Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 146/ШШ2017/00173

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1962 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2,  Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт оршин суух, АС62100505 регистрийн дугаартай, Боржигон овогт Цэдэнгийн Ичинхоролын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн  нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ичинхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ичинхорол нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарсан. Тэгээд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Архангай аймгийн Хашаат сумын “Их-эхлэлт” нэгдэлд малчнаар, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сар хүртэл Архангай аймгийн Хашаат сумын нийтийн ахуй үйлчилгээний салбарт үйлчлэгч, сахиулаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Их-эхлэлт” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан юм. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсноос болж ажиллаж байсан байдал тогтоогтохгүй байна. Иймд дээрхи хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ичинхорол нь Архангай аймгийн Хашаат сумын “Их-эхлэлт” нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Архангай аймгийн Хашаат сумын нийтийн ахуй үйлчилгээний салбарт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сар хүртэл үйлчлэгч, сахиулаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Ичинхорол нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Архангай аймгийн Хашаат сумын “Их-эхлэлт” нэгдэлд малчнаар, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сар хүртэл Архангай аймгийн Хашаат сумын нийтийн ахуй үйлчилгээний салбарт үйлчлэгч, сахиулаар тус тус ажиллаж байсан болох нь  тогтоогдож байна.

Үүнд: Архангай Хотонт сумын ахуйн үйлчилгээний төвийн даргын 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаартай “Илгээлтийн эздэд тэтгэмж олгох тухай” тогтоолын хуулбар, 82-р тогтоолыг хавсралт, Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит “Их-Эхлэлт” нэгдлийн даргын 1980 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 90 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ц.Ичинхоролд олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын баталгаажилтын хуудас, Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдэлд малчнаар 1980 онд ажилласан ажлын хөлсийг түүвэрлэсэн Архангай аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 274 дугаартай цалингийн тодорхойлолт, гэрч Д.Лхагвасүрэнгийн “...Би 1979 оны 06 дугаар сард Архангай аймгийн Хашаат сумын 8-н жилийн сургуулийг төгсч, 08 дугаар сард Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдэлд илтгээлтээр гарч байсан юм. Намайг илгээлтээр гарах үед Ц.Ичинхорол нь мөн адил хамт гарсан. Учир нь бид хоёр нэг сургуульд сурч байсан бөгөөд 1980 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байгаад би цэрэгт явж байсан. Тэр үед Ц.Ичинхорол нь тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би цэргээс 1983 оны 06 дугаар сард халагдаж ирээд Хархорины сумын гурилын үйлдвэрт ачигчаар ажиллаж эхэлсэн. Ц.Ичинхорол нь Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдэлд 1979 оноос надтай цуг илгээлтээр гарч байсан үнэн болохоор гэрчилж байна...”, гэрч Л.Төмөрпүрэвийн “...Би 1978 онд цэрэгт яваад 1981 онд цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдэлд малчнаар ажиллах болсон. Намайг тус нэгдэлд орох үед Ц.Ичинхорол нь малчнаар ажиллаж байсан. Ц.Ичинхорол нь “Их-Эхлэлт” нэгдэлд 1982 онд хүртэл ажиллаж байгаад нийтийн аж ахуй үйлчилгээ рүү шилжиж байсан. Архангай аймгийн Хашаат сумын “Их-Эхлэлт” нэгдэлд нь 1993 онд хувьчлагдсан...” гэсэн мэдүүлэгүүд, гэрч Ц.Цэцэгмаагийн “...Би 1982 оны 07 дугаар сараас эхлэн Архангай аймгийн Хашаат сумын нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж эхэлсэн. Харин Ц.Ичинхорол намайг ажилд орох үед тус ахуй үйлчилгээнд нөхрийн хамт үйлчлэгч, сахиулаар ажиллаж байсан. Хэдэн онд ажилд орсныг нь сайн мэдэхгүй байна. 1982 онд намайг очих үеэр нийтийн аж ахуй үйлчилгээ цех байгуулагдсан байсан. Тэгээд оёдолчин 4 хүн, эсгүүрчин-1, нярав-1, нягтлан-1, мастёр-1, ахуй үйлчилгээний дарга-1, худалдагч-1, гуталчин гээд нийт 10 гаруй ажилтантай ажиллаж байсан. Нийтийн ахуй үйлчилгээ 1993 онд хувьчлагдаж, нийтийн ахуй үйлчилгээнд ажиллаж байсан бүх хүмүүс ажилгүй болж ажил, үйлчилгээ нь бүрэн зогссон. Би 1993 он хүртэл буюу нийтийн ахуй үйлчилгээ хувьчлагдах хүртэл ажилласан. Өмнө нь би шүүхээр ажилласан жилээ тогтоолгож байхад нийтийн ахуй үйлчилгээтэй холбоотой баримтууд нь устаж, үгүй болсон гээд баримтууд нь гарч ирээгүй. Харин Ц.Ичинхорол нь 1988 он хүртэл ажиллаж байгаад мал маллах гээд нийтийн ахуй үйлчилгээнээс гарч байсан. Ц.Ичинхорол нь Архангай аймгийн нийтийн ахуй үйлчилгээнд үйлчлэгч, сахиулаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...”, гэрч Д.Оюунгэрэлийн “...Би 1989 оны 04 дүгээр сарын 22-ноос эхлэн Архангай аймгийн Хашаат сумын нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж эхэлсэн. Намайг ажилд орох үед Ц.Ичинхорол нь ахуй үйлчилгээнд үйлчлэгч, сахиулаар ажиллаж байсан. Ц.Ичинхорол нь намайг очиж ажиллаад удаагүй байхад мал маллана гээд нийтийн аж ахуй үйлчилгээнээс гарч байсан. Нийтийн ахуй үйлчилгээ нь 1993 оны өвөл хувьчлагдаж, үйлчилгээнд ажиллаж байсан бүх хүмүүс ажилгүй болж ажил, үйлчилгээ нь бүрэн зогссон. Ц.Ичинхорол нь Архангай аймгийн Хашаат сумын нийтийн ахуй үйлчилгээнд үйлчлэгч, сахиулаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...”  гэсэн мэдүүлгүүд, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар болно.

Иймд нэхэмжлэгч Боржигон овогт Цэдэнгийн Ичинхоролыг 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 11 сар хүртэл, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Хашаат сумын “Их-эхлэлт” нэгдэлд малчнаар, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сар хүртэл Архангай аймгийн Хашаат сумын нийтийн ахуй үйлчилгээний салбарт үйлчлэгч, сахиулаар тус тус ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь хуульд нийцэж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Цэдэнгийн Ичинхоролыг Архангай аймгийн Хашаат сумын “Их-эхлэлт” нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 11 сар хүртэл, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, Архангай аймгийн Хашаат сумын нийтийн ахуй үйлчилгээний салбарт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сар хүртэл үйлчлэгч, сахиулаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ичинхоролын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА