Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/248

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч Б.У************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б************ийн Ууган-Эрдэнэд холбогдох эрүүгийн ************  дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.У************нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төв 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох А.З************ыг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Б.У************нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төв 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох А.З************ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Б.Ууган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тухайн өдөр манай гэрт уулзаагүй удсан найз Мөнгөнхуяг маань надтай уулзахаар манайд ирж байна гэж утсаар ярихаар нь би хашааны үүдэндээ гараад тамхи татаад хүлээж байтал нөгөө найз маань ирээд би машинд нь суугаад сумын төвд найз Цэрэнчимэдийн гэрт очоод зогсож байтал манай эхнэр миний араас машинтай ирээд архичин гөлөгнүүдтэйгээ зайл чи найз нартайгаа нуугдаж гарч уулзлаа гээд хэл амаар доромжлоод машинтайгаа яваад өгсөн. Тэгтэл манай найз Мөнгөнхуяг эхнэр чинь уурлаад байна яагаад уурлаад байгаа юм бол гээд хоёулаа манай гэрч очъё гээд манай гэрт бид хоёр очоод манай найз яагаад уурлаад байгаа юм бэ гээд манай эхнэрээс асуусан чинь та нар ямар тус болох биш манай нөхрийг авч явахаараа данай гай болдог гээд уурлаад байсан. тэгсэн манай найз за за тэгвэл та 2 учраа олно биз гээд манай гэрээс гараад явсан. Би тэр үед эхнэрт хандаж чи яахаараа дандаа хүний найз нөхдийн хажууд эвгүй байдалд оруулж байдаг юм гэхэд миний үгийг сонсохгүй хэл амаар доромжлоод байхаар нь би чамаас заавал найз нөхөхтэйгөө уулзахдаа зөвшөөрөл авах ёстой юм уу гээд үснээс нь татаж унагаагаад газарт унахаар нь зүүн талын хөлийн гуя орчим 2 удаа өшиглөсөн. Энэ үед манай ээж Балжинням намайг салгаад та хоёр яагаад ингэж хэрүүл маргаан хийж байдаг юм зүгээр ярилцаад учир зүйгээ олж болдоггүй юм уу гээд бид хоёрыг 2 тийш нь болгосон тухайн үед хүүхэд хичээлд явах болсон байсан тул би хүүхдээ хичээлд хүргэж өгөөд буцаад гэртээ ирэхэд манай эхнэр уйлсан байдалтай байж байгаад намайг ажил дээр хүргээд өг гэхээр нь би эхнэрийг ажилд нь хүргэж өгсөн. Би тухайн өдөр аймгийн төв рүү найзуудтайгаа яваад 2021 оны 10 дугаар сарын 01 ний өдөр суманд ирсэн. ... Эхнэр бид хоёр хэрүүл маргаан хийдэг саяхан хүртэл эхнэр сална гээд бид хоёр 1 сар гаруй хугацаанд тусдаа амьдарсан эхнэр, нөхөр хоёрын дунд хэрүүл маргаан бол байдаг би эхнэртээ урд өмнө гар хүрч байсан гэхдээ бие эд эрхтэнд нь бэртэл автал зодож байсан удаа байхгүй. ... Би эхнэрээ олон залгуураар ороолгож нүдийг нь хөхөртөл зодож байсан удаа байхгүй энэ бол худлаа харин хөхийг нь хутгаар зүссэн гэхийн хувьд бол би одоогоос 4-5 жилийн өмнө байхаа гэртээ согтуу орж ирээд хутгаар хоол идэж байхад эхнэр бид хоёрын дунд хэрүүл маргаан гарсан энэ үед би гартаа барьсан хутгатайгаа босоод ирэхэд эхнэр надаас хутга салгаж авах гэж байгаад өөрөө хутгаар хальт зүсүүлсэн гэхдээ тухайн үед цус гартал зүсэгдээгүй зүгээр цайраад цагаан зураас гарсан байсан. Маргааш нь харахад эхнэрийн баруун хөхний дээд хэсэгт улайгаад зурагдсан байсан хэд хоногийн дараа яршсан байсан тэрнээс би албаар хутгалаад зүссэн зүйл огт байхгүй энэ бол эхнэр бид хоёрын болгоомжгүй явдал болсон. Тухайн үед эхнэр хөхнийхөө дээд талд хутгаар зүсэгдсэнээ мэдээгүй хэд хоногийн дараа чиний барьж байсан хутганд хөхний дээд талт зүсэгдсэн байна гэж байсан. ... Би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эхнэр З************ыг зодож үсдэж унагааж өшиглөсөн нь үнэн энэ миний буруутай үйлдэл болсон. ...”  гэх мэдүүлэг,

  Хохирогч А.З************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай нөхөр У************найзуудтайгаа зугаалганд явах талаар надад хэлсэн тэр үед нь ажил ихтэй байхад заавал зугаалганд явах хэрэг байна уу гэж хэлснээс болоод бид хоёрын дунд үл ойлголцол болж хэрүүл маргаан гарч намайг хашаан дотор байхад цохих гэж хөөгөөд намайг өшиглөж унагаагаад үснээс зулгааж чирээд миний зүүн гуяны орчим хэд хэдэн удаа өшиглөсөн одоо хөхөрсөн толбо нь байна. Энэ үед Ууган-Эрдэнийн ээж Балжинням гэдэг хүн гэрээс гарч ирээд намайг салгаад хүү У************чи болиоч гээд салгасан. Манай нөхөр надад хэлэхдээ би намайг найз нөхөд зугаалгад явахад хэрүүл хийхгүй явуулдаггүй гээд толгойн тус газарт хаг цохисон байсан миний толгойноос тус их хэмжээгээр гарсан байсан. ... Хамгийн сүүлд 2021-09-23 ний өдөр манай нөхөр архи уугаагүй эрүүл байсан. Бид хоёр хамт амьдраад 8 жил болж байна энэ хугацаанд намайг зөндөө зодож байсан ер нь бол архи уух болгондоо ямар нэгэн хэрүүл маргаан гаргаж намайг зоддог сардаа 1-2 удаа архи уудаг. 2021-06 дугаар сард бас л найзуудтайгаа аялал зугаалгаар явна гэхээр нь би явуулахгүй гэж хэлэхэд надаас зугтаж яваад шөнө 03 цагийн үед гэртээ ирээд хоол хийгээгүй юм уу гэхэд би шөнө босож хар шөл хийж өгсөн манай нөхөр тухайн үед бага зэрэг архи уусан байсан тэгээд гэртээ байж байхдаа хэрүүл өдөөд намайг янз бүрээр хэлж байснаа гэнэт миний зүүн нүдэн тус газарт гараараа цохиод газарт унасан байхад нь намайг өшиглөж улмаар цахилгааны олон залгуурын утсаар бөөр нуруу орчим хэд хэдэн удаа ороолгож байсан. Мөн 2016 оны 03 дугаар сарын 08 ний өглөө 06 цагийн орчим байхаа бас л гэртээ согтуу орж ирээд намайг ална гээд бүсээр хоолой боогоод би арай гэж салсан. Тэгсэн чинь миний баруун хөхний дээд хэсэгт хутгаар зүсээд нүд нүүр орчим цохиж байсан. ...надад одоо гомдол санал байхгүй. Ууган-Эрдэнэтэй эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг (хх-18-19, 22х),

Гэрч Ц.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Том хүү У************манай хашаа, байшинд амьдардаг. Бид нэг хашаанд байдаг. Би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 09 цаг орчим байхаа үхрээ саагаад гэртээ орж ирээд байж байтал манай хүү Ууган-эрдэнийн найз нь машинтай ирээд манай хүүг аваад явсан тэгээд удалгүй буцаад хүрээд ирсэн. Тэгтэл удалгүй хүү, бэр хоёр гэрээсээ хөөцөлдөж гарж ирээд хүү У************эхнэр З************ыг хашаан дотор араас нь хөөгөөд үснээс нь татаж унагаагаад баруун талын гуя орчим 2 удаа хальт өшиглөж харагдсан тэгэхээр нь би та нар яагаад байгаа юм миний хүүхдүүд больцгоо гээд 2 тийш нь салгаад өөрийнхөө гэр лүү аваад орсон манай гэрт ороод хэрэлдээгүй тухайн үед хоёулаа архи дарс уугаагүй эрүүл саруул байсан. Манайд удалгүй тэр хоёр гэртээ ороод У************хүүгээ хичээлд нь хүргэж өгөөд гэртээ ирэхэд нь эхнэр нь ажлаас дуудаад байна гэж нөхөр Ууган-Эрдэнэдээ хэлж байсан тэгэхэд нөхөр нь за машинд суучих би хүргээд өгье гэж хэлээд аваад явсан. ... Бид нар тус тусдаа гэрт амьдардаг байнга хажууд нь байхгүй болохоор яг ямар асуудал болдог эсэх талаар надад мэдэх юм алга мэдэж байгаагаас хамгийн сүүлд 2021-09-23 ний өдөр болсон асуудал байна би хүүхдүүдээ хоорондоо хэрүүл зодоон хийж байгааг хараад байж чадахгүй тул тухайн үед 2 тийм нь салгасан. ...” гэх мэдүүлэг (хх-30-31х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 429 дугаартай:

  1. А.З************ын биед дагзанд шарх, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөг, зүүн шагайнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  3. А.З************ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-37х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаартай тодорхойлолт (хх-48х), Баян хошуу багийн иргэн Б************ийн Ууган-Эрдэнийн 2020 оны жилийн эцсийн малын А дансны хуулбар (хх-49х), Б************ийн Ууган-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-50х), Б************ийн Ууган-Эрдэнэ, Ариунжаргалын З************ нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-51х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-54х), 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээ (хх-61х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн ************  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Б.У************нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төв 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох А.З************ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:

 шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Б.Ууган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, 

   Хохирогч А.З************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-18-19, 22х),

гэрч Ц.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-30-31х),  

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 429 дугаартай дүгнэлт (хх-37х), 2021 оны 10 дугаар сарын 14-ний эвлэрлийн гэрээ (хх-61х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.У************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.У************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

  Шүүгдэгч Б.У************нь  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

  Шүүгдэгч Б.У************нь хохирогч А.З************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болон хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.У************бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хх-51х),

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

   Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.У************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

   Шүүгдэгч Б.У************нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

  Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Б.У************нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4,  36.2 дугаар зүйлийн 1-, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Шаргачин овогт Б************ийн У************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б************ийн У************450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.            

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.У************нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.У************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ууган-Эрдэнийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ууган-Эрдэнэд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН