Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,          

Улсын яллагч Т.Оргил-Очир,

Шүүгдэгч Ү.Төгөлдөр, Э.Баттуяа, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бадраа,

Шүүгдэгч Э.Батцэнгүүн, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотод овогт Үнэнбатын Төгөлдөр, Рааш овогт Энхтуяагийн Баттуяа, Халтар овогт Энхтуяагийн Батцэнгүүн нарт холбогдох эрүүгийн 201501000095 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Хотод овогт Үнэнбатын Төгөлдөр, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шихихутаг дээд сургуулийн эрх зүйн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 45-07 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ПЭ88102613,

2. Рааш овогт Энхтуяагийн Баттуяа, 1990 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын үндэсний олон нийтийн телевизэд сэтгүүлч ажилтай гэх, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булан багийн 5-3-54 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФА90110550,

3. Халтар овогт Энхтуяагийн Батцэнгүүн, 1990 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, ах, эмээ, өвөө нарын хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 4-06 тоотод оршин суудаг,

2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар УУ90070911,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/;

1. Шүүгдэгч Ү.Төгөлдөр нь 2015 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт Э.Баттуяагийн жолоодон явсан 35-20 УБП улсын дугаартай автомашин дотроос 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9  тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabionol/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Э.Баттуяатай бүлэглэн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 45 дугаар байрны 07 тоотод байх гэртээ хадгалсан,

-Улмаар дээрхи мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Э.Баттуяа, Э.Батцэнгүүн нартай бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын хойд талд байх авто зогсоолд 35-20 УБП улсын дугаартай авто машинд хадгалсан;

2. Шүүгдэгч Э.Баттуяа нь 2015 оны 8 дугаар сарын  16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт өөрийн жолоодон явсан 35-20 УБП улсын дугаартай автомашин дотроос 1971 оны 02 дугаар сарын 21-ны өдөр батлагдсан’ “Сэтгэцэд нөлөөлөх бодисын’’ тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9  тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabionol/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Ү.Төгөлдөртэй бүлэглэн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Э.Батцэнгүүн, Ү.Төгөлдөр нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын хойд талд байх авто зогсоолд 35-20 УБП улсын дугаартай автомашин дотор хадгалсан;

3. Шүүгдэгч Э.Батцэнгүүн нь Э.Баттуяа, Ү.Төгөлдөр нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын хойд талд байх авто зогсоолд 35-20 УБП улсын дугаартай автомашин дотор 1971 оны 02 дугаар сарын 21-ны өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын’’ тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9  тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabionol/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Ү.Төгөлдөртэй бүлэглэн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Шүүгдэгч Ү.Төгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баттуяа над руу утсаар яриад би таксинд явж байна одоо харих гэж байна. Гарч тамхилах уу гэж надаас асуусан. Би тэгэхээр тэгье гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Баттуяа машинтайгаа ирсэн. Баттуяа надад сая машин дотор хүмүүс ийм зүйл үлдээсэн байна гээд тамхины хайрцаг дотор 2-3 ширхэг тамхи, жоохон өвс үзүүлсэн. Баттуяа бид хоёр сонирхоод тэр өвсийг интернэтээс яаж хэрэглэх талаар хайж үзсэн. Тэгтэл манай эхнэр залгаад хүүхэд уйлаад байна гэхээр нь би гэр рүүгээ буцаж орсон. Гэрт орохдоо “бонго” гэдэг савыг угсарч өвснөөс жоохон авч орсон. Тэгээд гэрийн “00” өрөөнд дээрх өвсийг хэрэглэж үзэхэд хоолой хорсоод байхаар нь тагтан дээр хаясан. Яагаад гэвэл би 2 жоохон хүүхэдтэй болохоор хүүхэд хогийн саванд хаявал ухаад авчих байх гэж бодоод тагтан дээр хаясан. Маргааш өглөө нь би модны 2-ын тэнд байрлах “Намуун” гэдэг эмнэлэг дээр очиж найзыгаа эргэх байсан. Миний машины дугаар явахгүй учраас Батцэнгүүн рүү залгасан боловч утас нь болохгүй байсан. Би тэгэхээр нь Баттуяа руу утсаар залгатал хүрээд ирье гэж хэлсэн. Тэгтэл Батцэнгүүн, Баттуяа хоёр манайд ирсэн. Би эмнэлгийн гадаа дээрх хоёртой өвс хэрэглэсэн зүйл огт байхгүй. Тэгээд найзыгаа бид гурав эргэчихээд Тэнгис кино театрын ар талын машины зогсоол дээр машинтайгаа зогсож байтал цагдаа нар ирж барьж авсан. Бид гурав машин дотор өвс хадгалсан зүйл огт байхгүй. Хавтаст хэрэгт бид нараас гарч ирсэн 0.0239 гр өвс хадгалсан талаар огт мэдэхгүй. Би гэртээ хэрэглэсэн асуудлыг хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Гэрээс гарсан зүйл бол би цаашид хэрэглэхгүй гэж үнсний саванд хаясан зүйл байсан. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Э.Баттуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэг зүйл хэлэхэд бөөгийн гаанс гэдэг зүйл Батцэнгүүний машинд байсан. Тухайн үед би тэр гаансыг гэр рүүгээ авч ороод өвс хэрэглэж үзэх гэсэн боловч болохгүй байсан болохоор нь би буцааж машинд нь оруулж тавьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй...” гэв.

 

Шүүгдэгч Э.Батцэнгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг гардгаас өмнө Баттуяа манай гэрт ирээд миний машиныг авч явсан. Тэр өдөртөө ирээгүй маргааш өдөр нь ирсэн. Тэгээд Төгөлдөр утсаар залгаад хүн эмнэлэгт эргэх гэсэн юм яваад өгөөч гэхээр нь Баттуяа, Төгөлдөр нартай хамт явсан. Эмнэлгийн гадаа ирээд Төгөлдөр дотогшоо орсон Баттуяа надад май гэж нэг зүйл өгөхөөр нь би тэр зүйлийг хар тамхи гэж мэдээгүй, сорж үзсэн. Хар тамхи болохоор нь би хаясан. Тэгээд Төгөлдөр эмнэлгээс гарч ирээд Тэнгис кино театрын гадаа машины зогсоол дээрээс цагдаа нарт баригдсан. Би ийм төрлийн гэмт хэрэг үйлдээд урьд нь шийтгүүлж байсан. Энэ гэмт хэрэг ямар хортой байдгийг маш сайн ойлгож байгаа. Намайг хар тамхи хадгалсан гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хар тамхи хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Ү.Төгөлдөр 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баттуяа яриад “гараад ирээч тамхилъя” гэсэн. Гараад иртэл таксинд явж байгаад үүнийг оллоо гээд парламент тамхины хайрцагтай 3 ширхэг тамхи бас үл мэдэх өвс байсан. Энэ өвс юу вэ гэхэд марихуан юм шиг байна. Хоёулаа хэрэглэж үзье гээд гээд утаснаасаа интернэтэд холбогдож хэрэглэх зааврыг нь аваад “Бонго” гэдэг зүйлийг угсарч бэлдсэн. Тухайн үед машин дотор нь хэрэглэх гэж байсан боловч намайг эхнэр маань утсаар дуудсан тул тэр зүйлээс жоохон тасдаж аваад гэртээ орж 00-доо татаж үзсэн. Хоолой хорсоод байхаар нь би хаях гээд тагтан дээрээ тавьсан. Эд мөрийн баримтаар хураагдсан тайрсан хуванцар сав бол би гэртээ тамхи татахдаа хэрэглэдэг үнсний сав юм. Маргааш нь баригдахад тэр өвс гээд байгаа зүйл нь тэр үнсний саван дотор байсан. Надад тэрийг дахин татах бодол байгаагүй. Би хаях гэж тагтан дээр тавьсан байсан. Би энэ үйлдэлдээ их гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү...” гэжээ /хх-175/.

 

Шүүгдэгч Э.Баттуяа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 08 дугаар сарын 16-ны орой Батцэнгүүнээс 20 цагийн үед машиныг нь гуйж авсан. Таксинд орой явж байгаад 24 цагийн үед гэртээ харихдаа машинаа цэвэрлэж байхдаа парламент тамхины хайрцагтай тамхи олоход дотор нь өвс байсан. Тэгэхээр нь Төгөлдөр рүү залгаад унтах болоогүй бол хоёулаа тамхилъя гэсэн. Тэгээд түүнд дээр очиж үүнийг хийсэн. Төгөлдөрийн гэрээс нь дуудахад тэр гэртээ орсон. Маргааш нь 12 цагийн үед Төгөлдөрийг аваад Батцэнгүүнтэй цуг явсан. Төгөлдөр эмнэлэгт хүн эргэх гэж хороололд очоод ороход би Батцэнгүүнд өчигдөр болсон зүйлээ ярьсан. Таксинд явж байхдаа олсон зүйлээ бид хоёр сорж үзэхэд хоолой хорсоод байхаар нь хаясан. Тэгээд Тэнгис кино театрын тэнд очоод баригдсан...” гэжээ /хх-176/.

 

Шүүгдэгч Э.Батцэнгүүн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 08 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед Баттуяа миний машиныг гуйгаад аваад явсан. Маргааш өдөр нь хүрч ирээд тэр “Төгөлдөр эмнэлэгт хүн эргэе гэнээ” гээд замаасаа Төгөлдөрийг аваад явсан. Төгөлдөр эмнэлэг орсон хойно Баттуяа надад өчигдөр ийм юм олсон, хоёулаа хэрэглэж үзье гэсэн. Бид хоёр түүнийг татаж байгаад хоолой хорсоод хаясан. Төгөлдөр гарч ирэхээр нь бид гурав Тэнгис кино театрын тэнд очоод баригдсан. Тухайн үед Төгөлдөр эмнэлгийн гадаа хэрэглээгүй. Баттуяа бид хоёр тэнд хэрэглэсэн...” гэжээ /хх-176/.

 

Гэрч Ү.Марал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Төгөлдөр ах бид 2 эцэг эхээс хоёулаа ба аав, ээж  маань ах бид хоёрыг бага байхад гэр бүл салаад хууль ёсоор ах бид хоёр аавын асрамжинд байсан ч би ээжийн хамт өссөн. Би ахтайгаа холбоогүй байж байгаад 2012 онд ахыг Америкаас ирэхэд нь холбогдож эхэлсэн. Ах маань Америкаас ирээд тодорхой ажил хийж байгаагүй, Шихихутаг хууль зүйн дээд сургуульд элсэн орсон, одоо 4 дүгээр курсийн оюутан. Ах маань одоо эхнэр 2 хүүхэдтэй ба хүүхдүүд нь 2-оос 3 насных...” гэжээ /хх-41/,

 

Гэрч Б.Баяргэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Батцэнгүүн нь эхээс хоёулаа ба айлын бага хүүхэд байгаа юм. Батцэнгүүн нь Нийслэлийн 51 дүгээр бүрэн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд БНХАУ-ын Бээжин хотод сургуульд сурч эдийн засагч мэргэжлээр төгссөн. Батцэнгүүний ах нь Япон улсад ажиллаж амьдардаг, аав, ээж хоёр нь БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж амьдардаг. Батцэнгүүн Улаанбаатар хотод ээжийнхээ талын 70-80 насны хөгшин эмээ, өвөө хоёрын хамт амьдардаг. Батцэнгүүн одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй...” гэжээ /хх-43/,

Гэрч Е.Түвшинтөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Баттуяа сургуульд байхдаа тооны хичээлдээ сайн, ямар нэгэн тэмцээн уралдаанд байнга оролцож амжилт үзүүлдэг. Би шилжиж ирээд Баттуяагаар хичээлээ заалгуулахаар хамт нэг ширээнд суудаг байсан. Баттуяа бид хоёр хип хоп урсгалын дуу сонирхдог байсан. Мөн би гэрт нь очоод хичээлээ давтдаг байсан. Ээжтэйгээ амьдардаг гэр бүлийн хүмүүжил маш сайн хүүхэд байсан. Хүүхэд байхдаа шивээсэнд дуртай, шивээсний сонирхолтой л болохоос биш өөр элдэв гаж буруу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй хүүхэд байсан. Намайг их сургуулийн 5 дугаар курст сурч байхад Баттуяа надтай хамт амьдардаг байсан. Одоо ээж нь Эрдэнэт хотод амьдардаг. Баттуяа эхнэр хүүхэдтэй, одоо хүүхэд нь 2 дугаар ангийн охин байдаг. 10 дугаар ангиа төгсдөг жилээ аав болж байсан...” гэжээ /хх-44/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №7397 дугаартай шинжээчийн дүгнэлт.

“...Дээгүүр нь тайрсан мэт задгай амтай хуванцар саванд байсан ургамал мэт зүйл, 2 хэсэг хатсан ногоон өнгийн ургамал мэт зүйл, хар өнгийн хуванцар гаанс мэт зүйлийн дотор талд байсан ногоон өнгийн ургамал мэт зүйл, төмөр гаанс мэт зүйлд байгаа ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Уг бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно...” гэжээ /хх-49/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №7398 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“...Шинжилгээнд ирүүлсэн Үнэнбатын Төгөлдөр, Энхтуяагийн Баттуяа, Энхтуяагийн Батцэнгүүн нарын гэх шээсэнд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна...” гэжээ /хх-55/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх3-8/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх9-11/, биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх13-22/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх23-26/, эд мөрийн баримт хураан авсан тогтоол /хх35-36/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-93, 95, 97/, Ү.Төгөлдөрийн ял шалгах хуудас /хх-94/, Э.Баттуяагийн ял шалгах хуудас /хх-96/, Э.Батцэнгүүний ял шалгах хуудас /хх-98/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ү.Төгөлдөр нь 2015 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт Э.Баттуяагийн жолоодон явсан 35-20 УБП улсын дугаартай автомашин дотроос 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын’’ тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9  тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabionol/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Э.Баттуяатай бүлэглэн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 45 дугаар байрны 07 тоотод байх гэртээ хадгалсан,

-Улмаар дээрхи мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Э.Баттуяа, Э.Батцэнгүүн нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын хойд талд байх авто зогсоолд 35-20 УБП улсын дугаартай авто машинд хадгалсан,

Шүүгдэгч Э.Баттуяа нь 2015 оны 8 дугаар сарын  16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт өөрийн жолоодон явсан 35-20 УБП улсын дугаартай автомашин дотроос 1971 оны 02 дугаар сарын 21-ны өдөр батлагдсан’ “Сэтгэцэд нөлөөлөх бодисын’’ тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9  тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabionol/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Ү.Төгөлдөртэй бүлэглэн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Э.Батцэнгүүн, Ү.Төгөлдөр нартай бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын хойд талд байх авто зогсоолд 35-20 УБП улсын дугаартай автомашин дотор хадгалсан,

Шүүгдэгч Э.Батцэнгүүн нь Э.Баттуяа, Ү.Төгөлдөр нартай бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын хойд талд байх авто зогсоолд 35-20 УБП улсын дугаартай автомашин дотор 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын’’ тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabionol/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Ү.Төгөлдөртэй бүлэглэн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Ү.Төгөлдөр, Э.Батцэнгүүн, Э.Баттуяа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ү.Төгөлдөр, Э.Баттуяа, Э.Батцэнгүүн нарыг урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Батцэнгүүн нь 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ү.Төгөлдөр, Э.Баттуяа, Э.Батцэнгүүн нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн AG0855597 серийн дугаартай 10 төгрөг, AG7516947 серийн дугаартай 1 ширхэг 100 төгрөгийн дэвсгэртүүдийг устгуулахаар Монгол банкинд хүргүүлж, бусад эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1783 гэсэн бичигтэй таггүй ногоон өнгийн хуванцар сав 1 ширхэг, тугалган цаас 1 ширхэг, задгай амтай дээгүүр нь тайрсан мэт хар ногоон өнгийн ургамал мэт зүйл /жин 2.32 грамм/, 0.5х0.7 см хэмжээтэй 2 хэсэг хатсан ургамал мэт зүйл /жин 0.24 грамм/, хар өнгийн хуванцар гаанс 1 ширхэг /0.0209 грамм ургамал гарсан/, төмөр гаанс 1 ширхэг /0.0239/ грамм жинтэй ургамал гарсан, Новокион гэсэн бичиглэл бүхий тарианы усны шил 2 ширхэг, ногоон өнгийн асаагуурын магнитан дээр байрлах таг дарах хэсэг, Ү.Төгөлдөр, Э.Баттуяа, Э.Батцэнгүүн нарын шээснээс мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан 3 ширхэг тест зэргийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хотод овогт Үнэнбатын Төгөлдөр, Рааш овогт Энхтуяагийн Баттуяа нарыг бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг,

Халтар овогт Энхтуяагийн Батцэнгүүнийг бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Ү.Төгөлдөр, Э.Баттуяа, Э.Батцэнгүүн нарыг тус бүр 3 /гурван/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Ү.Төгөлдөр, Э.Баттуяа, Э.Батцэнгүүн нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд тус бүр ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ү.Төгөлдөр, Э.Баттуяа, Э.Батцэнгүүн нарын урьд цагдан хоригдсон нийт 118 хоногийг тэдгээрийн баривчлах ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тоолж, оногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссанд тооцсугай,

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн AG0855597 серийн дугаартай 10 төгрөг, AG7516947 серийн дугаартай 1 ширхэг 100 төгрөгийн дэвсгэртүүдийг устгуулахаар Монгол банкинд хүргүүлэх,

Бусад эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1783 гэсэн бичигтэй таггүй ногоон өнгийн хуванцар сав 1 ширхэг, тугалган цаас 1 ширхэг, задгай амтай дээгүүр нь тайрсан мэт хар ногоон өнгийн ургамал мэт зүйл /жин 2.32 грамм/, 0.5х0.7 см хэмжээтэй 2 хэсэг хатсан ургамал мэт зүйл /жин 0.24 грамм/, хар өнгийн хуванцар гаанс 1 ширхэг /0.0209 грамм ургамал гарсан/, төмөр гаанс 1 ширхэг /0.0239 грамм жинтэй ургамал гарсан/, Новокион гэсэн бичиглэл бүхий тарианы усны шил 2 ширхэг, ногоон өнгийн асаагуурын магнитан дээр байрлах таг дарах хэсэг, Ү.Төгөлдөр, Э.Баттуяа, Э.Батцэнгүүн нарын шээснээс мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан 3 ширхэг тест зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ү.Төгөлдөр, Э.Баттуяа, Э.Батцэнгүүн нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХАЛИУН