Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 1083

 

 

 

 

 

 

 

      2021       10         19                                  2021/ШЦТ/1083

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1787 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар ачигч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 49 дүгээр гудамж, 473б тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, / РД: /

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн автомашины зогсоол дээр иргэн Н.Ундралтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Н.Ундрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн гаднах, автомашины зогсоол дээр намайг өөрийн эзэмшлийн 5241 УАК улсын дугаартай “Тоёота пилтер” маркийн автомашин дотроо ганцаараа сууж байхад, үл таних 2 залуу хүрч ирээд намайг машиныхаа хойд талын сандал дээр сууж байхад, нэг залуу нь машины хаалга онгойлгонгуутаа миний нүүр толгой, духан тус газар гараар үгийн зөрүүгүй цохихоор нь би тэр залуутай заамдалцаад автал машины эсрэг талын хаалгыг бас нэг үл таних залуу онгойлгож, миний ар хэсгээс миний дагзны баруун хэсэгт гараараа цохисон. Тэгээд би машинаасаа буугаад эхлээд намайг цохисон залуутай барьцалдаад автал тэнд байсан үл таних 2, 3 эмэгтэй намайг тэр залуугаас салгасан. Миний биед учирсан тархи доргилт, духанд шарх гэмтлийг намайг машинд сууж байхад эхэлж над дээр хүрч ирээд цохисон үл таних залуу миний биед учруулсан...би бол тухайн үед пиво уусан, бага зэргийн согтолттой байсан. Харин өнөөх үл таних 2 залууг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Гэрч Н.Лувсандаш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим М ахын эхнэр Одончимэг эгч М ах руу утсаар залгаад “ бид нар Шархадны эмнэлгийн гадна талбайд, автомашины зогсоол дээр байна. Хүрч ирээд аваадахаач гэж ярьсан байсан... тэгсэн М ах надад хандаж “хоёулаа хамт явж нөгөө хэдийг авч ирье” гэж хэлсэн. Тэгээд М ах бид хоёр Шархадны эмнэлгийн гадна талбайд байрлах автомашины зогсоол дээр очтол миний эхнэр Мөнхжавхлан, Одончимэг эгч, Цоомоо эгч гурав том савтай пиво уугаад сууж байсан. Тэгсэн М ахад хандаж “энэ машин дотор сууж байгаа залуу түрүүнээс хойш бид нарыг хоргоогоод, ууж байсан пивоноос аяга барьж хүрч ирэнгүүтээ уугаад байсан” гэж хэлтэл М ах өнөөх машин дотор сууж байсан үл таних залуу дээр очиж, жолоочийн талын цонхон дээр нь оччихсон, өнөөх залуутай ямар нэгэн юм яриад маргалдаж байснаа тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, тэр хоёр заамдалцаад авахаар нь би өнөөх залуугийн араас цамцных нь захнаас татсан чинь өнөөх залуу эргэж харангуутаа миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна...би хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол нь 800.000 төгрөгийг өгч, хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 105/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №8024 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Н.Ундралын биед тархи доргилт, духанд шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн автомашины зогсоол дээр иргэн Н.Ундралтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Н.Ундралын: “...2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн гаднах, автомашины зогсоол дээр намайг өөрийн эзэмшлийн 5241 УАК улсын дугаартай “Тоёота пилтер” маркийн автомашин дотроо ганцаараа сууж байхад, үл таних 2 залуу хүрч ирээд намайг машиныхаа хойд талын сандал дээр сууж байхад, нэг залуу нь машины хаалга онгойлгонгуутаа миний нүүр толгой, духан тус газар гараар үгийн зөрүүгүй цохихоор нь би тэр залуутай заамдалцаад автал машины эсрэг талын хаалгыг бас нэг үл таних залуу онгойлгож, миний ар хэсгээс миний дагзны баруун хэсэгт гараараа цохисон. Тэгээд би машинаасаа буугаад эхлээд намайг цохисон залуутай барьцалдаад автал тэнд байсан үл таних 2, 3 эмэгтэй намайг тэр залуугаас салгасан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Лувсандашийн: “...2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим М ахын эхнэр Одончимэг эгч М ах руу утсаар залгаад “бид нар Шархадны эмнэлгийн гадна талбайд, автомашины зогсоол дээр байна. Хүрч ирээд аваадахаач гэж ярьсан байсан... тэгсэн М ах надад хандаж “хоёулаа хамт явж нөгөө хэдийг авч ирье” гэж хэлсэн. Тэгээд М ах бид хоёр Шархадны эмнэлгийн гадна талбайд байрлах автомашины зогсоол дээр очтол миний эхнэр Мөнхжавхлан, Одончимэг эгч, Цоомоо эгч гурав том савтай пиво уугаад сууж байсан. Тэгсэн М ахад хандаж “энэ машин дотор сууж байгаа залуу түрүүнээс хойш бид нарыг хоргоогоод, ууж байсан пивоноос аяга барьж хүрч ирэнгүүтээ уугаад байсан” гэж хэлтэл М ах өнөөх машин дотор сууж байсан үл таних залуу дээр очиж, жолоочийн талын цонхон дээр нь оччихсон, өнөөх залуутай ямар нэгэн юм яриад маргалдаж байснаа тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, тэр хоёр заамдалцаад авахаар нь би өнөөх залуугийн араас цамцных нь захнаас татсан чинь өнөөх залуу эргэж харангуутаа миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Н.Ундрал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******т хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР