Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага

        Улсын яллагч М.Берикбол

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

  Шүүгдэгч Ц.О************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц************ийн О************т холбогдох эрүүгийн ************дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ц.О************ нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу “Булагтагийн гол” нэртэй ойгоос  2020 оны 11 дүгээр сард 12.96 метр куб модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Ц.О************ нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Бугтагийн гол” гэх газраас 2020 оны 11 дүгээр сард  12.96 метр куб модыг зөвшөөрөлгүй бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хх-3-10х),

Эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авсан тухай мөрдөгчийн санал (хх-11х),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-12х),

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-13х),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-14х), 

Эд мөрийн баримт битүүмжлэх тухай мөрдөгчийн санал (хх-15х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-16х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-17-18х),

Шүүгдэгч Ц.О************ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багийн нутаг Булагтагийн гол гэх газраас малын хашаа барих зорилгоор ганцаар модонд явсан. Модонд очоод цахилгаан хөрөөгөөр босоо нойтон 38 ширхэг мод огтолж унагаагаад 4 метрээр тайрч бэлтгэсэн. Нэг модноос хэд орчим гарсныг мэдэхгүй байна. Манай тэндхийн мод нэлээн өндөр байдаг юм. Ингээд модоо шар үхрээр цагаалж гэрийнхээ гадаа авчирсан. Авчирсан модоо цахилгаан хөрөөгөөр гол хувааж малын хашаагаа бариад 7 хоноогүй байхад Хатгал тосгоноос экологийн байцаагч ирж шалгаад явсан. Тухайн үед надад бол модны ямар ч бичиг баримт байхгүй гэдгийн хэлсэн. Угана 2020 оны 05 дугаар сард хэдний өдрийг санахгүй байна. Рэнчинлхүмбэ сумын байгаль хамгаалагч Батзориг гэх хүнээс хаваржаа хашааны мод сэлбэх зорилгоор хэдэн метр куб модны эрхийн бичиг авсныг санахгүй байна. Ямар ч байсан гоожин авсан юм. ...миний мод бэлтгэсэн газарт бол хуурай мод байдаггүй. Мөнх цэвдэгтэй газар болохоор нойтон мод л байдаг. Бэлтгэсэн мод бол дандаа л нойтон мод байсан. Өргөх гэхээр даахгүй, шар мал хүртэл хүч хүрэхгүй моднууд байсан. Унанги мод бол бэлтгээгүй. Малын хашааны туурга барьж дуусаад дээвэр тавьж байхад Содбаяр ирж тусалсан. Тэрнээс мод бэлтгэх ажилд бол туслаагүй юм. ... Эрдэнэ гэх хүний шарыг гуйж цагаалсан Тухайн үед мал төллөж байсан болохоор модоо бэлтгэж чадаагүй юм. Би малчин хүн болохоор мод бэлтгэх бичиг авснаар Рэнчинлхүмбэ сумын аль ч модноос мод бэлтгэж болно гэж бодсон. Туж гэх газар болохоор Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багийн нутагт хамаарах бөгөөд сумын төвийн урд хэсэг рүү байдаг юм. Миний мод бэлтгэсэн газраас 100 гаруй километрийн зайтай газарт байдаг юм” гэх мэдүүлэг, (хх-82-84, 87-88х)8

  Иргэний нэхэмжлэгч М.Баясгалангийн: ... “зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны экологийн эдийн засгийн үнэлгээг тооцож төлбөрийг орон нутгийн орлогод тушаалгах” ....  гэх мэдүүлэг (хх-22-24,117-118х),

          Гэрч Т.Төгсгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай гэр бүлийн хүн О************ малын хашаа хороо муудаад байхаар нь шинээр хонины хашаа 2020 оны  12 дугаар сарын дундуур барьсан. Өөрсдийн өвөлжөө байрлах Булагтагийн эх газар буюу гэрийнхэн урьд талын модноос нөхөр Ц. О************ нь мод бэлтгэж шинээр хашаа барьсан. Шинэ нойтон модоор 9-н ханатай, дээвэртэй хонины хашаа барьсан юм.   ... гэх мэдүүлэг (хх-26-27х),

 Гэрч Т.Содбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... “ О************ 2020 оны 11 дүгээр сараас хойш Булагтагийн эхэнд байрлах өвөлжөөн дээрээ малын хашаа шинээр барьсан тэр мод нь гэрийнхэн урьд талын  мод буюу Булагтагийн эх гэх газраас хашааны модоо бэлтгэж хашаа шинээр барьсан. Мод бэлтгэх үед нь би байгаагүй хашааны туургийг нь тавих үед би байсан. Босоо мод, нойтон мод болон, унааг модоор бэлтгэж ханатай хашаа туурга барьсан. О************ ганцаараа уулнаас модыг бэлтгэж нуруу шараар бэлтгэж хашааг барьсан. Хонины хашааны хана тойруулчихсан байхад нь би ирж дээврийг тавилцаж өгсөн тухайн үед би олгой авхуулчхаад аймгаас дөнгөж ирээд байж байсан. ...”  гэх мэдүүлэг (хх-32-33х),

             Гэрч Т.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...” Ц.О************, Ч.Хөхрий нар 2020 онд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан яг хэдэн сард авсныг нь сайн санахгүй байна. Ц.О************ нь 85234 дугаартай 3 метр куб дунд дүнз бэлтгэх эрхийн бичиг авсан харин Ч.Хөхрий нь 86029 дугаартай 2 метр куб хашаа сэлбэх шургаагийн эрхийн бичиг авсан Ц.О************, Ч.Хөхрий нар хаваржаа өвөлжөөний хашааны мод бэлтгэх зорилгоор мод бэлтгэх эрхийн бичиг хүссэн хүсэлтийг амаар гаргасан, тэрний дагуу эрхийн бичгийг олгож уг хүсэлтийг шийдвэрлэж өгсөн. Ц.О************, Ч.Хөхрий нар Булагтагийн эх газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ээ харин туж гэх газраас авсан байх гэж бодож байна  сайн санахгүй байна. Уг нь мод бэлтгэх эрхийн бичиг дээрээ мод бэлтгэх тухайн газрыг заасан. Булагтагийн эх Туж гэх газар хоорондоо 100-аад км зайтай. ...” гэх мэдүүлэг (хх-36-38х),

         Гэрч Т.Ганбаатарын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...” Манай аав, ээж намайг бага байхад Эрдэнэ гэж дууддаг байсан юм тэгээд л нутгийн хүмүүс намайг Эрдэнэ гэж дууддаг болчихсон юм. Манайх 2020 оны 11 дүгээр сарын эхээр Хатгал тосгоны Ар голын эх гэх газарт өвөлжөөндөө буусан юм. Тэгээд л О************т хэдэн үхрээ маллуулахаар өгсөн. 20 гаруй тооны үхэр л маллуулсан юм. 10 гаруй үнээ тугал, бяруутай, мөн ойр зуурын ажилд хэрэглэдэг байсан хар зүсмийн хайнагийн гуна шар үхрийг маллуулахаар өгсөн. ...2020 оны зуны ногооноор бол хязаалан настай үхэр, энэ жил бол соёолон насны үхэр юм. Хайнагийн шар үхрээ бол 1.500.000 мянган төгрөгөөр үнэлнэ. “... гэх мэдүүлэг (хх-170х),

         Гэрч Н.Пүрэвхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Ц.О************ манай багийн иргэн багын даргын хувиар танина. Булагтагийн эх гэх газар өвөлжөө нь байдаг тэр хавиасаа мод бэлтгэсэн гэж сонссон. Өвөлжөөнийхөө модыг шинэчилсэн гэж хүмүүс ярьж байсан. Ц.О************ын хууль бусаар мод бэлтгэсэн гэх газрын нэр бол Булагтагийн эх гэх газар манай нутгийн хүмүүс өөр өөр нэршлээр дууддаг юм байна лээ газрын зураг дээр юу гэж бичигдсэнийг сайн мэдэхгүй байна. Албан ёсны нэршил нь Булагтагийн эх гэж дууддаг. ...” гэх мэдүүлэг  (хх-174х),

          Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт:

          1. Иргэн Ц.О************ын бэлтгэсэн гэх хэрэглээний шинэс мод нь нойтон 12,9 метр куб болох нь тогтоогдсон.   

          2. Ц.О************ын бэлтгэсэн гэх мод нь 12,9 метр куб модны экологи-эдийн засгийн үнэ нь 13, 240, 415,5 төгрөг болсон.

          3. Мод бэлтгэсэн Рэнчинлхүмбэ  сумын Булантаг гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын материалд 421-р хэсэглэлийн хамгаалалтын бүсийн /1-р муж/ ойд хамаарч байна.

          4. Дээрх мод бэлтгэсэн гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болно. ...” гэх дүгнэлт (хх- 43-44х),

          Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-45-46х),

          Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний 25 дугаартай дүгнэлт (хх-51х),

          Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай нэмэлт дүгнэлт (хх-57-60х),

          Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт (хх-63-66х),

          Ихэр Мөрөн-Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б. Мядагмаагийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “иргэн Т.Ганбаатарын өмчлөлийн соёолон насны хайнагийн шар үхрийн үнэлгээг 1.500.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлэв. ...” гэх дүгнэлт (хх-177-178х), 

          Шинжээч Б.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... модны куб метрийг тооцохдоо аравтын бүхэл орноор бодож тооцож авсан. Яагаад гэвэл экологи эдийн засгийн мөнгөн төгрөгт шилжүүлэх мөнгө гэсэн задгай оронд шилждэг учраас 12.9 куб метр буюу бүхэл орноор нь тооцож авсан. Бөөрөнхий модонд хийсэн хэмжилтээр бол 12.96 куб метрээр хэмжсэн болохоор уг хэмжилтээр экологи эдийн засгийн үнэлгээг тооцъё. Ц.О************ын бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тогтооно. Ойн нөөцийн төлбөр 1-р муж 570216 төгрөг, итгэлцүүр буюу бөөрөнхий буюу гуалин, дүнз нойтон модны 1,8 гэсэн тогтмол тоо байдаг. Үүнийг модны куб метр, муж итгэлцүүрээр нь үржүүлж тооцвол 570216х1.8х12.96=13 301 998,848 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоогдож байна. Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн нэг шоо метр шоо модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлалаар тооцсон. ...” гэх мэдүүлэг (хх-72-73,181-182х),            

          Хөвсгөл аймгийн мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт:

          1. Иргэн Ц.О************ын ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход экологи эдийн засгийн үнэлгээ 13 3010 998,848 төгрөгийг хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 39 905 996,544 төгрөг.

           2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт заасныг үндэслэл “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг оногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов. ...” гэх дүгнэлт (хх-188х),

          Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ шинжээчийн дүгнэлт (хх-192-194х),

          Мод бэлтгэх эрхийн бичиг (хх-102х),

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5-р багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай тодорхойлолт (хх-96х), Ц************ийн О************ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-97х), Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэн Ц.О************ын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-98х),  2020 оны мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллогын хуудасны хуулбар (хх-103-104х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-89х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн ************дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.О************ нь 2020 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу  “Булагтагийн гол” гэх газраас 12.96 метр куб  модыг зөвшөөрөлгүй  бэлтгэж, ойн санд 13.301.998,848 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.О************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч М.Баясгалангийн (хх-23-24х), гэрч Т. Содбаярын (хх-22-24х), гэрч Т.Төгсгэрэлийн (хх-26-27х), гэрч Т.Батзоригийн (хх-36-38х), гэрч Т.Ганбаатарын (хх-170х), гэрч Н. Пүрэвхүүгийн (хх-174х), нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хх-3-10х),

Эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авсан тухай мөрдөгчийн санал (хх-11х),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-12х),

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-13х),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-14х),

Эд мөрийн баримт битүүмжлэх тухай мөрдөгчийн санал (хх-15х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-16х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-17-18х),

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт,

Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-45-46х),

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний 25 дугаартай дүгнэлт (хх-51х),

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай нэмэлт дүгнэлт (хх-57-60х),

Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт (хх-63-66х),

Ихэр Мөрөн-Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн дүгнэлт (хх-177-178х),

Хөвсгөл аймгийн мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт,

Мод бэлтгэх эрхийн бичиг (хх-102х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.О************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.О************ын ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Ц.О************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ц.О************ нь экологи эдийн засагт 13.301.998,848 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Ц.О************ нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 39.905.996,544 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан байна.      

  Иймд экологи эдийн засгийн хохирол 39.905.996,544 төгрөгийг шүүгдэгч Ц.О************аас гаргуулж, Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын Төрийн санхүү, торгуулийн дансанд оруулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх шүүгдэгч Ц.О************ эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ц.О************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.О************ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ц.О************ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн ************дугаартай хэрэгт эд мөрийн баримт битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа 12,9 куб метр модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 18,190 төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.О************аас нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна.

  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг хэргийн зардал 18,190 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.О************ нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурав.

Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ухаа овогт Ц************ийн О************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц************ийн О************ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О************т оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.О************аас 39.905.996,544 (гучин есөн сая есөн зуун таван мянга есөн зуун ерэн зургаа төгрөг, таван зуун дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын төрийн санхүү, торгуулийн дансанд олгосугай.

5. Эрүүгийн ************дугаартай хэрэгт эд мөрийн баримт битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа 12,9 метр куб хэмжээтэй модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах даалгасугай.

6. Эрүүгийн ************дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан нэг ширхэг хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шүүгдэгч Ц.О************ нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О************т шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН