Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

 

                                 

 

 

                                   

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,  улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Д.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлттэй хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх саналтай, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2136001310178 дугаартай, 178/2020/0123/Э/ индекстэй хэргийг 2021 оны 10 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 сарын 25-ны  өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  ******* аймгийн ******* суманд 1990 оны 09 сарын 23- ны  өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, ард казак, дээд боловсролтой, хүний их эмчийн мэргэжилтэй, ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга ажилтай, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт амьдрах,  аминдаа хөрөнгөгүй, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, урьд ял шийтгэлгүй,  ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн ******* 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт  2021 оны 06 сарын 29-ний өдөр 16-86 ******* улсын дугаартай  Королла маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч бага насны хүүхэд болох 1 нас 8 сар 9 хоногтой Ж.*******г мөргөж түүний биед дагз ясны зүүн хэсгийн хоёрлосон хугарал, духны ясны цууралт, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Зам тээврийн ослын газарт нөхөн  үзлэг хийсэн...Уг осол гарсан гэх газар нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Сансарын дэнж”  гэх газар болсон байх ба осол болсон гэх газрыг холбогдогч Д.*******ээр заалгуулан зам тээврийн ослын нөхөн үзлэгийг хийв. Холбогдогч Д.*******ийн байрлуулсан 16-86 ******* улсын дугаартай Сorolla axio маркийн автомашин ертөнцийн зүгээр хойд талаас урагш чиглэсэн байрлалтай байх ба хохирогч мөргүүлсэн гэх цэгийг А үсгээр тэмдэглэж, баруун хойд зүгт байрлах чулуун хашаа бүхий цэнхэр хаалганы зүүн урд буланг Б үсгээр тэмдэглэж, үл хөдлөх цэгээр авч үзлэгийг хийв. Шороон замын өргөн 2.6 м, авто машины зүүн хойд дугуй  замын ирмэгээс 1.3 м, зүүн дугуй 1.2 м, А цэгээс Б цэг хүртэл 7.6м байв. Уг  зам тээврийн осолд жолооч Д.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2.1-д заасан... харанхуй үед болон үзэгдэлт хязгаартай нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүртэл дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгоно..., 12.3–т заасан...  жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэснийг тус тус зөрчсөн байна... гэх зам тээврийн ослын акт гаргав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 03-08 дугаар хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 сарын 20-ны өдрийн 483 дугаартай .... Ж.*******гийн биед гэмтэл тогтоогдлоо. Ж.*******гийн биед дагзны ясны зүүн хэсгийн хоёрлосон хугарал, духны ясны цууралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Ж.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ж.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ж.*******гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / хэргийн 18-19 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /******* аймгийн ******* сумын Дунд–Ус багт оршин суух, 1981 оны 11 сарын 25-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багшийн мэргэжилтэй, дугаарын регистртэй/ Ители ургийн овогт Нурзатын Бахатханы өгсөн...  2021 оны 06 сарын 29-ний өдрийн 20 цагийн үед манай охин Ж.******* хашааны гадна тоглож байсан. Тухайн үед би гэртээ боорцог хийж байсан. Гадна хүмүүс шуугилдахаар нь харсан чинь манай хүүхэд машинд мөргүүлсэн. Манай нөхөр очиход жолооч нь машинаасаа гарч ирсэн харагдаж байсан.  Намайг очиход манай хүүхдийг сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.******* дайрсан, хүүхэд уйлсан байсан. Би хүүхдээ аваад бид нар  сумын эмнэлэг ороод тайвшруулах тариа хийлгэсэн. Нөхөр бид хоёр хүүхдээ аваад Д.*******ийн машинтай аймгийн төв орж хүүхдэдээ толгой, цээж нуруу, дотор эхо үзлэг хийлгэхэд ямар нэгэн гэмтэл гараагүй. Гэмтлийн эмчид  үзүүлэхэд хоёр хоногийн дараа толгойн томографикийн зураг авахуул гэхээр  зургийг нь  авахуулсан. Тэгтэл гавлын яс цуурсан байна гэхээр нь гэмтлийн эмчид үзүүлэхэд 5 хоногийн эмчилгээ бичиж өгсөн. Манай хүүхэд замын ойролцоо  тоглож байхад нь мөргөсөн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 28-29 дүгээр хуудас /  

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Күмсгүлийн өгсөн... 2021 оны 06 сарын 29- ний орой эгч Д.*******ийн гэрт хүүхдийг нь хараад байж байхад эгч өөрийн 16-86 ******* улсын дугаартай машинтай ажлаасаа ирсэн. Худагнаас ус аваад ирье гэхээр нь хүүхдийг нь  тэврээд  урд талын суудал  дээр суугаад хамт явсан. Худаг руу явж байхад урдаас нар гялбаад урд байгаа зүйл харагдахгүй байсан. Тэгтэл урд хүүхэд байсныг харалгүй манай эгч шүргэж унагаасан. Хүүхдийн аав нь цаанаас ирээд манай эгч машинаас буугаад нөгөө хүүхэд дээр очиход хүүхэд уйлсан байдалтай байсан. Манай эгч хүүхдийг үзээд ээж аавынх нь хамт эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан. Тухайн машин манай эгчийн өөрийнх нь эзэмшлийн машин ... гэх мэдүүлэг / хэргийн 35 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Тогтохын өгсөн... 2021 оны 08 дугаар сарын 19- ний өдөр иргэн Ж.*******г үзэхэд биедээ ил харагдах гэмтэлгүй байсан. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр уншуулсан толгойн томографикийн шинжилгээний хариунд гавлын ясны дагзны зүүн хэсгийн хоёрлосон хугарал , дух ясны цуурал, тархи доргилт гэмтлүүд тогтоогдсон. Уг гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр мөргөгдөх цохигдох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. Иргэн Ж.*******гийн биед үүссэн дагз ясны зүүн хэсгийн хоёрлосон хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин дух ясны цууралт тархи доргилт зэрэг нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”–ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх мэдүүлэг / хэргийн 41 дүгээр хуудас/

Хохирогч Ж.*******гийн нас тооолсон баримт/ хэргийн 57 дугаар хуудас/

Хохирогч Ж.*******гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхийн хуулбар / хэргийн 60-72 дугаар хуудас/

Мөрдөн  шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... 2021 оны 06 сарын 29-ний  өдөр шуурхай штабын жижүүрийн үүрэг гүйцэтгээд гэрийн  тусгаарлалтад байгаа хүмүүст ус хүргэж өгөхөөр орой 20 цагийн үед Сансарын дэнжийн худагнаас ус авахаар өөрийн эзэмшлийн 16-86- *******  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад нар урдаас тусаад юм сайн харагдахгүй байсан. Тухайн үед 10-20 км/цагийн хурдтай явж байсан. Зам дээр байсан хүүхдийг харалгүй машиныхаа зүүн талаараа шүргэж унагаасан. Тэгээд машинаасаа буух  хооронд цаанаас аав нь гүйж ирээд хүүхдээ авсан. Би машинаас буугаад хүүхдийг үзэхэд ил харагдах шарх сорив байхгүй байсан. Хүүхдийг яаралтай эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй гэж бодоод БОЭТ-д авчирч, толгой цээж, үе мөчний рентген зураг авахуулсан.  Дотор эрхтнийг нь  ЭХО-д харуулсан. 4-5 хоногийн дараа нарийвчилсан томографикт харуулахад “хүүхдийг толгойн ясанд цууралт үүссэн байна, хүүхэд учир хурдан бороолно” гэж эмч хэлсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох  В ангиллын үнэмлэхтэй. 2016 онд жолоочийн үнэмлэхээ авч байсан. Хурц нар тусаад урдаа байгаа зүйлийг сайн харж чадахгүй байдлаас болоод зам тээврийн осол гаргаж хүүхдийг мөргөсөн. Тухайн тээврийн хэрэгслийг манай ах хотоос авч өгсөн тул өөрийн нэрээр худалдаж аваад миний нэр дээр шилжигдээгүй байгаа. Тухайн үед манай төрсөн дүү Д.Күмисгүл, манай 2 настай хүү Аллажар нар хамт явсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь  хохирол нэхэмжлээгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид цаашид гарах зардлыг төлөхөд татгалзах зүйл байхгүй ... гэх мэдүүлэг  зэрэг болно.   

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 06 сарын 29-ний орой 20 цагийн үед ******* аймгийн ******* сумын Дунд–Ус багийн  нутаг дэвсгэр “Сансарын дэнж” гэх газар өөрийн эзэмшлийн 16-86 ******* улсын дугаартай шаргал өнгийн Королла маркийн тээврийг хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хашааны гадна тоглож байсан 1 нас 8 сар 9 хоногтой бага насны хүүхэд Ж.*******г мөргөсөн,  ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 сарын 20-ны өдрийн 483 дугаартай дүгнэлтээр  хохирогч Ж.*******гийн биед дагзны ясны зүүн хэсгийн хоёрлосон хугарал, духны ясны цууралт, тархи доргилт гэмтэл учирсан,  хохирогчийн эрүүл  мэндэд учирсан дээрхи  гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ж.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...   гэх  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь  тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын  хүчинтэй  үнэмлэхтэй  болох нь хэргийн 58 дугаар хуудас дахь Д.*******ийн 1087883 дугаартай жолоочийн үнэмлэхний хуулбар баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.2-т заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг  зөрчиж, хашааныхаа дэргэд тоглож байсан  бага насны хохирогч Ж.*******г  мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын акт,  хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Н.Бахатханы мэдүүлэг, гэрч Д.Күмисгүлийн мэдүүлэг, шинжээчийн 483 дугаартай дүгнэлт, шинжээч Д.Тогтохын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******ийн  үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргаса нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.******* нь  тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.2-т заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг  зөрчиж  , хүний эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж  байх тул шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байх тул хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Д.*******ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч Н.Бахатхан нь  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ... гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.  

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 47-р/  тогтоогдож байна

Шүүгдэгч Д.*******ийн хувийн байдлын талаар гэрч Н.*******гийн өгсөн... Манай охин Д.******* нь 1990 оны 09 сарын 23- ны өдөр  миний  гурав дахь хүүхэд болон төрсөн. Ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт ******* аймгийн ******* суманд амьдардаг. Дээд боловсролтой, хүний их эмч мэргэжлээр Говь-Алтай аймгийн АУДС- ийг төгсөж, ******* сумын  Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа. Манай охин Д.******* нь даруу төлөв зантай, өрөвч сэтгэлтэй ... гэх мэдүүлэг, гэрч  Д.Лиясийн өгсөн... Д.******* нь манай төрсөн эгч, ******* аймгийн ******* суманд төрсөн,  ******* аймгийн Цаст–Алтай цогцолбор сургуулийг төгсөж, Говь- Алтай аймгийн АУДС- ийг  хүний их эмч мэргэжлээр  төгссөн.  Манай эгчид 16-86 ******* улсын дугаартай Королла маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Манай эгч архи согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй... гэх мэдүүлэг, ******* аймгийн ******* сумын Цагаан бургас багийн Засаг даргын ... *******гийн ******* нь ам бүл -3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг... гэх тодорхойлолт, ******* ******* овогт *******гийн *******ийн 1087883 дугаартай жолоочийн үнэмлэхний хуулбар, *******гийн ******* нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/293 дугаартай тушаалаар 2021 оны 05 сарын 07-ны өдөр яамны жуух бичгээр шагнагдсан 2346 дугаартай жуух бичгийн хуулбар,  ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016 оны 02 сарын 01- ний өдрийн 08 дугаартай ... Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд томилох тухай тушаалаар Д.*******ийг эрүүл мэндийн төвийн эмчлэгч их эмчээр 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс томилон ажлуулах ... тухай тушаал, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 07-ны өдрийн Б/08 дугаартай ... Хөдөлмөрийн гэрээ байгуулан албан тушаалыг Д.*******д хавсран гүйцэтгүүлэх тухай  тушаал,  2018 оны 01 сарын 05-ны өдрийн Б/12 дугаартай ... Д.*******ийг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаал  ... зэрэг баримтууд хэрэгт  авагдсан байна.     

Шүүгдэгч Д.*******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тухайн гэмт хэрэг нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй байлгасан, шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гэр  хороолол бүхий газар хайхрамж болгоомжгүй явсан зэргээс шалтгаалан үйлдэгджээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-т заасан   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Д.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр  жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох,  зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх,цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч Д.******* нь анх удаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, хохирогчид эмнэлгийг тусламж үйлчилгээг үзүүлсэн,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй  зэрэг байдлуудыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх   дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*******  өөрийгөө өмгөөлж оролцоно гээд : Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчид тухайн үед эмнэлгийн тусламж үйлчилгээг  үзүүлсэн.  Бага насны хүүхэд,  нөхрийн хамт амьдардаг, цаашид хохирогчийн эмчилгээний зардлыг төлөхөд татгалзах зүйл байхгүй.  Улсын яллагчийн дүгнэлт тайлбар, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, миний хувийн  байдал зэргийг харгалзан  үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү  гэх дүгнэлт тайлбар гаргав.

Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Мөн шүүгдэгч Д.******* нь өөрийн эзэмшлийн 16-86 ******* улсын дугаартай Королла маркын тээврийн хэрэгсэлийг жолоодож  сумын төвийн гэр хороолол бүхий  замаар  зорчиж явах үедээ 1 нас 8 сар 9 хоногтой бага насны хүүхдийг өөрийн хайхрамжгүй байдлын улмаас  мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар   болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн  гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.*******ийг  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж,  эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух ******* аймгийн ******* сумаас явахыг нэг жилийн хугацаагаар хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийг хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг тоолсон үеэс тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******ийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг  болгоомжгүйгээр  үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, бага насны хүүхэдтэй,  цаашид гарах хохирогчийн эмчилгээний зардлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь мөрдөн шалгах ажиллагааня явцад гомдол саналгүй талаараа мэдүүлсэн,  хэрэг учрал болох үед хохирогчид эмнэлгийн туслалцаа  үзүүлсэн,   улсын яллагч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэргийн 2.3-т зааснаар оногдуулсан  зорчих эрхийг хязгаарлах ял болон тээврийг хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас тус тус чөлөөлөх  дүгнэлт гаргасан зэргийг  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад байж, өөрийн оршин суух ******* аймгийн ******* сумаас  явахыг нэг жилийн хугацаагаар хязгаарлаж,  зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн эрүүгийн хариуцлагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан...  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учрсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын  арга хэмжээ хэрэглэж болно... гэснийг үндэслэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэргийн 2.3-т зааснаар  шүүгдэгч Д.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад байж,өөрийн оршин суух ******* аймгийн ******* сумаас явахыг нэг жилийн хугацаагаар хязгаарлаж,  зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж  шийдвэрлэв.  

 Эрүүгийн 2136001310178 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах  хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, бага насны хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух  ******* аймгийн ******* сумаас  явахыг  нэг жилийн хугацаагаар хязгаарлаж,  зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг тоолсон үеэс тоолсугай.

4.Эрүүгийн 2136001310178 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах  хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа  иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух  ******* аймгийн ******* сумаас  явахыг  нэг жилийн хугацаагаар хязгаарлах,   зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлсүгэй.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******д   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form