Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00663

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр                                 Дугаар 142/ШШ2017/00663                                           Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1954 онд төрсөн, 63 настай, эмэгтэй, Орхон аймгийн Жаргалант сум Дулаан-Уул багт оршин суух Хэрдэг овгийн Гүрбазарын Ичинхорлоогийн /регистрийн дугаар ФЖ54041508/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1980 онд төрсөн, 37 настай эмэгтэй, Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Тариаланчдын 03 дугаар гудамжны 16 тоотод оршин суух Боржигон овгийн Жигмэддуламын Энхтайванд /регистрийн дугаар ВЭ80100708/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 2 070 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагч Ж.Энхтайван, гэрч Ц.Нандин-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Ичинхорлоо нь 2016 оны 02 сарын 01-ний өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулсаны үндсэн дээр Ж.Энхтайванд 1 500 000 төгрөгийг сар бүр 100 000 төгрөгийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Гэтэл Ж.Энхтайван нь уг зээлсэн мөнгөнөөс 220 000 төгрөг төлөөд үлдсэн мөнгийг төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Ж.Энхтайваныг уг зээлсэн мөнгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Үндсэн зээл 1 500 000 төгрөгнөөс төлсөн 220 000 төгрөгийг хасч тооцвол 1 280 000 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр зээлийн гэрээгээр тохирсон хүү 100 000 төгрөгийг нэмж тооцвол 1 380 000 төгрөг болж байна. Уг 1 380 000 төгрөг нь Ж.Энхтайваны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн бөгөөд гэрээний 2.7 дахь хэсэгт заасан 0,5 хувиар алдангийг дараах байдлаар тооцвол хугацаа хэтрүүлсэн 180 хоног, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% нь 6 900 төгрөг 180 хоног х 6900 төгрөг =1 242 000 төгрөг, 1 380 000 төгрөг :2 = 690 000 төгрөг болж байгаа ба 1 380 000 төгрөг дээр алданги болох 690 000 төгрөгийг нэмж тооцвол 2 070 000 төгрөг юм. Иймд Ж.Энхтайванаас нийт 2 070 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2015 оны 01 сард Ж.Энхтайван нь нэхэмжлэгч Г.Ичинхорлоогийн Хүү Цогбадрахаар малчины зээл авахуулсан бөгөөд уг малчны зээлээр 5 000 000 төгрөгийг авахуулсан. Тус зээлийг авахад Ж.Энхтайван нь хариу тайлбарт дурьдсан ачааны автомашин, Соната 3 суудлын автомашин зэргийг Цогбадрахын мал уг зээлийг авхад барьцаа хөрөнгийн үнэлгээгээр хүрэлцэхгүй байсан тул банкинд мал дээр нэмж барьцаанд тавьж зээл авахуулсан байдаг. Учир нь уг малчны зээлээр авсан 5 000 000 төгрөгний 3 000 000 сая төгрөгийг Ж.Энхтайван авсан бөгөөд 2 000 000 төгрөгийг Цогбадрах авсан. Ж.Энхтайван Цогбадрах нар тухайн үед харилцан тохиролцохдоо өөрийн авсан 3 000 000 төгрөгийг Ж.Энхтайван банкинд хүүгийн хамт төлөх харин Цогбадрах нь өөрийн авсан 2 000 000 төгрөгийг банкинд хүүгийн хамт тус тус төлөхөөр болсон. Ингээд банкны зээлийн эргэн төлөлт төлөгдөх хугацаа болж Цогбадрах нь 2 000 000 төгрөгийг хүүгийн хамт банкинд төлсөн боловч Ж.Энхтайван нь өөрийн авсан 3 000 000 төгрөгийг банкинд төлөлгүй эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн. Иймд Цогбадрах болон банкны эдийн засагч Цогбадрахын эхнэр Ц.Нандинцэцэг нар банкны барьцаанд тавигдсан ачааны авто машиныг Ж.Энхтайваны зөвшөөрлөөр авч 800 000 төгрөгөөр худалдан борлуулж банкны эргэн төлөлтөөс 800 000 төгрөгт суутгасан бөгөөд уг 800 000 төгрөгийг Цогбадрах өөрийн гараар аваагүй банкны эдийн засагч тоолж авсан байдаг. Ийнхүү худалдан борлуулах үед Ж.Энхтайваныг өөрөө ирж автомашиныг худалдан авч байгаа хүнтэй уулз 800 000 төгрөгөөр авна гэж байна хэмээн хэлэхэд 800 000 төгрөгт нь өгчих би очиж чадахгүй гэж хэлсэн байдаг. Ийнхүү тухайн үед барьцаа хөрөнгийг худалдан борлуулахад үнийг хүлээн зөвшөөрсөн атлаа шүүхэд Цогбадрах өөрийн дураар автомашиныг нь унаж яваад худалдан борлуулсан мэт бодит байдлыг зөрүүтэй тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Мөн Соната 3 автомашиныг Ж.Энхтайван өөрөө 500 000 төгрөгөөр зарж борлуулчихлаа хэмээн хэлж 500 000 төгрөгний банкны төлөлтийг төлсөн байдаг. Банкны эргэн төлөлтийн тухайд тодруулбал ачааны авто машиныг 800 000 төгрөгөөр банкны эдийн засагч худалдан борлуулсан, 500 000 төгрөгөөр Соната 3 автомашиныг зарлаа хэмээн 500 000 төгрөгний эргэн төлөлтийг Ж.Энхтайван өөрөө төлсөн, үүн дээр 500 000 төгрөгний эргэн төлөлтийг мөн л Ж.Энхтайван төлсөн байдаг , Энэхүү банкинд Ж.Энхтайваны төлсөн эргэн төлөлт нь 1 800 000 төгрөг болж байгаа юм. Ж.Энхтайваны банкинд төлөх ёстой 3 000 000 төгрөг болон уг мөнгөний хүүгийн үлдэгдэл 1 500 000 төгрөг үлдсэн бөгөөд үүнийг Цогбадрахын ээж Ичинхорлоо малчны зээл авч төлсөн. Ийнхүү төлөхдөө Ж.Энхтайвантай тохиролцож 2016 оны 02 сарын 01-ний өдөр түүнтэй зээлийн гэрээ байгуулж Ж.Энхтайваны гүйцэтгэх үүрэг болох 1 500 000 төгрөгийг Банкинд төлсөний хариуд 1 500 000 төгрөгийг зээлийн гэрээнд заасан хүүгийн хамт 2016 оны 10 сарын 01-ны өдөр хүртэл 8 сарын хугацааанд буцааж Ж.Энхтайван, нэхэмжлэгч Г.Ичинхорлоод төлөхөөр болсон. Гэтэл Ж.Энхтайван нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа үндэслэлгүй бодит үнэнд нийцэхгүй тайлбар гаргасан байна” гэжээ.

Хариуцагч Ж.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Жигмэддулам овогтой Энхтайван миний бие нь 2015 оны 01 дүгээр сард Гүрбазар овогтой Ичинхорлоогийн хүү болох П.Цогбадрахаас 3,000,000 төгрөгний малчны зээлийг авахуулсан. Үүнийг миний бие нь намар 8-р сард эхний төлөлтийг хийх байсан боловч нөхөрт минь ажил явдал гараад, миний бие нялх биетэй байж байгаад төлөлтөө хийж чадаагүйн улмаас Төрийн банкнаас зээлээ төлөхийг шаардсан. Миний өмч болох УБЕ 38-59 улсын дугаартай “Самсунг” маркийн ачааны машиныг хүү Цогоо нь унаад аваад явсан. Тэр үед нь миний бие дөнгөж төрсөн байсан учраас дагаж явж чадаагүй. Авч яваад дахин өгөөгүйгээр зарж зээлэнд хийсэн. Мөн суудлын тэрэг болох Соната-3 маркийн машины мотор цохисон байсныг задаргаанд өгсөн 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр зарж зээлэнд хийсэн. Мөн бэлэн мөнгийг 500 000 төгрөгөөр 2 удаа Ичинхорлоод нь өгсөн. Тухайн үед миний ачааны машин зах зээлийн ханшаар 3 500 000 төгрөгөөр үнэлж авч байсан. Гэхдээ хэдэн төгрөгөөр зарсныг нь би мэдэж чадаагүй. Одооны үлдэгдэл 1 500 000 төгрөг үлдсэн гэж 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Цогбадрах бид хоёрын үлдэгдэл 1 500 000 төгрөгийг 2-лаа хувааж 750 000, 750 000 төгрөгөөр төлж дуусга. Би хүнээс 1 500 000 төгрөгийг зээлж та хоёрын зээлийг дарж өгье гэж амаар бид 3 ярилцаж тохиролцсон. Миний бие нь энэ 1 500 000 төгрөгийг гар дээрээ бэлэн аваагүй. Тухайн үед зээлийн гэрээг 1 500 000 төгрөг зээлэх хүндээ үзүүлнэ гэсэн. Бид гэрээ хийж нотариатаар ороход хүү, алданги гэх мэт зүйлийн тухай нэг ч дурсаагүй, зөвхөн үлдсэн мөнгийг 750 000 төгрөгөөр хувааж төлнө гэж тохиролцсон. Өнөөдрийг хүртэл энэ хугацаанд 220 000 төгрөгийг гурав хувааж буй 100000, 50000, 70000 төгрөгөөр тус тус өгч нийт 220000 төгрөг болсон.

Мөн 2016 оны 05 дугаар сард гэрээ нүүлгэнэ гээд 20 л дизель түлш 30000 төгрөг, намар бас 20x1500=30000 төгрөний бензин, 3x1400=4200 төгрөгийн бензин, зун дизель түлш 30х1500=30000 төгрөг, нийт 94200 төгрөгийг би хүү Цогоод нь өгсөн.

Намар би тарьсан ногоо болох төмсөө үлдэгдэл мөнгөндөө аваач гэж гуйсан боловч зөвшөөрөөгүй. Ингээд бидний тохиролцсон ёсоор одоо үлдэгдэл болох 435800 төгрөгийг өгөх хүсэлтэй байна. Миний өөрийн бодлоор бол энэ хүмүүсийн мөнгийг хангалттай хэмжээнд төлж барагдуулж байгаа гэж үзэж байна. Би тэр үеийн зах зээлийн ханшаар Самсунг маркийн машин маань эдний өрийг хангалттай дарсан гэж бодож байна. Миний амьдрал ахуйн хувьд ч ийм их хэмжээний мөнгийг төлөх чадвар байхгүй. Нөхөр бид 2-лаа цалингийн зээлтэй, нөхөр маань улирлын чанартай ажил хийдэг, өвөл нь ажилгүй байдаг. Манайх ам бүл 8-уулаа. Мөн хөгшин настай хадам аав маань цуг байдаг. Би Ичинхорлоо эгчид өөрийн нэхсэн нэхмэл эдлэл болох ороолт, цамц, өмд гэх мэтийн зүйлсийг үнэлэхгүй өгч байсан. Хэрвээ үнэлсэн бол 100000 төгрөг хол давах байсан. Тиймээс бидний амьдрал маш хүнд зээлээс үлдсэн цөөхөн хэдэн төгрөгөөрөө хэдэн хүүхдээ тэжээдэг. Миний хувьд үлдэгдэл мөнгө болох 435 800 төгрөгөө сар бүрийн 12-нд 8 сар хувааж төлөх буюу сард 54 475 төгрөгийг өгч дуусгах хүсэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Ичинхорлоо хариуцагч Ж.Энхтайванаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 2 070 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 435 800 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж Ж.Энхтайванд 1 500 000 төгрөгийг хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Гэтэл Ж.Энхтайван нь уг зээлсэн мөнгөнөөс 220 000 төгрөг төлөөд үлдсэн мөнгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн.Иймд үндсэн зээл, хүү, алданги нийт 2 070 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...2015 оны 01 дүгээр сард Гүрбазар овогтой Ичинхорлоогийн хүү болох П.Цогбадрахаас 3 000 000 төгрөгний малчны зээлийг авахуулсан. Зээлийн төлбөрт “Самсунг” маркийн ачааны машин, мөн суудлын тэрэг болох Соната-3 маркийн машины мотор цохисон байсныг задаргаанд 500 000 төгрөгөөр өгч мөнгийг нь зээлэнд өгсөн.Бэлэн мөнгийг 500 000 төгрөгөөр 2 удаа Ичинхорлоод нь өгсөн. Зээлийн үлдэгдэл 1 500 000 төгрөг үлдсэн гэж 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Цогбадрах бид хоёрын үлдэгдэл 1 500 000 төгрөгийг 2-лаа хувааж 750 000, 750 000 төгрөгөөр төлж дуусга. Би хүнээс 1 500 000 төгрөгийг зээлж та хоёрын зээлийг дарж өгье гэж амаар бид 3 ярилцаж тохиролцсон. Миний бие нь энэ 1 500 000 төгрөгийг гар дээрээ бэлэн аваагүй. Тухайн үед зээлийн гэрээг 1 500 000 төгрөг зээлэх хүндээ үзүүлнэ гэсэн. Миний бие төлсөн мөнгөө хасч тооцоод одоо үлдэгдэл мөнгө болох 435 800 төгрөгөө сар бүрийн 12-нд 8 сар хувааж төлөх буюу сард 54 475 төгрөгийг өгч дуусгах хүсэлтэй байна” гэж тайлбарласан.

Зохигчдын хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр Ж.Энхтайван нь Г.Ичинхорлоогоос 1 500 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 01-нээс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаатай, сар бүр хүүгийн хамт 200 000 төгрөгөөр төлөх, зээлийг эгүүлж төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээсэн байна. Хариуцагч шүүхэд “...Миний бие нь энэ 1 500 000 төгрөгийг гар дээрээ бэлэн аваагүй” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байгаа.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Нэхэмжлэгч Г.Ичинхорлоо хариуцагч Ж.Энхтайванд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1 500 000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй, харин хүү П.Цогбадрахын авсан болон Ж.Энхтайванд авч өгсөн нийт 5 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлийг нэхэмжлэгч өөрөө төлсөн учраас Ж.Энхтайвантай зээлийн гэрээ байгуулсан нь зохигчдын тайлбар, гэрч Ц.Нандин-Эрдэнийн мэдүүлэг, Төрийн банкны Улаантолгой тооцооны төвийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17/14 тоот тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Тиймээс нэхэмжлэгчид 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийг гэрээг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах эрх үүсэхгүй гэж үзэж түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан хариуцагч Ж.Энхтайванд холбогдуулан гаргасан Г.Ичинхорлоогийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА