| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/1019/Э |
| Дугаар | 1116 |
| Огноо | 2021-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 1116
2021.10.25 2021/ШЦТ/1116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тэргэл,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 02287 1964 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 2001 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, 8 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, / РД: /
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хохирогч А.Ганболдтой тодорхой шалтгаангүйгээр маргалдаж улмаар зүүн нүд хэсэгт нь гараараа цохиж, зүүн хөмсөг, нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөгний гадна үзүүрт шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч А.Ганболд шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Жижүүр манай эхнэрийг жижүүр заамдаад аваад гарсан тэгээд би юу болов гээд гарсан чинь жижүүр манай эхнэрийг заамдсан зогсож байсан тэгэхээр нь би жижүүр залууг нэг удаа алгадсан би охиноо тэврээд гарсан байсан тэгсэн жижүүр залуу миний зүүн нүд рүү нэг удаа гараараа цохисон тэгээд миний нүднээс цус гараад байсан тэгэхээр нь би эхлээд түргэн дуудсан тэгээд охиноо харсан чинь миний охины баруун нүднийх нь цагаан нь улаан болсон байсан тэгээд түргэн ирээд намайг үзээд дараагаар нь цагдаа дуудсан. Миний охин Аминхүсэлийн биед учирсан гэмтэл нь би Г.Аад цохиулаад хойшлох үед учирсан байх. ******* нь миний биед халдах үедээ миний охин Г.Аминхүсэлийн биед учирсан зүйл байхгүй. Миний охин *******минхүсэлийн биед учирсан гэмтэл нь би хойшлох үедээ болгоомжгүйгээр учирсан гэмтэл нь гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Хохирогч Г.Аминхүсэлийн хууль ёсны төлөөлөгч О.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...жижүүр эмэгтэй нөхөр манай нөхөр Ганболдын баруун гар талын нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Жижүүр эмэгтэйн нөхөр нь манай охин Аминхүслэнгийн биед халдаж цохисон зүйл байхгүй. Харин манай нөхөр Ганболдыг цохих үедээ манай охины нүүрэнд шүргэсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Гэрч Г.Мандарваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би доошоо буугаад харахад тэр эмэгтэйн нөхрийн хөмсөг хэсгээс нь цус гарсан, хөмсөг хэсэг нь сэтэрсэн байсан. Манай нөхөр хэлэхдээ тэр залуугийн хөмсөг хэсэгт нь гараараа зангидаж байгаад нэг удаа цохиж биед нь учирсан гэмтэл үүсгэсэн. Манай нөхөр хэлэхдээ хүүхдийн биед хүрээгүй, нөхрийг нь гараараа нэг удаа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №6081 дугаар шинжээчийн дүгнэлт:
1. А.Ганболдын биед зүүн хөмсөг, нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөгний гадна үзүүрт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
4. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хохирогч А.Ганболдтой тодорхой шалтгаангүйгээр маргалдаж улмаар зүүн нүд хэсэгт нь гараараа цохиж, зүүн хөмсөг, нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөмсөгний гадна үзүүрт шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч А.Ганболдын: “...Жижүүр манай эхнэрийг жижүүр заамдаад аваад гарсан тэгээд би юу болов гээд гарсан чинь жижүүр манай эхнэрийг заамдсан зогсож байсан тэгэхээр нь би жижүүр залууг нэг удаа алгадсан би охиноо тэврээд гарсан байсан тэгсэн жижүүр залуу миний зүүн нүд рүү нэг удаа гараараа цохисон тэгээд миний нүднээс цус гараад байсан тэгэхээр нь би эхлээд түргэн дуудсан тэгээд охиноо харсан чинь миний охины баруун нүднийх нь цагаан нь улаан болсон байсан тэгээд түргэн ирээд намайг үзээд дараагаар нь цагдаа дуудсан. Миний охин Аминхүсэлийн биед учирсан гэмтэл нь би Г.Аад цохиулаад хойшлох үед учирсан байх. ******* нь миний биед халдах үедээ миний охин Г.Аминхүсэлийн биед учирсан зүйл байхгүй. Миний охин *******минхүсэлийн биед учирсан гэмтэл нь би хойшлох үедээ болгоомжгүйгээр учирсан гэмтэл нь гэж би бодож байна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Г.Аминхүсэлийн хууль ёсны төлөөлөгч О.Наранцэцэгийн: “...жижүүр эмэгтэй нөхөр манай нөхөр Ганболдын баруун гар талын нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Жижүүр эмэгтэйн нөхөр нь манай охин Аминхүслэнгийн биед халдаж цохисон зүйл байхгүй. Харин манай нөхөр Ганболдыг цохих үедээ манай охины нүүрэнд шүргэсэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Мандарваагийн: “...Тэгээд би доошоо буугаад харахад тэр эмэгтэйн нөхрийн хөмсөг хэсгээс нь цус гарсан, хөмсөг хэсэг нь сэтэрсэн байсан. Манай нөхөр хэлэхдээ тэр залуугийн хөмсөг хэсэгт нь гараараа зангидаж байгаад нэг удаа цохиж биед нь учирсан гэмтэл үүсгэсэн. Манай нөхөр хэлэхдээ хүүхдийн биед хүрээгүй, нөхрийг нь гараараа нэг удаа цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч А.Ганболд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч *******ад хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******ад 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР