Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0518

 

 

                        

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга Д.Б

Нэхэмжлэгч “С” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 507 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2023/0264/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/05 дугаар дүгнэлт болон түүнд үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 507 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/05 дугаар дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/152 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших “Гүүтийн амны адаг” нэртэй 48.87 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-17316 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ажилласан.

3.2. Тус ажлын хэсгээс гарсан дүгнэлтийн дагуу нэхэмжлэгчийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2022/05 дугаар бүхий дүгнэлт гарсан байна.

3.3. Тус дүгнэлтийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/6227 дугаар албан бичгээр холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар манай газарт ирүүлсэн.

3.4. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан байна.

3.5. Үүний дагуу дүгнэлтийг үндэслэн манай газраас 72 дугаар шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй болно.

3.6. Иймд шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

2. Хэргийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянаад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/05 дугаар дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн МҮ-017316 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

 

4. Аливаа эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргахын өмнө бодит нөхцөл байдалд тулгуурлан холбогдох шийдвэрийг гаргах учиртай.

4.1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрлийг цуцлахад тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь “байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа”, “байгаль орчныг нөхөн сэргээх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй”, эсхүл “байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” гэдгийг эрх бүхий этгээдээс тогтоосон байхыг шаардаж байна.

4.2. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсэг нь дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгаль орчинд нөлөөлөх ямар хортой нөлөөлөл үзүүлсэн, ямар зөрчил гаргасан эсхүл нөхөн сэргээх үүргээ хэзээ, хэрхэн биелүүлээгүй болохыг шалгаж тогтоогоогүй мөртлөө маргаан бүхий дүгнэлт гаргах болсон үндэслэлдээ “... хэвлэл мэдээлэлд гарч буй Ч.Батзориг захиралтай “З” ХХК нь “С” ХХК-ийн эзэмшил МҮ-017316 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байна, ... тухайн талбайд Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг ажиллаж усан бууг лацадсан байна, ... голын усанд шүүрүүлээгүй ус алдсан нөхцөл байдал газар дээр байхгүй, ... тусгай зөвшөөрөл эзэмшигч 2022 оны уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, харин хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулсан байна” гэж дурдаж, түүнд үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

 

4.2.1. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/05 дугаар дүгнэлт болон түүний үндэслэлд дурдсан үндэслэлээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 72 дугаар шийдвэрийг гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй буюу бодит байдалд нийцээгүй, хууль бус актууд бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

 

5. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д “байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарах”-аар, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”-аар заасан ерөнхий зохицуулалт нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд дүгнэлтэд дурдсан үндэслэл нь “бодит нөхцөл байдалд тохирсон” байна гэж үзэхгүй.

 

6. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь “ ...ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” үүрэгтэй, үүний дагуу уг хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа уг шийдвэрийн үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй, иймээс хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “.. Байгаль орчин, аялал жуулчлалын яамын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2022/05 дугаар дүгнэлтийг ... сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/6227 дугаар албан бичгийг хүлээн авч холбогдох арга хэмжээ авсан, ... үүний дагуу дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн утгатай энэ магадлалын Тодорхойлох хэсгийн 3.3-3.5-д заасан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

7. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

            ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

           

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН