Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 146/ШШ2017/00134

 

Зохигчийн эвлэрэлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, Гуа 14-18 тоотод оршин суух, Пүрэвдоржийн Нарангэрэл,

Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, Гуа 14-18 тоотод оршин суух, Батсүхийн Лхагвадорж нарт холбогдох 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, Гуа 19-11 тоотод оршин суух Дадарын Түвдэнгийн нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангарав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...П.Нарангэрэл нь 2012 оны 08 дугаар сард 4.000.000 төгрөг бэлнээр зээлж аваад үүнээс 2014 онд 1.400.000 төгрөг, 2015 онд унагатай гүү 900.000 төгрөгөнд нь тохирч өгсөн. Үлдэгдэл 1.700.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байгаа бөгөөд миний бие Д.Нарангэрэлээс 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч П.Нарангэрэл 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Пүрэвдорж овогтой Нарангэрэл миний бие Д.Түвдэн гэдэг хүнд 2012 онд машин зарж уг наймааг 8-н сарын сүүлээр хийгээд 4.000.000 төгрөг авсан. 7 хоногийн дараа буцаая гэж яриад машиныг эвдэлсэн байдалтай айлын хашаанд орхисон байсан. Манайх хотод байсан болохоор буцсан машинаа авхуулах гэтэл эвдэрсэн Түвдэн, Цэвэлмаа 2 хүнээр унуулж явсан гэдгээ хэлсэн. Тэр машин айлын хашаанд жил гаран байсан унаж ашиглахааргүй болгож хүн хохироолоо. 2012 оны 10-н сард 2.400.000 төгрөг, 2013 оны 3-н сард 500.000 төгрөг, 2014 оны намар унагатай, даагатай гүү 1.000.000 төгрөгөнд үнэлж өгсөн унага нь үхсэн гэж хэлсэн. Нийт 3.900.000 төгрөг өгсөн. Наймаа хийсэн Цэвэлмаа нь 2 ишигтэй ямаа өгөөрэй л гэж байсан. 2012 онд наймаа буцахад манайх машины ирж очих зардал, эвдэрсэн эвдэрлээ гаргуулъя гэхэд 500.000 төгрөгийг суутгаад 3.500.000 төгрөг өг гэж байсан. Манайх төлбөрөө гүйцэт хийсэн...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нарангарав 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “...2012 оны 8-р сард 4.000.000 төгрөг бэлэн аваад хуучин амбаартай цагаан өнгөтэй “амжиргаа” гэх машин авчирч өгөөд гарсан мөнгөө бэлэн авсан. Дөнгөж гарангуут нь хотоос хүмүүс ирсэн тэгээд тэр хүмүүст үзүүлсэн гэтэл араандаа орохгүй, хаалга нь дутуу хаагддаг 2007 оноос хойш үзлэгт ороогүй ийм л машин байсан. Манай хашаанд 1 цагт ч болж амжаагүй тэр дор нь хойноос нь аваад очсон гэтэл тэд нар мөнгө хотруу явуулсан гээд өгөөгүй. Гэтэл 2012 оны хавар Нарангэрэлийн бие нь өвдөөд мөнгө хэрэг болоод гээд 100.000 төгрөг зээлсэн түүндээ 2 ишигтэй ямаа өгнө гэсэн одоо хэрнээ өгөөгүй байна. 2013 оны хавар нь Нарангэрэлийн хүргэн ах Түмээ нь 500.000 төгрөг авчирч өгсөн. Түүний дараахан Нарангэрэл өөрөө 400.000 төгрөг авчирч өгсөн. 2015 оны 11 сард унагатай гүү 900.000 төгрөгөнд авчирч өгсөн одоо онд мэнд ороод байж байгаа. Тэгээд 2013-2014 он хүртэл  бага багаар арай хийж 2.300.000 төгрөг өгсөн санаатай. Одоо 1.700.000 төгрөг авна түүн дээр зээлсэн 100.000 төгрөг нийлээд 1.800.000 төгрөг авна. Өөрсдөө юу ч байхгүй 1.500.000 төгрөг өгье гээд гуйгаад байсан. Би 2016 оны намар 11 сард та нар үнэхээр байхгүй юм бол одоо яахав гээд уучлаад 500.000 төгрөг 1 идэшний адуу өгчих тэгээд болъё гэж зөндөө гуйсан өөрсдөө тоогоогүй шүүхээрээ олж ид гээд байсан. Мэдэхгүй настай хүнийг ашиглаж мөнгийг нь залилсан гэж үзээд гомдолтой байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нарангарав 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Түвдэн овогтой Нарангарав миний бие Батсүх овогтой Лхагвадоржоос 1.500.000 төгрөг авах учраас Пүрэвдорж овогтой Нарангэрэлийн нөхөр Б.Лхагвадоржийг иргэний шүүхэд хамтран хариуцагчаар татах хүсэлтэй байна...” гэжээ.

Хариуцагч Б.Лхагвадорж 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Батсүх овогтой Лхагвадорж нь 2012 оны 08 сард Д.Түвдэн гэдэг хүнтэй автомашины наймаа хийж 4.000.000 төгрөг авсан. Удалгүй наймаа буцаж 10 сард Д.Түвдэн гуайн эхнэр болох Цэвэлмаа гуайд тухайн оны 10 сард утсаар ярьж байгаад 2.400.000 төгрөг шилжүүлж авсаны дараа оны 3 сард 500.000 төгрөг. Миний баз болох Түмэнжаргалаар дамжуулж өгсөн. 2015 оны 10 сард унагатай гүүг 900.000 төгрөгөнд бодож өгсөн. Нийт  3.800.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл болох 200.000 төгрөгийг өгнө. /жич наймаа буцахад зардал болон машин эвдсэн 500.000 төгрөгийг суутгана гэж тохиролцсон боловч би суутгаагүй. Суутгавал Д.Түвдэн гуайгаас 300.000 төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй юм...” гэжээ.

Зохигчид 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан эвлэрэлдээ:

“...Хариуцагч Батсүх овогтой Лхагвадорж миний бие нэхэмжлэгч Нарангаравын нэхэмжилсэн 1.500.000 өгөхгүйгээр намар 11 сарын 15-нд идэшний адуу өгөхөөр мөн 6 сарын 1-ний дотор 150.000 төгрөг өгөхөөр тохиролцов...” гэжээ.

“...Түвдэн овогтой Нарангарав миний бие хариуцагч талын гаргасан 11 сарын 15-нд идэшний залуу адуу, 6 сарын 01-ний дотор 150.000  төгрөг өгөхийг нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нарангарав нь хариуцагч П.Нарангэрэл, Б.Лхагвадорж нараас 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч П.Нарангэрэл, Б.Лхагвадорж нар нь 2017 оны 11 дүгээр сарын 15-нд идэшний адуу өгөхөөр мөн 06 дугаар сарын 01-ний дотор 150.000 төгрөг өгөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Түвдэнгийн нэхэмжлэлийн шаардлага 1.500.000 төгрөг /нэг сая таван зуун мянган төгрөг/-нөөс хариуцагч П.Нарангэрэл, Б.Лхагвадорж нар нь 2017 оны 11 дүгээр сарын 15-нд идэшний адуу өгөхөөр мөн 06 дугаар сарын 01-ний дотор 150.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38.950 төгрөгийн 50 хувь буюу 19.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 19.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, хариуцагч П.Нарангэрэл, Б.Лхагвадорж нараас 19.475 төгрөгийг тус тус гаргуулж нийт 38.950 төгрөгийг нэхэмжлэгч Д.Түвдэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                  Ц.ДАГИЙМАА