Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 115/ШШ2020/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх  хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: “К б” ХХК д БЭХА-ийн нэхэмжлэлээр,

        Хариуцагч: ДГА-ийн З-Үүд сумын ЗД /Н.А/-д холбогдуулан үүсгэсэн

         Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/261 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах  шаардлага бүхий  нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-Э, Д.Г, хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхуяг нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/261 дүгээр “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шуудангаар ирүүлснийг хүлээн авсан.

           Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй”, Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.1 дэх хэсэгт “Банкны эрх хүлээн авагч банкийг төлөөлөх, удирдах эрхтэй” гэж заасныг тус тус үндэслэн энэ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байна.

         “К б” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилохоос өмнө болсон үйл явдал:

          “К б” ХХК нь хэвийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2008 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт, 1 дүгээр баг, Соёмбо цогцолборын урд талд байрлах, нэгж талбарын 4401010485 дугаар бүхий 1 /нэг/ га газрыг нээлттэй дуудлага худалдаанд оролцон ялагч болж, Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/110 тоот 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон.

          Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зургийг Капитал банкинд шуудангаар хүргүүлсэн боловч шуудан замдаа гэмт халдлагад өртөж илгээмж Капитал банкинд хүргэгдээгүй.

         Үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 000325037 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгосон нь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын албанд эх хувиар хадгалагдаж байна.

         Харин газар эзэмшүүлэх гэрээг байгуулаагүй, кадастрын зургийг дахин олгоогүй байна.

          “К б” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон болон банкны эрх хүлээн авагчийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, түүний үйл ажиллагааны тухайд: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай тушаалаар банкны төлбөрийн чадвар хэвийн үйл ажиллагаа алдагдсан Капитал банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаартай тушаалаар Банкны эрх хүлээн авагч томилсон.

          Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Капитал банк, банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн.

         Банкны эрх хүлээн авагч Капитал банкны удирдлага, актив, хөрөнгийг өөрийн хяналтад хүлээн авсан.

          Банкны эрх хүлээн авагчийн хүлээн авсан тайлан тэнцлийн үндсэн хөрөнгөнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2010 оны А/110 дугаар захирамжаар олгосон Замын-Үүд сумын 1 дүгээр багт /Соёмбо цогцолборын урд байршилтай 10,000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх 1,536,220,000.00 /нэг тэр бум таван зуун гучин зургаан сая хоёр зуун хорин мянга/ төгрөгөөр бүртгэлтэй байсан.

          Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу Банкны хөрөнгийг худалдан борлуулах үүрэгтэй бөгөөд хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос тус зүйлд заасан дарааллын дагуу банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах чиг үүргийн дагуу ажиллаж байна.

        Энэ хохиролд төр, түүний байгууллагуудын Капитал банкинд харилцах, хадгаламж хэлбэрээр байршуулсан онц их хэмжээний хохирол багтаж байгаа бөгөөд төрөөс энэ байдалд онцгой анхаарал хандуулж Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яамны төлөөллийг оролцуулсан байгааг дурдах нь зүйтэй байна.

            Капитал банкны хохирогчдоос хохирлоо бүрэн барагдуулж авах эсэх нь банкны хөрөнгийг худалдан борлуулах үйл ажиллагаатай шууд хамааралтай бөгөөд Капитал банкны эзэмшлийн дээрх газар эзэмших эрхийг цуцалж, Банкны эрх хүлээн авагчаас худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болгох нь хохирогчдын хохирлоо барагдуулан авах боломжийг мөн дүнгээр бууруулах үр дагаврыг шууд үүсгэж байна. 

            Банкны эрх хүлээн авагчаас авсан арга хэмжээний тухайд:

          1. Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 329 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” албан бичгээр Дорноговь аймгийн Засаг дарга Т.Э-д газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгөх тухай хүсэлтийг гаргасан.

           2. ДГА-ийн Засаг дарга Т.Э хүсэлтийг Замын-Үүд сумын Засаг дарга Н.А-т 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/949 дугаартай албан бичгээр шилжүүлсэн.

        3. Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 05 дугаар  сарын 30-ны өдрийн 589 дугаартай “Хүсэлт уламжлах тухай албан бичгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Н.А-т газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунган өгөх тухай хүсэлтийг хүргүүлсэн.

         4. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр газрын талаар хэлэлцүүлэг байгуулагдахад төлөөлөгчийг оролцуулсан. Хэлэлцүүлэгт газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гарсан тул баталгаажихаас өмнө мэдэгдэх зорилготой зохион байгуулагдсан гэх бөгөөд Банкны эрх хүлээн авагч нь газрыг эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт хийж ашиглах эрх зүйн чадамж, боломжгүй гэж үзсэн учраас газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гарсан талаар мэдээлсэн.

         5. Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 772 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Н.А-т газрын талаарх хэлэлцүүлэгт яригдсан асуудлын талаар мэдээлэл хүргүүлсэн.

         6. Гэвч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/261 дүгээр “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шуудангаар ирүүлснийг хүлээн авсан.

         Захирамжийг хүчингүйд тооцуулах эрх зүйн үндэслэлийн тухайд:

      1. “Капитал банк” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны тухай хуульд заасны дагуу Банкны эрх хүлээн авагчид 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн шилжсэн. Гэвч Капитал банкинд Банкны эрх хүлээн авагч томилогдсон гэх нөхцөлөөр газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь Банкны эрх хүлээн авагчид газар эзэмших эрхийн талаар шийдвэр гаргах боломж бололцоог олгосонгүй. Нөгөө талаар банкинд үүсээд байгаа нөхцөл байдал, хадгаламж эзэмшигч харилцагч иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажиллагаа гүйцэтгэж байгаа нөхцөл байдлыг удаа дараа тайлбарлаж байсан боловч хүлээж авсангүй.

         2. Хариуцагчаас захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр гаргасан. Харин 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгож байсан байдаг.

        Энэ нөхцөл байдал нь хариуцагчаас  газар ашиглах эрхийн гэрчилгээг нөхөж олгож байгаа нь эрх бүхий этгээдээс тухайн үед “газраа хуульд заасан хугацаанд ашиглаагүй” бодит байдлыг хүлээн зөвшөөрч, эрх олгосон гэж үзэхээр байна.

        3. Хариуцагчаас 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгохдоо “Газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулаагүй, өнөөдрийн байдлаар Банкны эрх хүлээн авагчид энэ гэрээ байхгүй байна. Газар эзэмших эрхийн хугацааг газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш биш харин газар эзэмших гэрээ байгуулсан өдрөөс хойш тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

      Учир нь Газар эзэмших гэрээг байгуулснаар гэрээний талуудын хүлээх үүрэг, эдлэх эрх тодорхойлогдох ёстой. Хэрэв газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан бол түүнийг дүгнэх, газар эзэмшигчид гэрээг дүгнүүлэх мэдэгдлийг хүргүүлэх ажиллагааг хийх байсан.

         4. Капитал банкнаас эзэмших газрыг тойруулан нийт 400 метр урт төмөр хашаа, хайсыг барьж, зардал гарсан байдлыг анхааран үзсэнгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

          Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/96 дугаартай тушаалаар “Капитал банк” ХХК-ийн төлбөрийн чадвар, хэвийн үйл ажиллагаа алдагдсан тул хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөн хөрөнгийг хангах зорилгоор “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Мөн өдрийн А/97 дугаартай тушаалаар “Капитал банк” ХХК-д Банкны эрх хүлээн авагчаар М.А-ийг томилж, Банкны эрх хүлээн авагчид банкийг татан буулгах ажиллагааг гүйцэтгэхийг үүрэг болгосон.

           Энэ дагуу Банкны тухай хуулийн 68.3-д зааснаар “Капитал банк” түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас “Капитал банк” ХХК-ийн удирдлага, актив хөрөнгийг өөрийн хяналтад хүлээж авсан. Ийнхүү хүлээн авсан тайлан, тэнцлийн үндсэн хөрөнгөд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2010 оны  А/110 дугаар захирамжаар олгосон Замын-Үүд сумын 1-р баг Соёмбо цогцолборын урд талд байршилтай, 10000 м2 талбай бүхий газрыг зэмших эрхийг “Капитал банк”-ийн тайлан тэнцлийг бүртгэх хэсэгт газрыг 1 тэрбум 536 сая 220 мянган төгрөгөөр бүртгэсэн байсан.

          ДГА-ийн Замын-Үүд сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/261 дүгээр захирамжийг Банкны эрх хүлээн авагч нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шуудангаар ирүүлснийг хүлээн авсан. Асуудлыг судлан үзэхэд “Капитал банк” ХХК-ийг хэвийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2008 онд, нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа газар эзэмших эрх болох нэгж талбарын 440101010485 дугаар бүхий 1 га газрыг тус банк нээлттэй дуудлага худалдаанд оролцон ялагч болж, сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/110 тоот захирамжаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

          Тухайн үед Засаг даргын тамгын газраас газар эзэмших эрхийн гэрчилгээг “Капитал банк” ХХК-д шуудангаар хүргүүлсэн боловч замдаа гэмт халдлагад өртөж, “Капитал банк” ХХК-д хүргэгдээгүй бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 000325037 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгосон нь Банкны эрх хүлээн авагчийн ажлын албанд эх хувиар хадгалагдаж байна. Харин газар эзэмшүүлэх гэрээ болон кадастрын зураг байхгүй байна.

          “К б” ХХК-аас тухайн газарт 400 метр орчим урттай төмөр хашааг 12 орчим сая төгрөгөөр барьж байгуулсан. Одоогийн байдлаар 7.934.300 төгрөгийн үлдэгдэл өртөгтэй байна. Банкны эрх хүлээн авагч нь ямар үйл ажиллагаа эрхэлж байгаа вэ гэхээр Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар банкны актив хөрөнгийг төлөөлнө, зээл авлагыг төлөөлнө, нөгөө талд хөрөнгийг худалдан борлуулах энэ орлогоос Банкны тухай хуулийн дараалалд заасан хохирогч нарын хохирлыг барагдуулах зэрэг үүргийг тус тус гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл Капитал банкны хохирогч нар хохирлоо барагдуулж авах эсэх нь Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаатай шууд хамааралтай байна. Эндээс хохирлыг барагдуулах ажиллагаа нь үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэн газрын мөнгөн дүнгээр буурах эрсдэлийг үүсгэж байна.

          Захирамжийг хүчингүйд тооцуулах эрх зүйн үндэслэлийн тухайд “Капитал банк” ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан томилогдсон өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс уг эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Гэвч “Капитал банк” ХХК-ийг татан буулгаж, Банкны эрх хүлээн авагч томилогдсон гэх нөхцөлөөр газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь Банкны эрх хүлээн авагчид газар эзэмших эрхийн талаар аливаа шийдвэр гаргах боломж бололцоог олгосонгүй. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс үүсээд байгаа нөхцөл байдал болон ямар үйл ажиллагаа явуулах гэж байгааг захиргааны байгууллагад удаа дараа бичгээр тайлбарлаж хүргүүлж байсан.

         Гэтэл газар эзэмших эрхийг цуцалж байгаа үндэслэлээ Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан ”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл гаргаад байгаа. Ер нь Газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл нь 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр анх бүрдэж байсан гэж үзэж байна. Гэвч энэ үеэс хойш 2018 оныг хүртэл 6 жил гаруй хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах шийдвэр гаргах эрхийг хариуцагчаас хэрэгжүүлж байгаагүй.

         Харин 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгож байсан. Энэ нөхцөл байдал нь өөрөө эрх бүхий этгээдээс тухайн үед газраа хуульд заасан хугацаанд ашиглаагүй гэх бодит байдлыг хүлээн зөвшөөрч эрх олгосон гэж үзэхээр үндэслэл харагдаж байна. Дараагийн үндэслэл нь гэвэл  хариуцагчаас газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгохдоо газар эзэмшүүлэх гэрээг байгуулаагүй байдаг. Хэрэгт авагдсан байгаагаар хамгийн сүүлд 2011 оны 11 дүгээр сарын 04-нд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байдаг, гэтэл энэ гэрээ нь хуульд зааснаар нэг жилийн хугацаатай.

         2017 онд өмнөх газар эзэмшихийг цуцлаад дахин захирамж гаргаж сэргээж байсан ба энэ захирамжийн 3 дахь заалтад дээрх газар эзэмшигчтэй газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулахыг даалгаж байсан боловч энэ заалт хэрэгжээгүй байна. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээг эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс биш харин газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан өдрөөс тооцох ёстой байсан бөгөөд гэрээ байгуулагдсанаар гэрээний талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг тодорхойлогдоно. Мөн гэрээ байгуулсан бол түүнийг жил бүр дүгнэх ёстой. Энэ дагуу газар эзэмшигчид гэрээг дүгнүүлэх ажиллагааг мэдэгдэх ёстой байсан ч хариуцагчаас үүнийг хийгээгүй. Түүнчлэн “Капитал банк” ХХК -аас тодорхой хэмжээний зардал гаргаж газрыг төмөр хашаагаар бүрэн хашаажуулсан байгааг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан.

         Банкны эрх хүлээн авагчид банкыг татан буулгахтай холбоотой үйл ажиллагааг гүйцэтгэхийг даалгасан бөгөөд албадан татан буулгах ажиллагаа нь Монголбанкны ерөнхийлөгчийн А/96 дугаар тушаалд зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл тогтоосон байна. Гэтэл “Капитал банк” ХХК нь татан буугдсан байгаа  гэж үзвэл өнөөдөр бид энд зогсохгүй байсан. Банкны эрх хүлээн авагч ямар ажиллагаа хийж байна гэхээр банкны актив хөрөнгийг хүлээж аваад, нөгөө талд нь буюу хохирогч, хадгаламж эзэмшигчдийн өр төлбөрийг өгөөд энэ  ажиллагаа дуусгавар болох тохиолдолд Банкны эрх хүлээн авагчийн хэрэгжүүлэх арга хэмжээ дуусгавар болж уг хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдана. Хууль зүйн үндэслэлээр бол компани татан буугдсан гэдгийг хэзээ үзэх вэ гэхээр Компанийн тухай хуулийн 29-д зааснаар компанийг улсын бүртгэлээс хассанаар түүнийг татан буугдсанд тооцно.

         Банкны эрх хүлээн авагчийн хувьд өнөөдөр Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дарааллаар явж байна. Үүний өмнө шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээж аваад мөн хуулийн 71 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг явуулж, дараа нь энэ талаар Банкны эрх хүлээн авагчаас шийдвэр гаргах 90 хоногийн хугацаа бас байдаг, ингээд төлбөр барагдуулах ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явуулдаг.

          Төлбөрийг барагдуулахтай холбогдон тайлбарлахад Банкны эрх хүлээн авагчид банкны эд хөрөнгийг захиран зарцуулах эрх шилжсэн байгаа гэхдээ үүнийг худалдан борлуулах гэсэн агуулгаар шууд ойлгох бас боломжгүй. Ер нь бол  банкны эрх хүлээн авагч нь банкны бүх хөрөнгийг худалдан борлуулсан, хуваарилсан, шилжүүлсний дараа Банкны тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар банкийг татан буулгах үйл ажиллагааны тайланг Монголбанкинд хүргүүлж, тэндээс уг тайланг батлах юм бол энэ тухай шийдвэрийг шүүхэд хүргүүлээд, олон нийтэд мэдээлж, банкийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулах тухай эрх бүхий байгууллагад мэдэгдээд, банкны эрх хүлээн авагчийн үүрэг дуусгавар болно.        

         Иймд “Капитал банк” ХХК татан буугдсан гэж хариуцагч талын ярьж байгаа тайлбар үндэслэлгүй ба “Капитал банк” ХХК нь хуулийн этгээдийн хувьд байж байгаа, ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг  нь л хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл бусад банк шиг зээл олгохгүй бөгөөд харин банкны хэвийн үйл ажиллагаа явагдаж байсан үеийн гэрээний үүргийг шаардах, өр төлбөрийг барагдуулах гэсэн ажиллагаа хийгдэж байгаа.

          Банкны тухай хуулийн 69.1.2-т зааснаар Банкны эрх хүлээн авагч нь банкийг төлөөлөх, банкийг удирдах эрхтэй гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм. Хэрэгт авагдсан баримтаар “Капитал банк” ХХК-ийн эзэмшил бүхий газар нь газар эзэмших эрхийн дуудлага худалдаагаар 199 сая 489 мянган төгрөгөөр дуудлага худалдааны ялагч болон худалдаж авсан нь тодорхой байдаг бөгөөд энэ мөнгө нь олон нийтээс татан авсан харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгө юм, гэтэл 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн  хэлэлцүүлгийн протоколоос үзэхэд тус банк нь барилга, байшин барих боломжгүй болсон гэж үзсэн байдал харагддаг, тус хэлэлцүүлгээс 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор цаашид ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар холбогдох баримтаа ирүүл гэсэн шаардлага тавьсан.

          Гэтэл Банкны эрх хүлээн авагч нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны дотор банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж буй этгээдэд нэхэмжлэлээ ирүүлэх талаар зарлан хуульд заасан 60 хоногоор тогтоож, нэхэмжлэлүүд энэ дагуу ирсэн. Үүний дараа мөн Банкны тухай хуульд зааснаар 90 хоногийн дотор Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэлийн дарааллаа тогтоох ажиллагаа хийгдсэнээр Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу төлбөр барагдуулах ажиллагаа явагдаж байтал 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн газар эзэмших цуцлах тухай захирамж гарсан байна.

       Банкны эрх хүлээн авагчийн хувьд банкны хөрөнгийг  худалдахыг эрмэлзэх ёстой, хэрэв худалдагдахгүй бол төлбөр авагчид буюу төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн өр төлбөрийн тодорхой хэсэгт тухайн хөрөнгийг тооцуулж өгөх эсвэл өөр худалдан авахыг сонирхож байгаа этгээдэд худалдаж, эргээд хохирогчдын өр, төлбөрийг барагдуулах гэх мэт ажиллагааг явуулна. Энэ дагуу банкны хөрөнгөнд бүртгэлтэй газрыг шууд худалдах гэдгээр биш Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд зааснаар газар эзэмших эрхийг бусад этгээдэд шилжүүлэх эрхийг хуулиар хязгаарлаагүй. Энэ нь зөвхөн газар эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр хэрэгжих үйл ажиллагаа юм. Гэтэл энэхүү эрх шилжүүлэх журмаар тодорхой төлбөр авагч этгээдүүдтэй тохирч тэдгээрийн төлбөрт тооцон газар эзэмших эрхийг шилжүүлэх замаар борлуулах боломжит хугацааг олгоогүй.

         Хариуцагч нь мөн гэрээг сунгах хүсэлтийг ирүүлж байгаагүй гэдэг, хэрэгт газар эзэмшүүлэх 2 гэрээ бий, гэтэл Газрын тухай хуулиар ч тэр гэрээгээр ч тэр гэрээ сунгагдах ойлголт байхгүй ба харин гэрээ бол нэг жилийн хугацаатай байгуулагдаж  жил бүр дүгнэгдэж явах зохицуулалттай бөгөөд түүнийг газрын алба хэрэгжүүлэх ёстой байдаг. Хэрэгт авагдсан материалаас харахад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2030 он хүртэл хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталсан байдаг бөгөөд гэтэл төлөвлөгөөг баталснаас хойш 2017 онд  “Капитал банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж, дахин сэргээж, гэрчилгээг нөхөж олгох ажиллагаанууд хийгдсэн. Гэтэл дээрх төлөвлөгөөтэй холбогдуулан тухайн газар нь цэвэр усны эх үүсвэр болох нөөц газартай давхцаж байгаа талаар хариуцагч талаас тайлбарлаж байна, тэгвэл тухайн үед яагаад энэ асуудлыг тавиагүй юм бэ.

       Шүүхээс тухайн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл хэрэгт байна, кадастрын зураг дахь тэмдэглэгээгээр бол нэгээс дөрөв хүртэлх цэг л харагддаг. Гэтэл 5-р цэг манай кадастрын зурагт байхгүй байгаа ба зөвхөн цэвэр усны нэгдүгээр үүсвэрийн булангийн цэг гэж л харагдаж байна. Ер нь “Капитал банк” ХХК-ийн хуучин удирдлагуудын үед газрыг цуцалж, түүнийгээ тодорхойгүй үндэслэлээр сэргээж байсан атлаа Банкны эрх хүлээн авагч томилогдоод, банкны үйл ажиллагаа явуулахгүй гэхээр бид нар газраа авна, өөр юм хийнэ гэсэн байдлаар хандаж байгаа нь захиргааны байгуулагын нүүр харсан үзэмж гэж ойлгож байна. Төрийн алба нь эмх, цэгцтэй байж, хууль журамын дагуу явж байх ёстой. Гэвч захиргааны байгууллагын хувьд маш их алдаатай процесс явагдаж, алдаа болгоныг бичиглэлийн алдаа гаргасан, андуурсан байна гэж халхавчилж байна.  

            “Капитал банк” ХХК-ийн төлбөрийг барагдуулж, бусдыг хохиролгүй болгох асуудал Банкны эрх хүлээн авагчаас шалтгаалах тул түүний хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа үндэслэлтэй, иймд нэхэмжлэгч Банкны эрх хүлээн авагчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний А/261 дүгээр “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагаар нэхэмжилж байгааг дэмжиж байна, уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

          Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Замын-Үүд сумын Засаг даргын 2019 оны А/11 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан мөн бусад хэлбэрээр дур мэдэн эзэмшсэн, газар эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зориулалтын бусаар ашигласан зөрчилтэй нэгж талбаруудыг судлан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрийн мөрөөр тодорхой арга хэмжээг авч ажилласан. Энэ хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн дагуу газар эзэмшигч “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид сонсох ажиллагааны урилгыг хүргүүлэн дээрх ажлын хэсгийн шийдвэрлэлтийг танилцуулсан нь захирамжийн хууль зүйн үндэслэлд багтсан болно.

        Өөрөөр хэлбэл сумын Засаг даргын 2019 оны А/261 дугаартай “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж гаргасан захирамж.

          Үндэслэлийн талаарх тайлбар:

         1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.16 дахь заалтыг үндэслэн 4401010485 нэгж талбар бүхий 000325037 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож буй үндэслэл нь:

          Анх “Капитал банк” ХХК нь сумын Засаг даргын 2008 оны 73 дугаар захирамжаар 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, хилийн цогцолбор чиглэлийн автозамын баруун талд “Ногоон байгууламж бүхий өндөр зэрэглэлийн зочид буудал” барих зориулалтаар 10000 м2 хэмжээ бүхий газрыг эзэмшиж эхэлсэн байдаг.

          Газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ирсэн нь сумын Засаг даргын 2017 оны А/08 дугаартай “газар эзэмших эрх цуцлах тухай”, 2017 оны А/91 дугаартай “Газар эзэмших эрх сэргээх тухай” захирамжууд, эзэмшил газрын байгаа бодит байдал зэргээр тогтоогдож байна.

         2. “Капитал банк” ХХК нь газрыг “Ногоон байгууламж бүхий өндөр зэрэглэлийн зочид буудал” барих зориулалтаар эзэмшиж байсан тул тухайн газарт баригдсан төмөр шон, хашаа нь зориулалтын дагуух хөрөнгө оруулалтын ажил гэж үзэхгүй, уг асуудал нь цаашид Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болохтой зэрэгцэн хуулийн 41 дүгээр зүйлийн 1, 4-т заасны дагуу шийдвэрлэгдээд явах зохицуулалт бүхий харилцаа болно.

         Дээрх нөхцөл нь бодит байдалд тогтоогдож байгаа тул түүнд үндэслэн гарсан сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/261 дугаар “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчаас Замын-Үүд сумын Засаг даргын 2019 оны 261 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцсан. “Капитал банк” ХХК-ийн хувьд эзэмшиж байсан газраа тойруулан нийт 400 метр гаруй урт хашаа, хайс барьсан байгаа. Гэхдээ Замын-Үүд сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар захирамжаар анх ногоон байгууламж бүхий өндөр зэрэглэлийн зочид буудал барих зориулалтаар 10000 метр квадрат газрыг эзэмшүүлсэн байдаг.

           Гэтэл “Капитал банк” ХХК нь газар эзэмшүүлэх захирамж гарснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй учраас Замын-Үүд сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ний А/69 тоот захирамж, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний А/08 дугаартай захирамжаар тус тус хүчингүй болгосон шийдвэр гарч байсан боловч цаашид газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой гэж үзэн сэргээж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр боломж олгож газар эзэмших эрхийг 2 удаа сэргээж боломж олгож хамтарч ажиллаж байсан. Үүнээс хойш буюу 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг сэргээснээс хойш мөн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/261 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргасан.

          Эзэмшил газраа хашаажуулсныг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчээс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгосон нь газараа хуульд заасан хугацаанд ашиглаагүй бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно гэж байна. Гэтэл газрын гэрчилгээг нөхөн олгосон явдал нь өмнө нь олгосон газрын гэрчилгээг үрэгдүүлсэн байснаар Засаг даргын 2010 оны А/110 дугаар шийдвэрийн дагуу сэргээгдсэн байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг үрэгдсэн, гэмтсэн талаарх нотлох баримтыг судалж, газрын гэрчилгээг “нөхөн олгов” гэсэн тамга, дардас дарж нөхөн олголт хийгдсэн үйл ажиллагаа бөгөөд газрын гэрчилгээг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 онд баталсан “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д зааснаар гэрчилгээг нөхөн олгохдоо газраа зориулалтын дагуу ашиглаж байна уу, үгүй юу гэдгийг судлан тогтоохгүй зөвхөн өмнө нь олгогдсон газрын гэрчилгээг үндэслэн үрэгдсэн гэмтсэн тухай нотлох баримтыг судлан тогтоож нөхөн олгохоор заасан байдаг бөгөөд мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар газрын гэрчилгээний хугацаа дууссан бол эсвэл хугацаа дуусахад 30 хоног дутуу байсан бол гэрчилгээг түүнд олгохгүй байхаар зохицуулагдсан байдаг. Иймд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн газар эзэмших гэрчилгээг нөхөн олгож байгаа нь газраа ашиглаагүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн гэх ойлголтод хамаарахгүй.

        Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зүйлээр зохицуулагдсны дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй байдал нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан үеэс хэрэгжих бөгөөд нэхэмжлэгч нь мөн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгохдоо газар эзэмших гэрээг байгуулаагүй гэж тайлбарладаг. Гэтэл “Капитал банк” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч болох тус банкны Замын-Үүд салбарын эрхлэгч Гандуламтай 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг тус тус байгуулсан байдаг. Хэдийгээр үүнээс хойш гэрээгээ сунган байгуулаагүй боловч гэрээгээ сунгах хариуцлага нь дан ганц газрын даамлын үүрэг бус, газар эзэмшигчийн үүрэг байдаг, энэ дагуу гэрээгээ сунгуулах хүсэлт гаргаагүй.

         Тухайн үед газар эзэмших эрхийг сэргээсэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмших гэрээгээ сунгаж байгуулахыг “Капитал банк” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчид амаар мэдэгдэж байсан тул газар эзэмших гэрчилгээг сунгуулахыг шаардаж байсан нотлох баримт байхгүй учраас энэ асуудлыг шүүхийн өмнө нотлох боломжгүй байна. 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Газар эзэмших гэрээ байгуулагдсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан боловч мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийг дахин сэргээснээр газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийн үйлчлэл шууд дуусгавар болж өмнө нь олгосон буюу 2010 оны А/110 дугаар захирамжийг үндэслэн олгосон газрын эзэмших гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ зэрэг нь буцаж сэргэн хүчин төгөлдөр болсон.

          “Капитал банк” ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараас үзэхэд гол нь газар эзэмших эрхийг сэргээх тухай биш харин газар эзэмших эрхийг сэргээснээр Банкны эрх хүлээн авагч нь газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглах байдлаар бус “Капитал банк” ХХК-ийн хадгаламж эзэмшигч харилцагчдын хохирлыг барагдуулах зорилготой болох нь харагдаж байна. Энэ нь  Банкны эрх хүлээн авагчийн зүгээс тухайн газрыг хуульд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадахгүй байх нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна.

         Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг сэргээснээр Банкны эрх хүлээн авагч нь газрыг Газрын тухай хуульд заасан зориулалтын дагуу бус зөвхөн хадгаламж эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагад учирсан хохиролд зориулах нь тодорхой байна. Гэтэл “Капитал банк” ХХК -д эзэмшүүлсэн тухайн газар нь Замын-Үүд сумын 1-р багийн “А” зэрэглэлийн бүсэд хамаардаг бөгөөд сумын өнгө, үзэмж, соёлд хэдэн жилийн хугацаагаар муугаар нөлөөлөх магадлалтай байна. Замын-Үүд сумыг хангадаг ундны усны хоёр эх үүсвэр байдаг ба тэдгээрийн ойролцоо 2030 он хүртэлх хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар олгох боломжгүй юм.

         Анх тухайн газрыг ногоон байгууламж бүхий өндөр зэрэглэлийн олон улсын стандартад нийцсэн зочид буудал барина гэж олгож байсан ба газар эзэмших эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь зүйлд заасныг баримтлаагүй боловч “Капитал банк” ХХК нь Банкны тухай хуульд зааснаар татан буугдаж газар эзэмших эрх нь Газрын тухай хуульд зааснаар дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлуудыг тусгайлан зааж өгсөн. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан бол газар эзэмших эрх дуусгавар болохыг заасан байдаг. Газар эзэмшигч иргэн нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар түүний хууль ёсны эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргаснаар газар эзэмших эрх шилждэг бөгөөд харин газар эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд газар эзэмших эрх шууд дуусгавар болох буюу хуулийн этгээд татан буугдсанаар хуулийн этгээдийн эзэмшиж байсан газар хууль ёсны төлөөлөгчийн эзэмшилд шилжинэ гэсэн ойлголт байхгүй.

        Банкны эрх хүлээн авагчийн зүгээс сумын Засаг даргад хандан газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлт гаргаж байснаас газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлж байгаагүй болно, иймээс банкны эрх хүлээн авагчийг нэхэмжлэл  гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

          Нэхэмжлэгчийн эхний тайлбарт Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан нөхцөлийн талаар ярьж байна. Гэвч энэ заалтыг газар эзэмших эрх цуцалсан захирамжийн үндэслэл болгоогүй, харин газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй гэсэн үндэслэлээр гаргасан захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу маргаан явагдаж  байгаа,  хоёрдугаарт гэвэл 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хэлэлцүүлгийн дараа 3 хоногийн хугацаа өгч, боломж  олгоогүй талаар бас ярьж байна.

         Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сөрөг акт гаргахад иргэн хуулийн этгээдэд мэдэгдэл заавал хүргүүлдэг, үүний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид хэлэцүүлэгт оролцох урилга хүргүүлсэн ба дээрх банкнаас Б.Н гэх хүнийг төлөөлөн оролцуулах бичиг ирүүлсэн. Энэ тухай “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн  2019 оны 06 дугаар сарын 07-ны 744 дугаартай албан тоот байна.  Гэтэл Банкны эрх хүлээн авагчид 2019 оны 04 сард анх мэдэгдэл хүрч, 2019 оны 06 дугаар сарын 18-нд сумын орлогч даргын өрөөнд болсон хэлэлцүүлэгт Б.Нэргүй гэх хүн бидэнд үзүүлэх ямар ч баримт материалгүй ирсэн.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны зүгээс өнгө үзэмж харж өмнө нь газар эзэмших эрхийг цуцалснаа сэргээдэг байсан гэх талаар ярьж байна, үүнийг  эрс үгүйсгэж байна. “Капитал банк” ХХК -д уг газрыг анх олгосноос хойш сум, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу, олон улсын стандартад нийцсэн том бүтээн байгуулалт хийж, орон нутгийн хөгжилд хөрөнгө хувь, нэмрээ оруулах байх гэдэг байдлаар, улс оронд төсөв санхүүгийн байдал хүнд байдалд орсон байсантай холбоотой хамтарч ажиллаж байснаас өөр ямар нэг асуудалгүй.

         Тухайн үед тус банкны зүгээс манай хөрөнгө оруулалт шийдэгдэж байгаа, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орно гээд асуудалаа шийдэхгүй байсан. Нөгөө талаар газар эзэмших эрхийг шууд цуцлах асуудал яригддаггүй тул хэлэлцүүлгээр  цаашид яаж хамтарч ажиллах, энэ бүтээн байгуулалтыг хэрхэн хийж сум орон нутгаа хөгжүүлэх талаар ярилцах гэсэн боловч Б.Нэргүй гэх хүн ямар ч баримтгүй ирсэн байсан учраас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нотлох баримт төсөв, бизнес төлөвлөгөөндөө тусгасан санаа, хөрөнгө оруулалт зэрэг ямар гаргалгаа байна вэ гэдэгээр асуудал яригдаж, үүнийгээ албан тоотоор, шуудангаар хүргүүлээрэй гээд 3 хоногийн хугацаа өгсөн. Гэтэл ирүүлсэн албан тоотын хариу нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгнө үү, харилцагч нарын өрийг барагдуулна гэсэн  утгатай зүйл л ирүүлсэн байсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй  гэсэн  хэлэлцүүлгийн шийдвэр гарч, энэ талаар тухайн үед мэдэгдсэн ба энэ дагуу 2019 оны 08 дугаар сард А/261 дүгээр захирамж гарсныг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цугларч, улмаар шүүх хуралдаанын явцад хянан хэлэлцсэн нотлох баримтууд, мөн тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн болоод хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар болон хариуцагчаас түүнийг эс зөвшөөрч буй үндэслэлийн талаар тус тус маргаж буй тайлбар зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэснээр доор тогтоогдож буй нөхцөл байдалд үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд холбогдох үйл баримтын тухайд:

           Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээний тухай” 32 дугаар захирамж /хх-ийн 124, 125-р хуудас/-аар тус сумын нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, явагдсан газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд “Капитал банк” ХХК нь 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг төлж, 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ гарган оролцож, улмаар хамгийн өндөр үнийн саналаар буюу 199480000 төгрөг /нэг зуун ерэн есөн сая дөрвөн зуун наян мянга/-ийн үнийн саналаар уг дуудлага худалдааны ялагч болж, тухайн өдрөө буюу 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г захиргааны байгууллагатай байгуулж, уг гэрээнд заасан хугацааны дотор буюу 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дуудлага худалдаагаар тогтоогдсон үнийг төлсөн нь хавтаст хэрэг дэх баримтууд /хх-ийн 121-125, 154-р хуудас/-аар тогтоогдож байна.    

           Энэ дагуу Замын-Үүд сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” 73 дугаар захирамж, түүний хавсралт /хх-ийн 71, 57-р хуудас/-аар “Капитал банк” ХХК-д Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, хилийн цогцолбор чиглэлийн автозамын баруун талд байршилтай, 10000 м.кв хэмжээтэй газрыг ногоон байгууламж бүхий өндөр зэрэглэлийн зочид буудал барих зориулалттай, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар мөн захиргааны байгууллагын зүгээс 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдөртөө 6174043 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 56, 64-66-р хуудас/-г олгосноор “Капитал банк” ХХК-нь анх тухайн газрын хууль ёсны эзэмшигч болсон байна.

            Гэтэл дээрх байдлаар эзэмшсэн “Капитал банк” ХХК-ны газар эзэмших эрхийн гэрчилгээг захиргааны байгууллагын зүгээс буюу Замын-Үүд сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар хүчингүй болгож, мөн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/110 дугаар захирамжаар дахин сэргээж /хх-ийн 70, 72-р хуудас/, үүнээс хойш мөн тус сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжаар хүчингүй болгосныг мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар дахин сэргээн эзэмшүүлж байсан үйл баримт /хх-ийн 67,68-р хуудас/-ууд тус тус тогтоогдож байх бөгөөд,

           Ийнхүү “Капитал банк” ХХК-ны газар эзэмших эрхийг Замын-Үүд сумын Засаг даргын зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар дахин сэргээн эзэмшүүлснээр тус банкны зүгээс тухайн газрыг эзэмшиж байх хугацаанд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах тухай” Монголбанкны Ерөнхийлөгчийн А-96 дугаар тушаал /хх-ийн 6-р хуудас/-аар уг банкийг урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх Монголбанкны шаардлагыг биелүүлээгүйгээс банкны төлбөрийн чадвар, хэвийн үйл ажиллагаа алдагдан банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болж цуцлагдсан, Капитал банкинд банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны Н/25 тушаалын дагуу холбогдох хууль, журам, зөвлөмжийг үндэслэн “Капитал банк” ХХК-ийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албадан татаж буулгаж, үүнтэй холбогдон хэрэгжүүлэх арга хэмжээ болон тус банкин дахь Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэг жилээр тогтоосон ба,

          Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Капитал банк” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилох  тухай” А-97 дугаар тушаал /хх-ийн 5-р хуудас/-аар тус “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч /Мягмарын Адилбиш/-ийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс нэг жилийн хугацаатай томилж, улмаар Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах удирдамж зэргийг хавсралтаар баталсан шийдвэрүүд тус тус гарсан нөхцөл байдал мөн тогтоогдож байна.

             Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгчийн дээрх шийдвэрүүдийн дагуу “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасан эрх, чиг үүрэг болон 69 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх болсноор 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд хийгдэх банкийг татан буулгах үйл ажиллагаа, арга хэмжээ явагдаж байх хугацаанд Замын-Үүд сумын Засаг дарга нь “Газар эзэмших эрх цуцлах тухай” 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/261 дүгээр захирамж /хх-ийн 9, 69-р хуудас/-аар “Капитал банк” ХХК-ийн  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт гаргасныг “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь эс зөвшөөрч Банкны тухай хууль дахь “Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрх”-ийн асуудлыг зохицуулсан 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь зүйлд заасан банкийг төлөөлөх эрхийн хүрээнд дээрх захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          2. Нэхэмжлэлийн дээрх шаардлагатай холбогдуулан талуудаас гарган маргаж  буй үндэслэл болох тайлбаруудын агуулгаас үзвэл:

         Шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу банкны хөрөнгийг худалдан борлуулах үүрэгтэй бөгөөд “Капитал банк”-ны хохирогчдоос хохирлоо бүрэн барагдуулж авах эсэх нь банкны хөрөнгийг худалдан борлуулах үйл ажиллагаатай шууд хамааралтай атал банкны үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй тус банкны эзэмшил газрын  эзэмших эрхийг цуцалж, Банкны эрх хүлээн авагчийн зүгээс худалдан борлуулах ажиллагааг Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлж буюу аль нэг төлбөр авагчийн төлбөрт тооцон шилжүүлэх замаар хэрэгжүүлэх боломжгүй болгож, хохирол барагдуулах нөхцөлийг бууруулах шууд үр дагаврыг үүсгэж байна,

         Нөгөө талаар хариуцагчаас 2018 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгохдоо газар эзэмшүүлэх гэрээг байгуулаагүй, гэтэл газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс талуудын эрх, үүрэг тодорхойлогдох ба хэрэв гэрээ байгуулсан бол түүнийг дүгнэх ажиллагааг захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшигчид мэдэгдсэнээр хийгдэх ёстой байтал хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зүйлд заасан үндэслэлээр уг газарт хөрөнгө, зардал гаргаж төмөр хашаа, хайс барьсан байдлыг анхаарч үзэлгүй газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй бөгөөд өмнө нь аймаг, сумын Засаг дарга нарт Банкны эрх хүлээн авагчаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд тус банкны хөрөнгөнд бүртгэлтэй уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч шийдвэрлэж өгөлгүй, харин газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэрийг гаргахтай холбогдох тайлбар, саналыг 3 хоногийн дотор ирүүлэх шаардлага тавьж байсан нь Банкны эрх хүлээн авагчид шийдвэр гаргах боломж олгоогүй гэсэн хоёр үндэслэл бүхий агуулгаар,

        Харин хариуцагчаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Капитал банк” ХХК-д тухайн газрыг 2008 онд анх эзэмшүүлснээс хойш газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй ирсэн нь түүний газар эзэмшиж байх хугацаанд гарч байсан сумын Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, мөн дахин сэргээн шийдвэрлэж байсан захирамжууд болон эзэмшил газрын одоогийн бодит байдал зэргээр тогтоогдож байхын хамт уг газрыг ногоон байгууламж бүхий өндөр зэрэглэлийн зочид буудал барих зориулалттай эзэмшүүлсэн байтал тухайн газар дээр төмөр хашаа барьсан гэж байгааг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй, цаашид уг газрыг эзэмших эрх дуусгавар болж байгаагаар уг асуудал Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу газрыг чөлөөлөх асуудлын хүрээнд зохицуулагдах бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг гаргахаас өмнө захиргааны байгууллагын зүгээс хуульд заасны дагуу хэрэгжүүлэх сонсох, мэдэгдэх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу явуулж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэсэн агуулгаар тус тус тодорхойлон маргаж байна.

        3. Маргааны зүйл болж буй захиргааны акт болох Замын-Үүд сумын Засаг даргын 2019 оны “Газар эзэмших эрх цуцлах туай” А/261 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй эсэх тухайд:

         3.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гэж заасан байгаагаар мөн хуулийн 52.5.1-д “захиргааны акт, ... г  хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” тухай асуудал нь дээрх хуулийн 52.5-д заасан зохицуулалтын нэг үндэслэлд хамаарч байна.

         Энэ дагуу хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга болон “Капитал банк” ХХК-ийн хооронд Газрын тухай хуулиар зохицуулагдах газар эзэмших, ашиглахтай холбоотой үүссэн харилцааны явцад хариуцагчийн зүгээс уг хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд газар эзэмшигч /нэхэмжлэгч/-ийн зүгээс тухайн газрыг эзэмшиж, ашиглахтай холбогдон Газрын тухай хуулиар олгогдсон ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаарх асуудал түүний нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлд хамаарахаар байна.

          Гэтэл маргаж буй захиргааны актад дурдагдаж буй газрыг эзэмшиж байсан “Капитал банк” ХХК-ийг татан буулгах шийдвэр гарснаар уг татан буулгах арга хэмжээ, үйл ажиллагааг тодорхой хугацаа /нэг жил/-ны дотор хэрэгжүүлж дуусгах чиг үүргийг хүлээсэн этгээд болох тус банк дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс дээрх захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Банкны тухай хуульд заасан Банкны эрх хүлээн авагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийн нэг болох “банкийг төлөөлөх” эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан боловч тэрээр “Капитал банк” ХХК-ийн эзэмшиж байсан тухайн газар нь тус банкны үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй тул Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь зүйлд зааснаар “Капитал банк” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжин ирсний дагуу уг газрыг тус банкны өр, төлбөрт тооцон шийдвэрлэх боломжгүй болсноор түүний хэрэгжүүлэх эрх зөрчигдөж байгаа агуулга бүхий тайлбарыг уг нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болгон тайлбарлажээ.

         Гэтэл нэхэмжлэл гаргасан этгээд болох “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас банкийг татан буулгах үйл ажиллагаанд холбогдуулан тус банкны өр, төлбөрийг барагдуулах эрх, хэмжээ нь Монголбанкны Ерөнхийлөгчөөс Банкны эрх хүлээн авагчийг томилсон шийдвэрийн дагуу Банкны тухай хуулиар буюу уг хуулийн холбогдох бүлэг, зүйл, заалтад заасны дагуу зохицуулагдах харилцаа тул түүний гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын тухайн үндэслэл нь дээр дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1 дэх зүйлд заасантай нийцэхгүй буюу түүнд заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй байна.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж байгаа захиргааны актад дурдагдаж буй тухайн газрыг захиргааны байгууллагын зүгээс анх олгож шийдвэрлэхдээ банк эрсдэлд орсон тохиолдолд газрыг төлбөрийн хэрэгсэл болгох зориулалтаар бус харин Газрын тухай хуульд заасан зохицуулалтын хүрээнд “Капитал банк” ХХК-д үйлчилгээний буюу зочид буудал барих зориулалтаар эзэмшүүлсэн байгаагаар дээрх шаардлагын үндэслэл хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэгч “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болгон гаргаж буй дээрх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэлийн шаардлагын дээрх үндэслэлийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд, уг газрыг “Капитал банк” ХХК-ийн үндсэн хөрөнгөнд 1 536 220,000,00 төгрөг /нэг тэрбум таван зуун гучин зургаан сая хоёр зуун хорин мянга/-ийн үнийн дүнгээр бүртгэл /хх-ийн 2, 15-р хуудас/-тэй байгааг үндэслэн тайлбарлаж байх бөгөөд гэтэл хэдийгээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т “эдийн засгийн салбарын хэмжээнд дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам, заавар, аргачлал, маягтыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж, мөрдүүлэх” гэж заасны дагуу банкны салбарын хэмжээнд дагаж мөрдүүлэхээр эрх бүхий холбогдох этгээдээс тусгайлан батлан гаргасан нягтлан бодох бүртгэлийн журам, зааврыг үндэслэн банк нь хуульд заасан өөр бусад арга, хэлбэрээр олж авсан газар гэх мэт үл хөдлөх хөрөнгийг өөрийн үндсэн хөрөнгөнд бүртгэн авах үйл ажиллагааг үгүйсгэх үндэслэлгүй боловч “Капитал банк” ХХК-д Газрын тухай хуульд заасан нөхцөл, болзол, журмын дагуу эзэмшүүлсэн тухайн газар нь тус банкны үндсэн хөрөнгөнд бүртгэгдэх үндэслэл бүхий газар мөн эсэхийг нягтлан шалгалгүйгээр уг газрыг банк нь өөрийн үндсэн хөрөнгөнд бүртгэсэн асуудал нь Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх зүйлд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч ... “ байхаар заасан зохицуулалтад нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

          3.2  Нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт болох А/261 дүгээр захирамжийг хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зүйлд заасан үндэслэл болох “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэж “Капитал банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

          Үүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч талаас тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг өмнө нь 2017 онд хариуцагч сумын Засаг дарга нь хүчингүй болгож мөн сэргээж байсан ба улмаар эрх сэргээсэн 2017 оны А/91 дүгээр захирамжийн холбогдох заалтаар газар эзэмших гэрээ байгуулахыг газрын даамалд мөн даалгаж шийдвэрлэсэн боловч үүнээс хойш 2018 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгож, харин газар эзэмших гэрээг захиргааны байгууллагын зүгээс байгуулаагүй, гэтэл газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс талуудын эрх, үүрэг тодорхойлогдох бөгөөд мөн байгуулсан гэрээг дүгнэх ажиллагааг захиргааны байгууллага нь газар эзэмшигчид мэдэгдсэнээр хийгдэх ёстой байтал гэрээ байгуулж дүгнэлгүйгээр, мөн уг газарт хөрөнгө, зардал гаргаж төмөр хашаа, хайс барьсан байдлыг анхаарч үзэлгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж байна.

          Хэрэгт авагдсан энэ талаарх нотлох баримтуудыг судлан үзвэл тус газарт шүүхийн явуулсан үзлэг /хх-ийн 104-106-р хуудас/-ээр уг газар дээр газрыг тойруулж хашаажуулсан /төмөр хашаа/-аас өөр барьж байгуулсан ямар нэг барилга, байгууламж байхгүй болох нь тогтоогдож байх хэдий ч бусад нотлох баримтуудаас үзвэл,

         “Капитал банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч Замын-Үүд сумын Засаг дарга нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжаар хүчингүй болгож, гурван сарын дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дахин сэргээсэн /хх-ийн 67,68-р хуудас/-ээр тус хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг өмнө нь мөн хүчингүй болгож, дахин сэргээн шийдвэрлэсний дагуу гарсан Замын-Үүд сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/110 дугаар захирамжийг үндэслэн “Капитал банк” ХХК-д уг захирамж гарсны дараа жил буюу 2011 онд олгож байсан, 0208353 дугаартай 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 55-р хуудас/ сэргээгдсэн байна.

        Гэтэл дээрх байдлаар сэргээгдсэн уг 0208353 дугаар бүхий газар эзэмших эрхийн  гэрчилгээ нь “Монгол шуудан” ХК-ийн шуудангаар дамжин “Капитал банк” ХХК-д хүргэгдэж байх явцдаа 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үрэгдсэн болох нь хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нотлох баримтаар ирүүлсний дагуу хэрэгт авагдсан баримт /хх-ийн 117-120-р хуудас/-ууд болон нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан /хх-ийн 2-р хуудас/ байдал, мөн шүүхээс тодруулсны дагуу хариуцагчаас ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/111 тоот хариу албан бичиг /хх-ийн 114-р хуудас/-т “Капитал банк” ХХК нь 0208353 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг үрэгдүүлснээр нөхөн авах хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/140 тоот албан бичгээр гаргаж байсан болохыг дурдаж буй байдлуудаар нотлогдож байхын хамт,

         Уг хүсэлтийг үндэслэн хариуцагч захиргааны байгууллагаас “Капитал банк” ХХК-д Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/110 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 4401010485 дугаар бүхий, 1 га газрыг 15 жилийн хугацаатай, тус сумын 1 дүгээр баг, Соёмбо цогцолборын урд талд байрлалтай, Үйлчилгээний зориулалттайгаар эзэмшүүлсэн 000325037 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нөхөн олгосон болох нь нэхэмжлэгч “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын албанд хадгалагдаж байгаа гэснээр нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлснээр болон хариуцагчаас мөн шүүхийн шаардсны дагуу нотлох баримтаар ирүүлсэн уг газрын нэгж талбарын хувийн хэрэг дэх баримтанд хавсаргасан байгаагаар тус тус хавтас хэрэг /хх-ийн 7, 54, 84-р хуудас/-т авагдсан “нөхөн олгов” гэсэн бичилттэй 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 44010 дугаар дардас бүхий тэмдэглэгээтэй, 000325037 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатын баталгаатай хуулбарууд, мөн уг гэрчилгээг нөхөн олгосныг  болон тус гэрчилгээ нь нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актад холбогдох гэрчилгээ мөн болохыг тодорхойлсон дээр дурдсан нотлох баримт болох хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2019 оны 1/111 тоот хариу албан бичиг /хх-ийн 114,115-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

           Харин дээрх гэрчилгээнд түүнийг бичиж олгосон хугацааг 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр бичсэн байх бөгөөд гэтэл уг хугацаанд “Капитал банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч Замын-Үүд сумын Засаг дарга нь 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/69 дүгээр захирамж /хх-ийн 70-р хуудас/-аар хүчингүй болгож, мөн сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/110 дугаар захирамж /хх-ийн 72-р хуудас/-аар сэргээсэн байгаагаас үзэхэд “Капитал банк” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээн шийдвэрлээгүй байсан хугацаанд буюу 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр захиргааны байгууллага нь газар эзэмшигч этгээдэд Газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгосон байх хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Замын-Үүд сумын Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж буй “... 000325037 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “нөхөн олгов” гэснээр дардас дарж нөхөн олгосон ба гэрчилгээний огноог бичилтийн алдаа гаргаж 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэж ташаа бичсэн ...” гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэж хүлээн авах нь зүйтэй байна.

          Дээрх байдлуудаас үндэслэн дүгнэхэд “Капитал банк” ХХК-ийн газар эзэмших эрхийг 2017 онд сэргээсэн Замын-Үүд сумын Засаг даргын А/91 дүгээр захирамж гарснаар уг хуулийн этгээдэд түүний өмнө нь тус Замын-Үүд сумын Засаг даргын 2010 оны А/110 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0208353 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ сэргэж улмаар түүнийг захиргааны байгууллагын зүгээс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 000325037 дугаараар нөхөн олгосон байна гэж үзэх үндэслэлтэй байна.

          3.3 Гэтэл захиргааны байгууллагын зүгээс “Капитал банк” ХХК-ийн газар эзэмших эрхийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар сэргээж газрыг дахин эзэмшүүлэхээр шийдвэрлэснээс хойш хугацаанд дээр тогтоогдсноор тус хуулийн этгээдэд нөхөн олгох байдлаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон боловч харин 2017 оны А/91 дүгээр захирамж /хх-ийн 68-р хуудас/-ийн 3 дугаар заалтад “Дээрх нэр бүхий байгууллагуудтай газар эзэмших гэрээ байгуулж ... ажиллахыг Газрын даамал /Ч.Энхбаатар/-т даалгасугай” гэж заасны дагуу 2017 онд уг хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан  нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

          Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болох Замын-Үүд сумын газрын даамал ажилтай Ш. Бат-Оргил “... 2017 онд газар эзэмших эрхийг сэргээсэн тул 2010 оны А/110 дугаар захирамжийн дагуу байгуулсан 2011 оны 10 дугаар 04-ний өдрийн гэрээ сунгагдаад явж байсан ...” гэх, мөн сумын газрын даамал ажилтай Ч.Энхбаатар “... гэрээ байгуулаагүй, 2012 онд гэрээний хугацаа дуусч хүчингүй болсон ...” гэх зөрүүтэй тайлбаруудыг шүүх хуралдаанд гаргаж байх бөгөөд,

        Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд захиргааны байгууллага болон “Капитал банк” ХХК-ийн хооронд байгуулж байсан 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн, 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн, 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гэрээнүүд /хх-ийн 58-66-р хуудас/-ээс өөр газар эзэмшүүлэх гэрээ байхгүй ба хамгийн сүүлд хариуцагч Замын-Үүд сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/110 дугаар захирамж /хх-ийн 58-р хуудас/-ийг үндэслэн байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ /хх-ийн 62-р хуудас/-ний 4.4-т “газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх”, мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэснээр гэрээг “жил бүр” дүгнэж байхаар заасан зохицуулалтын хүрээнд 2011 онд байгуулсан газар эзэмшүүлэх дээрх гэрээг 2012 онд дүгнэж байсан асуудал мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул тухайн гэрээг цаашид жил бүр дүгнэгдэж явсан  гэж үзэх боломжгүй байна.

         Иймд дээрх байдлуудаас дүгнэхэд “Капитал банк” ХХК-ийн газар эзэмших эрхийг 2017 онд сэргээн шийдвэрлэснээс хойш хугацаанд захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшигч “Капитал банк” ХХК-тай гэрээ байгуулаагүй байгааг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж ...”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал ... тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж ...”, 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”  гэж тус тус заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд,

         Улмаар Газрын тухай хуульд заасан дээрх зохицуулалтуудаас үзэхэд Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, түүнийг жил бүр дүгнэх асуудал нь төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд буюу уг маргаантай холбогдуулан энэ нь сумын газрын даамлын хэрэгжүүлэх эрх хэмжээнд хамаарч байх ба гэтэл тухайн үед Замын-Үүд сумын газрын даамлын зүгээс энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байдал нь газар эзэмшигч хуулийн этгээд /”Капитал банк” ХХК/-ийг буруутгах үндэслэл болохгүй юм.

 

          3.4 Нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт болох хариуцагч Замын-Үүд сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/261 дүгээр захирамжийг гарах үед “Капитал банк” ХХК-ийг татан буулгах тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр гарсны дагуу тус банкинд мөн өдрөөс Банкны эрх хүлээн авагч томилогдсон байснаар захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасан эрхийн хүрээнд захиргааны дээрх шийдвэр /А/261 дүгээр захирамж/-ийг гаргахын өмнөх сонсох, мэдэгдэх ажиллагааны оролцогчоор “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг тодорхойлж,

          Мөн энэ дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ... хүргүүлнэ” гэж заасныг үндэслэн захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбогдох сонсох ажиллагааны мэдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/388 тоот албан бичиг /хх-ийн 77-р хуудас/-ээр “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл”, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл” зэрэг баримт /хх-ийн 78,79-р хуудас/-уудаар буюу уг баримтууд дахь огноо нь буруу бичигдсэн болохыг хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/1141 тоот албан бичиг /хх-ийн 124-р хуудас/-т тайлбарласнаар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар зэргээр 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Б.Нэргүйд тус тус мэдэгдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх бөгөөд,

         Уг мэдэгдлүүдийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Капитал банк” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргах ажиллагааны талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, хэлэлцүүлэгт Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй гэх хүн оролцсон ба /хх-ийн 76-р хуудас/, тус хэлэлцүүлэг /хх-ийн 75, 76 дугаар хуудас/-ээс захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаарх нотлох баримтыг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор ирүүлэхийг даалгаж, тухайн нотлох баримтыг уг хугацаанд ирүүлээгүй болон хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлахыг мэдэгдсэн байна.

        Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...хэлэлцүүлгээс 3 хоногийн хугацаа өгч холбогдох баримтуудыг ирүүлэхийг мэдэгдсэн нь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс шийдвэр гаргах боломж олгоогүй ...” гэх тайлбарыг гаргаж байх боловч тухайн үед Банкны эрх хүлээн авагчийн зүгээс уг хугацааны талаар буюу хуульд зааснаар тайлбар, санал гаргах боломжит хугацаагаар хангаагүй тухай гомдлыг захиргааны байгууллагад хандан гаргаж байсан асуудал байхгүй  ба харин,

          Хэлэлцүүлгээс даалгаж, мэдэгдсний дагуу “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр /хх-ийн 13,14-р хуудас/-ийн (уг албан бичгийн огноог хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийнх болохыг нотолж тус захиргааны байгууллагад ирүүлсэн албан бичгийн эх хувийг шүүх хуралдаанд гаргаж тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үгүйсгээгүй) 772 тоот албан бичгээр “Капитал банк” ХХК-ийг татан буулгах үйл ажиллагаатай холбогдуулан Банкны эрх хүлээн авагчийн зүгээс хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг тусгаж, уг газар нь “Капитал банк” ХХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй талаарх баримт болон тухайн газрын гэрэл зураг зэрэг /хх-ийн 15,16-р хуудас/-ийг хавсарган хүргүүлсэн,

        Мөн үүнээс өмнө захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид захиргааны шийдвэр гаргахтай холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/388 тоот албан бичгээр анх хүргүүлсэн мэдэгдлээс хойш хугацаанд нэхэмжлэгч тус банк дахь Банкны эрх хүлээн авагч нь “...газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгнө үү ...” гэсэн хүсэлтийг Дорноговь аймгийн Засаг дарга болон Замын-Үүд сумын Засаг даргад хандан 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 329 тоот, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 589 тоот албан бичиг /хх-ийн 10,12-р хуудас/-үүдээр тус тус гаргаж байсан ба,

         Харин захиргааны байгууллага нь уг албан бичгүүд болон нэхэмжлэгчээс 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хэлэлцүүлгээс шаардсны дагуу гаргаж өгсөн дээрх мэдээлэл зэргийг хүлээн авснаар “Капитал банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар цуцлах үндэслэлтэй гэж үзэж буй талаарх сонсох ажиллагааны шийдвэр /хх-ийн 74-р хуудас/-ийг хэлэлцүүлэг явуулсан тухайн өдөртөө буюу 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргаж, уг шийдвэрээ “Захиргааны актын хяналтын дагалдах хуудас” гэх баримт /хх-ийн 73-р хуудас/-аар мэдэгдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан дээр дурдаж буй баримтууд болон шүүх хуралдаанд уг үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчийн болоод хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргаж буй тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

        3.5 Дээрх байдлаас үзэхэд хариуцагч нь А/261 дүгээр захирамж болох захиргааны актыг батлан гаргахаас өмнө захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хэрэгжүүлэх сонсох, мэдэгдэх үүргээ Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байх боловч мөн дээр тогтоогдсноор захиргааны байгууллагын зүгээс “Капитал банк” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, дүгнээгүй атлаа сонсох ажиллагааны явцад хийсэн хэлэлцүүлгээр “хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй нотлох баримт ирүүлсэн тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах” болохыг мэдэгдэж, тухайн нотлох баримтыг ирүүлэхийг шаардсан нь хууль бус байна.

          Учир нь, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалтаас үзэхэд газар эзэмшигч нь газрыг захиргааны байгууллагаас түүнтэй байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтаар, тухайн гэрээ хийгдсэн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд, газар эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар буюу гэнэтийн давагдашгүй хүчний болон байгалийн тогтолцооны өөрчлөлт эсхүл бусдын хууль бус үйлдэл гэх мэт ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшиж, ашиглаагүй байхыг ойлгохоор,

          Түүнчлэн уг байдлыг захиргааны байгууллагын зүгээс Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших ... гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж зааснаар гэрээг дүгнэх ажиллагааны явцад илрүүлж, улмаар тухайн үндэслэл тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь зүйлд зааснаар холбогдох шатны Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулагдсан байна.

         Гэтэл захиргааны байгууллагын зүгээс “Капитал банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн А/261 дүгээр захирамжийг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явуулсан сонсох ажиллагааны явцад газар эзэмшигч “Капитал банк” ХХК -тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасны дагуу дүгнэснээр мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэлийг шалгаж, тогтоосон асуудал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

          Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшигч “Капитал банк” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, дүгнээгүй байдлаас үндэслэн газар эзэмшигчийн хувьд тухайн газрыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад “Капитал банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “ Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... сум, ... ийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, ...” гэж заасныг зөрчсөн байх бөгөөд тухайн асуудалтай холбогдуулан нэхэмжлэгчээс газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, дүгнээгүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

          3.6 Гэвч хэдийгээр захиргааны дээрх буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагч Замын-Үүд сумын Засаг даргын “Капитал банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зүйлд заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/261 дүгээр захирамж нь хууль бус байх боловч  энэ нь уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

          Учир нь, дээр дурдснаар газар эзэмшигч болох “Капитал банк” ХХК-ийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар татан буулгасан шийдвэр гарч, тус банкинд  Банкны эрх хүлээн авагч томилогдон, түүний зүгээс банкийг татан буулгахтай холбоотой арга хэмжээ, үйл ажиллагааг Банкны тухай хуулийн дагуу явуулж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ба, улмаар уг арга хэмжээ, үйл ажиллагаа нь Банкны тухай хууль дахь “Банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгох, тайлагнах” асуудлыг зохицуулсан 74 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгжиж дууссанаар, Газрын тухай хууль дахь “Газар эзэмших эрх дуусгавар болох” тухай асуудлыг зохицуулсан 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “... газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” тохиолдолд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх зүйлд зааснаар газар эзэмших эрх дуусгавар болох үр дагавар үүсэхтэй холбогдон газар эзэмшигч “Капитал банк” ХХК-ийн Газрын тухай хуульд заасан нөхцөл, болзол, журмын дагуу хэрэгжүүлэх тухайн газрыг эзэмших, ашиглах эрх сэргээгдэх боломжгүй болох нөхцөл байдал тогтоогдож байгаа нь дээрх захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

          Иймд уг үндэслэлээр нэхэмжлэгч “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/261 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргаж буй уг шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         4. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс асууж авсан гэрчийн мэдүүлэг /хх-ийн 107-113-р хуудас/-үүдийг шүүх тухайн маргаанд хамааралгүй тул нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

         Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2  дахь зүйлд заасныг баримтлан “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, тус Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/261 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь зүйлд зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК дахь Банкны эрхийн хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114. 1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ЦЭНД