Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/998

 

 

 

 

 

 

 

 

   2021        09          15                                   2021/ШЦТ/998

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

          улсын яллагч Ц.Ганцэцэг,

          шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг /ҮД: 15-54/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан гэмт хэрэгт Б овогт О-ийн Б-д холбогдуулан  200 600 000 2530 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эгч, эгчийн нөхөр, дүүгийн нарын хамт, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Эрдэнэтолгой 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б овогт О-ийн Б /РД: 0000000/,

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

          ******* нь Б.Т-тай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны 00-000 тоотод оршин суух иргэн Б.Оийн байшин руу хууль бусаар нэвтэрч, нийт 290.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, гинж, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт,

 

            Мөн Б.Т-тай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны 00-000 тоотод оршин суух иргэн Б.Оийн байшин руу хууль бусаар нэвтэрч, улмаар 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий Канон загварын камерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Писи тоглоомд донтсоноос болоод хулгай хийсэн. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр найз Тулгатай хамт манай хажуу айл руу орох санааг гаргасан. Тэр айл руу орж ээмэг, бөгж, зүүлтийг хулгайлаад “Нарантуул “зах дээр аваачиж 40.000-60.000 төгрөгөөр зарсан. Тэгээд зарсан мөнгөөрөө 00 дугаар хороололд байрлах Писи тоглоомын газар очиж хоногоор тоглосон. Тэр үйл явдлаас хойш 7 хоногийн дараа дахин тэр айл руу ороод зургийн аппаратыг нь авсан. Түүнийг зарах гэхэд ажиллахгүй байна гэсэн тул хаясан гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 18-р тал/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-23, 65-69 дугаар тал/,

 

“Тод үнэлгээ” ХХК-ийн “Канон” маркийн камерыг 100.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 37 дугаар тал/,

 

*******гийн нас тоолсон тухай тэмдэглэл /1-р хх-ийн 55, 91 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Оийн өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би 07 цагт гэрээс гараад “school police”-оос 09 цагт ирээд буцаад 10 цагт гараад ажил руугаа явсан. Намайг гэрээс гарахад манай хүү нөхөр хоёр үлдсэн. Манай нөхөр 13 цагт гэрээс гарч хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд буцаж ирээд байж байгаад 14 цагийн үед гарч яваад бид хоёр чулуун овоо гэх газар уулзаад би машинаа нөхөртөө өгөөд манай нөхөр улиастайд манай ээжийнд очоод би нисдэг машин явсан тэндээс 100 айл ороод юм аваад явж байсан чинь 17 цагт манай охин М над руу залгаад уйлаад манай гэрт хулгай орсон байна гэсэн. Би тэгээд юманд битгий хүрээрэй гээд цагдаа дуудсан. ...Манай гэрээс canon гэсэн бичигтэй цэнхэр өнгийн камераа алдагдсан. 2014 онд АНУ-аас хүнээс 120 доллароор захиулж авч байсан. Одоо 120,000 төгрөгөөр үнэлж байна.

 

...2018 оны 11 дүгээр сарын 07-нд би гэртээ хоёр хүүхдийн хамт ирээд гэртээ орсон чинь манай гэрт хулгай ороод  эд зүйлийг бусниулж замбараагүй болгосон байдалтай байсан. ...ээмэг бөгжний хайрцгаас 3 ширхэг мөнгөн ээмэг, 3 ширхэг мөнгөн гинж, мөнгөн бөгж хоёр ширхэг алга болсон байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26, 75 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар *******-гийн өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз Б.Т-ын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаа байшинд хууль бусаар нэвтрэн орж өөрөөр хэлбэр хашааны ар талаар давж ороод амбаарын хажуу тал налуулж тавьсан модыг холдуулж Б.Т-ын хамт байшинд орж мөнгөн ээмэг, бөгж, гинж /зүүлт/ зэргийг авч гарсан. Тус айлаас авсан мөнгөн эдлэлүүдийг “Нарантуул” зах дээр Б.Т-ынхамт эртний эдлэл авдаг газарт аваачиж 30.000-40.000 төгрөгөөр зарсан. Б.Т-ынхамт 16 дугаар хороололд PC тоглоомын газар тоглож мөнгөө үрсэн. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байхаа яг бол өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Анх орсон өдрөөсөө долоо хоногийн дараа бас Б.Т-тай хамт нөгөө айлдаа буюу хашааны хаалга дээрээ “зарна” гэсэн бичигтэй, хуучин дэлгүүрийн хаягтай хашаа байшинтай айлын хойд талаар нь хашаа давж дотогш ороод өмнө шигээ амбаарын модыг холдуулж байшинд ороод зургийн аппарат аваад гарсан. Тэр аппарат нь канон маркийн аппарат байсан санагдаж байна. аппаратыг Б.Т-ынхамт “Нарантуул” зах дээр очоод зарах гэтэл ажиллахгүй байсан болохоор хаячихсан. ...Би тухайн үед PC тоглоомд донтсон байсан. PC тоглоом тоглохын  тулд хулгай хийсэн. Б.Тбид хоёр ярилцаж байгаад хулгай хийх санааг гаргасан. ...Би өөрийн хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-161 дүгээр тал/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 100, 133-144 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан байдаг.

 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Харин Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжид бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаад нэвтрэн орсныг ойлгоно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

******* нь Б.Т-тай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны 54-764 тоотод оршин суух иргэн Б.Оийн байшин руу хууль бусаар нэвтэрч, нийт 290.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, гинж, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ,

 

Мөн Б.Т-тай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны 54-764 тоотод оршин суух иргэн Б.Оийн байшин руу хууль бусаар нэвтэрч, улмаар 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий Канон загварын камерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн болох нь

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Оийн өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би 07 цагт гэрээс гараад “school police”-оос 09 цагт ирээд буцаад 10 цагт гараад ажил руугаа явсан. Намайг гэрээс гарахад манай хүү нөхөр хоёр үлдсэн. Манай нөхөр 13 цагт гэрээс гарч хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд буцаж ирээд байж байгаад 14 цагийн үед гарч яваад бид хоёр чулуун овоо гэх газар уулзаад би машинаа нөхөртөө өгөөд манай нөхөр улиастайд манай ээжийнд очоод би нисдэг машин явсан тэндээс 100 айл ороод юм аваад явж байсан чинь 17 цагт манай охин Мишээл над руу залгаад уйлаад манай гэрт хулгай орсон байна гэсэн. Би тэгээд юманд битгий хүрээрэй гээд цагдаа дуудсан. ...Манай гэрээс canon гэсэн бичигтэй цэнхэр өнгийн камераа алдагдсан. 2014 онд АНУ-аас хүнээс 120 доллароор захиулж авч байсан. Одоо 120,000 төгрөгөөр үнэлж байна.

 

...2018 оны 11 дүгээр сарын 07-нд би гэртээ хоёр хүүхдийн хамт ирээд гэртээ орсон чинь манай гэрт хулгай ороод  эд зүйлийг бусниулж замбараагүй болгосон байдалтай байсан. ...ээмэг бөгжний хайрцгаас 3 ширхэг мөнгөн ээмэг, 3 ширхэг мөнгөн гинж, мөнгөн бөгж хоёр ширхэг алга болсон байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26, 75 дугаар тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 18-р тал/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-23, 65-69 дугаар тал/,

 

 “Тод үнэлгээ” ХХК-ийн “Канон” маркийн камерыг 100.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 37 дугаар тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар *******-гийн өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз Б.Т-н хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаа байшинд хууль бусаар нэвтрэн орж өөрөөр хэлбэр хашааны ар талаар давж ороод амбаарын хажуу тал налуулж тавьсан модыг холдуулж Б.Т-ынхамт байшинд орж мөнгөн ээмэг, бөгж, гинж /зүүлт/ зэргийг авч гарсан. Тус айлаас авсан мөнгөн эдлэлүүдийг “Нарантуул” зах дээр Б.Т-ын хамт эртний эдлэл авдаг газарт аваачиж 30.000-40.000 төгрөгөөр зарсан. Б.Т-ын хамт 16 дугаар хороололд PC тоглоомын газар тоглож мөнгөө үрсэн. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байхаа яг бол өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Анх орсон өдрөөсөө долоо хоногийн дараа бас Б.Т-тай хамт нөгөө айлдаа буюу хашааны хаалга дээрээ “зарна” гэсэн бичигтэй, хуучин дэлгүүрийн хаягтай хашаа байшинтай айлын хойд талаар нь хашаа давж дотогш ороод өмнө шигээ амбаарын модыг холдуулж байшинд ороод зургийн аппарат аваад гарсан. Тэр аппарат нь канон маркийн аппарат байсан санагдаж байна. аппаратыг Б.Т-ын хамт “Нарантуул” зах дээр очоод зарах гэтэл ажиллахгүй байсан болохоор хаячихсан. ...Би тухайн үед PC тоглоомд донтсон байсан. PC тоглоом тоглохын  тулд хулгай хийсэн. Б.Т бид хоёр ярилцаж байгаад хулгай хийх санааг гаргасан. ...Би өөрийн хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-161 дүгээр тал/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

*******-гийн үйлдсэн буюу Б.Т-тай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 07, мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд буюу хоёр удаагийн үйлдлээр иргэн Б.О-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүдийг тухайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Иймд *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* тэй бүлэглэн хулгай гэмт хэрэг үйлдсэн Б.Т-ын хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2006000002530 прокурорын тогтоолоор тусгаарласан ба Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0000- дугаартай шийтгэх тогтоолоор Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 1-9 дүгээр тал, 171-250 дугаар тал/

 

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах боломжтой байсан бөгөөд тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан зэргээс үзэхэд энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн. Мөн энэ талаарх баримт хэрэгт авагдсан байх тул түүнийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /2-рхх-н 58-59-р тал/

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг хуульчилж өгсөн байдаг.

 

Шүүгдэгч ******* нь Б.Т-тай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б.О-ийн байшин руу хууль бусаар нэвтэрч, нийт 290.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, гинж, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ 16 нас 6 сар 30 хоногтой /1-р хх-ийн 91 дүгээр тал/,

 

Мөн Б.Т-тай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Оийн байшин руу хууль бусаар нэвтэрч, улмаар 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий Канон загварын камерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ 16 нас 5 сар 29 хоногтой /1-р хх-ийн 91 дүгээр тал/ байжээ.

 

Шүүгдэгч ******* нь дээх гэмт хэргүүдийг үйлдэхдээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй буюу 16 настай байсан бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд энэ бүлэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т ...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана гэж,

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл Үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т ...Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/-д... заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүхээс *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж, шүүгдэгчид аль ашигтай нөхцөл байдлыг тал бүрээс нь хангаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ялыг оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл Үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар түүнд шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасаж тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн зэрэгцээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд зүй ёсоор нийцнэ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч *******-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 174/я дугаар захирамжаар мөн өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 174/1 дүгээр захирамжаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 1 дүгээр хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна. /2-р хх-ийн 60, 71-76 дугаар тал/,

 

******* нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 40 хоног цагдан хоригджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар *******-гийн цагдан хоригдсон 40 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Б овогт О-ийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  үргэлжилсэн үйлдлээр,  бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар О-ийн Б-г 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Өсвөр насны шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж түүний эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

 

5. 2021 оны 07 дугаар  сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар *******-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаас 2 жилийг хасч түүнд оногдуулсан хорих ялыг ял эдэлсэнд тооцож нэн даруй сулласугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар *******  энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд *******-д урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

10 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.АЛТАНЦЭЦЭГ