мэдэж байгаа зүйлээ хэлж байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэжээ /1-р хх151-152/.

3. Хохирогч О.Наранцэцэг мэдүүлэхдээ: “...Би Нарантуул худалдааны төвийн хүнсний захын 138-р агуулах лангуун дээр ажиллаад 22 жил гаруй хугацаа өнгөрч байна. 2015 оны 4 дүгээр сарын эхээр намайг ажил дээр байж байхад нэг туранхай өндөр бор залуу баахан бараа бөөндөж авах хэрэгтэй байна гээд надаар хайрцагт хийж бэлдүүлсэн. Тэрэнд нь чихэр, тамхи, бохь, шоколад зэрэг нийт 200-аас 300 мянган төгрөг болж байсан. Тэгээд дахиад надад тэр шоколаднаас бөөндөж авна гэсэн ба миний шоколад дууссан байсан болохоор би өөр лангуунаас авах гээд явахад бэлдүүлсэн тамхинуудаа аваад явсан байсан. Харин бусад эд зүйлсээ үлдээсэн байсан. Тэр авч явсан тамхинууд нь 3 блок парламент, 3 блок эссэ, 3 блок ченж эссэ байсан юм. Тэгээд тэр залуу олон хүний дунд ороод алга болсон...” гэжээ /2-р хх 43-44/.

4. Хохирогч Ц.Амарзаяа мэдүүлэхдээ: “...2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би 09 цагт гэрээсээ гарч “Ка” худалдааны төвд байрлах өөрийн түрээслэн ажиллуулдаг барилгын лангуун дээрээ ирсэн. Тэгээд би худалдаагаа хийгээд өдрийн 12 цагийн үед хүн ихтэй лангуун дээрээ байж байтал 30 орчим насны залуу ирээд барилгын хөөс авъя гэхээр нь би хэдэн ширхэг ямар хөөс авах юм гэж асуутал Герман хөөс 2 хайрцаг, Солонгос хөөс 30 ширхгийг авъя гэж хэлэхээр нь би тэдгээр хөөсийг бэлдэж өгсөн. Мөн дахин өнхрүүш, сликон авъя гээд би бүх зүйлийг нь бэлдэж өгсөн. Тэгээд нөгөө залуу тооцоогоо хийе гээд зогсож байтал цаанаас нь нэг залуу иртэл нөгөө залуу тэр залууд хандаад эдгээр зүйлийг машиндаа гаргаад байж бай гээд хэлсэн. Тэр залуу ч миний эд зүйлийг зөөгөөд гарч байсан. Тэгтэл нөгөө залуу эгчээ дахиад 18 кг будаг авъя гэхээр нь эгчид нь алга эгч нь өөр лангуунаас будаг аваад өгье гээд намайг дагаад хүрээд ир гээд лангуунаасаа гараад манай цаад талд байдаг будагны лангуун дээр ирээд хойшоо хартал надаас хөөс авсан залуу байхгүй байсан. Би нөгөө залууг хайгаад явтал байхгүй байсан. Тэгээд би луйвардуулснаа мэдээд цагдаад хандсан юм. ...Герман хөөс 24 ширхэг нийтдээ 180.000 төгрөг, Солонгос хөөс нь 30 ширхэгтэй бас 180.000 болж байгаа. Бусад жижиг зүйлүүдийг бэлдүүлчихээд аваагүй хаяад явсан байсан...” гэжээ /1-р хх55-57/.

5. Хохирогч Н.Эрдэнэтуяа мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн А-2 дугаар лангууг гоо сайхны хэрэглэл зарах чиглэлээр ажиллуулаад 2 жил гаруй болж байна. Манай лангуунаас 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр билүү 19-ний өдөр ч билүү нэг эрэгтэй хүн орж ирсэн юм. Тэр хүн манай Олноо гэж хүний нөхөртэй их адилхан харагдахаар нь асуусан чинь мөн гэж хариулсан тэгээд юу хийж яваа юм бэ гэхэд хүмүүст бэлэг өгдөг юм уу энэ пудр хэд вэ гээд Слейт буюу эмэгтэй хүний пудрийг заасан. Би нэг ширхэг нь 15.000 төгрөг гэхэд 10 ширхгийг боогоод өг гэхэд манай лангуун дээр 6 ширхэг байсан болохоор би тэрийг нь боож өгсөн. Тэгээд дахиад нэг юм зааж үнийг нь асуусан юм. Одоо юу заасан талаар санахгүй байна. Заасан бараа нь шатаар дээшээ гарч авах байсан болохоор би дээшээ гараад тэр барааг нь аваад доошоо буухад нөгөө залуу 6 ширхэг пудрээ аваад явсан байсан. Би гайхаад эргээд орж ирэх байх гэж бодоод хүлээсэн боловч орж ирээгүй...” гэжээ /2-р хх39-40/.

6. Хохирогч Б.Жаргал мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 16:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон бөмбөгөр” худалдааны төвийн 2 давхар В-48 дугаартай гэр ахуйн барааны лангуун дээр ажлаа хийгээд байж байхад 25-30 орчим насны эрэгтэй ирээд “эгчээ би бараа бөөндөж авъя та үнээ буулгах уу” гэж асуухаар нь тэгэлгүй яах вэ гэхэд халуун тогоо, ус, буцалгагч, аяга таваг гэх мэт зөндөө олон бараа хайрцгаар нь давхарлаж боолгоод эгчээ та жаахан хурдалж болох уу гээд нааш цааш явж байснаа намайг будаа агшаагч авна гэсэн. Тэгтэл яг тэр авах гэж байсан хайрцаг нь олдохгүй болохоор өөр хайрцагт хийгээд өгөх гэхэд та заавал өөрийнх нь хайрцагт хийгээд өг гэхээр нь би хайгаад хайрцгийг нь олтол дотроос нь жижиг бор хайрцаг гараад ирэхэд би гаднах хайрцгийг нь аваад бараагаа янзалсан. Нөгөө залуу жижиг хайрцгийг нь аваад надтай зөрсөн. Тэгээд л удалгүй та одоо ч нээх яаралт үгүй гэж хэлчихээд алга болчихоор нь араас хайгаад олоогүй. Тэгээд гайхаад лангуун дотор байсан цүнхээ үзтэл хулгайд алдагдсан байсан. ...Бэлнээр 280.000 төгрөг ногоон өнгийн хэтэвч, мөнгө уншигч төхөөрөмж, сваровский ээмэг, зүүлт, гар утас, гоо сайхны хэрэгсэл, бичиг баримт зэрэг эд зүйл байсан...” гэжээ /1-р хх126-127/.

7. Хохирогч Ц.Мэнд-Амар мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Ачлал их дэлгүүрийн нэг давхарт байрлах 251-р лангууг түрээслэн алт, мөнгөний эдлэл, билэг дурсгалын чиглэлээр ажиллуулдаг. Би тухайн лангууг түрээслээд 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. 2015 оны 07 дугаар сарын 10-ны үеэр санагдаж байна намайг ажил дээрээ очоод дэлгүүр дөнгөж нээгдэж байхад нэг залуу ирээд Архангай руу ах эгч 2-тоо юм өгч явуулах гэсэн юм шагнал авах гээд үнэтэй жаазнууд байвал 2-г боогоод өг тэгэх үү гээд битүү скочдуулаад хайрцаг саванд хийлгээд нилээн юм болсон юм. Тэгээд тооцоогоо хийх гэж байтал тэр залуу дахиад манай лангуун дээр байсан алтан бөгжийг сонирхоод эгчдээ авж егөх гэсэн юм махлаг хүн болохоор нь хамгийг томоос нь боогоод өг гээд 3.0 граммтай 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий 960 сорьцтой алтан бөгжийг хайрцагт хийлгэсэн. Тэгээд өөр хүмүүс лангуун дээр ирээд юм сонирхож байхад тэр залуу хайрцагтай бөгжөө шалгаж байсан юм. Дараа нь тэр залуу надад эгчээ сайн скочдоод байж байгаарай би гарчихаад ирье гээд шууд гараад явахаар нь би сэжиглээд хайрцгаа онгойлгож үзэхэд бөгж нь байхгүй болсон байсан. Би араас нь гүйгээд гарсан боловч аль хэдийн алга болсон байсан. Би тэр бөгжийг Оюу болд ХХК-с албан ёсоор худалдаж авч байсан бөгөөд би тэр байгууллагатай гэрээтэй ажилладаг, 3.0 граммтай 960 сорьцтой бөгж байсан, би тэр бөгжөө 330.000 төгрөгөөр үнэлж байна. Би алдагдсан зүйлээ үнэлүүлж хохирлоо барагдуулж авмаар байна...” гэжээ /2-р хх51-52/.

8. Хохирогч Ц.Бямбажав мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн-Эрдэнэс” үнэт эдлэлийн дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулдаг юм. Манай дэлгүүр алт, мөнгөн эдлэлүүд зардаг. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр санагдаж байна нэг эрэгтэй хүн орж ирээд хүнд бэлэглэх гэсэн юм гээд алтан бөгж сонирхож байгаад арай том бөгж байна уу гэхээр нь би хамгийн том алтан бөгж болох 7.3 граммтай 585 сорьцтой алтан бөгж үзүүлэхэд тэрийгээ худалдаж авахаар болоод боогоод өг гэхээр нь боож өгөөд баталгааны хуудас бичиж өгөх гээд лангууны доороос хайж байхад тэр хүн нөгөө алтан бөгжийг минь аваад зугтаасан. Би араас нь гарсан боловч алга болсон байсан. ...Миний алдсан бөгж 7.3 граммтай 585 сорьцтой алтан бөгж бөгөөд зах зээлийн үнэ нь 474.500 төгрөг болж байгаа. Би энэ үнээр нь үнэлж байна. Би өөрт учирсан хохирлоо авмаар байна..” гэжээ /1-р хх 62-63/.

9. Хохирогч Д.Дуламсүрэн мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84-н буудлын замын эсрэг талд байрлах барилгын материалын дэлгүүр ажиллуулаад 2 ажил гаруй хугацаа өнгөрч байна. 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр санагдаж байна. Наадам болж байсан юм. Нэг туранхай өндөрдүү, бор царайтай, нилээн ганган хувцас өмссөн залуу манай дэлгүүрт орж ирээд надаас 2 ширхэг том хадаас авна гэхээр нь би дэлгүүрээсээ гараад хашаанд байх складнаасаа хадаасаа аваад ороод ирсэн. Тэгсэн чинь тэр залуу за эгчээ одоохон та наад 2 хайрцгаа байлгаж байгаарай би гадаа гараад машинаас мөнгөө аваад ирье гэж гараад эргэж орж ирээгүй, Тэгээд би 20-30 минутын дараа хүмүүс орж ирээд хариулт мөнгө өгөх гэтэл 150.000 төгрөг байхгүй болсон байсан. Харин задгай 1000, 500, 100, 50 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Би тэр хадаас авна гэсэн залууг авсан гэж бодсон боловч нэгэнт өнгөрсөн болохоор хаанаас хайхаа мэдэхгүй байсан. Цагдаад ямар нэгэн дуудлага өгч тэмдэглүүлээгүй... Миний алдсан мөнгө нийт 150.000 төгрөг байсан бөгөөд би бүхэл мөнгөө тоолоод тэр паскан дотроо тусад нь тавьсан байсан юм...” гэжээ /2-р хх 41-42/.

10. Хохирогч Ц.Нарантуяа мэдүүлэхдээ: “...2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өглөөний 09 цаг 20 минутын үед би Сүхбаатар дүүргийн 100 айлын барилгын дэлгүүрийн 4 давхрын павилоны лангуун дээр ирсэн юм. Тэгтэл 11 цаг 20 минутын үед манай лангуун дээр нэг танихгүй залуу ирээд өөрийгөө амралтын газар нээж байгаа юм. Танаас би 20 ширхэг цаг авмаар байна гээд надтай үнэн худал нь мэдэгдэхгүй юм яриад намайг 20 цагийг нь бэлдэх хооронд тэр залуу гараад явсан байсан. Тэгээд би тэр залууг сэжиглээд лангуун доороо үлдээсэн байсан түрийвчээ үзтэл байхгүй байсан. Миний алдсан түрийвчинд бараа зарсан 1 сая төгрөг, мөн миний иргэний үнэмлэх бичиг баримтууд байсан. Тэгээд би дээшээ гараад хяналтын камерын бичлэгийг шүүлгээд үзтэл тэр залуу манай лангуунаас гараад төв хаалгаар гараад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. 30 орчим насны өндөр бор царайтай туранхайвтар, монхор хамартай, ямар нэгэн содон тэмдэггүй залуу байсан...” гэжээ /2-р хх 2-3/.

11. Хохирогч Ж.Энхболд мэдүүлэхдээ: “...Би өөрийн эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх худалдааны төвийн урд талд байрлах “Биндэрьяа” нэртэй барилгын материалын дэлгүүр ажиллуулаад 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хулгайд ямар нэгэн эд зүйлээ алдсан удаа байхгүй бөгөөд харин 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр санагдаж байна манай эхнэр Оюунчимэг дэлгүүр дээрээ байж байхад нэг өндөр бор залуу орж ирсэн гэсэн. Би тэр өдөр гадуур ажилтай явж байсан юм. Манай эхнэр хэлэхдээ тэр хүн юм хулгайлахаар харагдаагүй харин боловсролтой бизнес эрхэлдэг хүн шиг санагдсан гэсэн. Тэр залуу өдрийн гэрэл олноор нь авна гэхээр нь манай эхнэр дэлгүүрийн цаад талд байрлах хананы цаанаас ухаж гаргаж ирээд боож баглаж өгөхөд тэр залуу машинаас мөнгөө аваад ирье гээд гараад эргэж орж ирээгүй гэсэн. Тэгээд хүмүүс үйлчлүүлээд хариулт мөнгө өгөх гэтэл орлогын бэлэн мөнгө алга болсон байсан. Тэгээд над руу залгаад би дэлгүүр дээр ирэхэд тэр өдрийн орлогын бэлэн мөнгө болох 400.000 төгрөг алга болсон байсан. Задгай мөнгийг нь орхиод явсан байсан...” гэжээ /2-р хх 36-37/.

12. Хохирогч Г.Дэжидсүрэн мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах “Мон Оргил” ХХК-ийн “Комплекс” барилгын материалын дэлгүүрийн 5 дугаар лангууг түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг. 2015 оны 8 дугаар сарын 10-ны үед би ажил дээрээ байж байхад нэг өндөр туранхай, бор царайтай залуу манай дэлгүүрт орж ирсэн юм. Тэр үед бас хоёроос гурван хүн манай дэлгүүр үйлчлүүлж байсан. Тэгээд би тэр хүмүүс бараагаа танилцуулаад байж байхдаа өөрийн “самсунг нөүт-2” маркийн гар утсаа ажлынхаа ширээн дээр тавьсан байсан юм. Тэр үед тэр өндөр бор царайтай залуу миний утсыг намайг цаашаа харж байх хооронд аваад гарсан байсан. Тэр залуу гэхдээ эхэлж орж ирээд хөөс их хэмжээгээр авна гэж хэлж байсан. Тэгээд хажуугаар нь өөр хүн нэг юм авна гэхээр нь би эхэлж тэр хүнд үйлчлээд дараа нь нөгөө залууг харсан чинь байхгүй болсон байсан. Дараа нь хяналтын камераа шүүгээд үзэхэд тэр залуу аваад гарч байсан. Ганц утас юм гээд цагдаад дуудлага өгөлгүй орхисон. Миний гар утас “самсунг нөүт-2” маркийн гар утас бөгөөд аваад сар болж байсан. Шинэ утас байгаа юм. Би алдагдсан утсаа 2015 оны 7 дугаар сард Теди төвөөс 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэжээ /2-р хх 45-46/.

13. Хохирогч Т.Гантуяа мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 17 цагаас 18 цаг 30 минутын хооронд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо барилгын материалын 10 дугаар контейнерт ажлаа хийгээд байж байхад үл таних эрэгтэй хүн 4 хайрцаг сликон, 4 хайрцаг солонгос хөөс, 3 тн цемент авъя гэж надад хэлсэн. Тэгэхээр нь тухайн зүйлүүдийг авч өгчихөөд байж байтал нөгөө үл таних эрэгтэй хүн эгчээ падан авна шүү гэж хэлсэн. Контейнер руугаа орчихоод эргээд гараад иртэл тухайн хүн мөнгөө өгөлгүй миний барааг аваад явчихсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Би тэр хүнийг танихгүй урьд өмнө харж байгаагүй хүн байсан. Тэр залуу давхраатай алаг нүдтэй, шөвгөр туранхай шар залуу байсан. Цайвар өнгийн өмд цайвар өнгийн кепкин малгай футболк өмссөн байсан. Надад 4 хайрцаг сликон 350.000 төгрөг, нэг хайрцагт 25 ширхэг байдаг ширхгийг нь 3500 төгрөг, 4 хайрцаг солонгос хөөс 360,000 төгрөг дотроо 15 ширхэгтэй нэг ширхгийн үнэ 6000 төгрөг байдаг юм. Нийтдээ 710.000 төгрөгийн хохирол учраад байна. Хохирлоо барагдуулмаар байна...” гэжээ /1-р хх208-209/.

14. Хохирогч Л.Баярбат мэдүүлэхдээ: “...Би өөрийн эхнэр Отгонзаяагийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин захын зүүн талын 51-6 дугаар байрны доод нэг давхарт байрлах “Заан” дотоод буюу монгол оймсны дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд хэрэг гардаг өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 18-аас 20-ны өдрийн хооронд санагдаж байна. Яг аль өдөр билээ санахгүй байна. Би гадуур ажил хөөцөлдөөд манай эхнэр Отгонзаяа оймсны дэлгүүр дээрээ сууж байсан юм. Тэгээд өдөр 14.00 цагийн үед манай эхнэр над руу залгаад нэг ах оймс авна гээд байна. Танай нөхрөөс их хэмжээгээр оймс авдаг гэж байна гэсэн. Тэгэхээр нь би надаас эрэгтэй хүн тэгж их хэмжээгээр оймс авч байгаагүй дээ ямар ч байсан намайг очихыг хүлээж бай гэсэн чинь энэ ах яараад байна 5 шар дээр бас юм ачуулж байна, 1000 ширхэг авна гээд байна шүү дээ гэсэн. Тэгээд манай эхнэр оймснуудыг нь шуудайлж байсан бөгөөд тэрэндээ улайраад пасктай мөнгөө ширээн дээрээ тавьсан байсан гэсэн. Тэгсэн чинь удалгүй тэр залуу надад нэг шуудай өгчих ах нь 5 шар дээр ачуулж байгаа газраа очоод ирье чи оймсоо шуудайлж бай гэсэн байна лээ. Тэгээд манай эхнэр нэг шуудай өгөөд тэр залуу гарч явсан гэсэн. Би өдөр 16.00 цагийн үед ирээд нөгөө хүн чинь хаана байна гэхэд 5 шар ороод ирнэ гэсэн. Би эхнэрээсээ 5000 төгрөг өгчих гэсэн чинь пасктай мөнгө нь байхгүй болсон байсан. Харин гадаа үүдэнд нөгөө манай эхнэрийн өгсөн шуудай хогон дээр байж байсан. Манай дэлгүүр өдөр болгон тухайн паск дотор 300.000 төгрөг бэлэн байлгаж байдаг. Учир нь бэлэн мөнгөөр оймсоо худалдаж авах юм уу ямар нэгэн гэнэтийн гүйлгээ хийхэд мөнгөө бэлэн байлгах үүднээс тэгж байлгадаг. Тэгээд тэр өдрийн орлого болох ойролцоогоор 200.000 төгрөг байсан. Нийт 500.000 төгрөг болж байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэжээ /2-р хх 55-57/.

15. Хохирогч Д.Энхзаяа мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шархадны автобусны эцсийн буудлын “Дөл” гэх дэлгүүрийг ажиллуулдаг юм. Би тэр дэлгүүрээ ажиллуулаад 10 гаруй жил болж байна. Хэрэг гарсан өдөр нь 2015 оны 8 дугаар сарын 20-нд санагдаж байна. Өдөр 13.00 цагийн үед би өөрийн дэлгүүртээ сууж байсан юм. Манай дэлгүүрийн хагас хэсэг нь өөртөө үйлчилдэг хагас хэсэг нь лангууны цаана байдаг юм. Тэгээд манай дэлгүүрийн өөртөө үйлчилдэг хэсэгт нэг хар өнгийн футболктой, цэнхэр өнгийн өмдтэй, бор царайтай залуу юм үзээд байж байсан юм. Намайг дуудаад би гуанз ажиллуулдаг юм олон ширхэг сандал авах хэрэгтэй байна гэхээр нь би тэр залууд 10 ширхэг том өндөр сандал цаад хэсгээс нь бэлдэж өгсөн. Энэ явдлаас өмнө би орлогын мөнгө болох 200.000 /10 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт/ төгрөгөө лангууны доод хэсэгт нь тавьсан санагдаж байна. Магадгүй лангуун дээрээ тавьсан ч байж магадгүй би тэрийг сайн санахгүй байна. Харин тэр залуу намайг мөнгө бариад хаана тавьж байхыг маань харсан юм. Тэгээд би сандлыг бэлдэж өгөөд тооцоогоо хийх гэтэл тэр залуу “Өө би бэлэн мөнгөөр тооцоогоо хийхгүй, картаа аваад ирье” гэж гарч яваад эргэж орж ирээгүй. Тэгээд би орой тооцоогоо хийх болоод мөнгөө тулгах гэтэл миний нөгөө 200.000 мянган төгрөг алга болсон байсан. Би бодохдоо тэр залууг л авсан гэж бодож байсан боловч баттай биш болохоор цагдаад мэдэгдээгүй. Тэр өдөржингөө мөнгөө хайгаад олоогүй...” гэжээ /2-р хх 57-58/.

16. Хохирогч О.Ууганбаяр мэдүүлэхдээ: “...Манай эхнэр Ганчимэг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд ар” хорооллын замын эсрэг талд байдаг “НОМЕ МАRТ” гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. Манай эхнэр надад хэлэхдээ 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ сууж байхдаа утсаа алга болгочихлоо гэсэн. Тэгээд би тэр өдөр нь ажил дээр нь очоод бид хоёр камераа шүүж үзэхэд нэг залуу орж ирээд ширээнийх нь доор байсан манай эхнэрийн утсыг аваад гарч байгаа нь харагдаж байсан. Тэгсэн боловч манай эхнэр энэ хүн олдохгүй байхдаа цагдаад хэлээд хэрэггүй байх гээд бид хоёр цагдаад мэдэгдээгүй. Би эхнэр Ганчимэгт 2014 онд Теди төвөөс 530.000 төгрөгөөр худалдан авч өгч байсан бөгөөд “Самсунг эс-4” маркийн саарал өнгийн утас байсан. Бид хоёр хяналтын камераа үзэж байхад нэг залуу орж ирээд бараа сонирхож байхад манай эхнэр сууж байсан газраасаа босоод тэндээ утсаа үлдээгээд өөр хүнд бараа танилцуулж байхад тэр залуу ширээ рүү очоод гараа ширээний доогуур оруулаад утсыг нь аваад гарч байгаа дүрс харагдсан. Би тэр хүнийг урьд нь харж байгаагүй бөгөөд камерын бичлэгээс харахад хар өнгийн малгайтай, туранхай, өндөрдүү залуу байсан. Одоо харин өмсөж явсан хувцсыг нь санахгүй байгаа болохоор хэлж мэдэхгүй байна. Хулгайд алдсан утсыг 530.000 төгрөгөөр 2014 онд худалдаж авч байсан боловч шинээрээ шахуу байсан болохоор авсан үнээрээ үнэлж байна...” гэжээ /2-р хх 48-49/.

17. Хохирогч Б.Мөнхзул мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт АНУ нэртэй цүнхний дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. Тэгээд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дэлгүүр дээрээ ээж Нохойдоржийг зогсоогоод би хүүхэдтэйгээ зах гарж хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгсөн. Өдөр 16.00 цагийн үед ажил дээрээ ирсэн бөгөөд дэлгүүр дотор нэг эрэгтэй хүн байсныг санаж байна. Тэр хүн 3 цүнх авна гээд бэлдүүлээд тавьсан байсан бөгөөд эхнэрийгээ хүлээж байна гээд утсаар яриад суугаад байсан. Би дэлгүүрт орохдоо хүмүүс бужигнаад хөл хөдөлгөөн ихтэй байхаар нь дэлгүүрийн хаалганы баруун талд байх цонхны тавцан дээр өөрийн цүнхээ тавиад цааш орж хүмүүст үйлчилсэн. Тэгээд бараг 10 гаруй минут болоод бүх тооцоогоо гаргах гээд цүнхээ авах гэтэл цүнх маань алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн бөгөөд намайг анх дэлгүүрт орж ирэхэд утсаар ярьж байсан залууг авсан гэж хэлсэн. Тэр хүн ээжид янз бүрийн худлаа юм яриад байж байсан гэсэн. Тэнд нилээн удаж байгаад сүүлдээ хүмүүс бужигнаж байхад цүнхийг маань аваад явсан байсан. Миний цүнхэнд бэлэн 120.000 төгрөг, монетон гинж кулоны хамт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгслүүд байсан. Миний монетон гинж 1.2 граммтай, кулон нь 2.2 граммтай бөгөөд 2014 оны 5 дугаар сард манай нөхөр Мөнгөн завъяа үнэт эдлэлийн дэлгүүрээс 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би энэ үнээрээ үнэлнэ. ...Би тэр хүнийг урьд өмнө нь харж байгаагүй бөгөөд цэнхэр жинсэн өмдтэй, хар футволктой, хар саравчтай малгайтай, тэлээндээ баахан түлхүүр зүүсэн, туранхай, бор царайтай, өндөрдүү эрэгтэй хүн байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэжээ /2-р хх 59-60/.

18. Хохирогч Б.Баярмаа мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Дэм” худалдааны төвийн барааны лангууны ард пасктай мөнгө тавьсан байсан нь алга болсон байсан. Тэгээд тухайн үедээ дүүргийн цагдаагийн хэлтэст очиж хэлээд, хяналтын камераа шүүж үзсэн. ...Бараагаа татах гээд Түвшинтөгс гэгч эгчийн хүүхдээс 600.000 төгрөг зээлсэн байсан үлдэгдэл 35.000 төгрөг нь миний өөрийн мөнгө бөгөөд цуг хийсэн байсан. ...хяналтын камерыг харсан боловч царай зүс нь харагдахгүй байсан. Би дээрх газарт 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна...” гэжээ /1-р хх 80-81/.

19. Хохирогч Б.Амгаланбаатар мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 19-340а тоотод амьдрах төрсөн эгч Баттунгалагийн гэрт ирж хоносон юм. Манай эгч орой нь нөхөртэйгөө ярина гээд миний утсыг авсан байсан юм. Өглөө босоод утасны цаг харах гээд утсаа хайхад утас байхгүй байхаар нь эгчээсээ утсаа асуухад яг Баяраа аваад явчхаж гэж хэлэхээр нь паск тавьсан газраа паскаа хартал тавьсан газраасаа хөдөлсөн байхаар нь босоод үзтэл 220.000 төгрөг, “айфонь 4” маркийн гар утас алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгөөд манай эгч Баяраа гэх залуугийн араас гараад олоогүй. ...2015 оны 7 дугаар сарын 9-нд “Самсунг эс-2” маркийн гар утсыг хайрцаг, савгүй шинээр нь худалдаж авсан. Ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй цагаан өнгийн корпустай, сериал дугаарыг нь мэдэхгүй, 88990577 гэсэн дугаартай, нэгжгүй байсан. “Айфонь 4” маркийн гар утас нь хар өнгийн корпустай. ямар нэгэн үүрэн телефоны дугаарын сим хийгээгүй байсан. Уг утас нь цуг ажилладаг хүний маань утас байгаа юм. Би Самсунг эс-2 маркийн гар утсаа 100,000 төгрөг, “айфонь 4” маркийн гар утсаа 150,000 төгрөгөөр үнэлж байна. Хохирлоо барагдуулмаар байна...” гэжээ /1-р хх 102-103/.

Гэрч Г.Галданцогт мэдүүлэхдээ: “... 2015 оны 6 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 50 мянгатын 21 дүгээр байрны урд талд байрлах хүүхдийн тоглоомын талбай дээр том охин 6 настай Сарангоог тоглуулаад хүү Билгүүнийг тэврээд зогсож байтал манай охин Сарангоо гулсуурны доор орчихсон гартаа эмэгтэй хүний ээмэг, түлхүүр барьчихсан байхаар нь аваад хартал Скайтелийн хар утас зэрэг эд зүйл байсан. Тэгээд тэр өдрөө нээх тоолгүй өнгөрчихсөн угаасаа ч орой болчихсон байсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 6 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед хүүхдийн 100-д байрлах КFС-д найз Энхтөрийн хамт хоол идэж байгаад олсон Скайтелийн гар утсыг нь асаахад хань гэсэн дугаар гараад ирсэн. Тэгээд тэр дугаар руу залгахад эрэгтэй хүн авсан ба би таны бичиг баримтыг олсон хүн байна хүүхдийн 100-д ирээд авчих гэж ярихад за баярлалаа очоод авъя гэсэн. Тэгээд би КFC-ийн гадаа өөрийн 17-88 УНБ гэсэн улсын дугаартай Тоёота чэйзер маркийн машин дотроо өөрийн найз Энхтөрийн хамт хүлээгээд сууж байтал махлаг намхан ах цагдаа дагуулаад ирсэн. Тэгээд би тус цагдаагийн хэлтэс рүү дагаж ирсэн юм. Манай охин Сарангоо нь тэр эд зүйлийг тоглоомын талбайн савнаас олж авсан гэсэн...” гэжээ /1-р хх 128-129/.

 

Гэрч А.Дархижав мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Тэх худалдааны төвийн гадна С5 павилон дээр худалдагчаар ажиллаж байхад манай дүү Оюунцэцэг дотор лангуун дээр сууж байгаад ирэхдээ надаас Солонгос 3 хайрцаг барилгын сликон, 3 хайрцаг барилгын хөөс авна гээд бэлдүүлж машиндаа хийлгүүлчихээд нэг хүнээ лангуунд үлдээгээд худалдаж авсан хүн АТМ-ээс мөнгөө аваад ирье гээд яваад, нөгөө үлдсэн хүн нь хайрцагтай юмаа барьж явсан ба нөгөө ах чинь доороос орж ирж байна ах нь гарлаа гээд гараад явсан. Тэгээд орж ирэхгүй болохоор нь гадагш гарахад байхгүй байсан гэсэн. Тэгээд цагдаад мэдэгдээд, дотор хяналтын камерын бичлэг шүүж үзсэн...” гэжээ /1-р хх 153-154/.

Х.Давааболд сэжигтнээр мэдүүлэхдээ: “... 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн үдээс өмнө намайг өөрийн эзэмшлийн 78-13 УНГ улсын дугаартай Тоёота Приүс маркийн автомашинтай халтуур хийгээд явж байхад Москва их дэлгүүрийн орчим нэг эрэгтэй хүн гараа өргөхөөр нь аваад хаашаа явахыг нь асуухад Тэх худалдааны төв оръё гээд гадаа нь ирэхэд буцаад таны машинтай явъя би дотроос юм авна надтай цуг орооч гэхэд нь цуг ороод 2 давхарт гараад урд талын эгнээнд барилгын материал зарж байсан лангуунуудаас хөөс сликон асуугаад тэгээд хамгийн сүүлд нэг лангуунаас авахаар болсон. Тэр лангуун дээр нэг охин байсан. Тэрнээс тэр залуу лангуун дээр нэг хайрцаг сликон байхыг хараад 3 хайрцаг сликон, 3 хайрцаг хөөс авна гэхэд тэр охин лангуун дээр нэг хайрцаг сликон байна. Манай ачигч танай машинд чинь хүргээд өгнө гэж хэлээд худалдагч тэндээ үлдээд, намайг тэр хайрцаг сликон аваад гарч бай гээд машин дээрээ очиход ачигч нь үлдсэн хайрцаг сликон, хөөсийг нь авч ирчихсэн байсан. Харин тэр залуу лангуун дээр тооцоогоо хийнэ гээд үлдсэн, худалдагч охиноос энэ дотор АТМ байгаа юу гэж асууж байсан. Худалдааны төв дотор байхдаа намайг бараагаа аваад явж бай гээд миний утасны дугаарыг тэмдэглэж аваад Хорооллын эцэст очоод байж бай гэж хэлсэн. Тэгээд би машиндаа барааг нь ачуулчихаад хорооллын эцсийн урд талын зогсоол дээр зогсож байхад над руу 80880938 дугаараас залгаад намайг хаана байгааг асуугаад хүрч ирсэн. Тэгээд тэр залуу Баянхошуу явна гээд Баянхошууны Жанцангийн орчим буугаад таксины мөнгө нийтдээ 12.000 төгрөг гарсан байсан тэр мөнгөө өгсөн. Тэр залуу бараагаа авч буугаад хаашаа явсныг мэдэхгүй байна. Би буулгачихаад явсан...” гэжээ /1-р хх 158-159/.

 

Мөн шүүгдэгч Б.Баярсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-24-26/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-102-138/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-119/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-37, 47, 101, 117, 169, 178, 206, 2-р хх 47, 50, 53, 54, 190, 191/, шүүхийн сэтгэц эмгэг судлалын  1062 дугаар дүгнэлт /2-р хх 95/,  Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1-р хх176-177/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /СД-2 ширхэг, 1-р хх 149/, 2 ширхэг / 1-р хх 123/ зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжтой, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Баярсайхан нь:

1. давтан үйлдлээр 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаанбанк"-нд ажиллаж байхдаа тус банкаар үйлчлүүлсэн иргэн Д.Энхтөртэй уулзаж 100 айлд таньдаг хүн байвал бараа материал аваад ирээч ирэхээр нь мөнгийг нь өгье гэж хэлээд хуурч мэхлэн 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 15 лааз 18 литрийн будаг, 2 хайрцаг барилгын сликон, 10 хайрцаг барилгын хөөсийг залилан авч 1.725.000 төгрөгийн,

2. 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэх" барилгын материалын зах, иргэн Д.Сэржмядагийн 129 дүгээр лангуунаас барилгын материал худалдаж авна АТМ-ээс мөнгө аваад ирье гэж хуурч мэхлэн 3 хайрцаг барилгын хөөс, 3 хайрцаг барилгын сликон залилан авч 435.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Хулгайн үйлдэл:

1. Мөн давтан үйлдлээр 2015 оны 4 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвийн 138 дугаар лангуунаас бараа бөөндөж авна гэж бэлдүүлж худалдагч О.Наранцэцэгийн анхаарлыг нь сарниулж байгаад 3 блок парламент, 3 блок эссэ, 3 блок ченж эссэ тамхийг нь хулгайлж, 83.500 төгрөгийн,

2. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "К" худалдааны төвд барилгын материалын лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулдаг иргэн Ц.Амарзаяагаас бараа худалдан авах гэж байгаа дүр үзүүлэн анхаарлыг нь өөр зүйлд сарниулж байгаад 54 ширхэг барилгын хөөсийг нь хулгайлж, 360.000 төгрөгийн,

3. 2015 оны 6 дугаар сарын 18-аас 19-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бөмбөгөр" худалдааны төвийн А2 тоот гоо сайхны павилоноос бараа худалдан авах гэж байгаа дүр үзүүлэн худалдагч Н.Эрдэнэтуяагийн анхаарлыг нь сарниулж байгаад 6 ширхэг слайт нэртэй пүдр хулгайлж 72.000 төгрөгийн,

4. 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн  2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Содон бөмбөгөр" худалдааны төвийн    2 давхар В-48 дугаартай гэр ахуйн барааны лангууны худалдагч Б.Жаргалаас бараа худалдан авах гэж байгаа дүр үзүүлэн анхаарлыг нь өөр зүйлд сарниулж байгаад лангуун дотор байсан эмэгтэй хүний гар цүнхтэй бэлэн мөнгө, эд зүйлийг нь хулгайлж, нийт 330.000 төгрөгийн,

5. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны "Ачлал" их дэлгүүрийн 1 давхарт байрлах 251 дүгээр лангуунаас зургийн жааз, 3,0 граммтай 960 сорьцтой алтан бөгж зэргийг худалдан авах гэж байгаа дүр үзүүлэн худалдагч Ц.Мэнд-Амарын анхаарлыг нь өөр зүйлд сарниулж байгаад 3,0 граммтай 960 сорьцтой алтан бөгжийг нь хулгайлж, 300.000 төгрөгийн,

6. 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Түмэн-Эрдэнэс" үнэт эдлэлийн дэлгүүрээс 7,3 граммтай, 585 сорьцтой алтан бөгж худалдаж авах гэж байгаа дүр үзүүлэн худалдагч Ц.Бямбажаваар баталгааны хуудас бичүүлж анхаарлыг нь сарниулж байгаад алтан бөгжийг нь хулгайлж, 450.000 төгрөгийн,

7. 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо 84-ийн автобусны буудлын замын эсрэг талд байрлах барилгын материалын дэлгүүрээс 2 хайрцаг хадаас авна гэж худалдагч Д.Дуламсүрэнгээр бэлдүүлж анхаарлыг нь сарниулж байгаад ширээн доороос нь орлогын бэлэн мөнгийг хулгайлж, 150.000 төгрөгийн,

8. 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын барилгын материалын дэлгүүрийн 4 дүгээр павилоноос 20 ширхэг ханын цаг авмаар байна гэж бэлдүүлж худалдагч Ц.Нарантуяагийн анхаарлыг нь сарниулж байгаад лангууны араас нь түрийвчтэй бэлэн мөнгийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн,

9. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах иргэн Ж.Энхболдын "Биндэръяа" нэртэй барилгын материалын дэлгүүрээс өдрийн гэрэл олноор авмаар байна гэж бэлдүүлж худалдагчийн анхаарлыг нь сарниулж байгаад лангууны араас орлогын бэлэн мөнгийг хулгайлж, 400.000 төгрөгийн,

10. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах "Мон Оргил ХХК"-ны 'Комплекс" барилгын материалын дэлгүүрийн 5 дугаар лангуунаас иргэн Г.Дэжидсүрэнгийн "Самсунг нөүт-2" маркийн гар утсыг нь хулгайлж, 320.000 төгрөгийн,

11. 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 17 цагаас 18 цаг 30 минутын хооронд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах модны захын барилгын материалын 10 дугаар контейнероос 4 хайрцаг барилгын сликон, 4 хайрцаг барилгын хөөс, 3 тонн цемент худалдан авна гэж бэлдүүлэн, падан бичүүлж авна гэж худалдагч Т.Гантуяагийн анхаарлыг нь өөр зүйлд сарниулж байгаад 4 хайрцаг барилгын сликон, 4 хайрцаг барилгын хөөсийг нь хулгайлж, 710.000 төгрөгийн,

12. 2015 оны 8 дугаар сарын 18-аас 20-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 51-6 дугаар байрны доод давхарт байрлах иргэн Л.Баярбатын "Заан" нэртэй монгол оймсны дэлгүүрээс 1000 ширхэг оймс авна гэж шуудайлуулж, худалдагчийн анхаарлыг нь сарниулж байгаад ширээн дээрээс нь пасктай бэлэн мөнгийг хулгайлж, 500.000 төгрөгийн,

13. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны эцсийн автобусны буудлын "Дөл" нэртэй дэлгүүрээс олон ширхэг сандал авах хэрэгтэй байна гэж бэлдүүлж худалдагч Д.Энхзаяагийн анхаарлыг нь сарниулж байгаад лангууны араас нь орлогын бэлэн мөнгийг хулгайлж, 200.000 төгрөгийн,

14. 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нomе mart" гэр ахуйн барааны дэлгүүрийн лангууны араас иргэн Ганчимэгийн "Самсунг эс-4" загварын гар утсыг нь хулгайлж, 350.000 төгрөгийн,

15. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “АНУ” нэртэй цүнхний дэлгүүрээс цүнх авах гэж авах гэж байгаа дүр үзүүлэн худалдагч Б.Мөнхзулын гар цүнхтэй бэлэн мөнгө, эд зүйлийг нь хулгайлж, нийт 346.000 төгрөгийн,

16. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах иргэн Б.Баярмаагийн ажиллуулдаг “Дэм” худалдааны төвийн барааны лангууны араас пасктай бэлэн мөнгийг хулгайлж, 635.000 төгрөгийн,

17. 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 19-340а тоотод оршин суух иргэн Баттунгалагийн гэрээс иргэн Б.Амгаланбаатарын бэлэн 220.000 төгрөг, “Самсунг эс-2”, “Айфонь-4” загварын гар утаснуудыг нь хулгайлж, 470.000 төгрөгийн буюу бусдад нийт 6.676.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Баярсайханы үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Баярсайханыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг зааснаар, мөн давтан буюу 17 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  тус тус ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Баярсайхан нь Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 395 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь хэсэгт заасан ялтай байдал дуусаагүй байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд энэ байдал нь Өршөөлийн хуульд хамааруулахгүй нөхцөл байдалд хамаарч байх тул түүнийг ялтай байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэв.

Хохирогч нарт учирсан нийт хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэхэд ял хөнгөрүүлэх нөхцөлд байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн Шинэ Өрнөх Бүтээмж ХХК-ний эзэмшлийн 78-13 УНГ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота приус-10 маркийн NHW100002332 арлын дугаартай 1998 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна. Учир нь уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй, өөрөөр хэлбэл хулгайн гэмт хэргийг үйлдэж, төгссөний дараа өөр газар зөөвөрлөх зорилгоор тухайн машиныг хөлсөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баясалмаагийн Баярсайханыг давтан үйлдлээр бусдын хөрөнгийг залилан мэхлэж авсан, мөн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Шүүгдэгч Б.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Баярсайханд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтаан түүний нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярсайханд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баярсайханы цагдан хоригдсон нийт 211 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баярсайханаас нийт 8.836.500 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын 1-р хавсралтад заасан үнийн дүнгээр нэр бүхий 19 хохирогчид олгосугай.

8. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Шинэ Өрнөх Бүтээмж ХХК-ний эзэмшлийн 78-13 УНГ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота приус-10 маркийн NHW100002332 арлын дугаартай 1998 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигчид нь буцаан олгосугай.  

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Баярсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХАЛИУН