Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/288

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Б.Сарантуяа

Хохирогчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Хохирогч М

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Э, Т

Гэрч Р.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Э, ........ овогт Т нарт холбогдох эрүүгийн 2121000100211 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ний өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “...........” ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ..........овогт Э /РД: ............/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .......... настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, .......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ......... овогт Т /РД: ............./.

Шүүгдэгч Э, Т нар нь бүлэглэн “Тоёота Приус-30” маркийн 84-56 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13.500.000 төгрөгөөр М-д худалдахдаа манай ах гаалийн байцаагч хийдэг, бид хоёр гаднаас машин оруулж ирдэг хүмүүс юм аа, бид хоёр гаднаас банк бусаар дамжуулж олон машин оруулж ирсэн, банк бусууд нэг хүний нэрээр олон машин оруулахаа больчихсон зэргээр төөрөгдөлд оруулж, зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би М эгчид машинаа зарахдаа ББСБ дээр байгаа гэдгийг хэлсэн. Бид нар хамт 51 дүгээр байрны нотариат руу очиход ББСБ дээр байгаа бол худалдах, худалдан авах гэрээ байгуулж болохгүй гэсэн. Тэгээд бид “Ган Хэрлэн” зочид буудлын кафед суугаад нөхцлийн дагуу гэрээ байгуулсан. Тухайн үед бид хоёр хувиараа бизнес эрхэлж байсан учраас дэлгүүрийн тайлан тооцооны бичиг баримт авч явсан. Тэрнээс биш ахыгаа гаалийн байцаагч, бид машин оруулж зардаг гэж хэлээгүй. Өмнө өөрийнхөө унаж байсан Prius-20 маркийн машиныг хувь лизингээр зарж, тэр хүн зээл төлөөд ББСБ-аас машиныг авч байсан. Би машины бизнес хийж үзээгүй. Боломжгүй болохоороо хүнээс хувь лизингээр машин авч байсан. Батзаяа бид нараар ББСБ-аас авсан зээлээ төлүүлчихээд машинаа хураалгаж биднийг хохирооно гэж бодоогүй. Батзаяа бидэнд машинаа зарчихаад үе үе дуудаж, буудалд байна, хоол идэж байна, тооцоо хийчих гэдэг байсан. Бид хоёр өөрсдийн боломжоороо 30.000, 50.000 төгрөгийг аваачиж өгдөг байсан. М эгчид “Энэ машин ББСБ-д байдаг, Mobicom-д ажилладаг Батзаяагийн нэр дээр байдаг” талаар хэлэхэд “Ренчин ахын хүү байна, би эцэг, эхийг нь танина” гэж хэлсэн. Би Батзаяаг өөрийнхөө хамаатан гэж хэлж байгаагүй” гэв.

Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зарын дагуу Мд машинаа зарсан. Тухайн өдөр 16 цагийн орчим 5 дугаар сургуулийн хойно уулзаж ББСБ-ын зээлтэй сардаа 625,000 төгрөг төлдөг, хувь лизингээр зарна гэдгээ хэлсэн. Тэгэхэд М эгч “би 13.500.000 төгрөгөөр 14 сарын хугацаатайгаар авна, сар бүр 250.000-350.000 төгрөг төлнө, одоо 5.000.000 төгрөг бэлэн байна” гэсэн. Маргааш өдөр 51 дүгээр байрны нотариат орж уулзахад "ББСБ-ын нэр дээр байгаа бол худалдах худалдан авах гэрээ байгуулж болохгүй, та нар өөрсдөө тохиролцоод хувь лизинг хийж болно” гэсэн. Тэгээд бид нар “Ган Хэрлэн” зочид буудалд гэрээ байгуулсан. 2020 оны 08 дугаар сард М эгчээс машиныг хураасан байсан. Батзаяа бид хоёрт машинаа 14.800.000 төгрөгөөр зарж, бид урьдчилгаа 2.000.000 төгрөг өгсөн. Бид хоёр 09 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал өдөр бүр 30,000 төгрөгийг төлөлт хийж байсан. Гэтэл 12 дугаар сарын эхээр “Бичил глобус” ББСБ-ынхан ирээд, машин хураалаа, Батзаяа зээлээ төлөөгүй, хугацаа хэтэрсэн байна гэсэн. Тэгээд бид ярилцаад миний нэрээр зээл төлж байхаар болсон. Тэрнээс хойш төлөлтөө цаг тухайд нь хийж байсан, 2-3 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдол байсан. 7 дугаар сард 625.000 төгрөгийн төлөлтөөс 400.000 төгрөг төлж, 216.000 төгрөгийг төлөөгүй байсны улмаас М эгчээс Батзаяа, “Бичил глобус” ББСБ-ынхан машиныг нь хураасан байсан. Тухайн үед ковидын улмаас зөвхөн хүү төлөөд явж болох захирамж гарчихсан байсан. Намайг 216.000 төгрөг төлөөгүйн төлөө машин хурааж болохгүй гэхэд Батзаяагийн хүсэлтээр хурааж авч байна гэсэн. М эгч 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулсны дараа 25-ны өдөр Номин даатгалд гэрээ байгуулсан. Гэтэл М эгч “даатгал орж байгаагүй, ББСБ-ын нэр дээр байсныг мэдээгүй” гэж мэдүүлсэн байсан. Номин даатгал дээр М, Сүхбаатар, Т гэсэн нэрсийг оруулж даатгалын гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл Батзаяагаас нэг ч төгрөг авч чадаагүй байгаа. Батзаяа 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр машиныг аваад Улаанбаатар хотод 13.000.000 төгрөгөөр зараад өөрөө мөнгийг нь хэрэглэсэн байсан. Батзаяад гаргасан гомдлыг байцаагч нотлох баримтуудын хамт хавсаргасан байгаа гэсэн” гэв.

Хохирогч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 10-ний өдөр Facebook-д “машин хувь лизингээр зарна” гэсэн зарын дагуу Т-тай утсаар холбогдож 11-ний өдөр уулзсан. Тухайн үед Т “5,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэнийг нь хувь лизингээр өгч болно” гэсэн. Өөрийнхөө Prius-11 маркийн машиныг 5,000,000 төгрөгт тооцож авбал ав гэхэд Э “4,500,000 төгрөгт тооцож авъя” гэсэн. Тэгж тохиролцоод үлдсэн 3,500,000 төгрөгийг хувь лизингээр төлөхөөр болсон. Хэрвээ тухайн тээврийн хэрэгслийг Батзаяагийн нэр дээр байсан гэдгийг мэдсэн бол хэзээ ч энэ машиныг авахгүй байсан. Энэ хоёр надад өөрсдийгөө машины ченж, ах нь гаалийн байцаагч, ах нь машин оруулж ирэхэд тусалдаг, Дорнод аймагт Prius-20, Aqua маркийн 2 машиныг хувь лизингээр зарсан гэж итгүүлсэн. Т, Э нар цүнх дүүрэн баримтнаас машины гэрээний маягт гаргаж ирж үзүүлсэн болохоор нь би үнэхээр ченж юм байна гэж итгэсэн. Хоёр хоногийн дараа машинаа цэвэрлэж байхад даатгалын бичиг гарч ирсэн. Тухайн бичиг Батзаяа гэх хүний нэртэй байхаар нь энэ хоёр руу залгаад учрыг нь асуухад “гаалиар машин оруулахдаа нэг хүний нэрээр олон машин оруулж болдоггүй юм аа, дүүгийнхээ нэр дээр оруулж ирсэн” гэж итгүүлсэн. Машинаа яаралтай нэр дээрээ шилжүүлмээр байна гэхэд “та 7 хоног хүлээчих, гааль дээрээс машин оруулж ирэх гэж байна, тэрийгээ зараад таны нэр дээр шилжүүлээд өгнө гэсэн. ...Надад Э, Т нар өмнөх шүүх хурлын дараа 500.000 төгрөг өгсөн тул одоо шүүгдэгч нараас үлдэгдэл 9.000.000 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэв.

Гэрч Р.Батзаяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 07 дугаар сард Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос авахдаа “Бичил глобус” ББСБ-аас тухайн машиныг барьцаалж зээл авсан. Надад “Бичил глобус” ББСБ-ын барьцаанд байгаа машиныг бусдад худалдаалах эрх байхгүй ч, 2019 оны 09 дүгээр сард Э, Т нартай “байрны танил ах, эгч найдвартай” гэсэн утгаар ярилцаж, 14,800,000 төгрөгөөр зарахаар тохиролцоод урьдчилгаанд 2,000,0000 төгрөг авч хувь лизинг хийж зарсан. Гэхдээ би машинаа бусдад зарж байгаагаа ББСБ-д хэлээгүй боловч 12 сард ББСБ-ынхан мэдчихсэн. Би өдөр бүр Э, Т нараас 30,000 төгрөг авч, сар бүр 630,000 төгрөгийг 12 дугаар сар хүртэл “Бичил глобус” ББСБ-д төлсөн. Зарим үед хугацаа хэтэрч төлөлт хийж байсан. Анх Э, Т нар зээлээ 12 сарын сүүлээр хаачихна, зээл нь чам дээр байж байг гэж хэлж байсан. Би 2020 оны 08 сард М эгчид машин зарагдсан болохыг мэдсэн. Өмнө нь надад “манай эгч унаад явж байгаа” гэж хэлсэн. 08 дугаар сард өөр хүнд зарсныг нь мэдсэн учраас яаралтай зээлээ хаахыг Т, Э нараас шаардсан. ...Тэрнээс хойш сар орчим өнгөрөхөд зээлийг хаагаагүй хэвээр байсан учраас “Бичил глобус” ББСБ-аас над руу залгаж “зээлийг төлөхгүй байгаа учраас машиныг чинь хураалаа, зах зээлийн үнээр хураавал зээлийг чинь бүрэн төлөх боломжгүй байна” гэсэн. Тэгээд би Э, Т нар руу мессеж бичихэд “зар, зар” гэсэн учраас би ББСБ-д “хураалгах хүсэлт гаргаад өгье, тэгээд энэ хоёртой уулзъя” гэж хэлсэн. Намайг Э, Т нартай уулзахад “одоо наад машин чинь бид хоёрт хамаагүй, зарвал зар” гэсэн. Тэгээд “Бичил глобус” ББСБ-ын зөвшөөрөлтэйгээр авч зараад үүргийн гүйцэтгэл дууссан. Ер нь бол энэ хоёр өөрсдөө авсан зээлээ цаг хугацаанд нь төлөөгүйгээс болж ийм асуудал үүссэн...” гэв. 

Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ өөрийнхөө гар утсаар фэйсбүүк үзээд байж байхад “Дорнодын ээжүүдийн групп” цахим хаягт Приус-30 машиныг урьдчилгаа 5 сая, үлдэгдэл мөнгөн дүнд хувь лизинг хийнэ гэсэн зарыг Охидуудын ээж гэсэн хаягнаас оруулсан байсан. Ингээд ... гэсэн дугаар руу залгахад Эын эхнэр /сүүлд нэрийг нь мэддэг болсон гэх/ Т гэдэг хүнтэй холбогдсон. Таас зээлийн нөхцөлийг асуухад эхлээд урьдчилгаа 5.000.000 төгрөг төлөөд үлдсэн мөнгийг сар сардаа төлж дуусгана. Уулзаж ярилцаж байгаад хэлье гээд 16 цагт уулзахаар болсон. 16 цагт уулзах гэсэн боловч ирэхгүй байсан болохоор гар утас руу нь олон дахин залгаж машиныг чинь үзье гэсэн чинь очиж байна гэж хэлээд 30 орчим минутын дараа 5 дугаар сургуулийн хойд талд Т гэдэг эмэгтэй надад зарах гэж байгаа приус-30 маркийн 84-56 ДОА машинаа улсын дугаартай хар өнгийн машинтай ирсэн юм. Машинд нь орж суугаад “машин чинь надад үнэхээр таалагдаж байна, авмаар байна” гэж хэлээд удаагүй байхад нөхөр Эыг нөгөө эгчтэйгээ уулзаад удаагүй байна гараад ирэх үү гэж гар утсаараа дуудсан юм. Бид хоёр машины ченж хийдэг юмаа. Машин Япон улсаас оруулж ирдэг. Манай ах гаалийн байцаагч хийдэг. Гааль дээр хоёр машин буучихсан байгаа. Тэр хоёр машиныхаа татварыг төлөх гэсэн чинь мөнгө минь дутчихаад байна. Энэ машинаа хувь лизингээр зарах гэж байгаа юмаа. Та 5 сая төгрөгийг бэлэн өгчих, үлдэгдэл мөнгөн дүнд нь хувь лизинг хийе гэж хэлсэн. Т надтай уулзаж байхад гар утас нь зогсоо зайгүй дуугарч, утсаар хүнтэй ярихдаа “одоохон эгчээ” гэх мэтээр хариулж байсныг нь санахад өрнүүд нь нэхэгдээд байсан гэж одоо бодоод байгаа юм. Тухайн үед гадаа нар жаргаж байсан болохоор маргааш өдөр машиныг нь худалдаж авахаар болоод салсан. Би тухайн үед Приус-11 маркийн 90-33 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон байсан болохоор үлдэгдэл мөнгөний зөрүүнд буюу 5 сая төгрөгөөр бодоод авчих гэж хэлсэн чинь Э 4.500.000 төгрөгт бодож авна гэж хэлсэн. Э ярихдаа бид хоёр машины ченж учраас таны машиныг Улаанбаатар хотод очоод зарчихна гэж хэлсэн. Үлдэгдэл 3.500.000 төгрөгт хувь лизинг хийхээр болж салсан. Ингээд маргааш буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн орчимд гар утсаар ярилцаж байгаад Ган хэрлэн зочид буудлын кофе шопт орж машин авах талаараа ярилцаж тохиролцоод худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тэр хоёр надтай уулзахдаа танд машин зарахаас өмнө Приус-20, аква машин хоёр зарсан гэж хэлж олон бичигт баримт, гэрээнүүд харуулаад байсан болохоор үнэнгээсээ л машины ченжүүд юм байна гэж ойлгосон юм. Тухайн үед миний дансанд 5 сая төгрөг бэлэн байсан болохоор тэр хоёртой хамт Шүр захын хойд талд байдаг Хаан банкны АТМ-ээс Тын Хаан банкны данс руу шилжүүлж, өөрийнхөө Приус-11 маркийн 90-33 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э-ын нэр дээр 51 дүгээр байрны нотариатаар бусдад худалдах итгэмжлэл хийж өгсөн. Худалдаж авсан машинаа өөрийнхөө нэр дээр яаж шилжүүлж авах юм бэ гэж хэлсэн. Машин худалдаж авахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь сайн шалгаагүй бөгөөд надад хэлэхдээ энэ машиныг сая Японоос оруулж ирсэн. Гаднаас оруулж ирж байгаа машинууд бүгдээрээ банк бусаар дамжиж орж ирдэг юм гэж хэлэхээр нь тийм л юм байлгүй гэж бодоод тоогоогүй юм. Хоёр хоногийн дараа машинаа цэвэрлэж байхдаа тээврийн хэрэгслийн даатгалыг харсан чинь Рэнцэндоржийн Батзаяа гэдэг хүний нэр дээр байсан болохоор шууд Э руу залгаад энэ машин чинь та хоёрын нэр дээр байдаггүй юм байна. Батзаяа гэдэг хүний нэр дээр байна шүү дээ гэж хэлсэн чинь та санаа зовсоны хэрэггүй наад асуудлыг чинь 7 хоногийн дараа шийдээд таны нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр миний өөрийн Приус-11 маркийн машиныг фейсбүүк дээр хувь лизингээр зарна гэж тавьсан байсан. Энэ өдрөө Матад сумын Мөнхбаяр буюу Монхоон гэдэг хүнд 5.200.000 төгрөгөөр зарсан болохыг нь сүүлд худалдаж авсан хүнээс нь сонссон юм. Ингээд хугацаа заасан 7 хоног нь өнгөрсөн учраас Э руу залгаж асуусан чинь “эгчээ удахгүй. Ажил амжихгүй байна. Та санаа зоволтгүй унаад байж бай” гэхэд нь би “хүний юм унаад яваад байгаа юм шиг надад айдастай байна” гэж хэлдэг байсан. Энэ үеэс хойш байнга залгаж хэлдэг байсан болохоор банк бустай чинь очиж уулзана гэж хэлсэн чинь Э, Т хоёр надад гэрээний хуулгыг авчирч надад харуулсан. Банк бусын сарын төлбөрийг төлөөд явж байгаа. Та санаа зовох хэрэггүй, шилжүүлээд өгчихнө гэдэг байсан. 2020 оны 8 сард гэрийнхээ гадаа ирж байхад нэг залуу /Батзаяаг хэлэв/ машинтай ирээд одоо таны машиныг хурааж авна. Цагдаа нар одоо ирж байгаа гэж хэлэхээр нь яагаад чамд машинаа өгдөг юм бэ гэж хэлсэн чинь таны унаж байгаа машин миний машин юм. Бичил глобус финанс банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа Э, Т хоёр танд зарчихсан байна. Э, Т-тай очиж уулзья гэж хэлээд дэлгүүрийнх нь гадаа очсон боловч байхгүй байсан болохоор утсаар ярьсан чинь Шинэ хөгжил сургуулийн хойно явж байна гэж хэлээд банк бус санхүүгийн байгууллагын ажилтан, Батзаяа, Э, Т нартай уулзсан. Машины төлөлтийг хийгээгүй болохоор утсаар ярьсан чинь хураан авна. 3 хоногийн дараа төлбөрөө хийх юм бол аваарай гэж хэлсэн. Бичил глобус финанс банк бус санхүүгийн байгууллагын эрхлэгчтэй уулзаж үнэн учраа хэлээд машинаа буцааж авсан юм. Тэр хоёр төлбөрөө хийгээгүй болохоор бүр хурааж аваад зарчихсан. Машин хурааж авч байх үед Э, Т хоёр утсаа авахгүй байсан. Ингээд машингүй болсон. Хүний нэр дээр уг машин байсан болохоор үлдэгдэл мөнгийг чинь төлөхгүй. Миний нэр дээр шилжүүлэх юм бол бүх мөнгийг чинь бэлнээр өгнө гэж хэлж байсан. Сүүлдээ бүр аргаа бараад та хоёр банк бусад үлдэгдэл мөнгийг нь төлөөд дуусгачих. Би та хоёрын мөнгийг бүрэн төлж дуусгана гэж хэлсэн боловч төлөхгүй байсаар машиныг хураалгуулсан. Би хохирол болох 9.500.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэжээ. /1хх-ийн 81-84/

Гэрч Р.Батзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Эмби кар авто машин худалдаалдаг газраас уг тээврийн хэрэгслийг 17.500.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Бичил глобус финанс ББСБ-аар дамжуулж худалдаж авсан бөгөөд урьдчилгаа 30%, сард 643.000 төгрөг төлдөг байсан. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Т машин авна гэж фэйсбүүк дээр зар тавьсан болохоор холбогдож өөрийнхөө машиныг зарахаар болсон. Ингээд миний машиныг 15.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болж урьдчилгаанд 2.000.000 төгрөг өгсөн. Ингээд өдөр бүр 30.000 төгрөгийг надад өгч би уг мөнгийг банк бусад төлж явж байсан. 2019 оны 12 дугаар сар хүртэл төлөлт хийгээд явж байхад банк бусын ажилтан Уранчимэг гэдэг хүн чиний машиныг урьдчилгаа өгөөд худалдаж авсан гээд ажил дээр орж ирж байна. Энэ асуудлаа шийд гэж хэлсэн юм. ...2020 оны 08 дугаар сард надруу залгаад чиний машины зээлийг 7 дугаар сараар хойш төлсөнгүй ээ гэж хэлсэн юм. Ингээд М гэдэг хүнийг олж уулзаад наад машин чинь миний нэр дээр банк бусын барьцаанд байдаг. Банк бус дээр нь очиж хураалгая гэж хэлсэн чинь тийм зүйл байхгүй. Энэ миний машин. Бэлнээр 5 сая төгрөг, урьдчилгаанд приус-11 маркийн машинаа өгчихсөн гэж хэлээд уурлаад байсан болохоор банк бус дээр очоод машинаа хураалгахыг зөвшөөрч байна гэсэн хүсэлтээ өгсөн. Ингээд 3-4 хоног хурааж авсан чинь Э, Т хоёр төлөөд дуусгачихна гэж хэлээд буцаагаад Мд өгсөн байсан. Э, Т хоёр Хэнтий аймаг руу шүүх хуралд явлаа гэж явсан. Хэд хоногийн дараа ирээд одоо мөнгө орж ирнэ. Шүүх хуралд ялалт байгуулаад мөнгөтэй болж байгаа. Тэгээд зээлийг чинь хаана гэж хэлсэн боловч чимээгүй болчихсон. Анх машин хураалгаж байхдаа М, Э, Т бид нар банк бус байгууллага дээр очиж уулзсан.  ...Ингээд 2020 оны 09 дүгээр сард “Бичил глобус” ББСБ-аас залгаад “Э, Т нар манай байгууллагыг чамтай нийлээд луйвар хийсэн гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Зээлийн гэрээг цуцлах шаардлагатай байна. Зээлээ төлж дуусга” гэж хэлсэн. Э, Т хоёр руу буцаагаад яръя гэсэн боловч намайг шүүхэд өгчихсөн учраас яриагүй. Ингээд 2020 оны 10 дугаар сард Улаанбаатар хот очиж машинаа зарсан юм...” гэжээ. /1хх-ийн 113-116, 2хх-ийн 23/

Гэрч Г.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тоёота приус-11 маркийн 90-33 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Э гэдэг залуугаас 5.200.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед фэйсбүүкээрээ уг машиныг зарна гэсэн байсан болохоор зарын дагуу худалдаж авсан бөгөөд эхлээд 2.500.000 төгрөгийг бэлнээр шилжүүлж үлдэгдэл мөнгийг нь сар болгон 500.000 төгрөгөөр өгөхөөр болсон. Тухайн үед надад зарахдаа манай эгчийн машин байгаа юмаа ямар нэг асуудал байхгүй. Мөнгө шилжүүлж дуусах юм бол гэрчилгээг нь шилжүүлээд өгчихнө. Би өөрөө унадаг хэрчсэн гурилын үйлдвэр ажиллуулж, гурилаа тараахад ашигладаг машин, мөнгөний хэрэг гараад зарж байна гэж хэлж байсан. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл мөнгийг шилжүүлж дуусгаад гэрчилгээгээ нэр дээр шилжүүлэх гэж Э-ын гар утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан болохоор машины даатгалын дэвтрийн ард М гэдэг хүний гар утасны дугаар байсан учраас залгаж машинаа шилжүүлэх гэсэн юмаа. Та хаана байнаа гэж хэлсэн чинь наад машин чинь асуудалтай. Би шилжүүлэхгүй гэж хэлсэн. Ингээд М гэдэг эмэгтэйтэй очиж уулзсан чинь миний машин машинаа авмаар байна гэж хэлэхээр нь би машинаа авчраагүй. Мөнгийг нь төлөөд дуусчихсан. Би өгөхгүй ээ. Үнэхээр авмаар байгаа юм бол миний мөнгийг өгөөд ав. Та нотариатаар Эын нэр дээр шилжүүлчих болохоор өгөхгүй. Би Э гэдэг хүнтэй л ярина гэж хэлсэн юм...” гэжээ. /1хх-ийн 117-119/

Гэрч Г.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ренчиндоржийн Батзаяа нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 84-56 ДОА улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан унаж явах нөхцөлөөр тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг манай байгууллагын нэр дээр шилжүүлж 12.250.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан авсан. Уг машин нь гаалийн бичигтэй, лизингээр манай байгууллагаас зээл гаргуулж авсан юм. Ингээд зээлдэгч Батзаяа сарын төлөлтийн хугацааг 2019 оны 11 дүгээр сард хоцроосон болохоор очиж уулзахад Т гэдэг хүнд зарчихсан байсан. Энэ талаар манай байгууллагад мэдэгдээгүй байсан. Батзаяа нэг сарын дотор зээлээ бүрэн төлж хаалгуулна гэсэн юм. 12 дугаар сард төлөлт хийхгүй , зээлээ барагдуулахгүй байсан тул түүнийг гар утсаар ажил дээрээ дуудаж уулзаад зээлээ хаа гэж хэлэхэд Т гэх эмэгтэй хүнтэй хамт ирээд дахин хугацаа хоцроохгүй, Т сар бүрийн төлөлтийг хийж явна гэж өргөдөл бичиж өгсөн юм. Энэ үедээ удахгүй зээлээ хаана Т гэх хүнд зарчихсан. Манай хамаатны эгч гэж хэлж байсан. ...2020 оны 07 дугаар сарын төлөлтөөс хойш сарын төлөлтийн хугацаа хоцорсон тул тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой уулзсан чинь Т гэдэг хүнээс М гэдэг эмэгтэй худалдаад авчихсан байсан. М гэдэг хүнд тухайн тээврийн хэрэгслийг зарсан болохыг огт мэдээгүй байсан бөгөөд машин хурааж авах үед мэдсэн байсан. Би тухайн үед ээлжийн амралттай байсан болохоор манай захирал Б.Нямбаяр хураан авсан байсан. ...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Батзаяа зээлээ хаах зорилгоор барьцаанд байсан тээврийн хэрэгслийг худалдаж зээлийн үлдэгдэл болох 10,853,700 төгрөгөөр хаасан юм. Батзаяа уг тээврийн хэрэгслийг хэнд хэдэн төгрөгөөр зарсан болохыг хэлж мэдэхгүй байна. Улаанбаатар хотод зарсан. Т гэдэг хүн Батзаяагийн өмнөөс сарын төлөлтийг төлж байсныг мэдэж байсан бөгөөд машин зарагдах үед Тд мэдэгдсэн эсэхийг мэдэхгүй...” гэжээ. /1хх-ийн 120-122/

Гэрч Б.Нямбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сард үндсэн зээлдэгч Батзаяа миний машиныг зарчихсан байна. Би зарсан хүнийг нь хайж ольё гэж хэлсэн юм. Энэ өдрөө Батзаяа надтай яриад М гэдэг хүнтэй Бумбат хорооллын урд байна. Хүрээд ирэх үү гэж хэлсэн болохоор менежер Дөлгөөний хамтаар очиж М гэдэг хүнтэй уулзахад “би энэ машиныг мөнгөө төлж авсан шүү дээ. Юу болоод байгаа юм бэ” гэж хэлэхээр нь хэн гэдэг хүнээс авсан талаар асуухад Т гэдэг хүнээс худалдаж авсан гэсэн. Тэр өдрөө Ттай очиж уулзахад манайх М гэдэг хүнд машинаа зарчихсан. Зээлээ төлөөд явж байхад хэвийн биз дээ гэж асуухад нь хугацаа хоног чинь хоцорчихсон яваад байна. Одоо дам дамандаа 3-4 хүнд машин зарагдчихсан байна. Та нар хоорондоо хийсэн наймааг мэдэхгүй байна. Зээлийн гэрээний дагуу машиныг чинь түр зогсоолд байршуулья. Зээлээ хэвийн болгоод машинаа хэн нь авдаг юм тэр хүн нь аваарай гэж хэлсэн. Э, Т хоёр Хэнтий аймаг явж шүүхээс мөнгө аваад зээлээ төлнө. Тэр болтол М эгчид өгч байж болохгүй юу гэж хэлж байсан. Энэ үеэс хойш Э, Т хоёр мөнгө төлөөгүй юм. М эгч хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгнө. Машин хэрэгтэй байна гэж байнга гуйгаад байсан болохоор 2 хоногийн дараа буцааж өгсөн юм. Ингээд 2020 оны 09 дүгээр сард сарын төлөлт хийгдээгүй учраас наад хоёр чинь мөнгөө өгөөгүй болохоор машиныг чинь дахин зогсоолд тавих хэрэгтэй байна гэж хэлсэн. ...Р.Батзаяа нь барьцааны гэрээний дагуу уг тээврийн хэрэгслийг манай өмчлөлд шилжүүлсэн байсан бөгөөд зээл төлөхгүй тохиолдолд уг тээврийн хэрэгслийг борлуулж хохирлоо барагдуулж авахаар уг гэрээнд заасан байдаг...” гэжээ. /1хх-ийн 125-127/

Гэрч Б.Уранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 сард машин авах гээд фэйсбүүкээр зар харсан чинь хувь лизингээр машин зарна гэсэн зар байсан ба тухайн фэйсбүүк хаягийг нь санахгүй байна. Би тэгэхээр нь чатаар мессежилж утсаар нь ярьсан. Тэгэхэд Т гэх хүн нь хувь лизингээр приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зарна 5.000.000 төгрөгийн урьдчилгаа болгож бэлнээр өгөөд үлдэгдэл төлбөрийг нь та гэрээ хийгээд сар сардаа өгч болно гэхээр нь сонирхсон. Тухайн үед нөхөртэйгээ хамт очиж машиныг нь үзэж байсан. Тэгэхэд Т нь нөхөртэйгөө хамт ирж байсан ба машиныг нь үзээд өглөө гэрээ хийхээр болсон. Уг машин нь  банк бус дээр байсан ба нэрийг нь санахгүй байна. Уг банк бус нь Сити центрийн барилга дотор байсан. Тэгсэн Т нь би өнөөдөр 500.000 төгрөг зээл хийх гээд байна, түр өгөөч та маргааш төлбөрөөсөө хасчих гэхээр нь манай нөхөр за ах нь та хоёрыг сайн танихгүй 500.000 төгрөгийн араас хөөцөлдөхөөс 5.000.000 төгрөгийн араас хөөцөлдье гээд би өөрийнхөө 5420104563, 5420333468 гэсэн дансны аль нэгээс нь 4.700.000 төгрөг шилжүүлсэн. ...манай нөхөр Сити центрийн банк бус руу ороод тухайн приус-30 маркийн машиныг танай дээр банк бус дээр байгаа юм байна, авах боломжтой юу гэхэд тухайн банк бусын ажилтан нь манай дээр банк бус дээр байгаа машиныг давхар дахин өөр иргэн дээр шилжүүлж болохгүй гэж хэлсэн. Уг машин нь Тын нэр дээр биш өөр хүний нэр дээр байсан. Т нь анх машин зарахдаа банк бус дээр байгаа талаар хэлсэн...” гэжээ. /1хх-ийн 129-131/

Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...М эгчийг залилсан зүйл байхгүй бөгөөд банк бус дээр байгаа гэдгээ хэлээд даатгалыг М эгчийн нээр дээр хүртэл хийж өгсөн бөгөөд М эгчийн машиныг худалдан авахдаа гэрээ хийж нотариатаар хүртэл батлуулсан юм. Тийм болохоор М эгчийг залилсан зүйл огт байхгүй...” гэжээ. /1хх-ийн 93-96, 139-142/

Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгч байхдаа болсон үйл баримтын талаар бүгдийг нь ярьсан болохоор өмнө надад танилцуулсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. М эгчийг залилсан гэж үзэхгүй байна. М эгчтэй харилцан тохиролцоод түүнд Батзаяагийн машиныг зарсан юм. Түүнээс биш М эгчийг залилсан зүйл байхгүй...” гэжээ. /1хх-ийн 145-148/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 28/

М-гийн Цагдаагийн газар гаргасан өргөдөл /1хх-ийн 29/

Зээлийн гэрээ /1хх-ийн 36-39/

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх-ийн 234/

Т-ын ХААН банкны депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд /1хх-ийн 60-62, 247-250, 2хх-ийн 1-20/

Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /1хх-ийн 68-70/

Автомашин худалдах, худалдан авах гэрээ, даатгалын гэрээний мэдүүлгийн маягт /1хх-ийн 75-78/

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 85/

Э, Т нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1хх-ийн 151-152/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 160, 166/

Шийтгэх тогтоолын хуулга /1хх-ийн 162-181/

Р.Батзаяагийн зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 224/

М-гийн ХААН банкны депозит дансны хуулга /2хх-ийн 21/

Автомашин хүлээлцэх акт /2хх-ийн 25-26/

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 138/ШШ2021/00349 дугаар шийдвэр /1хх-ийн 216-2172, 2хх-ийн 32-44/

Т, Э нарын прокурорт гаргасан өргөдөл, хавсаргасан материал /2хх-ийн 72-98/ болон шүүх хуралдаанд шинээр хохирогчийн талаас гаргаж өгсөн М-гийн дансны хуулга /1 хуудас/, шүүгдэгчийн талаас гаргаж өгсөн Р.Батзаяагийн хувийн байдалтай холбоотойгоор түүнд холбогдох эрүүгийн хэргийн тухай яллах дүгнэлт /3 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э, Т нарыг бүлэглэн “Тоёота Приус-30” маркийн 84-56 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13.500.000 төгрөгөөр М-д худалдахдаа манай ах гаалийн байцаагч хийдэг, бид хоёр гаднаас машин оруулж ирдэг хүмүүс юм аа, бид хоёр гаднаас банк бусаар дамжуулж олон машин оруулж ирсэн, банк бусууд нэг хүний нэрээр олон машин оруулахаа больчихсон зэргээр төөрөгдөлд оруулж, зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан залилсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь яллах үндэслэл болсон нотлох баримтууд болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээ төрүүлж няцаагдаж байна гэж шүүх үзлээ. Учир нь:

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан тодорхой идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хариу төлбөргүйгээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдана. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзвэл шүүгдэгч Э, Т нарын үйлдэлд залилах гэмт хэргийн дээрх үндсэн шинж тогтоогдохгүй байна.  

 Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан судлахад шүүгдэгч Э, Т нар нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Бичил глобус финанс” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан 84-56 ДОА улсын дугаартай, Тоёото Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хохирогч М-гаас 5.000.000 төгрөг бэлэн мөнгөөр, Тоёота Приус-11 маркийн тээврийг хэрэгслийг 4.500.000 төгрөгт тооцон нийт 9.500.000 төгрөгийг урьдчилгаанд авч үлдэгдэл 3.500.000 төгрөгийг 14 сарын хугацаанд М төлж барагдуулахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 13.000.000 төгрөгт тооцон зээлээр худалдаж, тэр өдрөөс хойш хохирогч М нь тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 09 дүгээр сард “Бичил глобус финанс” банк бус санхүүгийн байгууллага хураан авах хүртэл өөрийн мэдэлд байлгаж ашиглаж байснаас гадна тухайн тээврийн хэрэгслийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Мд шилжүүлэн өгөх үед “Бичил глобус финанс” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан болохыг талууд мэдэж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч М-гийн “...2019 оны 12 дугаар сарын 10-ний өдөр Facebook-д “машин хувь лизингээр зарна” гэсэн зарын дагуу Ттай утсаар холбогдож 11-ний өдөр уулзсан. Тухайн үед Т “5,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэнийг нь хувь лизингээр өгч болно” гэсэн. Өөрийнхөө Prius-11 маркийн машиныг 5,000,000 төгрөгт тооцож авбал ав гэхэд Э “4,500,000 төгрөгт тооцож авъя” гэсэн. Тэгж тохиролцоод үлдсэн 3,500,000 төгрөгийг хувь лизингээр төлөхөөр болсон. Хэрвээ тухайн тээврийн хэрэгслийг Батзаяагийн нэр дээр байсан гэдгийг мэдсэн бол хэзээ ч энэ машиныг авахгүй байсан. Энэ хоёр надад өөрсдийгөө машины ченж, ах нь гаалийн байцаагч, ах нь машин оруулж ирэхэд тусалдаг, Дорнод аймагт Prius-20, Aqua маркийн 2 машиныг хувь лизингээр зарсан гэж итгүүлсэн. Т, Э нар цүнх дүүрэн баримтнаас машины гэрээний маягт гаргаж ирж үзүүлсэн болохоор нь би үнэхээр ченж юм байна гэж итгэсэн. Би банк бус дээр машин байгааг мэдсэн гэхдээ машиныг гаалиар оруулж ирэхдээ банк бусаар дамжуулдаг гэж бодсон. Би гэрээ байгуулсан өдрөө машинаа бичиг баримтын хамт авсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Тын “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зарын дагуу М-д машинаа зарсан. Тухайн өдөр 16 цагийн орчим 5 дугаар сургуулийн хойно уулзаж ББСБ-ын зээлтэй, сардаа 625,000 төгрөг төлдөг, хувь лизингээр зарна гэдгээ хэлсэн. Тэгэхэд М эгч “би 13.500.000 төгрөгөөр 14 сарын хугацаатайгаар авна, сар бүр 250.000-350.000 төгрөг төлнө, одоо 5.000.000 төгрөг бэлэн байна” гэсэн. Маргааш өдөр нь 51 дүгээр байрны нотариат орж уулзахад "ББСБ-ын нэр дээр байгаа бол худалдах худалдан авах гэрээ байгуулж болохгүй, та нар өөрсдөө тохиролцоод хувь лизинг хийж болно” гэсэн. Тэгээд бид нар “Ган Хэрлэн” зочид буудалд гэрээ байгуулсан. ...2020 оны 7 дугаар сард 625.000 төгрөгийн төлөлтөөс 400.000 төгрөг төлж, 216.000 төгрөгийг төлөөгүй байсны улмаас М эгчээс Батзаяа, “Бичил глобус” ББСБ-ынхан 2020 оны 9 сард машиныг нь хураан авч зарсан...” гэх, Э-ын “...Би М эгчид машинаа зарахдаа ББСБ дээр байгаа гэдгийг хэлсэн. Бид нар хамт 51 дүгээр байрны нотариат руу очиход ББСБ дээр байгаа бол худалдах, худалдан авах гэрээ байгуулж болохгүй гэсэн. Тэгээд бид “Ган Хэрлэн” зочид буудлын кафед суугаад дээрх нөхцлийн дагуу гэрээ байгуулсан. Тухайн үед бид хоёр хувиараа бизнес эрхэлж байсан учраас дэлгүүрийн тайлан тооцооны бичиг баримт авч явсан. Тэрнээс биш ахыгаа гаалийн байцаагч, бид машин оруулж зардаг гэж хэлээгүй. Өмнө өөрийнхөө унаж байсан Prius-20 маркийн машиныг хувь лизингээр зарж, тэр хүн зээл төлөөд ББСБ-аас машиныг авч байсан. Би машины бизнес хийж үзээгүй. Боломжгүй болохоороо хүнээс хувь лизингээр машин авч байсан. Батзаяа бид нараар ББСБ-аас авсан зээлээ төлүүлчихээд машинаа хураалгаж биднийг хохирооно гэж бодоогүй...” гэх, гэрч Б.Нямбаярын “...Т-тай очиж уулзахад манайх М гэдэг хүнд машинаа зарчихсан. Зээлээ төлөөд явж байхад хэвийн биз дээ гэж асуухад нь хугацаа хоног чинь хоцорчихсон яваад байна. Одоо дам дамандаа 3-4 хүнд машин зарагдчихсан байна. Та нар хоорондоо хийсэн наймааг мэдэхгүй. Зээлийн гэрээний дагуу машиныг чинь түр зогсоолд байршуулья. Зээлээ хэвийн болгоод машинаа хэн нь авдаг юм тэр хүн нь аваарай гэж хэлсэн. ...М эгч хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгнө. Машин хэрэгтэй байна гэж байнга гуйгаад байсан болохоор 2 хоногийн дараа буцааж өгсөн юм. Ингээд 2020 оны 09 дүгээр сард сарын төлөлт хийгдээгүй учраас машиныг дахин зогсоолд тавьсан...” гэх мэдүүлэг, Т, Э, М нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, гэрээний хавсралт, М-гийн ХААН банкны депозит дансны хуулга, автомашин хүлээлцэх акт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Э, Т нар нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийг хохирогч Мд худалдахдаа тохиролцсон ёсоор тээврийн хэрэгслийг бичиг баримтын хамт түүнд шилжүүлэн өгсөн бөгөөд хүлээлгэн өгснөөс хойш тодорхой хугацаанд Э, Т нар нь Р.Батзаяагийн “Бичил глобус финанс” ББСБ-д төлбөл зохих зээлийг төлж байснаас гадна Р.Батзаяа нь тээврийн хэрэгслийг зарж зээлийг хаах хүсэлт гаргаж “Бичил глобус финанс” ББСБ машиныг хураан авснаас М-г 9.500.000 төгрөгөөр хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Р.Батзаяагийн “...2020 оны 09 дүгээр сард “Бичил глобус” ББСБ-аас залгаад “Э, Т нар манай байгууллагыг чамтай нийлээд луйвар хийсэн гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Зээлийн гэрээг цуцлах шаардлагатай байна. Зээлээ төлж дуусга” гэж хэлсэн. Э, Т хоёр руу буцаагаад яръя гэсэн боловч намайг шүүхэд өгчихсөн учраас яриагүй. Ингээд 2020 оны 10 дугаар сард Улаанбаатар хот очиж машинаа зарсан юм...” гэх, гэрч Б.Нямбаярын “...2020 оны 09 дүгээр сард сарын төлөлт хийгдээгүй учраас наад хоёр чинь мөнгөө өгөөгүй болохоор машиныг чинь дахин зогсоолд тавих хэрэгтэй байна гэж хэлсэн. ...Р.Батзаяа нь барьцааны гэрээний дагуу уг тээврийн хэрэгслийг манай өмчлөлд шилжүүлсэн байсан бөгөөд зээл төлөхгүй тохиолдолд уг тээврийн хэрэгслийг борлуулж хохирлоо барагдуулж авахаар уг гэрээнд заасан байдаг...” гэх,  гэрч Г.Дөлгөөний “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Батзаяа зээлээ хаах зорилгоор барьцаанд байсан тээврийн хэрэгслийг худалдаж зээлийн үлдэгдэл болох 10,853,700 төгрөгийг хаасан юм. Батзаяа уг тээврийн хэрэгслийг хэнд хэдэн төгрөгөөр зарсан болохыг хэлж мэдэхгүй байна. Улаанбаатар хотод зарсан. Т гэдэг хүн Батзаяагийн өмнөөс сарын төлөлтийг төлж байсныг мэдэж байсан бөгөөд машин зарагдах үед Тд мэдэгдсэн эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг, Р.Батзаяагийн зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Тын ХААН банкны депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд, Р.Батзаяа, “Бичил глобус” ББСБ-аас Тд 5.764.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зэрэг баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Э, Т нарт хохирогч М-г залилах санаа сэдэлт зорилго байгаагүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн иргэд хүсэл зоригоо илэрхийлж Иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн гэрээний харилцаа, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, эцэст нь эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Э, Т нарын хохирогч М-д 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжгүй байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Э, Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хохирогч М-гийн 9.000.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, М нь дээрх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э, Т нар нь цагдан хоригдоогүй, хохирогч М-д 500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Э, Т нарт буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлийн 2, 3, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ...... овогт Э, ....... овогт Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э, Т нарыг цагаатгасугай.

2. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э, Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч М-гийн 9.000.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, М нь дээрх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э, Т нар нь цагдан хоригдоогүй, М-д 500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Э, Т нарт буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ПАГМА