| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/1018/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1032 |
| Огноо | 2021-10-14 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1032
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч А.Ариунаа (томилолтоор),
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч С.Батнасан,
шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт А-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103001740237 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоотод оршин суудаг, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт А-ийн Э- (РД:...),
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А-ийн Э нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 16 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... шинэ замд “Тоёота Приүс” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтад “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, .../....-ээс хэтрүүлэхийг хориглоно.” мөн дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 7 настай, эрэгтэй Ч.Д-ыг мөргөн түүний амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон нөхөн үзлэг (хх-ийн 6-7х, 8х, 9х, 11-15х, 16х), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ы мэдүүлэг (хх-ийн 31х), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 23-24х), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 48х), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1991 дугаартай дүгнэлт (хх-ийн 56-57х), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1446 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ (хх-ийн 74-79х), 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 153х), шүүгдэгч А.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 129х), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 131х), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хх-ийн 133х), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хх-ийн 134х), ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн лавлагаа (хх-ийн 137х), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 141х), ... тодорхойлолт (хх-ийн 142х) зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Э нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 16 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... шинэ замд “Тоёота Приүс” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо суурин газарт баримталбал зохих хурдны хязгаар дотор тохируулан явалгүй хурд ихтэй явсан төдийгүй явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүйн улмаас гарцаар гарч явсан явган зорчигч 7 настай Ч.Д-ыг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт нь:
2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон нөхөн үзлэг (хх-ийн 6-7х, 8х, 9х, 11-15х, 16х),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ы: “...Тухайн өдрийн өглөө 09 цагийн орчим нөхөр бид хоёрын найзууд манайд ирж, бид 4 нэг шил архи хувааж уугаад юм яриад сууцгааж байсан. Тухайн үед талийгаач хүү маань ахтайгаа утсаар тоглоод сууж байсан бөгөөд 15 цагийн үед талийгаач хүү надаас би гадаа гараад тоглоомын талбай явж болох уу гэж асуусан, тэгэхэд нь би тоглоомын талбай руу явж болохгүй, коронатай байгаа, тоглоомын талбайн наана юу байдаг билээ зам байгаа, машинууд явж байгаа болохгүй гэж хэлэхэд за тэгвэл болилоо гээд буцаад утсаа оролдоод орж гараад яваад байсан. Нөхөр Ч болон найзууд унтах гээд хэвтэцгээж байсан, би хоол хийх гээд байж байсан, тэгтэл хүү нэг орж ирээд намайг үнсчхээд гараад явсан. Тэгэхэд гадаа түс гээд дуугарсан. Тухайн үед гэрийн хойно засварын хүмүүс юм дугаргаж байна гэж бодоод юм бодоогүй сууж байтал миний том охин гүйж орж ирээд дүүг машин дайрчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би худлаа яриад бай гээд хэлтэл ах нь орж ирээд нээрээ дүү машинд дайруулсан байна гэж хэлсэн. Би гүйгээд гартал зам дээр хүмүүс бөөгнөрсөн байсан, би тэгээд ухаан балартсан байна лээ. Төв замтайгаа маш ойрхон, хашаанаас гараад л төв зам байдаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 31х, шүүх хуралдааны тэмдэглэл),
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Уг бичлэг нь 16:24:00 секундэд эхэлж байх ба камерт асфальтан зам болон айл өрх хашаа байшин болон асфальтан замд явган хүний гарцтай, тэмдэг тэмдэглэгээтэй байгаа нь харагдаж байлаа. Тухайн замд автомашины хөдөлгөөн бага түгжрэл удаашрал байхгүй байх ба бичлэгийн цагаар 16:25:01 секундэд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд бор өнгийн Т.Приус-20 маркийн автомашин гарч ирж харагдах ба бичлэгийн цагаар 16:25:03 секундэд замын зүүн талаас бага насны хүүхэд зорчих хэсэг рүү гүйж гарч ирэн 16:25:05 секундэд хойноос урагш чиглэлд явж байсан бор өнгийн Т.Приус-20 маркийн автомашин хүүхдийг мөргөж, 16:25:08 секундэд тухайн автомашин зогсож эргэн тойронд байсан хүмүүс осол болсон газар бөөгнөрөн цугларч байгаа нь харагдав” гэх тэмдэглэл (хх-ийн 48х),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1991 дугаартай:
“1. Шинжилгээнд ирүүлсэн CD дискэнд хадгалагдаж байх “1_03_R_20210704162359.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн CD дискэнд хадгалагдаж байх “1_03_R_20210704162359.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2021-07-04 16:25:01 секундэд дүрслэгдэх суудлын автомашин нь “А”-“В” гэж тэмдэглэл үл хөдлөх цэгийн хоорондох 10.7 метр зайг ойролцоогоор ~68.7км/цаг- ~74.1 км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн” гэх дүгнэлт (хх-ийн 56-57х),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1446 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн:
“1. Цогцост хийсэн шинжилгээгээр их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн эдийн гүн дэх олон тооны цусархаг няцрал, аксоны тархмал гэмтэц, аалзавчийн доорх цус харвалт, ховдлын цус харвал, дагзны хуйханд няцарсан шарх, цус хуралт, нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэмний далд хугарал, хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн доод гадаргуу 5,6-р сегментийн урагдал, няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болох үед үүсэх боломжтой амь насанд аюултай гэмтэл байна.
3. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.
5. Талийгаач нь 2021.07.19-ний өдрийн 05 цаг 03 минутад нас барсан байна. /ГССҮТ №5563 тоот өвчний түүх/
6. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна.
7. Талийгаач нь эмчлэгдэж байсан тул мансуурсан эсэх болон согтолттой байсан эсэхийг тогтоох боломжгүй” гэх шинжилгээ (хх-ийн 74-79х),
2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаартай мөрдөгчийн:
“1. Явган зорчигч Ч.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх.” Мөн дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Тоёота Приус-20 маркийн ... улсын дугаарын автомашины жолооч А овогтой Э нь МУ-ын ЗХД-ийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, мөн дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх нөхцөл тогтоогдож байна.” гэх магадлагаа (хх-ийн 153х) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч А.Э нь хэрэг учрал болох хугацаанд маш их хурдтай явсан буюу тэрбээр тээврийн хэрэгслээ жолоодон явган хүний гарцаар гарахдаа ойролцоогоор ~68.7км/цаг ~74.1 км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн нь шинжээчийн 1991 дугаартай дүгнэлтэд тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Э нь суурин газарт явбал зохих хурдны хязгаарт ч тохируулан яваагүй, явган хүний гарц руу ойртон ирэхдээ ч хурдаа хасалгүй явснаас түүнд самбаачлах хугацаа байгаагүй, тэрбээр явган хүний гарцаар гэнэт гүйж гарч ирсэн бага насны явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохирооход хүргэсэн байна.
Мөн түүнчлэн нөгөө талаас бага насны хүүхдийг өөрсдийн хараа хяналтад байлгах, тэдгээрийг зам хөндлөн гарах тохиолдолд эцэг, эх нь өөрсдийн хяналт дор авч зорчих үүргээ биелүүлэлгүй, бага насны хүүхдээ хараа хяналтгүй сул орхисон байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлж, тухайн гэмт хэрэг гарахад хүргэсэн болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Э-ын дээрх болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь оршуулгын зардалд баримтаар 12,587,842 төгрөг, баримтгүй 2,585,000 төгрөг, нийт 15,172,842 төгрөг нэхэмжилснээс баримтаар нэхэмжилсэн 12,587,842 төгрөгийг шүүгдэгч А.Э-аас гаргуулах нь үндэслэлтэй байна.
Харин баримтгүй нэхэмжилсэн зардлын дүн болох 2,585,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, уг зардлын ихэнх дүн нь өмнөх зардлын дүнтэй давхардсан, эсхүл зарим нэхэмжилсэн дүн нь зарлагадаж, зарцуулагдсан эсэх талаарх ямар нэгэн баримтгүй байна. Тухайлбал, оршуулгын зан үйл хийхэд зарцуулсан зардлыг, баримттай нэхэмжилсэн зардлын тооцоонд оруулж өмнө нэхэмжилсэн атлаа давхардуулан баримтгүй зардалд оруулан тооцож шүүгдэгчээс нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Иймээс уг давхардсан, мөн баримтгүй нэхэмжилсэн энэхүү зардлыг шүүдэгч А.Э-аас гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч А.Э-аас нийт 12,587,842 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс түүний төлсөн 5,700,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл 6,887,842 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагч нь “...шүүгдэгч А.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас: “улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж,
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг өөрийн боломж бололцоогоор төлж байгаа, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруу дээр маргаагүй зэрэг байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү” гэж,
-Шүүгдэгч нь: “...би харамсаж байна, амь хохирогчийн ар гэрээс уучлалт хүсэж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч А.Э-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Учир нь, шүүгдэгч А.Э нь өмнө замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь сэргээгүй /осол гаргаснаас хойш буюу 2021-07-09-нд Өршөөлийн хуульд хамрагдаж эрх сэргээсэн/ байхад тэрбээр өөрийн дураар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон дахин замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, энэ байдалдаа дүгнэлт хийхгүй байгаа түүний хувийн байдал, мөн түүний үйлдсэн хэргийн улмаас хүүхдийн эрдэнэт амь нас хохирсон зэрэг ноцтой хор уршиг учирсан байх тул түүнийг тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжгүй гэж дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч А.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, нөгөө талаас осол гарахад амь хохирогч, түүнийг харгалзах хүнгүйгээр зорчуулсан асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хайхрамжгүй байдал нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, мөн шүүгдэгч нь хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан байдал, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч А.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Э-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А-ийн Э-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Э-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч А.Э-ын ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.
7. Шүүгдэгч А.Э-аас 5,700,000 төгрөгийг оршуулгын зардалд төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-аас 6,887,842 (зургаан сая, найман зуун наян долоо мянга, найман зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д олгохоор тогтож, Б.А-ы баримтгүй нэхэмжилсэн 2,585,000 (хоёр сая, таван зуун наян таван мянга) төгрөгийн зардлыг хэрэгсэхгүй болгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Э-ыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Э-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ