Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 015

 

У.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд прокурор Х.Өрен, шүүгдэгч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нарыг оролцуулан хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолтой, У.Б-д холбогдох эрүүгийн 1813001080056 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Урианхай,1970 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхэнр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дугаар баг, .... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт У-ийн Б, регистрийн дугаар 00000

Шүүгдэгч У.Бя нь иргэн Г.М-ийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, “ACLAS” гэх бичигтэй хуучин хэрэглэж байсан цахилгаан жинг /хэмжүүр/ хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт хамаарах  гэмт хэрэгт холбогджээ.  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор: “1. Шүүгдэгч У.Б-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.Бг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Миний бие архаг бамбай өвчтэй байсан бөгөөд бамбай өвчний гүн хордлогод орсон байсан тул 2017 онд бамбайн хагалгаанд орсон. Түүнээс хойш байнга өрхийн эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрэл, булчирхайн эмчийн хяналтад байдаг. Уг өвчний улмаас миний бие хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж, тахир дутуугийн группт орсон. Хоригдсоноос хойш Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эмчийн байнгын хяналтад байж, даралт, бамбай булчирхайн эм ууж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.13 дугаар зүйлд “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, ялаас өвчний учир чөлөөлөх”, мөн хуулийн 6.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдсэний дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд ялтныг ял эдлэхээс чөлөөлж болох”-оор заасан хуулийн заалт байгаа тул шүүгдэгчийн эрхийг дээрдүүлэх заалтыг баримтлан иргэн У.Б миний бамбай булчирхайн архаг өвчтэй байдлыг маань харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч У.Б-гийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн 1813001080056 дугаартай хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.      

Анхан шатны шүүх эрүүгийн хэргийн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч У.Б нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах “Шинэ захаас” ертөнцийн зүгээр урд зүг рүү харж байрласан хаалгагүй блокон хашаатай хохирогч Г.М-гийн гэрээс саарал өнгийн гадаргуутай, “ACLAS” гэсэн цэнхэр өнгийн бичигтэй, дөрвөлжин хэлбэртэй, тавцангүй, урд хэсгээрээ товчлууртай, цахилгаан хилийг /жин/ хулгайлж 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.   

Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч У.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, ял шийтгүүлэх байр суурьтай оролцсон бөгөөд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, үнэлгээ тогтоосон шинжээчийн мэдүүлэг зэргийг яллах талын нотлох баримтаар судлуулжээ.

            Анхан шатны шүүх хохирогч Г.М, гэрч М.О, Л.Б, шүүгдэгч У.Б-гийн мэдүүлгүүд, хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, хулгайлагдсан эд зүйлд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтууд гэж үзсэн бөгөөд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хавтаст хэрэгт хөрөнгийн хохирлын үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 025 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “2018 оны 3 дугаар сарын байдлаар “ACLAS” маркийн хуучин цахилгаан хил /жин/ 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн ханштай” байгааг тогтоожээ.

            Хохирогч Г.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн “Өлгий сумын 13 дугаар багт байрлах зуны хашаа байшинтай, одоо эзгүй байгаа юм. Бид нар өөрсдөө байранд амьдардаг. ... очиж үзэхэд манай зуны байшингийн цонхыг хагалж, дотогшоо нэвтэрсэн байсан. Хулгай орсон гэх цонх нь эвдрэл хагаралгүй, хэвийн цонх байсан бөгөөд хаалттай шилтэй бүрэн бүтэн байсан. Намайг очиход цонхны гадна болон дотор талд шилний хагархай харагдаж байсан” гэсэн мэдүүлэг, түүнчлэн шүүгдэгч У.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “хүргэн болох Мөнхнарангийн гэр лүү очиход тэдний байшин эзэнгүй, гаднаас нь цоожилсон байсан.  Тэгээд цонхны шилийг хагалж, дотогшоо ороход цонхны тавцан доор цахилгаан хэмжүүр байхаар нь аваад гарсан” гэсэн мэдүүлгээр тус тус Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдэхдээ хүндрүүлэх нөхцөлд заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.

            Шүүгдэгч У.Б нь хохирогч Г.М-гийн өмчлөлд байсан цахилгаан хилийг /жин/ хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр авснаар хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж, энэ гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай Өлгий сумын 13 дугаар багт байрлах Г.М-гийн байшин, орон байранд нэвтэрч” үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч хувийн байдлыг нь дурдаж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг бүрэн хангасан учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримталж улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хорих ялыг доош татаж 1 жил 1 хоногоор багасгаж өгөхийг хүсэж хөнгөрүүлэх байр сууринаас оролцжээ.

            Анхан шатны шүүх У.Б-г “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

            Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж” болохоор байна. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ялыг хөнгөрүүлж хэрэглэж болохоор байна.

            Дээрх хуулийн шаардлага нь шүүгдэгч У.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул анхан шатны шүүхийн ялыг хөнгөрүүлж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч У.Б нь давж заалдах гомдолдоо “архаг бамбай өвчтэй байсан бөгөөд бамбайн хагалгаанд орсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмчийн хяналтад байж даралт, бамбай булчирхайн эм ууж байгаа. Эрүүгийн хуулийн 6.13 дугаар зүйлд “хорих, зорчих эрхийг хязгаарлах, ялаас өвчний учир чөлөөлөх” гэсний дагуу архаг өвчтэй байдлыг харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

            Эрүүгийн хуулийн 6.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсний дараа сэтгэцийн эмгэгтэй болж өөрийн үйлдлийн бодит шинж чанар, хор уршгийг ухамсарлах, үйлдлээ удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг ял эдлэхээс чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж,

2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсний дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд ялтныг ял эдлэхээс чөлөөлж болох бөгөөд энэ журмыг хуулиар тогтооно” гэжээ. Шүүгдэгч У.Б нь дээрх хуулийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцийн эмгэгтэй болоогүй, үйлдлээ удирдан жолоодох чадваргүй болоогүй тул хэрэглэх боломжгүй байна.

            Давж заалдах гомдол нь нотлох баримтад үндэслэгдээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... ял эдлүүлэх боломжгүй байдал үүсвэл прокурор нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн ... шинжээчийн дүгнэлт гаргуулна”, “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт, байгууллагын саналд тулгуурласан прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч ... цаашид ял эдлэхээс чөлөөлөх тухай шийдвэр гаргахаар” заажээ. Энэ байдал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргаж, дүгнэлт, байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч шийдвэрлэхээр байна.

            Иймд шүүгдэгч У.Б-гийн “архаг бамбай өвчтэй байсан бөгөөд бамбайн хагалгаанд орсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмчийн хяналтад байгаа, ялаас өвчний учир чөлөөлж өгнө үү” гэсэн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бгийн цагдан хоригдсон нийт 60 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                 

 

 

ДАРГАЛАГЧ, 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

 

                                                                                                Д.МӨНХӨӨ