| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2017/00108/И |
| Дугаар | 146/ШШ2017/00133 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 146/ШШ2017/00133
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа 7-293 тоотод оршин суух Боржигон овогтой Содномын Алтанцэцэгийн /РД:ЙР76061006/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн-Овоо баг, Өлийн 20-07 тоотод оршин суух Гүнд овогтой Баярцогтын Эрхэмбаярт /РД:ЙЮ83091976/ холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Алтанцэцэг, хариуцагч Б.Эрхэмбаяр /онлайн/, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Эрхэмбаяртай 2012 онд танилцаад үерхэж байгаад салцгаасан юм. Тэр үед бид хоёрын дундаас охин Э.Намуундарь 2014 онд төрсөн. Түүнээс хойш Эрхэмбаяртай эргэж уулзаж байсан. Миний хүүхэд биш гээд хүүхдээ тэжээн тэтгэхгүй байгаа юм. Одоо өөр хүнтэй суугаад явсан. Иймд Б.Эрхэмбаяраас Э.Намуундарьд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... Бид хоёр 2012 онд танилцсан. 2014 онд 5 дугаар сард охинтой болсон. Хархорин суманд ирээд 8 сар хамт амьдарч байгаад би буцаад хот руу явсан. Хархорин суманд 8-9 сар хамт амьдарсан байх. Бид хоёр Өвөрхангай аймгийн Хархорин суманд байхдаа танилцсан. Бид хоёр нэг өдөр маргалдаад хүлээцгүй байдлаасаа болоод хариуцагч намайг яв гэхээр нь л би явсан. Одоо хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Б.Эрхэмбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид хоёр 2012 онд танилцаад 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр охинтой болсон. Би тэр үед Хархорин суманд ажиллаж байсан. Ажлаасаа чөлөө аваад очсон. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авах гээд явсан. Бид гурав Хархорин суманд амьдарч байгаад гэр бүлийн зөрчлийн улмаас 2 тийшээ болсон. Намуундарь миний хүүхэд мөн үгүйсгэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Алтанцэцэг нь хариуцагч Б.Эрхэмбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, охин Э.Намуундарьд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрнө гэсэн тайлбар өгч маргаагүй байна.
Зохигчид 2012 оноос хамтын амьдарлаар амьдарч байсан бөгөөд тэдгээрийн дундаас 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр охин Э.Намуундарь төрсөн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, хүүхдийн №1110004867 тоот төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх” бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон байдал нь эцэг, эхийг үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч Б.Эрхэмбаяраас охин Э.Намуундарьд хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхол харшлахааргүй бол тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуульд заасан эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон байх тул Б.Эрхэмбаяр нь эцгийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь эх С.Алтанцэцэг хориг саад болох эрхгүйг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрхэмбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Алтанцэцэгт олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тогтоож нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 1 003 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 626 төгрөгийн хариуцагч Б.Эрхэмбаяраас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэл нь шүүхийн онцгой харьяалал тул шүүх энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э.Намуундарийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл, хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Эрхэмбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Алтанцэцэгт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Алтанцэцэгээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрхэмбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Алтанцэцэгт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.Эрхэмбаяраас охин Э.Намуундарьд нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 1 003 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 626 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА