Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 146/ШШ2017/00138

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 2 дугаар баг, Ганган-Орхон Мойлт 5-2 тоотод оршин суух Жигжид овогтой Эрдэнэбатын Эрдэнэчимэгийн /РД:ЙС66043007/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Э.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Эрдэнэчимэг миний бие нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сар хүртэл, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Рашаан сувилалд үйлчлэгчээр 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Э.Эрдэнэчимэг нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Э.Эрдэнэчимэг нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар  сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Рашаан сувилалд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 476 дугаартай лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Хужирт рашаан сувиллын даргын 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрйин 50 дугаартай, 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаартай, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн, 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаартай, 1989 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 70 дугаартай, 1989 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаартай, 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 138 дугаартай тушаалын хуулбарууд, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 03 дугаар сарын 14-ний 25 дугаартай тогтоолын хуулбар, хүүхдүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар  зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч Боржигин цоохор овогтой Осорын Нацагням нь  “...Би 1982 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Рашаан сувилалд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Э.Эрдэнэчимэг нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын нэгдэлд малчнаар ажиллаж байгаад манай рашаан сувилалд шилжин ирж 1988 оны 01 дүгээр сараас  Хужирт рашаан сувилалд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Э.Эрдэнэчимэг нь 1989 оны 12 дугаар сарын дуустал 2 жил ажиллаж байсан юмаа...” гэж мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Э.Эрдэнэчимэг нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Рашаан сувилалд үйлчлэгчээр ажиллаж байсан гэх боловч дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар  сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Рашаан сувилалд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Э.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жигжид овогтой Эрдэнэбатын Эрдэнэчимэгийг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар  сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Рашаан сувилалд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Рашаан сувилалд үйлчлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Э.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                                                       Б.САРАНТУЯА