Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2017/00047/И |
Дугаар | 146/ШШ2017/00114 |
Огноо | 2017-03-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 146/ШШ2017/00114
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 4 дүгээр баг, “Зөрүүлэг” гэх газар оршин суух Цогт овогтой Дуламын Чимгээгийн /РД:ЙБ66060823/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Чимгээ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие нь 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, мөн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарыг дуустал “Батзам” нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд намайг 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарыг дуустал “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ... Д.Чимгээ миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би Бат-Өлзий суманд амьдардаг. Цас их орсон нааш цааш явах боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Чимгээ нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Д.Чимгээ нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, мөн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 681 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай тогтоол Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн 1985, 1986 оны цалингийн 70 дугаар маягтийн хуулбарууд, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч Насрайж овогтой Довдонгийн Мягмар нь “...Би 1971 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Чимгээ нь 1983 оны 01 дүгээр сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1992 оны 05 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Д.Чимгээ нь төрийн одон медаль авч байгаагүй. Д.Чимгээ нь сайн малчин байсан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Уртнасан овогтой Даш-Очирын Мөнхбаяр “...Би 1986 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн ахуй үйлчилгээний газарт борлуулагч, няраваар ажиллаж байсан. Д.Чимгээ нь 1983 оны 01 дүгээр сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1992 оны 05 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Д.Чимгээ нь манай аав ээжтэй айл саахалт байдаг байсан. Д.Чимгээ нь төрийн одон медаль авч байгаагүй. Д.Чимгээ нь сайн малчин байсан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Чимгээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Мөн хүсэлт гаргагч Д.Чимгээ нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цогт овогтой Дуламын Чимгээг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, мөн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Чимгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА