Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, бага тойруу гудамж, 67 дугаар байрны 52 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, 5 дугаар байрны 3 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ДП85090208, Хойд овогт Бүрдэлбатын Дэлгэрбаярын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, бага тойруу гудамж, 67 дугаар байрны 52 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт оршин суух, эрэгтэй, РД-ДП87062317, Их мянган овогт Галбадрахын Гантулгад холбогдох

гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох 37.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Дэлгэрбаяр, хариуцагч Г.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн. Одоо Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд ажилладаг. Нөхөр Г.Гантулга Шарга сумын Засаг даргын тамгын газарт улсын бүртгэгчээр ажилладаг. Бид 2006 онд танилцаж, 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2008 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуримаа хийсэн. Том хүү Г.Гандэлгэр 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, удаах хүү Г.Хурбор 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, охин Г.Амин-Эрдэнэ 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Бид хуримаа хийгээд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад 2012 оны 04 дүгээр сард хамтран эзэмшиж байсан 2 өрөө байр, Ниссан Тино маркийн машинаа зарж, хүнд даацын Хово маркийн машин худалдан авч нөхөр хөдөө ажиллахаар би дунд хүүгээ гаргахаар хөдөө ирж аавындаа амьдрах болсон. Улмаар 2013 оноос гэр бүлийн болон бидний эцэг эхийн хоорондын таагүй асуудлууд үүссэнээр тус тусдаа амьдраад бараг 5 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд нөхөр миний дүүг зодож танхайрсан хэрэгт холбогдсон бөгөөд өөрийгөө аврахын тулд 2 хүүг надаас авч өөр дээрээ түр байлгасан боловч энэ асуудал намжсаны дараа хүүхдээ авах гэтэл чи хүүхдүүдээ хаясан гэсэн муу нэрийг зүүлгэж өгөөгүй, уулзуулахгүй байгаа. Ингээд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж шүүхэд хандах гэхэд нөхөр гэрлэлтээ цуцлуулахгүй, хамтдаа амьдарна, эвлэрнэ гэсээр хэсэг хугацаанд хоорондоо харилцаатай байгаад 2015 онд охиноо төрүүлсэн. Гэвч хүүхдүүдтэй минь уулзуулахгүй 2 хүү аавтайгаа эмээгийндээ, би охинтойгоо аавындаа амьдарсаар өдийг хүрлээ. Манай нөхрийн тухайд нийлэх хамт амьдрах санаа байдаг юм шиг санагддаг боловч ээж, ах, эгч нарынхаа үгэнд хэтэрхий их ордог болохоороо хэзээ ч санаачлагыг гартаа авч зүрхэлдэггүй. Одоо нийлж амьдрах хүсэл сонирхол алга, нийлж амьдрах гэхээр энэ хүн хөдөө ажил хийдэг сүүлийн нэг жилийн хугацаанд ирнэ нийлнэ гэж ярьдаг боловч амьдрал дээр ямар нэгэн дэвшил гаргаагүй амаар ярих төдий байдалтай байгаа учраас эвлэрэх саналд нь итгэхгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Том хүү Гандэлгэр аавтайгаа амьдарна гэсэн болохоор дунд хүү Хурборыг өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна. Бага охин Амин-Эрдэнэ миний асрамжинд байдаг тул хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна.

Дундын эд хөрөнгийн тухайд бид хоёр гэр бүл болоод энэ хүнд эцэг эх нь мал ахуй надад эцэг эх маань байр авахад хувь нэмэр оруулж байсан. Би гэр бүлийн хөрөнгө гэдэг утгаар нь мал ахуй зэрэг өөр бусад асуудлаар хандаагүй. Ямар асуудал яригдаж байгаа вэ гэхээр аавын маань надад өгсөн байранд оруулсан хувийг нэхэмжилж байгаа. Тухайн үед манай аав, ээж хоёр 9.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан, байрны үнэ 32.000.000 төгрөгийг 100 хувь гэж тооцоод 9.000.000 төгрөг нь 28.125 хувь болж байна. Тэгээд Хово маркийн машиныг 70.000.000 төгрөгөөр зарсан гэж байсан боловч хариуцагч өмнөх шүүх хуралдаан дээр 60.000.000 төгрөгөөр зарсан гэсэн тул энэ байдлаар тооцож 60.000.000 төгрөгний 28.125% нь 16.875.000 төгрөгийг байранд оруулсан мөнгөнөөс ногдох хувь гэж тооцоод 16.875.000 төгрөгийг, үүн дээр бэлгийн машины үнэ 4.000.000 төгрөг, нийтдээ 20.875.000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг 2014, 2015, 2016 онуудад 15.2 хувийн Төрийн банкны хүүгээр бодож банкинд хадгалсан бол 2014 оны хүүд 3.173.00 төгрөг, 2015 оны хүүд 3.655.296 төгрөг, 2016 оны хүүд 4.210.900 төгрөг авах байсан. Ингээд эдгээр хүүг нэмж тооцоод нийт 31.914.196 төгрөгийг нэхэмжилж, 4.285.804 төгрөгний шаардагаас татгалзаж байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Дэлгэрбаяртай 2008 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуримаа хийсэн. Том хүү Гандэлгэр 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн бөгөөд 1 нас 8 сартайгаасаа миний өөрийн аав, ээж дээр байдаг байсан. Удаах хүү Хурбор 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Гэвч хадмуудын дундах үл ойлголцол мөн хадам дүүтэй маргаан үүссэн нөхцөл байдлын улмаас бид хоёр талд амьдрах болж Дэлгэрбаяр хүү Хурборыг 1 ой 3 сартайд нь надад авчирч өгөөд явсан. Түүнээс хойш эх хүн байж нялх хүүхдээ хөхнөөс нь гаргачихаад, өөрийнхөө аав, ээж, ах, дүүгийн үгэнд орж хоёр хүүгээ хаяж явсан. Бид нэг суманд амьдардаг, хүүхдүүдтэйгээ ойрхон байдаг мөртлөө хүүхдүүдээ хайж сураглаж ирдэггүй, уулзая гэсэн сэтгэл байхгүй. Миний хувьд Б.Дэлгэрбаяраас салья гэсэн бодол байгаагүй. Бид хоёр хүүтэй, сүүлд нэг охин төрсөн. Тиймдээ ч салах өргөдөл өгч байгаагүй. Энэ хүн салья гэж байгаа тул гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Хурборыг өөрийн асрамжинд авахыг зөвшөөрөхгүй. Өнөөдөр л амнаас нь хүү Хурбор гэсэн үг гарч байна. Түүнээс хоёр хүүгээ ерөөсөө ярьдаггүй, сая эвлэрүүлэн зуучлал дээр хүүгийн асуудал яригдаагүй, ерөөсөө л мөнгө л ярьдаг. Энд орж ирэхээрээ Хурбор гэж ярьдаг. Хүү Хурбор ээжийнхээ өвөрт нэг өдөр ч унтаж үзээгүй, ээжээ гэж нэг ч хэлж үзээгүй, нэг ойтоогоосоо 5 нас хүртлээ надтай хамт амьдарч байна. Амин-Эрдэнэ охин төрсөн цагаасаа хойш ээжтэйгээ байгаа. Амин-Эрдэнэ ээжтэйгээ байгаад би хоёр хүүтэйгээ байгаа болохоор тэтгэлэг төлөхгүй.

Биднийг гэрлэхэд 32.000.000 төгрөгөөр байр авсан нь үнэн. Тухайн үед 9.000.000 төгрөгийг Дэлгэрбаярын аав нь өгсөн нь үнэн. Тэрийг одоо ингэж хувилаад байгаа нь зөв ч юм уу яаж явах юм. Машины үнэ 4.000.000 төгрөгийг би аавд нь буцааж өгсөн. Амьдарч байгаа хүмүүс чинь бас зарлага гарна ямар ч үндэслэлгүй хүү нэхээд байгааг гайхаж байна. Гэхдээ тухайн үед байранд оруулсан 9 сая төгрөгийг хувилаад одоо 16.875.000 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Ямар ч үндэслэлгүйгээр хүү нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн энд орж ирэхээрээ хүүгийн талаар яриад байдаг. Бусад үед миний хоёр хүүг ярихгүй зүгээр л мөнгө яриад байдаг юм гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Дэлгэрбаяр нь хариуцагч Г.Гантулгад холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүү Г.Хурборын асрамж тогтоолгох, хүү Г.Хурбор, охин Г.Амин-Эрдэнэ нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох 37.100.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-3/.

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд:

Б.Дэлгэрбаяр, Г.Гантулга нар 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Гантулгын Гандэлгэр, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Гантулгын Хурбор, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Гантулгын Амин-Эрдэнэ нар төрсөн болох нь 0060697-Г41 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 0049399-Г20, 0000860946-Г211, 8259000006 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбарууд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар М.Минжигийн нэрэмжит Говь-Алтай аймгийн Шарга сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна /хх-10, 9, 8, 7/.

Гэрлэгчдийн хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ хүндэтгэдэггүй байдал, гэр бүлийн харилцаандаа хоёр талын төрлийн болон садангийн хүмүүсийг оролцуулдаг зэрэг байдлаас болж гэрлэгчид 2013 оноос хойш тус тусдаа амьдарсан талаар тайлбарлаж байх боловч энэ хугацаанд гэр бүлийн харилцаатай байж 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин Амин-Эрдэнийг төрүүлсэн байна /хх-8/.

Шүүх гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.7, 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх талаар хэн аль нь санаачлага гаргалгүй удаан хугацаагаар тусдаа амьдарсан шалтгааны улмаас хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ /хх-66-69, 71-88/.

Зохигчид хүү Хурборын асрамжийн талаар маргадаг бөгөөд гэрлэгчид тусдаа амьдарсан 2013 оноос хойших хугацаанд том хүү Г.Гандэлгэр, дунд хүү Г.Хурбор нар эцэг Г.Гантулгын асрамжид, бага охин Амин-Эрдэнэ төрсөн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш эх Б.Дэлгэрбаярын асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, маргаагүй, шүүхийн зүгээс гэр бүлийн насанд хүрээгүй хүүхдээс авсан тайлбарт “...том хүү Гандэлгэр аавтайгаа хамт амьдарна...” гэж хариулсан байна /хх-1-3, 22, 27-30, 36-38, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр тус тус заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид хүүхдүүдийн асрамжийн талаар тохиролцоогүй, гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд хүүхдүүдийн эцэг, эхийнхээ асрамжид байсан нөхцөл байдал, хүүхдийн санал, тэдгээрийн нас, эцэг эхийн халамж, оролцоо, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, Гантулгын Гандэлгэр, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Гантулгын Хурбор нарын эцэг Г.Гантулгын асрамжид, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Гантулгын Амин-Эрдэнийг эх Б.Дэлгэрбаярын асрамжид тус тус үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах тул Г.Гандэлгэр, Г.Хурбор нарын эцгийнх нь, Г.Амин-Эрдэнийг эхийнх нь асрамжид үлдээсэн тул нэхэмжлэгчийн хүү Хурбор, охин Амин-Эрдэнэ нарт тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Дэлгэрбаяр, хариуцагч Г.Гантулга нар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.Дэлгэрбаяр, хариуцагч Г.Гантулга нарт үүрэг болгох нь зүйтэй.

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох 37.100.000 төгрөгний шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч гэр бүл болоход 32.000.000 төгрөгөөр орон сууц худалдан авахад өөрийн аав, ээж нь 9.000.000 төгрөг оруулсан тул орон сууц худалдан авахад оруулсан хувь, Хово маркийн автомашиныг зарсан 70.000.000 төгрөгнөөс ногдох хувь, хуримын бэлгэнд ирсэн машины үнэ 4.000.000 төгрөг, эдгээр мөнгийг 2014-2016 онуудад банкинд хадгалуулсан бол хүү авна гэж тооцоолж нийтдээ 37.100.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан /хх-1-3/.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр дээрх мөнгөн дүнг задлан тайлбарлаж, орон сууц худалдан авахад нэхэмжлэгчийн ар гэрээс оруулсан 9.000.000 төгрөг нь байрны нийт үнэ 32.000.000 төгрөгийг 100 хувь гэж тооцвол 28.125 хувийг эзлэх бөгөөд байр зарсан мөнгөөр ачааны Хово маркийн машин худалдан аваад буцаагаад 60.000.000 төгрөгөөр зарсан тул 28.125 хувь нь 16.875.000 төгрөг гэж тооцож байр худалдан авахад оруулсан мөнгөнөөс ногдох хувьд 16.875.000 төгрөгийг,

хуримын бэлгэнд ирсэн автомашиныг зарсан үнэ 4.000.000 төгрөг,

эдгээр 16.875.000 + 4.000.000=20.875.000 төгрөгийг Төрийн банкны 15.2 хувийн хүүгээр 2014, 2015, 2016 онуудад банкинд хадгалсан бол 2014 оны хүүд 3.173.000 төгрөг, 2015 оны хүүд 3.655.296 төгрөг, 2016 оны хүүд 4.210.900 төгрөг авах байсан гэж тооцоолж /16.875.000+4.000.000+3.173.000+3.655.296+4.210.900/ нийт 31.914.196 төгрөгийг гаргуулахаар шаардаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дээрх шаардлагаасаа 900.000 төгрөгний хэсгээс, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр 4.285.804 төгрөгний хэсгээс тус тус татгалзсан болохыг дурдах нь зүйтэй /хх-42, 96, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч Г.Гантулга нь 31.914.196 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас байранд оруулсан хувьд ногдох 16.875.000 төгрөгний шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй /хх-97/.

Хариуцагч гэр бүл болоход зориулан 32.000.000 төгрөгөөр орон сууц худалдан авсан болохыг нэхэмжлэгчийн ар гэрээс 9.000.000 төгрөгийг оруулсан болохыг хүлээн зөвшөөрч, машин зарсан 4.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн аавд өгсөн, үндэслэлгүйгээр банкны хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь “...хариуцагчийн энэ хүний аавд нь 4.000.000 төгрөг өгсөн, байранд нь нэг тавилга тавиад тэр үндэслэлээр надаас 4.000.000 төгрөгийг аав нь авсан...” гэх тайлбарыг үгүйсгэж няцаагаагүй, Ниссан Тино маркийн автомашиныг Г.Гантулга, Б.Дэлгэрбаяр нарыг гэр бүл болоход бэлэглэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахаар байх тул нэхэмжлэгч уг автомашины үнэ 4.000.000 төгрөгийг өөрийн хуваарьт хөрөнгө болохыг, 2014-2016 онд Төрийн банкны хүү 15,2 хувь байсан болохыг, банкинд мөнгө хадгалуулсан гэх байдлаа баримтаар нотлоогүй, дээрх шаардлага нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох шаардлагаас үлдсэн 15.039.196 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэл тайлбараа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 413.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 116.198 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 312.525 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хойд овогт Бүрдэлбатын Дэлгэрбаяр /ДП85090208/, хариуцагч Их мянган овогт Галбадрахын Гантулга /ДП87062317/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг тус тус баримтлан 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, хүү Гантулгын Гандэлгэр, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, хүү Гантулгын Хурбор нарыг эцэг Г.Гантулгын асрамжид, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, охин Гантулгын Амин-Эрдэнийг эх Б.Дэлгэрбаярын асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дэлгэрбаяр, хариуцагч Г.Гантулга нар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.Дэлгэрбаяр, хариуцагч Г.Гантулга нарт үүрэг болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэхэд адил үүрэгтэй бөгөөд Г.Гандэлгэр, Г.Хурбор нарыг эцгийнх нь, Г.Амин-Эрдэнийг эхийнх нь асрамжид үлдээсэн тул Г.Хурборыг өөрийн асрамжинд авах, Г.Хурбор, Г.Амин-Эрдэнэ нарт тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 5.185.804 төгрөгний хэсгээсээ татгалзсан болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч Г.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлагаас байранд оруулсан хувьд ногдох 16.875.000 /арван зургаан сая найман зуун далан таван мянган/ төгрөгний шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталсугай.

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1.1, 129 дүгээр зүйлийн 129.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.039.196 /арван таван сая гучин есөн мянга нэг зуун ерөн зургаан/ төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

7.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 413.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 116.198 /нэг зуун арван зургаан мянга нэг зуун ерөн найман/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 312.525 /гурван зуун арван хоёр мянга таван зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Г.Гантулга, Б.Дэлгэрбаяр нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                          Д.ЯНЖИНДУЛАМ