Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,  

улсын яллагч Ш.Хосбаяр,

иргэдийн төлөөлөгч Т.Болормаа,

хохирогч Б.Баттулга,

шүүгдэгч С.Азжаргал, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Сүхбаатарын Азжаргалд холбогдох эрүүгийн 2015250001288 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Боржигон овогт Сүхбаатарын Азжаргал, 1993 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгино-Хайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 87-32 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЭ93071818.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч С.Азжаргал нь удаа дараагийн давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг Нарантуул-2 худалдааны төвийн хашаанд байрлах хохирогч Б.Баттулгын Вьетнам, Солонгос улсуудаас оруулж ирсэн бэлэн хувцас агуулж байсан 20 дугаартай чингэлгээс 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд цоожийг эвдэн нэвтэрч 48 шуудай бэлэн хувцаснуудыг хулгайлж, 37.379.240 /гучин долоон сая гурван зуун далан есөн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Азжаргал мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг өгсөн үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баттулга мэдүүлэхдээ: “…Шүүгдэгчийн эхнэр Болормаа манай ажил дээр анх худалдагч хийнэ гэж хавар зараар ирж, ажилд орсон. Эхнэр Болормаа одоо ч манай дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаа. Тухайн үед С.Азжаргал манай дэлгүүр дээр хаах үед эхнэр дээрээ ирдэг байсан. Би юу хийдэг талаар асуухад ажил олдохгүй байна гэхээр нь миний ажилд туслаад шуудай хувцас зөөж өгч бай гээд өдөрт 20.000 төгрөг, хоол авч өгөхөөр тохиролцсон. Мөн би өөрт нь болон эхнэр хүүхдэд нь хувцас, хунар өгч, гэр авна гэхэд нь хүртэл 1 сая төгрөг өгч байсан.Тэр шуудайтай хувцас ганц хүн өргөхөд маш хүнд байдаг. С.Азжаргал нь манай чингэлэг хаана хаана байрлалтай байдаг намайг хэдэн цагт очдог байсныг мэднэ. Намайг хөдөө идшинд явсан хойгуур эхнэрээс түлхүүрийг нь хувилж авсан юм байна лээ. Хулгай орсон чингэлэг дотор цагаан сараар зарах их хэмжээний хувцас байсан. Намайг гаднаас харахад ижилхэн цоож л байгаад байдаг учраас би сайн анзаараагүй. Манай барааг өөр хүмүүс зардаггүй учраас зах дээр өөр хүн зарж байхаар нь мэдсэн. Тусалж дэмжиж байхад ар хударгаар хулгай хийсэнд нь маш их гомдож байна. Одоо болтол надаас уучлалт ч гуйгаагүй. Би хамгийн гол нь үнэнээ хэлээд уучлалт гуйгаасай гэж хүсч байсан. Одоо үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа, энэ хүнээс авах юмгүй гэдгийг сайн мэдэж байна.…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

С.Азжаргал нь яллагдагчаар мэдүүлэхдээ: “... Манай эхнэр Болороо Вьетнам, Солонгос бэлэн хувцасны дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. Би 2014 оны 9 дүгээр сард эхнэрийнхээ ажилладаг хувцасны дэлгүүр дээр нь очиж байгаад эхнэрийнхээ ажлын захирал нь болох Баттулга ахтай танилцсан. Тэгээд би хааяа эхнэртэйгээ хамт дэлгүүрт нь суудаг байсан. Тэгээд Баттулга ахтай болон эхнэртэй нь хамт дэлгүүрийнх нь агуулах чингэлэгт нь очиж бараа буулгаж ачсан юм. Тэгээд уг барааг нь барааны дэлгүүрүүдээр нь очиж тараадаг байсан. Тэгээд би тэдний чингэлгийг нь мэдсэн. ...Баттулга ахын машин дотор байсан олон түлхүүрүүдээс Нарантуул захын хашаан дотор байдаг 20 дугаартай чингэлгийн 1 ширхэг түлхүүрийг нь хулгайлан авсан. Тэгээд тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа би ганцаараа Нарантуул 2 захын хашаан дотор 08 цагийн үед очиж ороод 20 дугаартай чингэлгийг түлхүүрдэн онгойлгож ороод 3 шуудай хувцас авч Дэнжийн 1000-н үүднээс саарал өнгийн эксел маркийн машинд ачаад Хархорин зах орж үл таних хүнд 1 шуудайг нь 100.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 300.000 төгрөгтэй болсон. Би чингэлгийнхээ цоожны түлхүүрийг гээсэн байсан. Тэгээд би чингэлгийн цоож худалдаж авсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа ганцаараа Нарантуул 2 захын хашаан дотор 07 цагийн үед очоод уг чингэлгийн хаалганы цоожийг чулуугаар эвдэж онгойлгож 5 шуудай хувцас аваад таксины зогсоол дээрээс саарал өнгийн Приус 11 маркийн машин бариад 5 шуудай бараагаа ачин Хархорин зах орж тэнд жимс зардаг хүмүүст очиж бараагаа 1 шуудайг нь 100.000 төгрөгөөр тооцоод 500.000 төгрөгтэй болсон. Түүнээс хойш 3 хоногийн дараа ганцаараа Нарантуул 2 захын хашаан дотор 07 цагийн үед очоод чингэлгийг онгойлгоод 5 шуудай хувцас авсан. Авсан бараагаа зам дээрээс Соната 5 маркийн машин бариад бараагаа ачиж Хархорин зах ороод 1 шуудайг нь 100.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 500.000 төгрөгтэй болсон. Тэгээд би 2-3 хоногийн дараа ганцаараа Нарантуул 2 зах орж 20 дугаартай чингэлгээс шуудайтай бараа 5 ширхгийг хулгайлан буцаагаад цоожилсон. Уг 5 шуудай бараагаа зам дээрээс жижиг машин бариад ачаад Хархорин зах орж 1 шуудайг нь 100.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би микро автобустай ахтай танилцсан. Хоёр хоногийн дараа ганцаараа дахин Нарантуул 2 зах дотор өглөө 07 цагийн үед очиж 5 шуудай бараа аваад чингэлгээ буцаагаад цоожлоод жижиг тэрэг олж ирээд ачаагаа ачаад Хархорин зах орж Микро автобустай ахад 1 шуудайг нь 100.000 төгрөгөөр тооцож 5 шуудай бараагаа өгөөд 500.000 төгрөг тоолж авсан. Мөн түүнээс хойш 5 хоногийн дараа микро автобустай ахтай хамт Нарантуул 2 зах ороод чингэлгийн цоожийг нь түлхүүрдэн онгойлгоод 5 шуудай бараа гаргаж өгөөд ачаад тэр ахаас 500.000 төгрөг тоолж аваад би Саппарогийн орчимд машинаас нь буусан. Тэр өдрөөс хойш 5 хоногийн дараа микро автобустай ахын жижиг машинаар нь тэр ахтай хамт очиж 5 шуудай малгайтай цамц хүүхдийн цамц зэрэг эд зүйлс хулгайлан авч ачиж өгөөд явуулсан. Тэгээд би барааны мөнгө 500.000 төгрөг тоолон авсан. Тэр өдрөөс хойш 5 хоногийн дараа микротой нь очиж тэр ахад 5 шуудай цамц, футболк, куртик зэрэг эд зүйлс аваад тэр ахад ачиж өгөөд явуулсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа би микротой ахтай хамт Нарантуул 2 худалдааны төв ороод чингэлгээс нь 10 шуудай цамц куртик аваад тэр ахын микрод нь өгч явуулсан. Тэр ах надаас энэ ямар учиртай бараа вэ гэж асуухаар нь би тэр ахад манай ах Солонгос улсаас оруулж ирдэг юм. Тэгээд манай ах надад тоолж өгөөд намайг зар гэдэг юм гэж хэлсэн. Тэгээд би тэр ахад энэ барааг чингэлгээр нь зарна гэж хэлж байсан. Тэгэхэд тэр ах надаас уг барааг чингэлгээр нь авна гэж ярьж байсан. Тэгээд би дахин авах гээд микротой ахтай хамт Нарантуул 2 зах ороход 20 дугаартай чингэлгийн цоожийг сольсон байсан. Тэгэхээр нь би тэр ахад манай дарга чингэлгийн цоожийг сольсон байна. Та гэртээ очоод байж бай би утсаар чинь залгая гэж худлаа хэлээд явуулсан. Тэгээд эхнэрийнхээ ажил дээр очиход цагдаа нар намайг барьж авсан. ...Би 2 сар орчмын хугацаанд 10 гаран удаагийн үйлдлээр хулгай хийсэн. Хэдэн удаагаа санахгүй байна. Би 2-3 хоног өнжөөд 1 удаа очиж хулгай хийдэг байсан. 1 удаа авахдаа 5-10 шуудай бараа авдаг байсан...” гэжээ /хх-183-184/, “...Анх би чингэлгийн эзний эхнэртэй хамт очиж тэр чингэлгээс хувцаснууд авсан. Тэр үед нярав гэх эмэгтэй хамт явж байсан. Тэгээд надаар чингэлгийг онгойлгуулаад цоожлуулсан. Тэр үед надад олон тооны багц түлхүүр өгсөн. Би тэр түлхүүрийг буцааж өгөхдөө машин дотор нь сууж байгаад тэр чингэлгийн түлхүүрийг сугалаад авчихсан юм. Тэрнээс хойш 5 хоногийн дараа тэр чингэлэг рүү өглөө 08 цагийн үед ганцаараа очоод 3 шуудай хувцас гаргаж аваад хойшоо зам дээр такси бариад Хар хорин зах дээр очоод Банди гэдэг зүс таних залууг дуудаад 20.000 төгрөг зээлж аваад таксинд өгч таксигаа явуулаад Хархорин дээр зогсдог танихгүй эмэгтэй хүнд 1 шуудайг нь 100.000 төгрөгөөр зарсан. ...дахин 5-6 хоногийн дараа нөгөө чингэлэг дээр өглөө 08 цагийн үед очоод хамгаалагчийг нь харж байгаад байхгүй болохоор нь чингэлгийн цоожийг чулуугаар эвдэж онгойлгосон. Тэр үед би нөгөө түлхүүрээ хаясан байсан. Дотроос нь 5 шуудай хувцас аваад нэг нэгээр нь зөөж Нарантуул 2-ын хойд талын нүхээр хувцаснуудыг нэг нэг шуудайгаар зөөж гаргасан. Тэгээд урьд нь авсан байсан цоожоороо уг чингэлгийг цоожилж орхисон. Тэгээд Хархорин зах дээр очиж бас нэг өөр эмэгтэйд нэг шуудайг нь 100.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 500.000 төгрөгтэй болоод кафед орж ганц хоёр пиво уугаад Бандиатай уулзаж хамт суусан. ...Түүнээс хойш дахиад 5 хоногийн дараа очоод түлхүүрээрээ онгойлгож 5 шуудай хувцас авсан. ...Нийт 7 удаа 5 шуудайг, нэг удаа 3 шуудайг, хамгийн сүүлд портероор 10 шуудай хувцас авсан…” гэжээ /3-р хх26-27/.

Гэрч О.Болороо мэдүүлэхдээ: “...Би Солонгос бэлэн хувцасны дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. Манай дэлгүүрийн эзэн болох Баттулга нь манай нөхөр болох Азжаргалаар хааяа бараа буулгуулдаг байсан. Манай нөхөр 2014 оны 12 дугаар сараас эхлэн их мөнгөтэй болоод байсан. Тэгээд би нөхрөөсөө ямар учиртай мөнгө юм бэ гэж асуухад манай нөхөр Хархорин зах дээр хүнээс зээлсэн гэж ярьж байсан. Тэгээд манай нөхөр 2014 оны 12 дугаар сараас архи ихээр уудаг болсон. Орой болгон согтуу байж байгаад хэрүүл хийдэг болсон. Тэгээд манай нөхөр мөнгөтэй болоод ааш зан эвдрээд байхаар нь 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр салсан. Би аавындаа хүүхдүүдтэйгээ амьдарч байна. 2015 оны 02 дугаар сарын 3-ны өдөр манай захирал надад танай нөхөр чинь манай контейнерыг ухаж хулгай хийсэн байна гэж хэлсэн. Тэгж би мэдсэн. Манай дэлгүүр Вьетнам цамцыг 1 ширхгийг нь 15.000 төгрөгөөр, Солонгос куртикийг 1 ширхгийг 70.000 төгрөгөөр зардаг...” гэжээ /1-р хх-123/.

Гэрч Л.Буяннэмэх мэдүүлэхдээ: “...Сүхбаатар овогтой Азжаргал гэх хүнийг танихгүй. Одоогоос 10 орчим хоногийн өмнө намайг Баянзүрх дүүрэгт байрлах Нарантуул ОУХТ-ийн жижиг барааны 31, 32 номерын лангуу дээрээ худалдаагаа хийж байхад үл таних залуу ирээд намайг , цамц бөөндөж байна авах уу гэж асуусан. Тэгээд надад гар утасныхаа дугаарыг өгчихөөд явсан. Би удалгүй түүний гар утасных нь дугаар болох 88878378 дугаарын утас руу нь залгахад тэр залуу гар утсаа аваад Нарантуул захын зүүн хаалганы өндөр төмөрний хажууд байна гэж хэлсэн. Тэгээд би тэнд нь дүү Даваадоржтой хамт очиход ногоон өнгийн микро автобустай үл таних залуу нэг настай дуу эмэгтэйн хамт бараа зарж байсан. Би очоод тэр хүнд 1 ширхэг цамцыг 1000 төгрөгөөр тооцоод 240.000 төгрөг өгөөд 240 ширхэг цамц авъя гэхэд тэр залуу надад 200 цамц өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа би тэр хүний гар утас руу залгаад түүнээс ямар бараатай ирсэн бэ гэж асуухад тэр хүн би цамцтай ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхэд би Даваадоржтой хамт очиход тэр залуу нэг жижиг машинтай байсан. Тэгэхдээ нэг жижиг эмэгтэйтэй хамт бараагаа зарж байсан. Тэгээд тэр залуу саарал өнгийн малгайтай цамц зарж байсан. Тэгэхэд нь манай дүү Даваадорж 53 ширхэг цамцыг 1 ширхгийг нь 2500 төгрөгөөр тооцож худалдаж авсан. Тэр залуу куртик, малгайтай цамц, майк зарж байгаа гэж байсан. Түүнээс хойш тэр хүнээс бараа аваагүй. Дараа нь 40 ширхэг дутуу өгснийхөө нь оронд 14 ширхэг цамц авсан...” гэжээ /1-р хх-126/.

Гэрч Б.Нарантуяа мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар овогтой Азжаргал гэдэг хүнийг зүс л танина. Тэр залуу 2015 оны 01 дүгээр сарын 13-ны үед намайг Хархорин худалдааны төвд худалдаагаа хийж байхад манай лангууны орчмоор хүүхдийн хар өнгийн цамц, ягаан өнгийн эмэгтэй хүний цамцнууд зараад явж байсан. Тэгэхээр нь би тэр залууг дуудаад чи наадах цамцнуудаа хэдээр зардаг юм бэ гэхэд манайх энэ цамцнуудаа 1000 төгрөгөөр худалддаг гэж хэлж байсан. Тэр залуу манай дотор зах дээр нэлээн хэд хоног зарсан. Тэгээд би тэр залуугаас чи наадах бараагаа хэдээр зардаг юм бэ гэж асуухад тэр залуу надад манай 1 шуудайг нь 100.000 төгрөгөөр зардаг юм гэж хэлсэн. Тэгээд би өөрийн хүүхэд Ууганбаярт манай Хархорин зах дээр нэг залуу хямдхан бараа зарж байна чи аваад зарвал зүгээр юм биш үү гэж хэлсэн. Тэгэхэд манай хүү Ууганбаяр наадах чинь комиссын бараа юм биш үү ийм хямдхан бараа гэж ямар юм байдаг юм бэ гэж хэлсэн. Би Азжаргал гэх залуугаас 1000 төгрөгөөр 5 ширхэг хүүхдийн цамц аваад хүү Ууганбаярт үзүүлсэн. Тэгэхэд Ууганбаяр тэр цамцыг үзчихээд яагаад энэ ийм хямдхан байдаг юм бэ гэж хэлж байсан. Тэгээд би маргааш нь Азжаргал гэх залуу манай лангуун дээр ирээд та надад 20.000 төгрөг өгөөч би такси бариад 3 шуудай бараа аваад ирлээ гэж хэлсэн. Би таксины мөнгө 20.000 төгрөг өгч явуулаад араас нь гарахад манай захын үүдэнд 3 шуудай бараа буулгачихсан байсны 1 шуудайг нь үл таних эрэгтэй хүн аваад би 2 шуудай цамцыг нь 200.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд манай хүү Ууганбаяр 7 хоног үргэлжлэн надаас өдөрт 200.000-300.000 төгрөг аваад Азжаргал гэх залуугаас бараа аваад зараад буцаагаад өдөрт нь мөнгөө өгч байсан. Манай хүү уг бараануудаа Нарантуул зах дээр зарсан гэж ярьж байсан...” гэжээ /хх-139/.

Гэрч Б.Нэргүй мэдүүлэхдээ: “...С.Азжаргалыг зүс таньдаг. Хар хорин зах дээр тэрэг түрдэг байсан. ... Ноднин хавар энэ хүүхэд гялгар уутанд хэдэн футволк, цамц хийчихсэн зараад явж байсан. Тэгээд таньдаг болохоор чи юм зарж байгаа юм уу гэхэд би эгчийнхээ юмыг зарж байгаа юм гэж байсан. Тэгээд би 2 цамцыг 6000 төгрөгөөр авч байсан. Нэгийг 3000 төгрөгөөр зарж байсан. ...Дараа нь нэг зарж байсан. Энэ залуугаас манайхан ганц нэг хувцас л авсан байх. Шуудайгаар нь зарж байсныг мэдэхгүй. Манайд орж ирэхдээ торонд хийгээд гар дээрээ ганц нэгийг тохсон байдалтай ирдэг байсан. Манайд миний мэдэхийн ганцаараа 2 удаа л орж ирсэн...” гэжээ /3-р хх-8/.

Гэрч Б.Оюунчимэг мэдүүлэхдээ: “...Би зүс харж байсан. Зах дээр байдаг хүүхэд мөн байна. Манай зах дээр сүү зардаг хүмүүс зах дээр тэрэг түрж байсан гэж ярьж байсан. Энэ хүүхэд ноднин жил, цагаан сараас өмнө хэдэн хувцас зарж байсныг санаж байна. Тухайн үед зарж байсан хувцаснууд нь хямдхан болохоор нь ягаан өнгийн 3 ширхэг футволк авч байсан. 2000 төгрөгөөр зарж байсан санагдаж байна. Энэ залуу ганцаараа явж байсан байх, хүмүүс шаваад аваад байсан. Сураг сонсоход хямдхан юм зараад байна гэж хүмүүс ярьж байсан...” гэжээ /3-р хх-9/.

Гэрч Ц.Булган мэдүүлэхдээ: “...2014 оны зун намайг Баттулга ахад очиж туслаад чингэлгийн бараа буулгаж байх үед Азжаргал ирж бид нартай хамт ачаа буулгаж зөөдөг байсан. Түүнээс хойш Азжаргалын зүс танина. ...2015 оны 01 дүгээр сард Азжаргал нь Баттулга ахтай хамт бараа янзлаад явж байхад нь таарсан. Түүнээс өмнө 2014 оны 12 сарын эхээр намайг Нарантуул 2 зах дотор бараа зарж байхад Азжаргал үл таних өндөрдүү согтуу хүнтэй Азжаргал өөрөө согтуу байсан тэгээд надтай таарчихаад би түүнээс чи юу хийж яваа юм бэ гэхэд Азжаргал энэ хойно манай ахын машин засварын газар байдаг юм тийшээ явж байна гэж хэлээд нөгөө хүнтэйгээ хулгай орсон чингэлгийн чиглэлд явсан. Тэгэхэд Азжаргалтай хамт явсан хүн нь манай дэлгүүрт 75.000 төгрөгөөр зарагддаг шар өнгийн куртикийг өмчихсөн явж байсан. 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би Нарантуул 1 зах дээр Баттулга ахын авчирдаг барааг зараад зогсож байтал үл таних хүмүүс миний зарж байсан барааг хямдхан авлаа гээд бариад явж байсан. Тэгээд миний 15.000 төгрөгөөр зарж байсан цамцыг 5.000 төгрөгөөр зарж байсан. Тэгээд би Баттулга ахад хэлээд Баттулга ах агуулахын чингэлгээ шалгаад хулгай орсон байна гэж мэдсэн...” гэжээ /1-р хх-142-143/.

“Вендо” хөрөнгийн үнэлгээний ХХКомпани 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан:

“...2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу эрүүгийн 2015250001288 дугаартай хэргийн материалд холбогдох хөрөнгийн үнэлгээг 2015 оны 02 дугаар сарын байдлаар үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайлан болон холбогдох материалын хамт хүргүүлэв. Уг эд зүйл нь зах зээлийн хандлагаар үнэлэгдэв. Тус эд зүйл нь нийт 37.379.240 төгрөгөөр үнэлэгдлээ...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх 39-47/.

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №495 дугаар дүгнэлт /1-р хх-152/. 

Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-190-191/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-116/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Азжаргал нь удаа дараагийн давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг Нарантуул-2 худалдааны төвийн хашаанд байрлах хохирогч Б.Баттулгын Вьетнам, Солонгос улсуудаас оруулж ирсэн бэлэн хувцас агуулж байсан 20 дугаартай чингэлгээс 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд цоожийг эвдэн нэвтэрч 48 шуудай бэлэн хувцаснуудыг хулгайлж, 37.379.240 /гучин долоон сая гурван зуун далан есөн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Б.Баттулгын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр С.Азжаргалын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Азжаргалыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Баттулгад “Вендо” хөрөнгийн үнэлгээний ХХКомпани 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, тогтоолоор тогтоогдсон 37.379.240 /гучин долоон сая гурван зуун далан есөн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг шүүгдэгч С.Азжаргалаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэхдээ түүнийг хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харгалзан үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Боржигон овогт Сүхбаатарын Азжаргалыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Азжаргалыг 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Азжаргалд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Азжаргалд оногдуулсан 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Азжаргалын энэ хэргийн учир цагдан хоригдсон нийт 409 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Азжаргалаас 37.379.240 /гучин долоон сая гурван зуун далан есөн мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 49-2-р байрны 17 тоотод оршин суух Хасу овгийн Батсуурийн Баттулга /РД: ХЕ79103016/-д олгосугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Б.ХАЛИУН

 

                              ШҮҮГЧИД                                   С.БАТГЭРЭЛ

 

                                                                                  Н.БАЯРМАА