| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/00150/И |
| Дугаар | 146/ШШ2017/00179 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 146/ШШ2017/00179
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1958 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг “Зөрүүлэг” гэх газар оршин суух, ЙБ58052316 регистрийн дугаартай, Гал овогт Амгалангийн Балгандонгоогийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Балгандонгоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...А.Балгандонгоо миний бие 1973 оны 05 сард ерөнхий боловсролын 7-р ангийг төгсч МХЗЭвлэлийн илгээлтээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн үйлдвэрт 1975 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс туслах барилгачин, малчнаар 1992 оны 05 дугаар сарын 03-нд нэгдэл тарах хүртэл ажилласан. Иймээс 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд туслах барилгачин, малчнаар ажилласан хугацааг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Балгандонгоогийн хүсэлтээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. А.Балгандонгоо нь 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ажиллаж байсан. Уг хугацаандаа барилга дээр болон туслах үйлдвэрт ажиллаж байгаад сүүлд үхэрчнээр ажиллаж байсан. А.Балгандонгоогийн тухайн үед ажиллаж байсан байдлын талаарх лавлагаа, бичиг баримт нь Өвөрхангай аймгийн Архивын тасгаас хангалтгүй гарсан. Үйлдвэрчний эвлэлийн батлах болон бусад баримтуудыг авч ирж өгсөн. Иймд А.Балгандонгоогийн 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Балгандонгоо нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн үйлдвэрт 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 03-ний өдөр хүртэл туслах барилгачин, малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч А.Балгандонгоо нь 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 он хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сар хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд барилгачин, ногоочин, ачигч, буулгагчаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Нэхэмжлэгч А.Балгандонгоог Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд барилгачин, ногоочин, ачигч, буулгагчаар 1975, 1977, 1978, 1979, 1984, 1985, 1989 онуудад ажилласан ажлын хөлсийг түүвэрлэсэн Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 149 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай “Ажлаас өөрчилж ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн даргын 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай “Илгээлтээр нэгдлийн үйлдвэрлэлд ажиллах залуучуудыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, 1975 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Г.Балгандонгоод олгогдсон №319304 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл, гэрч Б.Оюунчимэгийн “...Манайх 1980 онд Архангай аймгийн “Ширдэгийн гол” гэдэг газар өвөл зунгүй отор нүүдэл хийдэг байсан. Ерөнхийдөө А.Балгандонгоотой манайх айл саахалт байдаг байсан ба 16 настайдаа анх би гэр бүл болж байсан. Манай нөхөр А.Балгандонгоо 1973 онд илгээлтээр нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсныг нь мэдэх бөгөөд “Батзам” нэгдэлд 1980 оноос эхлэн хамт ажиллаж эхэлсэн. А.Балгандонгоо нь 1973 оноос 1980 он хүртэл “Батзам” нэгдлийн туслах үйлдвэрт барилгын ажил мөн хадлангийн механик салаанд ажилладаг байсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1980-1992 оныг дуустал малчнаар ажилладаг байсан. “Батзам” нэгдэл нь 1992 онд хувьчлагдсан бөгөөд бид хоёр нэгдэл тартал хамт ажиллаж байгаад хувьдаа мал авч гарч байсан...”, гэрч Г.Дондогсэрчингийн “...Миний бие 1976 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн Зөрүүлэгийн бригдад бригадын даргаар ажиллаж байхад А.Балгандонгоо нь 1982 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлд малчнаар ажиллах болсон. Цэрэгт явахаасаа өмнө юу хийж байсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан эхтэйгээ хамт “Батзам” нэгдэлд ажиллаж байсан. 1982 онд цэргээс халагдаж ирсэн залуучуудад нэгдлээс мал өгч ажиллуулдаг байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл Зөрүүлэгийн бригад, Улаан амын бригад гэсэн хоёр бригадтай байсан бөгөөд А.Балгандонгоо нь Зөрүүлэгийн бригадад үхэрчнээр ажилладаг байсан. Өвөрхангай аймгийн “Батзам” нэгдлийн Зөрүүлэгийн бригадад ажиллаж байх хугацаандаа А.Балгандонгоо нь улсын аварга хадланч, хадлангийн аварга гэсэн шагналыг 2 удаа тус тус авч байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэл нь 1992 оны 06 дугаар сард хувьчлагдсан бөгөөд тэр үед ажлаасаа гарсан...”, гэрч Н.Дуламсүрэнгийн “...Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1979 оны 09 дүгээр сараас 1992 оны 04 дүгээр сар хүртэл малчнаар ажиллаж байсан бөгөөд А.Балгандонгоо нь намайг ажилд орох үед малчнаар ажиллаж байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 2 бригадтай байсан бөгөөд А.Балгандонгоо бид хоёр 2 дугаар бригадад хамт ажилладаг байсан. Бод ихэвчлэн малладаг. Тухайн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн даргаар Г.Очир, Болдбаатар, Батчулуун гэдэг дарга нар ажилладаг байсан. Харин Г.Дондогсэрчин нь тоо бүртгэгч, бригадын даргаар ажиллаж байсан. 1992 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Бат-зам” нэгдэлд хувьчлагдсан бөгөөд нэгдэлд ажиллаж байсан зарим малчид хувьдаа мал авч гарч байсан. Тэр үед А.Балгандонгоо нь нэгдлээс хувьдаа мал авч гарч байсан...” гэсэн мэдүүлэгүүд, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Гал овогт Амгалангийн Балгандонгоог 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 он хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сар хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд барилгачин, ногоочин, ачигч, буулгагчаар тус тус ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 он хүртэл, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ажиллаж байсан нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэх гаргах эрхийг нээлттэй үлдээв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь хуульд нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Гал овогт Амгалангийн Балгандонгоог Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 он хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сар хүртэл барилгачин, ногоочин, ачигч, буулгагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Балгандонгоогийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь 1980 оноос 1984 он, 1989 оноос 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаж байсантай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА