Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 1082

 

 

 

 

 

 

 

    2021        10          19                                  2021/ШЦТ/1082

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1777 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1984 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатарын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 24 дүгээр гудамжны 512 тоотод, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 33 дугаар гудамжны 58 тоотод С.Түмэнжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар уруул руу нь гараараа нэг удаа цохиж, биед нь дээд уруулд зулгаралт, доод уруулд шарх, зүүн доод 4 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч С.Түмэнжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Мөнхөөтэй архи хувааж ууж байх үед “хашаа хороогоо цэвэрлэж цэвэрхэн байя, би Архангай аймгийнх” гээд ярьсан. Тэгээд Мөнхөө “ чи Архангайнх байхаараа яадаг юм” гээд миний уруул хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд миний амнаас цус гарсан. Тэгээд өглөө боссон чинь уруул сэтэрсэн, ам хөдлөхгүй хөндүүртэй болсон байсан. М гэх залуу миний эмчилгээний зардлыг өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,

Гэрч С.Азжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэртээ ороод унтах гээд хэвтэж байхад гадаа гэнэт чанга чанга дугараад түжигнээд байхаар нь гараад харахад, манай нөхөр М болон нөгөө согтуу орж ирсэн эрэгтэй хоёр муудалцаад гэрийн гадаа зогсож байсан. Тэгээд Мыг дагуулаад гэртээ орсон. Маргааш өглөө нь сэрээд харахад нөгөө ахын уруул хавдсан байна гэж хэлэхээр нь гэр лүү нь ороод харахад, тэр ахын уруул сэтэрсэн байсан тул гэмтлийн эмнэлэг рүү дагуулж яваад оёулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. С.Түмэнжаргалд учирсан тухайн гэмтлийг би учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №7453 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. С.Түмэнжаргалын биед дээд уруул зулгаралт, доод уруулд шарх, зүүн доод 4-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 33 дугаар гудамжны 58 тоотод С.Түмэнжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар уруул руу нь гараараа нэг удаа цохиж, биед нь дээд уруулд зулгаралт, доод уруулд шарх, зүүн доод 4 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч С.Түмэнжаргалын: “...Би Мөнхөөтэй архи хувааж ууж байх үед “хашаа хороогоо цэвэрлэж цэвэрхэн байя, би Архангай аймгийнх” гээд ярьсан. Тэгээд Мөнхөө “ чи Архангайнх байхаараа яадаг юм” гээд миний уруул хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд миний амнаас цус гарсан. Тэгээд өглөө боссон чинь уруул сэтэрсэн, ам хөдлөхгүй хөндүүртэй болсон байсан. М гэх залуу миний эмчилгээний зардлыг өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Азжаргалын: “...Би гэртээ ороод унтах гээд хэвтэж байхад гадаа гэнэт чанга чанга дугараад түжигнээд байхаар нь гараад харахад, манай нөхөр М болон нөгөө согтуу орж ирсэн эрэгтэй хоёр муудалцаад гэрийн гадаа зогсож байсан. Тэгээд Мыг дагуулаад гэртээ орсон. Маргааш өглөө нь сэрээд харахад нөгөө ахын уруул хавдсан байна гэж хэлэхээр нь гэр лүү нь ороод харахад, тэр ахын уруул сэтэрсэн байсан тул гэмтлийн эмнэлэг рүү дагуулж яваад оёулсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Түмэнжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******ад хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө. Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******ад 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР