Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага

  Улсын яллагч М.Берикбол

  Шүүгдэгч Б.Ч************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б************н Ч************д холбогдох эрүүгийн ************  дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Ч************ нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Оригийн үзүүр” гэх газраас ойгоос 2021 оны 07 дугаар сарын 22-ны үед 31 ширхэг босоо модыг огтолж 4.7 куб/метр хэрэглээний шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн санд 2,038,318 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэрэгт  үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ч************ нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Оригийн үзүүр” гэх газраас ойгоос 2021 оны 07 дугаар сарын 22-ны үед 31 ширхэг босоо модыг огтолж 4.7 куб/метр хэрэглээний шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн санд 2,038,318 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийн үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000305  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ч************ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг Оригийн үзүүр гэх газраас 2021 оны 07 дугаар сарын сүүлээр байх 2 машин мод бэлтгэж Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг Номхон гэх газар байдаг өөрийн хаваржааны хашаан дээр буулгасан. Яг хэдэн метр куб мод бэлтгэснээ сайн мэдэхгүй байна. Би Бүрэнтогтох сумын харьяат  болохоор Цагаан-Уул сумаас мод бэлтгэх эрхийн бичиг авч чадаагүй. Бүрэнтогтох сумаас мод бэлтгэх эрхийн бичиг авах хүсэлтээ өгсөн байгаа. Надад Цагаан-Уул сумаас мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй. Би янз янзын мод бэлтгэсэн 30-аад ширхэг босоо мод унагасан бусад унасан мод түүж цагаалж бэлтгэсэн. ...ганц хашаатай болох санаатай л ийм зүйл хийчихлээ.   ...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-01х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хх-3-4х),

Мод бэлтгэсэн гэх хэсэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-6х),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-7-8х),

Эд мөрийн баримт/ эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай мөрдөгчийн санал (хх-9х),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-10х),

Эд хөрөнгө баримт түр хураан авсан тухай тэмдэглэл (хх-11х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-13-14х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-15-16х),

Иргэний нэхэмжлэгч Н.Жанчивдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг Ч************ өөрийн санаачлагчаар орон нутгийн орлогод тушаасан байсан. одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.  ...” гэх мэдүүлэг, (хх-22х),

Гэрч Л.Доржпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 19-нд хэрэглээний мод бэлтгэх 20 метр кубийн эрхийн бичиг аваад мөн 07 дугаар сарын 22-ны модоо бэлтгэхээр Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг Оригийн үзүүр гэх газар луу явсан манай ах бас эрхийн бичиг цуг авсан байсан болохоор цуг явсан. Бид хоёрыг мод бэлтгэхээр явж байхад Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн иргэн Ч************ гэдэг танил маань цуг явъя гээд манай гэр лүү утсаар ярьсан. Ах бид хоёр замаараа очиж аваад мод бэлтгэх газар луугаа явсан. Модонд очоод 2 хоногийн дараа модоо бэлтгэж татаж дуусаад байж байтал Ч************ надад хандаж 2 ачаад өгөөч гэж хэлсэн манай нэг хадам дүү болох Далайцэрэн бид гурав очиж модыг бэлтгэж ачиж хаваржааны хашаа нь дээр буулгаж өгсөн. ... гэх мэдүүлэг (хх-32-34х),

Гэрч Н.Жанчивдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн хариуцсан баг болох Тосон, Шарга багт 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний хооронд эргүүл хяналт шалгалтаар явж байгаад Бүрэнтогтох сумын иргэн Б.Ч************ын бэлдсэн модыг ирүүлсэн. Б.Ч************ манай сумын харьяат биш болохоор мод бэлтгэх эрхийн бичиг эрхийн бичиг авах боломжгүй юм. ... гэх мэдүүлэг (хх-39-40х),

Гэрч Б.Далайцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг Хөшөөтийн гол гэх газарт намаржиж байсан. 2021 оны 07 дугаар сарын 20-ны үед санагдаж байна. Ч************ ах мод ачих гээд хүн олдохгүй байна ачилцаад өгөөч гэж гуйхаар нь ачилцаж өгөхөөр болсон. Доржпүрэв, Ч************ ах нар машинтайгаа манайд ирэхээр нь суугаад Оригийн үзүүр гэх газар луу явсан. Модонд очиход модоо бол бэлдчихсэн байсан. тэр модыг нь хоёр удаа ачиж номхон гэх газарт буулгасан.  ... гэх мэдүүлэг (хх-42х),

Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум сумдын ойн ангийн инженер Р.Отгонжаргалын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн: ...”

1. Цагаан-Уул сум “Оригийн үзүүр” гэх газарт бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтаар хуурай шинэс мод бэлтгэсэн 60ширхэг 4,70метр урттай 4.7 метр куб мод болох нь тогтоогдов.

 2. Уг мод нь хэрэглээний мод мөн. Уг мод бэлтгэсэн гэх газар нь 3 дугаар мужид хамаарна.

 3. “Оригийн үзүүр” гэх газар нь тусгай хамгаалалтад хамрагдаагүй.

4. ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.4.2-ийг тус тус зөрчсөн байна.  экологи эдийн засгийн үнэлгээ 80312 шинэс мод, итгэлцүүр хуурай мод 1,8, модны хэмжээ 4.7, экологи эдийн засгийн үнэлгээ 679,439.52 төгрөг. ...гэх дүгнэлт (хх-47х),

2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-48х),

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн: ...”

1. Иргэн Б.Ч************ын ойн санд учруулсан хохирлыг нөхөн тооцоход 2.038.18,56 төгрөг.

2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дахь заалтыг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов. ...гэх дүгнэлт (хх-53х),

Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн үнэлгээ (хх-56-57),

Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ-921/1876 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-61-63х),

52-78 ХӨҮ дугаартай техникийн гэрчилгээний хуулбар (хх-93),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-81х), 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээ (хх-83х), Ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн тухай Мемориалын баримт №20210922793590745885 дугаартай төрийн банкны шилжүүлгийн баримт (хх-86х), Б************н Ч************ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-87х), Б************н Ч************ын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны хуулбар (хх-88х), Хөвсгөл аймгийн  Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт (хх-89х), Б************н Ч************, Пүрэвсүрэнгийн Амарбаясгалан нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-91) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ч************ нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Оригийн үзүүр” гэх газраас ойгоос 2021 оны 07 дугаар сарын 22-ны үед 31 ширхэг босоо модыг огтолж 4.7 куб/метр хэрэглээний шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн санд 2.038.318,56 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Ч************ын  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Н.Жанчивдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-22, 23х),

 гэрч Л.Доржпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-32-34, 36х),   

гэрч Б.Далайцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-42х),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-01х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хх-3-4х),

Мод бэлтгэсэн гэх хэсэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-6х),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-7-8х),

Эд мөрийн баримт/ эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай мөрдөгчийн санал (хх-9х),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-10х),

Эд хөрөнгө баримт түр хураан авсан тухай тэмдэглэл (хх-11х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-13-14х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-15-16х),

Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум сумдын ойн ангийн инженер Р.Отгонжаргалын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт,

2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-48х),

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт,

Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ-921/1876 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-61-63х),

Шүүгдэгч Б.Ч************ нь экологи-эдийн засгийн хохирлын төлбөрт нөхөн төлөх төлбөрт 2,038,318.56 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Б.Ч************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүй, ойн тухайн хууль болон хүрээлэн буй орчинтойгоо харьцах ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ч************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Ч************ нь экологи эдийн засагт 679.439.52 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ч************д нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2.038.318.56 төгрөгийг Цагаан-Уул сумын ЗДТГазрын төрийн сангийн 100171600952 дансанд төлж барагдуулсан Төрийн банкны шилжүүлгийн баримт, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээ (хх-83,86х) байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ч************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Б.Ч************ нь ойн санд буюу хүрээлэн буй орчинд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа ойн санд буюу хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг хуульд заасны дагуу нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

  Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялын саналыг шүүгдэгч Б.Ч************ нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

   Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримт битүүмжилсэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа 4,7м3  хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Бэрсүүд овогт Б************н Ч************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б************н Ч************ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ч************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Б.Ч************ нь ойн санд учруулсан экологи эдийн хохирол болох 2.038.318,56 (хоёр сая гучин найман мянга гурван зуун арван найман мянга төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримт битүүмжилсэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжилсэн 4,7 куб метр хуурай шинэс модыг хурааж  хэрэгцээний дагуу зохих байгууллагад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах даалгасугай.

            6. Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            7. Шүүгдэгч Б.Ч************ нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч************д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН