| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2017/00097/И |
| Дугаар | 104 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 104
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б миний бие нь 2011 онд Б.Н-тэй танилцан улмаар 2014 оны 03 сарын 31-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 03 сарын 03-ны өдөр хүү Н.Ш төрсөн. Б.Н нь 2014 оноос хамт амьдарч эхлээд намайг уурлах болгондоо үл ярих зүйл шалтаг болгон зодож, элдэвээр загнаж доромжилдог болсон. Ер нь их хурц ширүүн зантай бөгөөд мод, галын дэгээ, тогооны залгуур зэрэг зүйлээр намайг зодож гэмтээдэг байсан. Миний хувьд хүүгээ элэг бүтэн байлгах гэж өнөөдрийг хүртэл хурц ширүүн занг нь тэвчиж амьдарч ирсэн. Одоо хүүхдийнхээ ирээдүй болон өөрийнхөө эрүүл мэнд, амь насыг хамгаалж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Ш-г миний асрамжид үлдээж, эцэг Б.Н-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.Б- нь гэрийн ажил хийдэггүй. Би хувцас угаалгаж үзээгүй. Хоол л хийдэг. Гэрийн ажилд үнэн муу. Бид хоёр ийм зүйл дээрээс болж хэрэлддэг. С.Б миний өөдөөс дайрч доромжилдог. Би хань, хүү хоёртоо маш их хайртай. Би уурлах болгондоо эхнэрээ зодоод байх яахаа алдсан хүн биш. Б.Н миний бие эхнэр С.Б-аас уучлалт гуйж байна. Ахиж ханийгаа гомдоохгүй. Н.Ш хүүтэйгээ сайхан амьдарна. Ханийгаа ахиж зодохгүй. Биднийг эвлэрүүлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний нөхөр болох Б.Н нь надаас уучлалт гуйж, дахин ийм байдал гаргахгүй гэж амлалт өгсөн. Иймээс бидний нэхэмжлэлийг хааж өгнө үү. Бид эвлэрэх хүсэлтэй байна. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ энэ удаад татгалзаж байна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Н-с гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Б нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч С.Б нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул хариуцагч Б.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үндэслэл байхгүй байна. Иймд С.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгний тал хувийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгож, тал хувийг нь төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон
З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч С.Б-нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгний тал хувь болох 35100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ