Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 146/ШШ2017/00127

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр баг, “Улаан-Ам” гэх газар оршин суух Зовд овогтой Бямбадоржийн Долгоржавын /РД:ЙБ67081000/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Долгоржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Долгоржав нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Батзам” нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд намайг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Долгоржав нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Б.Долгоржав нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 695 дугаартай лавлагааны хуулбар, 1988 оны баярын бичгийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч Цэдэнбат овогтой Даваахүүгийн Жаргал нь “...Би 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Б.Долгоржав нь 1983 оны 08 дугаар сараас эхлэн малчнаар ажиллаж 1992 оныг хүртэл буюу “Батзам” нэгдэл тартал ажиллаж байсан. Бид хоёр тухайн үед хамт ажиллаж байсан. Төрийн одон медаль авч байгаагүй. Харин сум орон нутгийн баярын бичиг, сайшаалын үнэмлэх авч байсан...” гэж, мөн Дампил овогтой Сангидоржийн Лувсангэндэн “...Би 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн байсан. Б.Долгоржав нь 1983 оны 08 дугаар сараас эхлэн малчнаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж 1992 оныг хүртэл буюу “Батзам” нэгдэл тартал ажиллаж байсан. Б.Долгоржав нь 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч байсан. Бид хоёр тухайн үед хамт ажиллаж байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Б.Долгоржавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зовд овогтой Бямбадоржийн Долгоржавыг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Долгоржавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

               

ДАРГАЛАГЧ                                          Б.САРАНТУЯА