Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2017/00090/И |
Дугаар | 105 |
Огноо | 2017-06-29 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч М.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ч.И-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч М.А, хариуцагч Ч.И нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие М.А нь Ч.И-той 2011 онд танилцсан. Хамтран амьдарч байгаад 2012 оны 12 сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 11 сарын 13-ны өдөр охин А.Э, 2014 оны 09 сарын 18-ны өдөр хүү А.Д нар төрсөн, Хүүхдүүд одоо эрүүл, саруул бойжиж байна. Охин А.Э, хүү А.Д нар миний асрамжинд хамт амьдарч байна. Ч.И-той 2012 оноос өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд хэрүүл маргаан огт салахгүйгээр амьдарч байсан. 2016 оны 10 сар хүртэл хамтран амьдарсан. Ч.И нь архи ууж, тамхи татаж, гэртээ ирж хонохгүй, өдөр бүр хэрүүл маргаантай байдаг байсан. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Цаашид дахин хамтран амьдрах боломжгүй. Иймд би Ч.И-с гэрлэлтээ цуцлуулж, охин А.Э, хүү А.Д нарыг миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би М.А-тай 2011 онд танилцаж, гэр бүл болж хамтран амьдарсан. 2012 оны 12 сарын 12-ны өдөр бид гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2 хүүхэдтэй болсон. Бидний дундаас 2012 оны 11 сарын 13-ны өдөр охин А.Э, 2014 оны 09 сарын 18-ны өдөр хүү А.Д төрсөн. Бид 2016 оны 10 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдрах болсон шалтгаан нь хэрүүл маргаантай байдаг байсан. Хүүхдүүд маань энэ хугацаанд аавтайгаа амьдарч байгаа. Хамтран амьдрах хугацаанд би хааяа архи ууж байсан нь үнэн. Цаашид М.А-тай дахин хамтран амьдрах боломжгүй. Охин А.Э, хүү А.Д нарыг эцэг М.А-ын асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дахин оролцоод эвлэрэх боломжгүй” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч М.А-нь хариуцагч Ч.И-с гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ч.И-нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.А-нь хариуцагч Ч.И-той 2011 онд гэр бүл болж, 2012 оны 12 сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулан 2016 оны 10 сарыг хүртэл хамтран амьдарч байсан нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 03/
Зохигчид нь хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 11 сарын 13-ны өдөр охин А.Э, 2014 оны 09 сарын 18-ны өдөр хүү А.Д нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 04-05, 07-08/
Нэхэмжлэгч М.А, хариуцагч Ч.И нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, хэрүүл маргаантай байдаг, гэрлэгчид нь 2016 оны 10 сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байна.
Зохигчид нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, гэрлэгчдийн хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, 2016 оны 10 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй, зохигчдын санал зэргийг харгалзан шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэрлэгчид нь охин А.Э, хүү А.Д нарыг эцэг М.А-ын асрамжид үлдээх талаар тохиролцсон нөхцөл байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлт зэргийг харгалзан үзээд охин А.Э, хүү А.Д нарыг эцэг М.А-ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.А-нь охин А.Э, хүү А.Д нартай нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч М.А, хариуцагч Ч.И нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч М.А-ын хариуцагч Ч.И-с гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.А-ын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч Ч.И-с улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн
82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 132 дугаар зүйлийн
132.4-т тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.А, хариуцагч Ч.И нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 11 сарын 13-ны өдөр төрсөн охин А.Э, 2014 оны 09 сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Д нарыг эцэг М.А-ын асрамжид үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч М.А-нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяад даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Ч.И-с улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгосугай.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
8. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ