Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2019/0031/З |
Дугаар | 03 |
Огноо | 2020-01-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн М.У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн *******д холбогдох аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/62 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, Д.Бум-Аюуш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Би Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар 2016 оны 09 дүгээр сараас томилогдон ажилласан. 2018 онд сонгон шалгаруулалтад орж тэнцээд төрийн жинхэнэ албан хаагч болсон. Тухайн үед аймгийн *******тай гэрээ хийгээд ажиллаж байсан 08 дугаар сард аймгийн ******* нь солигдсон. Гэнэт нэг өдөр дуудаад намайг ажлаас хална гэж хэлсэн. Би ажлаа зүгээр хийж байгаа гэж хэлээд гарсан. Д.Б дарга дуудсан. Би өрөөнд нь ороход ажлаас халах захирамж гарч байгаа. Захирамжийн төсөлтэй танилц гэсэн. Тэгэхээр нь би танилцахгүй гэж хэлээд гарсан. Маргааш нь буюу 08 дугаар сарын 08-нд Б даргаар ахлуулсан ажлын хэсэг ирээд ажлыг маань хүлээж авсан. Би ажлаа хийж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй, гэрээний дагуу ажлаа хийгээд үнэлгээ аваад ажиллаж байсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн ******* Иргэдийн хуралд өргөн барьж батлуулдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумуудаас 1 дүгээр сард аваад нэгтгээд ******* өргөн барьдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг шалтгаан нь манай аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчид нь хуралдаагүй. Хуралдахаар нь өргөн барина гэж явсаар 6 сар болсон. Захирамжуудыг дурдаж байна. Захирамжуудын үндэслэлтэй байна уу? үгүй байна уу? гэдгийг Хууль зүйн хэлтсийн дарга маань хянаад гарын үсэг зурдаг. Бүх хэлтсийн дарга нар гарын үсэг зураад хамгийн сүүлд ******* гарын үсэг зураад бланклагдаад захирамж гардаг байгаа. Хэрвээ эдгээр захирамжууд үнэхээр хууль бус байсан юм бол хууль зүйн хэлтсийн дарга Д.Б яагаад гарын үсэг зураад баталсан юм бэ? яагаад тухайн үед хууль бус гэдгийг нь хэлээгүй юм бэ? Энэ шийдвэрүүд бүгд Засаг даргын зөвлөлөөр орж байж гардаг. “Ө Б” ХХК-ны асуудал яригдаж байна. Энэ асуудлыг бүх хэлтсийн дарга нар тойрч сууж байгаад бүгд эхнээсээ гарын үсэг зураад захирамж гарсан. Эхлээд 18000 м2 хэрэгтэй гээд хурал дээр шийдээд гарсан. Дараа нь төлбөр дээр нь их хэмжээний мөнгө төлж чадахгүй гээд дахиад хуралдаад багасгаад гаргаж байсан. Би энэ захирамжуудыг гарахад нөлөөлсөн зүйл байхгүй. Хөрөнгө оруулалтыг ******* аймгийн ******* гарын үсэг зураад Санхүү төрийн сангийн хэлтэс хянадаг байгаа. Манай газрын зүгээс хяналт тавьдаг. Тиймээс санхүүгийн зөрчилтэй асуудлуудыг Санхүү төрийн сангийн хэлтэс хариуцах ёстой. Жил бүр Аудит хийдэг. 2018 оноос сумын газрын даамлууд манай газарт харьяалагдаж байгаа. Өмнө нь Засаг даргын мэдэлд байдаг байсан. Сумын ******* нар захирамжаа гаргадаг. Манай газрын зүгээс таны захирамж ийм хууль зөрчсөн байна. Та захирамжаа өөрчлөөрэй гэсэн зөвлөгөө, албан тоот хүргүүлдэг. Бүр хэцүү үед аймгийн *******д хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлт явуулдаг. Иймд Ажлаас халсан энэ шийдвэрийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлж өгөхийг даалгаж өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/62 дугаартай аймгийн Засаг даргын захирамж байгаа. Энэ захирамжийн 1 дэх заалт дээр албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго зорилт чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн. Яагаад ингэж үзсэн юм бэ? гээд хавтаст хэргийн материалд 2 үр дүнгийн гэрээ, үр дүнгийн гэрээний биелэлт байдаг. Мөн хариуцагчийн тайлбар байгаа. 2017, 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтүүд нь сайн гэсэн үнэлгээ авсан байгаа. Үүнээс харахад албан тушаалын зорилго чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд байхгүй. Мөн албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, хууль тогтоомж зөрчсөн нь Аудитын байгууллагын дүгнэлт болон ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдсон гэж байгаа. Тэгэхээр хавтаст хэрэгт Аудитын газрын болон ажлын хэсгийн М.У-ийг албан тушаалын үүргээ хангалттай биелүүлээгүй эсхүл албан тушаалаа хэтрүүлж, хууль тогтоомж зөрчсөн гэсэн дүгнэлт байхгүй. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу гэсэн тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа. Энэ тэмдэглэлийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Сонсох ажиллагааг хаана хэзээ явуулсан гэдгийг тэмдэглэлдээ тусгаж өгөөгүй. Эхлээд мэдэгдэх хуудас өгөх ёстой байсан. Мэдэгдэх хуудас өгөлгүйгээр утсаар дуудсан гэдэг. Утсаар дуудахдаа сонсох ажиллагаа явуулах гэж байгаа тухайгаа хэлээгүй. Мөн хариуцагч талын тайлбар болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр ярьж байгаа зүйлүүд сонсох ажиллагааны тэмдэглэлтэй зөрдөг. Тэгэхээр энэ сонсох ажиллагааны тэмдэглэлийг дараа нь нөхөөд үйлдээд хийсэн байх боломжтой гэж үзэж байна. Тэмдэглэл хөтөлсөн Д.Б гэж оруулаад нөгөө тэмдэглэл хөтөлсөн И гэдэг хүнээ гэрч гээд оруулчихсан байгаа. Ийм учраас сонсох ажиллагаа огт хийгээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Мөн ажлаас чөлөөлсөн захирамж дээр Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байгаа. Газрын тухай хуулийг М.У ямар байдлаар зөрчсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэрэгт байгаа захирамжууд нь бүгд *******ас гарсан захирамжууд байгаа. Тийм болохоор үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгийг захирамж дээрээ үндэслэл болгодог. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх” гэсэн заалтыг яаж зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь хэсэгт “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэсэн заалт байгаа. Ямар байдлаар хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хавтаст хэргийн материалаас тогтоогдохгүй байна. Хариуцагчийн тайлбар дээр сүүлийн 2 жил хангалттай сайн гэсэн үнэлгээ авсаар байхад юуг үндэслээд хангалтгүй биелүүлсэн гэж үзээд байгаа юм. Аудитын акт албан шаардлагыг хугацаанд биелүүлээгүй гэж байгаа. Гэтэл энэ албан шаардлагыг М.У-д хүргүүлээгүй, энэ хүн мэдээгүй. Тийм учраас биелүүлэх боломжгүй байсан. М.Ууган-Эрдэний хариу тайлбар, гомдол гаргах эрхийг нь зөрчсөн. Ямар үндэслэлээр халсан гэдэг нь тогтоогдохгүй байна. М-ын гарын үсэг зурсан албан шаардлагын хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны дотор биелүүлэх албан шаардлага байсан. Хангалтгүй гэсэн үнэлгээг энэ хүн ажлаас халагдах хүртлээ авч байгаагүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Энэ нь 2017, 2018 онуудын үр дүнгийн гэрээний биелэлтээр хангалттай гэсэн үнэлгээ авсан байдаг. Үүнийг үндэслэсэн байгаа. 2016 онд хязгаарлалттай гэсэн үнэлгээ авсан байдаг. Энэ дээрээ бол зохих сахилгын шийтгэлээ авсан байдаг. Нэхэмжлэгч маань мөн шүүх хуралдаан дээр тайлбарласан. Иргэдээс ирсэн хүсэлтийг хурлаараа хэлэлцээд хяналт тавих нэг гол хүн нь Д.Б өөрөө байгаа. М.У Засаг даргын захирамжийг төлөвлөж ордог хүн биш. Засаг даргын гарын үсэг зурагдаад, тамга нь дарагдаж байгаа учраас М.У Засаг даргын өмнөөс гарын үсэг зураагүй, худлаа хэлээд тамга дарсан зүйл байхгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, 106.3.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өнгө үү?
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: М.У-ийг Газрын тухай хуулийн 63 дугаар 63.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.2 зэрэг заалтуудыг зөрчсөн нь ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болж байна гэж дурдаад байдаг. Гэтэл бичгээр гаргасан тайлбартаа дээрх хуулийн заалтуудыг яаж зөрчсөн, ямар нотлох баримтаар нотлогдоод байгаа юм гэдэг тайлбартаа Аудитын удаа дараагийн дүгнэлтүүдээр дээрх зөрчлүүд нь нотлогдоод байна гэдэг. Тухайн Аудитын тайлбарт дурдсан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/149, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06/154, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/155, 02/155, 03/155 зэрэг албан шаардлагуудыг дурдаад байдаг. Энэ албан шаардлагуудыг нотлох баримтын хүрээнд үзэхээр 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/155 дугаар бүхий албан шаардлага нь бол тодорхойлох хэсэгтээ зөрчлийг дурдаад, зөрчлийн биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Аудитын газарт ирүүлэхийг аймгийн *******д даалгасан байдаг. Үүнийг харахаар М.У-ий ажил үүргийн хуваарьт хамааралгүй албан шаардлага байгаад байдаг. Дараагийн албан шаардлага буюу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/155 дугаартай албан шаардлагын биелэлт нь мөн 2019 оны 12 дугаар 01-ний дотор Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг М.У-д даалгасан байдаг боловч зөвшөөрсөн хэсэгт нь М.У гарын үсэг зураагүй, танилцуулаагүй байдаг. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хариуг нь тайлагнах ёстой байтал 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр буюу хариу ирүүлэхийг даалгасан хугацаанаас өмнө ажлаас нь халсан байдаг. Тэгэхээр энэ 2 дурдаад байгаа албан шаардлага нь М.У-д хамааралгүй байгаа. Дараагийн албан шаардлага нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02/133 дугаартай төлбөр барагдуулах тухай акт байдаг. Энэ миний яриад байгаа албан шаардлага, төлбөр барагдуулах актууд нь хариуцагч тайлбартаа дурдаад байгаа боловч М.Ууган-Эрдэнэд сахилгын шийтгэл оногдуулаад ажлаас халсан 2019 оны 08 дугаар сарын 07-ны Б/62 дугаартай Засаг даргын захирамжид огт дурдагдаагүй актууд байгаа. Дурдагдаагүй боловч тайлбартаа ирүүлсэн учраас тайлбарыг үндэслэлгүйг нотлох тайлбартаа дурдаж байна. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02/133 дугаартай төлбөр барагдуулах тухай актыг мөн М.У нь төлбөр барагдуулаагүй, ажлын байрны ажил үүрэгт заасан ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзээд байгаа энэ акт нь М.У-д ямар ч хамааралгүй. Дараагийн албан шаардлага буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/137 дугаартай төлбөр барагдуулах акт байдаг. Энэ мөн М.У-д ямар ч хамааралгүй. Энэ дурдаад байгаа актуудаас зөвхөн нэг акт М.У-ийг ажлаас халах тушаалд дурдагдсан байдаг. Энэ акт Говь-Алтай аймаг дахь төрийн Аудитын газрын 2019 оны 04 дүгээр 10-ны өдрийн 02/149 дугаартай албан шаардлагыг тайлбартаа хамааралтай гэж дурдсан байгаа. Үүнийг аваад үзэхээр тухайн албан шаардлагад М.У-ийг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, албаны эрх мэдлээ хэтрүүлж хэрэглэсэн, хууль тогтоомж зөрчсөн нь Аудитын байгууллагын дүгнэлт болон ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдсон ийм зөрчил гарч ирэх юм байх гээд энэ сахилгын шийтгэл ногдуулсан захирамжид дурдсан нэг ч зөрчлийг дурдаагүй байдаг. М.У-д сахилгын шийтгэл ногдуулахыг бичгээр мэдэгдсэн байхыг шаарддаг. Энэ бичгээр мэдэгдэх шаардлага байдаггүй. Мөн Аудитын шалгалтыг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/149 дугаартай албан шаардлагыг хэний гомдлоор, хэний шийдвэрээр, хэний захирамжаар шалгалт явуулахыг заавал заасан байх ёстой байдаг. Гэтэл энэ талаар ямар нэгэн эрх зүйн баримт бичиг гараагүй. Ямар нэгэн хүнээс гомдол гаргаагүй байхад шууд Аудитын дүгнэлт гаргасан байдаг. Энэ шалгалтаар М.У-д сахилгын шийтгэл оноох зөрчил илрүүлж байгаа юм. Сахилгын шийтгэл ногдуул гээд эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж байгаа. Энэ мэдэгдэх процесс нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа мэдэгдэх түүнд гомдол гаргах эрхийг нь зөрчиж байгаа. Албан тушаалтанд мэдэгдээгүй юм байна гээд албан байгууллага руу нь хүргүүлсэн эсэх дээр үзлэг хийхэд тухайн Аудитын албан шаардлага нь Газрын албанд ирсэн бүртгэл байхгүй. Тэгээд захирамжаа гаргаад ажлын хэсэг томилоод ажлаас нь чөлөөлсөн байдаг. Мөн хариуцагчийн тайлбар дээр сонсох ажиллагаа хийгдсэн гэсэн байдаг. Сонсох ажиллагааг ямар журмаар хийсэн бэ? гээд хавтаст хэргээс харахад ажлаас чөлөөлсөн захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг удирдлага болгоод сонсох ажиллагааг хийсэн гээд сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн байдаг. Энэ сонсох ажиллагааны тэмдэглэлийг нотлох баримтаас гаргаад үзэхээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлээ зөрчсөн байдаг. 37 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх гэсэн байгаа. Тэгээд үүнийг аваад үзэхээр ажлаас халж байгаа албан тушаалтандаа мэдэгдсэн зүйл байхгүй, сонсох ажиллагаандаа оруулаагүй, сонсох ажиллагаа болох он сар өдөр дарааллын талаар мэдээллээгүй, захиргааны хэм хэмжээний актын зүйл заалт нь байхгүй, зөвхөн Засаг даргын төслийг танилцуулах гэсэн байгаа. Хэдэн онд гарч байгаа, ямар дугаартай, ямар захирамж танилцуулах гээд байгаа нь тогтоогдохгүй байна. Энэ нь захиргааны ерөнхий хуулийн процесс ажиллагааг зөрчсөн байгаа. Гомдол гаргах журмыг баримтлаагүй учраас мөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөөд гаргасан акт нь хууль ёсны байж чадахгүй болоод байгаа. Захирамжиндаа мөн үндэслэсэн албан шаардлагуудаа дурдах ёстой байсан. Гэтэл ямар ч албан шаардлага дурдаагүй. Дурдсан албан шаардлага нь тухайн нэхэмжлэгчид гардуулагдаагүй. 2017, 2018 үр дүнгийн гэрээ хангалттай гээд үнэлэгдсэн нь хавсаргагдсан байхад хариуцагчийн зүгээс хангалтгүй гэдэг байдлаар үзээд байгаа. Тэгээд хангалтгүй гэж үзсэн бол Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулж болохгүй хугацаа нь өнгөрсөн байгаа. Энэ байдлаараа Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/62 дугаартай М.У-д сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай захирамж нь хууль зөрчиж гарсан байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/62 захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга М.У-д сахилгын шийтгэл ногдуулж ажлаас нь чөлөөлсөн байгаа. Захирамжийн гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 62 дугаар зүйл, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг баримтлаад Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.13 дэх хэсэг буюу төрийн жинхэнэ албан хаагчийн үүрэг байгаа. Энэ үүргээ биелүүлээгүй гэж үзсэн байгаа. 37.1.3.эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх гэсэн заалт байгаа. Өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллаж чадаагүй гэж үзсэн. 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэсэн байгаа. Энэ заалтад заасан зорилт чиг үүргийг хангаж ажиллаагүй гэж үзсэн. Мөн төрийн албаны тухай хуулийн 39.1.2-д албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох заалтыг мөн Газрын тухай хуулийг зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 48.1.З-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ингэхдээ аймгийн Аудитын газраас удаа дараагийн албан шаардлага ирүүлсэн байдаг. Аудитын байгууллага нь хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага юм. Энэ байгууллага нь жил бүр аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх ажлын хүрээний агентлаг, бусад төсөвт байгууллагуудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлыг хийдэг байгууллага. Энэ байгууллагын шалгалтаар зөрчил илэрвэл албан шаардлага гаргаад зөрчлийг арилгуулдаг мөн төлбөрийн акт тавьдаг байгууллага. 2016, 2017 онуудад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар бол хязгаарлалттай санал дүгнэлтээр дүгнэгдэж байсан. Мөн Газрын тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар аудит хийсэн байдаг. Үүнийг хэн нэгэн санаачлаад хийдэггүй, тодорхой төлөвлөгөөний дагуу эсхүл албан шаардлага дээрээ тодорхой зааж өгсөн байдаг. Жишээ нь: 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/149 дугаартай албан шаардлага нь ямар үндэслэлээр явагдсан нь тодорхойгүй байна гэсэн зүйл яригдаж байна. Аудитын албан шаардлагын хамгийн эхэнд нь аудитыг Монгол улсын ерөнхий аудиторын орлогч, үндэсий аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай 2019 оны А/03 дугаар тушаалыг үндэслэж энэ аудитыг хийгээд албан шаардлага гарсан байдаг. Хэн нэгний захиалгаар дуртай үедээ очоод хийдэг зүйл биш. Хэн нэгэн албан тушаалтан хууль зөрчсөнийхөө төлөө энэ надад хамааралгүй гэдэг зүйл ярьж болохгүй. *******д хамааралтай албан шаардлагууд бол улсын төсвөөр орон нутагт хийгдсэн ажлууд байгаа. Энэ ажлуудад хяналт тавих байгууллага нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар байгаа. Энэ чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг Аудитын газрын албан шаардлагаар нотолсон байгаа. Газрын хууль тогтоомжийг зөрчсөн асуудал байгаа. Мөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх ажлууд дээр хяналт сул тавьсан. Үүнээс болоод үр дүнгүй ажлууд маш ихээр хийгдсэн. Ийм зөрчлүүдийг Аудитын газар гаргаж ирсэн. Энэ нь хуулийн үндэслэлтэй албан шаардлагууд байгаа. Аймгийн ******* нь хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй байгаа. Монгол улсын хэмжээнд төрийн байгууллагын ажлын хариуцлага, сахилга бат, дэг журмыг чангатгах талаар удаа дараа албан даалгавар тогтоол гарч хэрэгжиж байгаа. Энэ бол бүх шатны байгууллага албан тушаалтнуудад хамааралтай. Энэ хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах нь аймгийн Засаг даргын үндсэн үүрэг. Хууль зөрчсөн ямар ч албан тушаалтантай хариуцлага тооцох нь Засаг даргын хуулиар олгогдсон эрх. Хууль зөрчсөн гэдгийг холбогдох байгууллага нь тогтоосон, мөн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ албан шаардлагыг нотолж 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлт нь тодорхой гарсан. Шалгалтын явцад цуглуулсан нотлох баримтад үндэслэн 13 дүгнэлтийг гаргасан байна.
Хэн нэгнийг буруутгах гэж төрийн албан хаагчид ажилладаггүй. Энэ бол бодит ажлыг дүгнээд хууль ёсны албан шаардлагууд гарсан байгаа. Албан тушаалын зорилт чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь нэгдүгээрт энэ илтгэх хуудсаар гарч ирж байна. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөн Аудитын албан шаардлагын дагуу албан шаардлага хүлээж байсан. Жил болгон 23 агентлагийн үйл ажиллагааг дүгнэдэг. Энэ дүнгээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар маань 2017 онд 50.48%-тай 17 дугаар байрт, 2018 онд 52.80%-тай буюу 16 дугаар байрт дүгнэгдсэн байгаа. Мөн аймгийн *******тай үр дүнгийн гэрээ байгуулдаг мөн үр дүнгийн гэрээгээ жил бүр дүгнэдэг байгаа. 2017 онд 62.7%, 2018 оны үр дүнгийн биелэлтээр 75.5%-тай дүгнэгдсэн байгаа. Энэ дүнгээс харахад тухайн байгууллагын үйл ажиллагаа нь 60-с доош хувьтай, дотоод үйл ажиллагаа нь сайжирдаггүй, хууль зөрчдөг, өгсөн үүрэг даалгаврууд биелүүлдэггүй ийм асуудлууд байна. Ажлын хэсгийн дүгнэлт, албан шаардлагууд байгаа. Энэ дээр ямар хууль тогтоомж зөрчсөн гэдгийг тодорхой дурдсан байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглууларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/62 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар М.У-д сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай захирамж гаргасан. Захирамжийн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.13, хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт, Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/149 дүгээр албан шаардлагыг тус тус үндэслэн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, албаны эрх мэдлээ хэтрүүлж хууль тогтоомж зөрчсөн нь аудитын байгууллагын дүгнэлт болон ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдсон, аудитын акт, албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга М.У-д сахилгын шийтгэл ногдуулж 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халсан байна.
Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/328 дугаар захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2019 оны 07 дугаар сарын 08-09, 16-17-ны өдрүүдэд ажиллаж, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шалгалт хийсэн тухай илтгэх хуудсыг аймгийн *******д танилцуулсан байна.
2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн илтгэх хуудсаны дүгнэлт хэсэгт: “...Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр аймгийн Засаг даргын захирамжаар орон сууц, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 20.040.7м2 талбайд иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрх сэргээсэн, газар эзэмшүүлэх эрх олгосон, ...2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй байхад иргэн хуулийн этгээдэд шинээр газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр гаргасан, мөн иргэн хуулийн этгээдийн /7/ газар эзэмших эрхийг 2018-2019 онд сэргээхдээ анх олгогдсон шийдвэрийн талбайн газрын хэмжээг 1934.3 м2 үндэслэлгүйгээр шууд өөрчилж захирамж гаргасан, ...аймгийн Засаг даргын захирамж гарган төрийн байгууллагын эзэмшиж байсан газрыг үйлчилгээний зориулалтаар аж ахуйн нэгжийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн, ....аймгийн *******, аж ахуй нэгжид шинээр газар эзэмшүүлэх эрх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журамтай” нийцүүлэхгүй,...Газрын тухай хуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт, шийдвэрийн төслийн хууль эрх зүйн болон төлөвлөгөөнд тусгагдсан холбогдох заалт, хэсгийг нотлох баримт болгон хавсаргаж байх зэргээр хяналт тавьдаггүй, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар эзэмшил, ашиглалтын байдалд хяналт сул, дотоод хяналт хангалтгүй ...аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/235 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, төрийн байгууллагын нэр дээрх газар эзэмших эрхийг “Өөдрөг баян” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн ... Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө батлуулаагүй...” гэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...ажлын хэсгийн дүгнэлтийг үзээд ******* Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх, 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь хэсэгт албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэсэн үүргүүдийг биелүүлэн ажиллаж чадаагүй мөн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт албаны эрх мэдлээ хэтрүүлэх эдгээр зүйлүүдийг ажлын хэсгийн дүгнэлт гаргаж ирсэн...ажлын хэсгийн илтгэх хуудасны ард хавсралтаар хүснэгтэлсэн байгаа. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 12 захирамжийг *******ар гаргуулсан. Энэ нийт 20.040 м.кв газар байгаа. Өмнө хүчингүй болгосон газар эзэмших эрхийг сэргээж олгосон байдаг. Ингэж 7 иргэнд газрыг сэргээж олгохдоо 1934.4 м.кв нэмэгдүүлж олгосон ...газар эзэмшүүлэх сонгон шалгаруулалт явуулах журмыг зөрчиж газар олгосон...” зэрэг Газрын тухай хууль зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч М.У-д хариуцлага тооцсон талаар тайлбарласан байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны ******* гаргана”, хуулийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны ******* дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх нь зөвхөн тухайн шатны *******д хуулиар олгогдсон эрх хэмжээ байна.
Мөн Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д хийсэн нийцлийн аудит хийж, “Зөрчил арилгуулах тухай” 01/155 дугаар албан шаардлагаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилтэд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьж, газрын зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх, хууль зөрчиж олгосон газрын үнийг төлүүлж, төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд олгогдоогүй газрыг хүчингүй болгох, Газрын тухай хууль болон холбогдох хууль эрх зүйн актыг баримтлан илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн *******д, 03/155 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар батлуулахдаа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралт болгон батлуулж хэрэгжүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилтэд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьж, газрын зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх, газрын төлбөрийн үнэлгээний бүс, итгэлцүүрийн хувь хэмжээний актаар хянуулж бүртгүүлэх, газрын төлбөрийн төлөгдөөгүй 292,165.7 мянган төгрөгийн үлдэгдлийг төлүүлэх арга хэмжээг зохион байгуулж, орон нутгийн орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд анхаарч ажиллах, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ төлөгдөөгүй 76.0 мянган төгрөгийн татварыг төлүүлэх, газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, ААНБ-ын хувийн хэргийн бүрдлийг хангаж, улсын бүртгэл, мэдээллийн санг хууль тогтоомжийн дагуу хөтөлж, хэрэглэгчдийг үнэн зөв мэдээлээр хангах, хууль зөрчиж олгосон газрын үнийг төлүүлж, төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд олгогдоогүй газрыг хүчингүй болгох, захирамжаар олгогдсон газрыг гэрчилгээжүүлж, гэрчилгээ, хувийн хэрэг, тэмдэгтийн хураамжийн үнийг төлүүлж шийдвэрийн биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг аймгийн *******, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.У нарт хариуцуулсан байна.
Тодруулбал газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, хариуцах эрх бүхий этгээд нь Газрын тухай хуулиар аймгийн *******д олгогдсон байх бөгөөд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байхад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга М.Ууган-Эрдэнийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр орон сууц, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрх сэргээсэн, газар эзэмшүүлэх эрх олгосон, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй байхад иргэн хуулийн этгээдэд шинээр газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр гаргасан, төрийн байгууллагын эзэмшиж байсан газрыг үйлчилгээний зориулалтаар аж ахуйн нэгжийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн, аудитын акт, албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй гэж буруутгах, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч М.У шүүх хуралдаанд “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн ******* иргэдийн хуралд өргөн барьж батлуулдаг ...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг шалтгаан нь манай аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчид нь хуралдаагүй. Хуралдахаар нь өргөн барина гэж явсаар 6 сар болсон ... аймгийн иргэдийн Хурлаар төлөвлөгөө батлуулаагүй болохгүй шүү гээд байхад иргэдийн хурал хуралдахгүй байхад түүнийг хүлээнэ гэж юу байх вэ гээд захирамж гарсан” гэсэн тайлбар, хариуцагчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...12 сард батлагдсан. Өмнө нь төлөвлөгөө баталж байгаагүй ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө батлуулаагүй байгаа. Энэ нь том зөрчил...” гэсэн тайлбар гаргасан. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулах, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”-аар тусгагдсан байгаа хэдий ч 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах эсэх нь М.У-с хамаарах асуудал биш бөгөөд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.3-т зааснаар тухайн шатны ******* аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өргөн мэдүүлсэн аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн батлахаар зохицуулсан байна.
Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар төрийн албанаас халах нь хүнд хэлбэрийн сахилгын шийтгэл бөгөөд дээрх шийтгэлийг ногдуулахдаа зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ил тод, хууль зүйн үндэслэлтэй, тухайн зөрчилд тохирсон байх шаардлагатай.
Шүүх дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийж М.У-д сахилгын шийтгэл хүлээлгэсэн зөрчил тус бүр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, 37.1.13 “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж заасныг зөрчсөн байдал нь хангалттай тогтоогдохгүй байх тул аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/62 дугаар захирамжийг хүчингүй болгож, М.У-ийг урьд эрхэлж байсан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/149 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” албан шаардлагыг Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т “төрийн албан хаагч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитын явцад илэрвэл түүнд хууль тогтоомжид заасны дагуу сахилгын хариуцлага тооцуулах асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан уг асуудлыг зохих журмын дагуу хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа Үндэсний аудитын газарт ажлын 10 хоногийн дотор мэдэгдэнэ”, хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, аудитад нөлөөлөхийг оролдсон, санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасан хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага хүргүүлсэн хэдий ч М.У-ийг шууд ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулах утгыг агуулаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүх захирамжийг хүчингүй болгож ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалинг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар хавтаст хэргийн мартериалд авагдснаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн М.У-ий 2019 оны 3, 4, 5 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр тодорхойлсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 08 дугаар сарын 07-ноос 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 114 хоногийн олговор 5,347.865 мянган төгрөгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/62 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.У-ийг урьд эрхэлж байсан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 114 хоногийн олговор 5,347.865 /таван сая гурван зуун дөчин долоон мянга, найман зуун жаран тав/ төгрөгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ