| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0301/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/312 |
| Огноо | 2021-10-27 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Сарантуяа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/312
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Сарантуяа
Шүүгдэгч ...Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт ... Г-д холбогдох эрүүгийн 2121001840286 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт ...оршин суух, ял шийтгэл: Дорнод аймаг Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, ...овогт ... Г. /РД:.../
Шүүгдэгч ...Г нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаа баг “Шинэ худаг” гэх газарт оршин суух иргэн ...Ц-ын эзэмшлийн адуул 1 тооны адууг өөрийн сүрэгт 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ирж нийлэхэд бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг нь мэдсээр байж 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зарж борлуулан завшихаар завдсан,
Мөн Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт 2021 оны 04 дүгээр сард хохирогч ...Э-ын азаргатай адуунд гүү тавина гэж авч яваад итгэмжлэн хариуцуулсан адуунаас ухаа зүсмийн унагатай гүүг завшиж, иргэн Г-т 1200.000 төгрөгөөр худалдаж, ...Э-д 1200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ...Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:..Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.
Хохирогч ...Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрийн 6 тооны адууг танил дүү Б-ын мал дээр Дорнод аймгаас худалдаж авсан адуутайгаа хамт байлгаж байсан юм. Ингээд би Дорнод аймагт Б-ын гэрт байж байгаад 2021 оны 06 сарын 05-ны орой миний 6 тооны адуу бүрэн байсан ба өглөө буюу 2021 оны 06 саоын 06-ны өглөө босоод адуугаа хураахад миний эзэмшлийн ухаа зүсмийн саран дэвсгэртэй 3 нүдний чандмань тамгатай 7 настай адуу байхгүй байсан.... Б-ын гэр нь нүүж байсан учраас ойр орчмоор адуугаа хайлгүй явж байгаад 2021 оны 06 сарын 08-ны өглөө Б адуундаа яваад ирэхдээ таны ухаа морь Г гэх айлын хээр зүсмийн адуунд холбоотой байна гэхээр за ойлголоо гэж хэлээд удалгүй Г-ын гэрт очиход миний адуу байхгүй холбоотой байсан хээр морь нь адуундаа сул явж байсан. Ингээд Г-ын ******* дугаарын утас руу залгаад миний адуу хаана байна танай гэрт байсан байна гэж хэлэхэд би аймгийн төвд явж байна гэж хэлсэн. Ингээд 20 минут орчмын дараа буюу 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 13 цагийн орчим Г над руу залгаад та цагдаад хэлээгүй биздээ би одоо очлоо гэж хэлээд өөрийн дугаараасаа “Ахаа уучлаарай би одоо очлоо эндээс гарлаа” гэж мессеж бичиж удалгүй дахин “ахаа цагдаад өгсөн юмуу, өгөөгүй биздээ” би одоо очлоо гэж мессеж бичсэн. Өөр адуунаас авч ирээд удаагүй байсан учраас салж явсан байх би сайн мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 27-28 тал/
Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 04 сарын эхээр шиг санагдаж байна. Нутгийн дүү Г надруу аймгийн төвд байхад утсаар яриад “ахаа би танай ухаа азаргатай адуунд чинь гүү тавих гэсэн юмаа” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Г нь манай ухаа азаргатай нийт 12 тооны адууг өөрийн гэртээ аваачсан. Ингээд удаагүй би 5 сарын 5-ны өдөр өөрийн адуун дээр очсон чинь Г-ын авч явсан ухаа зүсмийн азарга адуу өөрийн ус уудаг худаг дээр ирсэн байсан. ... би ухаа азаргатай адуугаа тоолж үзэхэд духан дээрээ сартай, ширээтэй нар саран тамгатай ухаа зүсмийн гүү, эр ухаа унаганы хамт байхгүй, нийт 2 тооны адуу байхгүй байсан. Ингээд ойр орчмын айлуудаар хайсан боловч алга болсон адуунууд маань олдохгүй байсан. 2021 оны 05 сарын 08-ны орчим манай ойр орчмоор нутагладаг Ганзориг гэх залуу надруу утсаар яриад “юу хийж байна ахаа” гэхээр нь “2 тооны адуу алга болоод эрэлд явж байна” гэсэн чинь “манай адуунд танай тамгатай гүү унагын хамт байна, та ирж хар” гэхээр нь Г-ийн гэрт очиж үзсэн чинь миний ухаа унаганы хамт зүсээрээ яг мөн байсан. Ингээд Г-оос “энэ адууг хаанаас авсан юм бэ” гэхэд “Г 1200.000 төгрөгөөр зараад явсан” гэж хэлсэн ... Би адуугаа Г-д авч явах зөвшөөрөл өгсөн боловч надад буцаагаад хүлээлгэж өгөлгүй Г-т унагатай гүүг маань 1200.000 төгрөгөөр зарсан байсан. Иймд Г-оос адууны мөнгө болох 1200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. /хх-ийн 35-36 тал/,
Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 сарын 05-ны өдөр адуугаа татаж бүртгэхэд сартай гурван нүдний чандмань тамгатай хонгор зүсмийн 6 настай адуу байхгүй байхаар нь ойр орчмоор хайхад манайхаас урагшаа байдаг Г гэх айлын адуунд холбоотой байхаар нь гайхаад гэрлүүгээ буцаж яваад яахийг нь хараад тандаж байсан. 2021 оны 06 сарын 08-ны өглөө манайхаар Г орж ирэхээр нь ойр зуурын юм ярьж байгаад би аймаг явлаа гэж хэлсэн. ... Г гараад явахаар нь Г-ын хөрш айл болох З гэх залууд чи манай адууг харж байгаарай би аймаг явлаа манай холбосон морийг харж байгаарай гэж хэлээд аймагт ирээд явж байхад ******* араас залгаад танай холбосон байсан морийг ачаад явсан юм шиг байна байхгүй байна гэхээр нь цагдаад хандсан юм” гэжээ. /хх-ийн 43-44 тал/
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ,,,, тоотод эхнэрийн хамт амьдардаг бөгөөд Хэрлэн сумын ,,,, баг ******* гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК махны үйлдвэрийн менежрээр ажилладаг. 2021 оны 06 дугаар сарын 08-ны 13 цагийн орчим цагаан өнгийн портер маркийн /улсын дугаарыг нь мэдэхгүй гэх/ тээврийн хэрэгсэлтэй 30 гаран насны залуу ганцаараа хар зүсмийн даага нэг морьтой авч ирж манай махны үйлдвэрт зарж даага нь 79 кг, морь 200 кг болж байсан шиг санаж байна. Дээрх залуу нь малын гарал үүслийн бичиггүй явж байсан ба надад хэлэхдээ харьяалалтай газраа мэдэхгүй байна гэж хэлэхээр нь би ******* гэх малын эмч рүү ярьж өгье гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирж дээрх залууг аваад явсан” гэжээ. /хх-ийн 53 дугаар тал/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г гэх залуу манай нутгийн дүү бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр 2 тооны унагатай гүүг ... ДОА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж ирээд 1 унагатай гүүг нь таны халтар азарганд хураалгая гэсэн ба нөгөө гүүг нь өөр айлд аваачиж тугалтай үнээгээр зарна /солио хийнэ/ гэж хэлэхээр нь би “ах нь ухаа унагатай ширээтэй нар саран тамгатай ухаа зүсмийн гүүг чинь 1200.000 төгрөгөнд худалдаж авъя” гэж хэлэхэд Г зөвшөөрч надад дээрх ухаа унагатай, ухаа гүүг 1200.000 төгрөгөөр зарж мөнгийг нь манай эхнэрийн /хэний дансанд хийснийг нь мэдээгүй/ дансаар шилжүүлсэн. Ингээд 2021 оны 05 сарын сүүлээр Э ах манай гэрт ирж дээрх Г-ын надад зарсан ухаа гүүг хараад “миний гүү байна” гэж хэлэхээр нь би “таны гүү мөн бол та ухаа гүүгээ ав” гэж Э ахад хэлэхэд Э ах “чиний халтар азаргатай адуунд байж байг” гэж хэлэхээр нь зөвшөөрсөн” гэжээ. /хх-ийн 55 дугаар тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 21 тал/
- Үнэлгээ комиссийн үнэлгээ /хх-ийн 22-23 дугаар тал/
- ...Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-69 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ...овогт ... Г нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг “Шинэ худаг” гэх газарт оршин суух хохирогч ...Ц-ын эзэмшлийн адуул 1 тооны адууг өөрийн сүрэгт 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ирж нийлэхэд бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг нь мэдсээр байж 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зарж борлуулан завшихаар завдсан, мөн Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт 2021 оны 04 дүгээр сард хохирогч ...Э-ын азаргатай адуунд гүү тавина гэж авч яваад итгэмжлэн хариуцуулсан адуунаас ухаа зүсмийн унагатай гүүг завшиж, хохирогч Э 1200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч ...Ц, Э, Г, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ...Г-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ...Г-ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшахыг завдсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ...Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Г-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч ...Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ...Гын хууль бус үйлдлийн улмаас хохирогч ...Э-ын өмчлөх эрхэд 1200.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч ...Гоос 1200.000 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ... тоотод оршин суух Э /.../-д олгуулах нь зүйтэй байна.
Харин хохирогч ...Ц нь шүүгдэгчид гомдол санал, нэмэмжлэх зүйл бахйгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудас болоод мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч ...Г-ыг хохирогч ...Ц-т төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Г-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...овогт ... Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшахыг завдсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Г-ын холбогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Г-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ...Гд мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Г-оос бусдын эд хөрөнгөд учруулсан хохиролд 1200.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ... тоотод оршин суух Э /.../-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Г-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ...Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ