Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 146/ШШ2017/00120

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1957 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, Булган аймаг, Рашаант сум, 4 дүгээр баг, Аргалхайрхан гэх газар оршин суух, ЙЕ57042318 дугаарын регистртэй, Шагж овгийн Дамбаравжаагийн Батхүү

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батхүү нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Дамбаравжаа овогтой Батхүү миний бие 1957 онд төрсөн. 1973-1991 он хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд суманд мал малласан. 1991-2017 он хүртэл Булган аймгийн Рашаант суманд мал малласаар амьдарч байна. Энэ хугацаанд төл малаа хорогдолгүй бүрэн бүтэн өсгөж удаа дараа сумын сайн малчнаар шалгарч байсан юм. 1975-1978 онд Эрдэнэт хотын 0111-р ангид цэргийн алба хаасан юм. Одоо 61 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, тамга тэмдгийн зөрчилтэй тул дээрх хугацааны ажилласан жилийг хуульд заасны дагуу тогоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Удвал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Батхүү нь 1957 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. 1973-1975 оны хооронд Бүрд сумын “Улаантуг” нэгдэлд мал маллаж байгаад 1975-1978 он хүртэл Эрдэнэтийн 0111 ангид цэргийн алба хаасан. 1978 онд цэргээс халагдаж ирээд Бүрд суманд малчнаар 1991 дуустал ажиллаж байгаад өмч хувьчлалаар Булган аймгийн Рашаант суманд ирж мал маллаж байгаа. Шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Үүнээс 1984 оны баримт байхгүй учраас энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос татгалзаж бусад жилүүдэд нь нэгдэлд мал маллаж байсныг нь тогтоож өгнө үү. Мөн нийгмийн даатгалын тасгаас цэргийн алба хаасан жилийг нь ажиллаж байсан байдалд нь шууд тооцдог гэсэн. Тийм учраас цэргийн алба хааж байсан хугацааг нь шүүхээр тогтоолгохгүй...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батхүү нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Батхүү нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1978 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №51 дугаартай архивын лавлагаа, Бүрд сумын Улаан туг нэгдлээс 1985 оны 07 дугаар сарын 01-нээс хойш мал хорогдуулаагүй буюу болзолд шалгарсан малчдын шагналын хуулбар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаантуг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №2 дугаартай тогтоол, 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Тооллогын комиссын анхдугаар хурлын №1 дугаартай тогтоол, Д.Батхүүд 1981 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаантуг” нэгдлийн Д.Батхүүд олгосон №124 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Равдандорж, Б.Чимэддулам нарын мэдүүлэг, 1975 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болох нь 1975 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №305110 дугаартай цэргийн батлах зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Шагж овгийн Дамбаравжаагийн Батхүүг Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1978 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Шагж овгийн Дамбаравжаагийн Батхүүг Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1978 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Батхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА