Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2017/00129

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Мойлт 7-16 тоотод оршин суух, Должингийн Хоролсүрэнд холбогдох 606.535 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, “Занданшоориса” ХХКомпанийн нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Занданшоориса” ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Хоролсүрэн нь өөрийн охин Мягмарсүрэнтэйгээ хамтарч сумын нэгдсэн эмнэлгийн цайны газар ажилуулж байгаа болно.

“Занданшоориса” ХХК-ний “Арвижих-2” хүнсний дэлгүүрээс зээлээр бараа материал авах гэрээ хийж нийт 840.750 төгрөгийн худалдан авалт хийгээд 2016 оны 12 дугаар сарын 27-нд 500.000 төгрөг тушаасан үлдсэн 340.750 төгрөгийг тушаахгүй удаж байна. Иймд нэмэлт гэрээний дагуу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 78 хоногийн алданги болох 265.785 төгрөг, авсан барааны үлдэгдэл 340.750 төгрөг нийт 606.535 төгрөгийг иргэн Д.Хоролсүрэнгээс гаргуулж өгнө үү...” гэжээ.

Зохигчид 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан эвлэрэлдээ:

“...Должин овогтой Хоролсүрэн би 2017 оны 05 дугаар сарын 01-ний дотор 500.000 төгрөгийг төлж барагдуулна...” гэжээ.

“...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал миний бие үндсэн төлөх дүн болох 606.530 төгрөгөөс 500.000 төгрөг болгож төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 05 дугаар сарын 01-ны дотор төлөхийг зөвшөөрөв. Иймд бидний эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Занданшоориса” ХХКомпани нь хариуцагч Д.Хоролсүрэнгээс  606.535 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Д.Хоролсүрэн нь 500.000 төгрөг төлөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Занданшоориса” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлага 606.535 төгрөг /зургаан зуун зургаан мянга таван зуун гучин таван төгрөг/-нөөс хариуцагч Д.Хоролсүрэн нь 500.000 төгрөг /таван зуун мянган төгрөг/-ийг төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18.846 төгрөгийн 50 хувь буюу 9.423 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 7.825 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, хариуцагч Д.Хоролсүрэнгээс 7.825 төгрөгийг тус тус гаргуулж нийт 15.650 төгрөгийг нэхэмжлэгч “Занданшоориса” ХХКомпанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА