Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Галшар сумын 6-р багт оршин суух Харуулчин овогт Өлзийбаярын Эрдэнэчимэгийн “нас тогтоолгох тухай” хүсэлтийг 2017 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

                                                                                           Т О Д О Р Х О Й Л О Х нь:

             Хүсэлт гаргагч Ө.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1962 оны 06 сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Буянт сумын төрөх тасагт Өлзийбаярын 7 дахь охин болж мэндэлсэн. 1970 онд 8 настайдаа Буянт сумын бага сургуулийн Г.Одсүрэн багштай 1-р ангид Ц.Адъяасүрэн, Д.Оюунчимэг нартай элсэн орж суралцаад 1973 онд 3-р ангиа төгссөн. Мөн оны 9-р сард Галшар сумын 8 жилийн сургуулийн Дашдондог багштай 4-р ангид Д.Батбаяртай нэг ангид суралцаж байхад өвчний учир сургууль завсардсан. 1974 онд өөрийн төрсөн дүү Ө.Нарантуяаг Галшар сумын 8-н жилийн сургуулийн 4-р ангид дэвшин суралцахад хамт орж Н.Уртнасан нартай хамт суралцаж байгаад 1979 онд 8-р анги төгссөн. Ангийн багш Н.Дэрийлаа 6-р ангид байхад спертикаданд авч явж байгаад төрсний гэрчилгээг гээгдүүлээд авахдаа 1963 оны 06 сарын 05-нд төрснөөр авсан байдаг. Иймд насаа зөв тогтоолгохоор 2017 оны 05 сарын 08-нд Хэнтий аймгийн архиваас лавлагаа авсан болно. Миний бие Ө.Эрдэнэчимэг нь Галшар суманд 89 настай аав Л.Өлзийбаярыг харж асарч байдаг тул шүүх хуралд оролцох боломжгүй бөгөөд төрсөн дүү Ө.Нарантуяаг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж өгнө үү” гэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний төрсөн эгч Ө.Эрдэнэчимэг нь 1962 оны 06 сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Буянт суманд төрсөн. Бидний төрсөн эцгийг Л.Өлзийбаяр, төрсөн эхийг Ц.Цэнд-Аюуш гэдэг. Бид нар эцэг эхээс 11-үүлээ. Би 1964 онд төрсөн. Миний эгч Ө.Эрдэнэчимэгийг төрөөд төрсний гэрчилгээг авахад Цэнд-Аюушийн Эрдэнэчимэг гэж эхээр нь овоглож гэрчилгээг авсан байсан. Учир нь тухайн үед манай аав, ээж хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан. Манай эгчийг 6-р ангид байхад багш нь төрсний гэрчилгээг нь гээгдүүлчихсэн. 1979 онд төрсний гэрчилгээг нөхөж авахдаа төрсөн эцэг болох Өлзийбаярын Эрдэнэчимэг гэж эцгээр нь овоглоод төрсөн оныг 1963 он гэж, өдрийг нь 05 гэж буруу бичиж гэрчилгээг авсан байсан. Түүнээс хойш бүх бичиг баримт нь төрсөн эцгээр нь овоглож байгаа. Улаан паспорт авахад СК63060506 гэсэн регистрийн дугаар олгосон. Уг нь миний төрсөн эгч Ө.Эрдэнэчимэг нь 1962 оны 06 сарын 06-ны өдөр төрсөн юм. Иймд Ө.Эрдэнэчимэгийг 1962 оны 06 сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад  

        

                                                                                               Ү Н Д Э С Л Э Х нь:

            Хүсэлт гаргагч Ө.Эрдэнэчимэг нь “1962 оны 06 сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай” хүсэлтийг  шүүхэд гаргажээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ө.Эрдэнэчимэг нь “нас тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байна.

            Хүсэлт гаргагч Ө.Эрдэнэчимэг нь 1962 оны 06 сарын 06-ны өдөр төрсөн болохыг нотолсон баримт Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулж авсан боловч иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаар нь төрсөн оноос зөрүүтэй болох нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 0016/000798/2186 тоот лавлагаагаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг шүүхийн журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан дараахь бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 сарын 08-ны өдрийн 0016/000707/1861 тоот “1962 оны 06 сарын 06-ны өдөр төрсөн Цэнд-Аюушийн Эрдэнэчимэгийн төрсний бүртгэл”-ийн лавлагаа, /хх-ийн 05/

            -Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн 0016/000758/2031 тоот “Лхамсүрэнгийн Өлзийбаяр, Цэгмидийн Цэнд-Аюуш нарын гэрлэлтийн бүртгэл”-ийн лавлагаа, /хх-ийн 04/

            -Өлзийбаярын Эрдэнэчимэгийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 06/

-Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 0016/000798/2186 тоот “Харуулчин овогт Өлзийбаярын Эрдэнэчимэгийн регистрийн дугаар”-ын лавлагаа, /хх-ийн 17/

-Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 0016/000799/2117 тоот “Харуулчин овогт Өлзийбаярын Эрдэнэчимэгийн гэрлэлтийн бүртгэл”-ийн лавлагаа, /хх-ийн 18/

-Гэрч Д.Оюунчимэгийн “Ө.Эрдэнэчимэг бид хоёр Хэнтий аймгийн Галшар сумын 8-н жилийн сургуульд 1970 онд 1-р ангид цуг орж байсан. 3-р анги хүртэл хамт нэг ангид сурч байсан. Би 1961 онд төрсөн. 8 настай сургуульд орсон. Ө.Эрдэнэчимэг 1962 онд төрсөн. Надаас 1 дүү байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28/

            -Гэрч Д.Батбаярын “Хэнтий аймгийн Галшар сумын 8-н жилийн дунд сургуульд 1973-1974 оны хичээлийн жилд Буянт сумаас дунд ангид дэвшин суралцахаар хүүхдүүд ирж байсан. Тэр үед Эрдэнэчимэг ирж манай ангид 4-р ангид сурахаар орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 29/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хүсэлт гаргагч Ө.Эрдэнэчимэг нь 1962 оны 06 сарын 06-ны өдөр төрсөн болох нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 сарын 08-ны өдрийн 0016/000707/1861 тоот “1962 оны 06 сарын 06-ны өдөр төрсөн Цэнд-Аюушийн Эрдэнэчимэгийн төрсний бүртгэл”-ийн лавлагаагаар нотлогдож байна.

Энэхүү үйл баримт нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн 0016/000758/2031 тоот “Лхамсүрэнгийн Өлзийбаяр, Цэгмидийн Цэнд-Аюуш нарын гэрлэлтийн бүртгэл”-ийн лавлагаа, гэрч Д.Оюунчимэгийн “Ө.Эрдэнэчимэг бид хоёр Хэнтий аймгийн Галшар сумын 8-н жилийн сургуульд 1970 онд 1-р ангид цуг орж байсан. 3-р анги хүртэл хамт нэг ангид сурч байсан. Би 1961 онд төрсөн. 8 настай сургуульд орсон. Ө.Эрдэнэчимэг 1962 онд төрсөн. Надаас 1 дүү байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Батбаярын “Хэнтий аймгийн Галшар сумын 8-н жилийн дунд сургуульд 1973-1974 оны хичээлийн жилд Буянт сумаас дунд ангид дэвшин суралцахаар хүүхдүүд ирж байсан. Тэр үед Эрдэнэчимэг ирж манай ангид 4-р ангид сурахаар орсон” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Улсын бүртгэлийн хэлтсээс Цэнд-Аюушийн Эрдэнэчимэгийг “1962 оны 06 сарын 06-ны өдөр төрсөн гэж төрсний бүртгэлийн лавлагаагаар төрсөн эхээр нь овоглож ирүүлсэн” боловч Ө.Эрдэнэчимэгийн иргэний үнэмлэх, нөхөж авсан төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичиг баримт нь Өлзийбаярын Эрдэнэчимэг буюу төрсөн эцгээр нь овоглож байгаа нь төрсөн эцэг Л.Өлзийбаяр, төрсөн эх Ц.Цэнд-Аюуш нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ө.Эрдэнэчимэгийн “1962 оны 06 сарын 06-ны өдөр төрсөн болохыг буюу нас тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120-д тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Харуулчин овогт Өлзийбаярын Эрдэнэчимэгийг 1962 оны 06 сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ө.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгосугай.    

          3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

          5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    М.ЭНХМАНДАХ