| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2017/00115/И |
| Дугаар | 146/ШШ2017/00131 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 146/ШШ2017/00131
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, 2 дугаар баг, Спиртын 5-4-123 тоотод оршин суух Боржигон овогтой Сосордамбын Уранчимэгийн /РД:МЗ67022664/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 3 дугаар баг, Өвт үржүүлэх 5-32 тоотод оршин суух Тайж овогтой Рагчаагийн Шагдарсүрэнд /РД:ЙБ69011718/ холбогдох
Гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Уранчимэг, хариуцагч Р.Шагдарсүрэн, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Уранчимэг миний бие нь Р.Шагдарсүрэнтэй 1997 онд танилцаж 2000 оноос хамтран амьдарч байгаад 2001 оны 10 сард хүү Азжаргал төрсөн учир 2002 оны 5 дугаар сарын 8-нд гэр бүлээ батлуулж эхнэр, нөхөр болон амьдарсан. 2006 оны 10 дугаар сард нөхөр Шагдарсүрэн маань Өвөрхангай аймаг Бат-Өлзий рүү аав ээждээ очихоор явсан. Очсон хойно хэсэг хугацааны дараа Шагдарсүрэн /аавын бие тааруу байна. Энэ өвөлдөө аавыгаа асарч Бат-Өлзийд өвөлжинө/ гэж утсаар ярьсан би ч хүний эцэг эх дахин олдох биш гэж бодон зөвшөөрсөн 2007 оны цагаан сараар Шагдарсүрэн ирээд буцсан. 2007 оны 5 дугаар сарын 30-нд ирсэн. Ирээд гэртээ ч хонолгүй /адуу малаа эргэж 3 хоноод ирнэ/ гэж хэлээд мал тавьсан айл руугаа явсан тэр үед манай мал Отгон гэдэг айлд байдаг байсан. 3 хоногийн дараа миний амралт таарч Отгоных руу очихоор гарсан замдаа Отгоны хүүхэдтэй таарч нөхөрөө асуутал /Шага ах авгайтайгаа ирээд адуу малаа тууж яваад 2 хонож байна/ гэсэн би юун авгай би тэр хүний эхнэр нь биш юм уу гэж балмагдан гайхаж хоцорсон. Гэнэт ийм мэдээ сонсоод сэтгэл санаа маш хэцүү гомдолтой байсан. Ингээд л Шагдарсүрэн хүү бид хоёрыг орхиж явснаас хойш 11 жил өнгөрсөн байна. Түүнээс хойш Шагдарсүрэн хүүгээ гэж ер ирээгүй цуг амьдарч байгаа бүсгүйгээс нь Шагдарсүрэнгийн охин гарч 5 нас хүрсэн сурагтай. Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцлаж бид хоёрын дундаас төрсөн миний хүү Азжаргалыг миний асрамжинд үлдээж өгнө үү ...Бид хоёр 2000 онд танилцсан. Хамтран амьдарч байгаад хүүтэй болсон. Тэгээд 2006 онд хариуцагч нутаг руугаа яваад эхнэр авсан байсан. Тэрнээс хойш 14 жил болж байна. Одоо тусдаа амьдрал зохиогоод амьдарч байгаа учраас шүүхээр орж гэр бүлээ цуцлуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Р.Шагдарсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Р.Шагдарсүрэн миний бие С.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ... Нэхэмжлэгчийн ярьж байгаа бүх зүйл үнэн. Бид хоёр 2000 онд гэр бүл болсон. Нэхэмжлэгч 3 охинтой амьдарч байсан. Бид хоёр тухайн үед гэрлээд нэг хүүтэй болсон. 5 жил хамт амьдарсан. Тэнд амьдарч байгаад нутагтаа ирээд өөр хүнтэй амьдарсан. Би автын осолд ороод бие муудаад нутаг орондоо ирье гэж бодсон. Манай аав бас мөн хавдартай байсан. Нэхэмжлэгч надтай хамт Бат-Өлзий суманд ирэх бодолгүй байсан. Аав, ээж, ах хоёр настай хүмүүс байдаг. Намайг тухайн үед нэхэмжлэгчтэй гэрлэж байхад тодорхой тооны мал тасдаж өгч байсан. Бид хоёр сайхан амьдарч байсан. Би автын осолд орж элэгний талаа авахуулсан. Одоо мал дээрээ ирсэн. Шалтгаан нь тэр байсан. Түүнээс бид хоёрт хэрэлдэж маргалдаад салсан зүйл байхгүй. Би сайхан хань ижилтэй байсан. Биеийн байдал хүнд хэцүү байсан. Хүнд хагалгаанд орсон. Тэгээд би нутаг руугаа явсан. Нутагтаа ирж байж байгаад өөр хүнтэй нийлсэн. Гэмтэл авснаас хойш толгой өвдөг байсан. Одоо гаагүй. Ой санамж бага зэрэг муутай болсон. Нутагтаа ирээд дахиж очоогүй. Бие тааруу байсан учраас нутагтаа байсан. Мөн би элэгний хавдартай болсон гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Уранчимэг нь хариуцагч Р.Шагдарсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн ба хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулж, хүү Ш.Азжаргалыг эх С.Уранчимэгийн асрамжид үлдээнэ гэсэн тайлбар өгч маргаагүй байна.
Зохигчид 2000 оноос гэр бүл болж хамт амьдарч байсан бөгөөд тэдгээрийн дундаас 2001 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү Ш.Азжаргал төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, №16 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн №15 тоот төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх” бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон байдал нь эцэг, эхийг үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч С.Уранчимэг, хариуцагч Р.Шагдарсүрэн нар нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулна, гэр бүлээс гадна амьдралтай болсон гэсэн тул тэдгээрийн гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхол харшлахааргүй бол тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуульд заасан эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон байх тул Р.Шагдарсүрэн нь эцгийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь эх С.Уранчимэг хориг саад болох эрхгүйг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч С.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Шагдарсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Уранчимэгт олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигч нь шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаагүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Тайж овогтой Рагчаагийн Шагдарсүрэн, Боржигон овогтой Сосордамбын Уранчимэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2001 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Ш.Азжаргалыг эх С.Уранчимэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, талуудын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Шагдарсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Уранчимэгт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА