Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/295

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ...Б-д холбогдох эрүүгийн 21210000000237 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, нөхөр... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байсан, ... овогт ...Б/РД: ...БЩ/

 

Шүүгдэгч ...Б нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нийт 14 удаагийн давтан үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан хохирогч ...Б бяруу зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж нийт 13050.000 төгрөгийг ХААН  банкны .... тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

            Шүүгдэгч ...Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Надад Б-ийг залилах тухай бодол байгаагүй. Би Батмөнхийг аймагт ирэхээр нь байгаа газарт нь очиж уулзсан. Батмөнхөөс зугтаасан зүйл байхгүй бөгөөд түүнд учирсан хохирлыг төлнө...гэв.

 

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 01 дүгээр сараас Дорнод аймгийн нэгдсэн групп гэх нэртэй фейсбүүк групп дээр “бяруу худалдан авна” гэж зар тавьсан. Би өөрөө үхэр үржүүлэх ажил хийхээр шийдээд байсан. ... 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүк чатаар “Namuuna Namuumaa” гэсэн хаягаас чат бичээд “15 ширхэг бяруу зарах гэж байна, яаралтай зармаар байна, та авах уу, авлаа гэвэл хаанаас ирж авах вэ” гэхээр нь би “худалдан авч болно, одоогоор би өөрөө хөдөө явж болохгүй хөл хорионд байна, хөл хорио дуусахаар би өөрөө Дорнодод биеэрээ очоод хараад авна” гэсэн зүйл ярьсан. ... “та Улаанбаатар хотоос ирж чадахгүй байгаа юм байна, би яаралтай бяруу зарах гээд байна, оюутны төлбөр хийх гээд  мөнгөний хэрэг гараад байна” гэж  чатаар мессеж бичсэн. ... би “утасны цаанаас танихгүй хүнд мөнгө өгөх аргагүй байна яах вэ” гэхэд нөгөө Намуун намуунаа гэх хаягаас “тэгвэл та надад итгээд 1500.000 төгрөгийн урьдчилгаа өгчих, би харин үхрийг чинь хадгалаад хэзээ хөл хорио дуусахаар байна, таныг ирэхээр өгье” гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд “та өөрийн холбогдох утасны дугаар, иргэний бичиг баримтаа явуул дээр нь царай царайгаа хараад видео колл хийж яръя гэхэд “тэгье” гээд над руу өөрийнхөө ...Б гэх иргэний үнэмлэх....8... гэсэн дугаар өгөөд видео колл хийж асуудлаа ярьсан... видео колл хийхдээ... манайх хөдөө буюу Дорнод аймгийн Сэргэлэн суманд үхэр, ямаа өсгөдөг, манай нөхөр мал малладаг би оюутан хүүхдүүдтэйгээ аймгийн төвд амьдардаг, ямар нэг асуудал байхгүй итгэж болно оо би худлаа ярьдаг хүн биш, би өөрийнхөө өсгөж байгаа малаас 15 толгой бярууг өгнөө та санаа зовох юм байхгүй” гэж ярьсан. Тэгж ярихаар нь би итгэсэн бөгөөд тэр дор нь би өөрийнхөө ..... гэсэн данснаас 1500.000 төгрөг урьдчилгаа болгоод тэр хүнд өгсөн .... ...Б гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. ... 2 дугаар сарын 23-аас хөл хорио тавих сураг гарч байсан боловч хөл хорио үргэлжлүүлэн сунгахаар шийдвэр гарсан, тэгээд би явж чадахгүй болоод утсаар тэр хүний өгсөн дугаар руу холбогдоод “за ингээд хол хорио сунгасан байна, би очих аргагүй боллоо” гэж хэлэхэд ...Б “та ирж чадахгүй болчихлоо харин дахиад нэг бярууны мөнгө шилжүүлэхгүй юм уу мөнгө хэрэгтэй байна” гэсэн тэгэхээр нь би нэгэнт итгээд мөнгөө өгсөн юм чинь нэг бярууны мөнгө шилжүүлье гэж хэлээд 400.000 төгрөг мөн өөрийн данснаас ...Б .... дугаартай данс руу шилжүүлсэн. ...мөнгө шилжүүлчхээд 4 хоноод явж байтал 02 дугаар 27-ны өдөр ...Бдахиж над руу яриад би хойшоо нутаг руугаа явж байна тэгсэн харин манай тэр хавийн хүмүүс бяруу зарна гээд байна аа 5000.000 төгрөг шилжүүлчихээ би танд бяруу аваад өгье гэсэн зүйл ярьсан. ... ...Б гэгчид одоо надад байгаа мөнгө 4000.000 төгрөг байна аа гээд нөгөө данс руу 4000.000 төгрөг шилжүүлсэн. ...  хэд хоногийн дараа надад хэлэхдээ ... таны мөнгөөр бяруу худалдаад авчихлаа найдвартай өөрийнхөө хамаатнууддаа тавьчихлаа санаа зовох зүйл байхгүй ногоонд цадахаар нь авна гээд хэллээ дулааруулаад авна гээд үлдээсэн гэсэн. ... дахиад 3-4 хоноод мөн дахиж яриад ...Б би хөдөөнөөс ирчихлээ мөнгөөр чинь бяруу авчихсан одоо харин надад мөнгө хэрэгтэй байна чи надад мөнгө өгөөч ээ гэхээр нь 900.000 төгрөг шилжүүлж өгсөн, мөнгө хэрэгтэй байна аа чи ирэхдээ бяруугаар нь авна биз дээ гэсэн зүйл ярьсан. Дахиад 6 хоноод 3 дугаар сарын 06-ны өдөр дахин хоёр бярууны мөнгө өгөөч гэхээр нь би хаашдаа ирж авахаас хойш гээд ...Б хэлсэн 800.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн дахиад 3 дугаар сарын 16-ны өдөр ...Бодоо би хөдөө явж байна тэр нөгөө чиний өгсөн мөнгөөр хүнээс авсан 10 толгой бяруугаа өөрийнхөө хөдөө гэрт авчрах гээд байна чи бензиний мөнгө 100.000 төгрөг өг гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд 100.000 төгрөгийг мөн нөгөө данс болох ...Б данс руу шилжүүлсэн, хэсэг хугацаа өнгөрч байтал 3 дугаар сарын 31-ний өдөр манай хөрш нэг охин бяруу яаралтай зармаар байна мөнгөний хэрэг гараад байна гэнээ чи тэрийг нь авчихгүй юм уу гэхээр нь би бас зөвшөөрөөд 350.000 төгрөгийг ...Б данс руу шилжүүлсэн. 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ...Б над руу дахин залгаад 20 ширхэг төлөг авахгүй юм уу мөнгөний хэрэг яаралтай байна гэхээр нь би хонь авахгүй гэж хэлсэн тэгсэн ...Б тэгвэл чи ядаж 10-ыг нь авчих хэрэв 10 хонь авчихвал энд нэг өвөлжөө 15000.000 төгрөгөөр зарна гэнээ би чамд маш сайн хямдруулаад аваад өгнө харин чи энэ 10 төлгийг ав нэгийг нь 50.000 төгрөгт болно гэсэн зүйл ярьсан, тэгэхээр нь би нэгэнтээ мөнгө төгрөгөө өгсөн юм чинь гайгүй байлгүй гэж бодоод мөн тэр хэлсэн 10 төлгийг нь авсан буюу мөнгийг нь ...Б данс руу шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр манай нэг дотнын найз Чойбалсан хотоос хойшоо 30 км-т байх Гурван булаг гэх газарт үнээний ферм ажиллуулдаг тэр маань надад нэг бяруу зарах гэсэн юм гэнээ би хаашдаа бяруу цуглуулж байгаа юм чинь энийг авчих эдний үхэр их сайн үхэр бий гэхээр нь би авахаар болоод таны найз юм бол авахаас даа гээд мөн 400.000 төгрөгийг нь ...Б данс руу шилжүүлсэн. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 13-ны өглөө өөрийнхөө дугаараас ...Б дахиж залгаад нөгөө найз маань хүүхдийнхээ үсийг авах гээд байна гэнээ тэгээд чамайг дахиад хоёр бяруу авчих гээд байна би тэгээд чамаас санаа зовоод байх юм аа би тэр найзынхаа бичсэн мессежийг скрийншот хийгээд явууллаа гэхээр нь харсан чинь 9._.. гэсэн дугаартай мессеж бичсэн зургаа явуулсан. Тэгэхээр нь би итгээд мөн 800.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд явж байтал ...Б 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр манай хамаатан хоёр бяруу зармаар байна гэнээ би 800.000 төгрөгөөр авч өгөхөөр боллоо хоёр бярууг ер нь бол манай энүүгээр нэг бяруу 500.000-аас 600.000 төгрөгийн үнэтэй байна. ... би нэгэнт дүүрсэн хэрэг гээд 800.000 төгрөгийг мөн нөгөө данс руу шилжүүлсэн. Тэгсэн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ...Б би байшингаа янзалж байгаа юм аа 2000.000 төгрөгийн хэрэг гараад байна чи надад 2000.000 төгрөг зээлдэгсэн үү эсвэл бяруу юм уу том үхэр авдагсан уу ямар ч байсан эгч рүүгээ 2000.000 төгрөг явуул гэсэн. ... би аргагүй эрхэнд мөн 2000.000 төгрөгийг өөрийнх нь данс руу хийж өгсөн. Тэгээд нэлээн хэдэн төгрөг өгсөн болохоор 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр би Улаанбаатар хотоос гараад ер нь юу болж байна очиж уулзъя ядаж царай царайгаа харья нөгөө авсан бяруунуудаа цуглуулж авъя гээд Дорнод аймагт ирсэн. .... ирээд уулзъя гэхэд ...Б ажил явдалтай болчихлоо одоо уулзаж болохооргүй байна гэж ярьсан тэгснээ манай аав 500.000 төгрөг өгөөч гээд байна аа оронд нь нэг бяруу өгье эгч нь ажил явдалтай хэцүү байна аа гэхээр нь 500.000 төгрөгийн би өөрийнхөө данснаас 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймагт ирсэн байхдаа ...Б данс руу шилжүүлж өгсөн. ... уулзъя шилжүүлчихлээ гэхэд эгч нь ажил явдалтай байна гээд байсан тэгээд 7 хоног хүлээсэн, одоо тэгээд цагдаад хандаж байна. Ирсэн өдрөөс хойш л би бяруугаа авъя юу болж байна гэхээр тэнэг хүн хуурч байгаа юм шиг юм ярьдаг. Эхлээд сум аймгийн төв хоорондын зам нээгээгүй байна тэгээд бяруугаа авчирч чадахгүй байна чи хэд хоног хүлээх үү гэсэн тэгэхээр нь би нэгэнтээ ирчихсэн юм чинь тэгье гэсэн тэгээд би дахин дахин яриад асуугаад байсан бөгөөд нэг удаа ...Б 05 дугаар сарын 26-ны өдөр хоёулаа манай хөдөө гэр лүү хамт яваад бярууг чинь авчиръя  гэсэн нөгөө ажил явдал дуусах байх тэгэхээр хоёулаа явъя гэсэн, тэгээд 5 дугаар сарын 26-ны өдөр болоод за явах уу эгч гэхэд онцгой комисс зөвшөөрөхгүй байна бичиг гараагүй байна гэсэн тэгээд явж чадаагүй. ...Б маргааш буюу 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр яг явна гэсэн тэгээд уул нь зөвшөөрсөн бичиг гарсан сүлжээгээр явуулаад л дороо гарчихсан. ... одоо явах уу эгч гэхэд өглөө үүрээр 5 цагт манай хүргэн бярууг чинь ачаад ирье гээд хөдөө явсан. Гурван булаг дээр ирээд авчирна гэсэн зүйл ярьсан, өмнө нь огт тэгж яриагүй хэрнээ зөвшөөрөл гарчихлаа гэнгүүт тэгж ярьсан. Хоёулаа ирэхээр нь зам тосоод очъё гэсэн тэгээд хүлээж байтал үдээс хойш битгий хэл маргааш өдөр нь хүртэл бяруу ирээгүй, тэгээд яах вэ гэхэд ...Б нөгөө бяруу ачсан машин чинь хаана яваа нь мэдэгдэхээ байчихлаа одоо яах вэ миний дүү гэсэн. 2021 оны 5 дугаар сарын 27-ны орой надад ... Г гэх хүний утасны дугаар өгсөн. ...  би тэр хүн рүү нь залгахад утсаа авсан бөгөөд Г гэж хүн мөн үү гэхэд би тэр хүн мөн байна гэсэн тэгээд та хаана явна гэхэд Дашбалбар сумаас үхрийг чинь ачаад гарч байна гэсэн. ... та бичиг энэ тэр байгаа юм уу гээд асуух гэтэл утсаа шууд таслаад бүр салгасан тэгээд сураггүй болсон. Би ...Б гэх хүнд нийт 13050.000 төгрөгөө залилуулчихлаа энэ хүн анхнаасаа худал хэлж надаас мөнгө аваад бултах гэсэн санаа агуулсан гэж би үзэж байна би Дорнод аймагт ирээд үндсэндээ 8 хонолоо мал тээвэр зүгээр явж байна гэтэл миний бярууг өгөөгүй одоо утас руу нь залгахаар ийм ажилтай байна гээд харилцахгүй байна энэ асуудлыг шалган шийдэж өгнө үү. Энэ хүн нь 14 дүгээр цэцэрлэгт багшаар ажилладаг гэж байсан, Би худал хэлдэггүй хүн гэж өөрийгөө хэлж байсан. Тэр хүний талаар өөр мэдэх зүйл үгүй, хөдөө гэр байдаг гэсэн нь хүртэл эргэлзээтэй байна. Би одоо бодохдоо Ковид-19 өвчний тархалтыг ашиглаад Дорнод аймагт намайг ирж чадахгүй гэж тооцоолж энэ хэргийг хийлээ гэж бодож байна” гэжээ. /хх-ийн 12-13 тал/    

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/

- Хохирлын тооцоо /хх-ийн 17 тал/

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19 тал/

- ХААН банкны Депозит дансны хуулга /хх-ийн 21-29 тал/

- Б....Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-52 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ...Б нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нийт 14 удаагийн давтан үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан хохирогч ...Б бяруу зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж нийт 13050.000 төгрөгийг ХААН  банкны ....  тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, ХААН банкны Депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

 

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилж авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь “...зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн......эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх...оршино” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б....Б холбогдсон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “залилах” гэмт хэрэг  нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд болсон үйлдэл ба 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж байгаа боловч шүүгдэгч нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №,,, дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг өршөөн хэрэгсэхгүй болгосон байх тул дахин Өршөөлийн хууль хэрэглэх боломжгүй болно.

 

Иймд шүүгдэгч Б....Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б....Б үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн өмчлөх эрхэд 13050.000 төгрөгийн хохирлыг учруулсан бөгөөд одоог хүртэл хугацаанд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.Б-ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 13050.000 /арван гурван сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүрэг ... тоотод оршин суух Б.Б /..../-д олгох нь зүйтэй байна.   

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б....Б ...Б тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Будсүрэнд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Будсүрэнгээс эд хөрөнгөд учруулсан хохиролд 13050,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 13-р хороо ... тоотод оршин суух .Б /....т олгосугай.

 

         5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б....Б ...Б тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ