Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 103

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Холбоо 4-9 тоотод оршин суух, Боржигин овогт Найдангийн Донойдоогийн хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Донойдоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Хүсэлт гаргагч Н.Донойдоо нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Найдан овогтой Донойдоо 1973 оны 01 дүгээр сарын 1-ээс эхлэн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд мал маллаж ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр гэр шатахад цуг бичиг баримтын хамт шатаж үгүй болсон учир 1973 оны 01 дүгээр сараас 01-нээс 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү” гэжээ.

Н.Донойдоо шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Цалингийн тодорхойлолт дээр тасарсан 3 жил бол цэргийн алба хаасан 3 жил байх” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

         Н.Донойдоо нь Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд 1973 оны 01 дүгээр сараас 1975 оны 12 дугаар сарыг дуустал, 1979 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдал түүний шүүхэд ирүүлсэн Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлээс цалин авч байсан талаарх Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай, 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай  малчдыг шагнаж урамшуулах тухай, тус нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаартай ээлжийн амралт олгох тухай, тус нэгдлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай мал тууварчид томилох тухай тушаалууд, гэрч З.Батжаргалын “...Н.Донойдоо 1973 оноос 1992 он хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж байсан. Би 1975 оноос мал маллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Зоригтын “...Н.Донойдоо Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд 1973-1992 он хүртэл малчин хийж байсан. Би цэргээс ирээд 1973 оноос хамт ажиллаж нэг нутагт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Н.Донойдоо нь “Дархан-Оргил” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан гэх боловч түүний шүүхэд ирүүлсэн цалингийн тодорхойлолтод 1973 оны 01 дүгээр сараас 1975 оны 12 дугаар сарыг дуустал, 1979 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал “Дархан-Оргил” нэгдлээс цалин хөлс авч байсан талаар тэмдэглэжээ. Дээрх 3 жилийн хугацааны ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Гэрчүүд түүнийг тасралтгүй ажиллаж байсан гэх боловч нэхэмжлэгч өөрөө тухайн хугацаанд цэргийн алба хаасан гэж тайлбарлаж байна. Иймд түүнийг 1973 оны 01 дүгээр сараас 1975 оны 12 дугаар сарыг дуустал, 1979 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн “Дархан-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагаас 1976 оны 01 дүгээр сараас 1979 оны 01 дүгээр сарыг хүртэл “Дархан-Оргил” нэгдэлд ажилласан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогтой Найдангийн Донойдоог 1973 оны 01 дүгээр сараас 1975 оны 12 дугаар сарыг дуустал, 1979 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Н.Донойдоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                          Р.БАТБАЯР