Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00664

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр                    Дугаар 142/ШШ2017/00664                         Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Бос-Эрдэнэ” ХХК, 1944 онд төрсөн, 73 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-10-19 тоотод оршин суух, Тайж овгийн Халзангийн Цэрэннадмидын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1982 онд төрсөн, 35 настай эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-19-04 тоотод оршин суух Боржигон овгийн Дугарын Отгонжаргалд  /регистрийн дугаар ГЮ82112363/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 14 280 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ 

Нэхэмжлэгч “Бос-Эрдэнэ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Цэрэннадмид миний бие “Бос-Эрдэнэ” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг юм. Д.Отгонжаргал нь манай барьцаалан зээлдүүлэх газраас 2014 оны 10 сарын 8-нд 1.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр нэг сарын хугацаатайгаар барьцаагүй итгэлцлийн журмаар зээлж авсан. Зээл төлөх хугацаа болоход зээлийн хүү болох 80.000 төгрөгөө өгч зээлээ ойрын хугацаанд төлж чадахгүй нь гээд 2015 оны 12 сарын 8 хүртэл сунгуулсан. Энэ хугацаанд зээлийн хүүгээ төлж байсан. Ингээд үндсэн зээлээ төлөх хугацаа болоход дахин 6 сараар сунгуулаад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа.Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу Д.Отгонжаргал зээлээ төлөлгүй 5 сар гаран болж байна. Зээлийн алдангийн хэмжээ үндсэн зээлийн 50 хувиас хэтэрч байгаа тул хуулийн хүрээнд нийцүүлэн үндсэн 1.000.000 төгрөгний 50 хувь болох 500.000 төгрөг болж байгаа юм. Иймд Д.Отгонжаргал нь одоо үндсэн зээл 1.000.000 төгрөг, алданги 500.000 төгрөг зээлийн 2015 оны 12 сарын 8-2016 оны 6 сарын 8 хүртэлхи 6 сарын хүү 480 000 төгрөг нийт 1.980.000 төгрөгийг манай барьцаалан зээлдүүлэх газарт төлж барагдуулах ёстой билээ. Үүний дараа хариуцагч Д.Отгонжаргал миний хүү бэр хоёроор хэлүүлэн гуйсаар байгаад нэхэмжлэгч Х.Цэрэннадмид надаас 2015 оны 03 сарын 26-нд 5.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй барьцаагүйгээр 6 сарын хугацаатай зээлж авсан. Манай барьцаалан зээлдүүлэх газарт 5.000.000 төгрөг байхгүй байсан учир танилаасаа авч Д.Отгонжаргалд зээлдүүлсэн болно.

Зээлийн нэг сарын хүү болох 400 000 төгрөгийг сар бүр тогтмол 6 сар өгсөн. Ингээд би үлдсэн зээлээ төлөхийг шаардахад одоогоор боломжгүй байна, би их хэмжээний мөнгө хүнд зээлүүлээд авч чадахгүй шүүхээр явж байгаа учир түр хүлээж байгаач гээд авсан зээлээ нэг жилээр сунгуулж энэ хугацаанд зээлээ төлж дуусгана гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй явж байна. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 3-д заасны дагуу алданги төлөх заалтын дагуу Д.Отгонжаргал сүүлд зээлж авсан 5.000.000 төгрөгөө төлөлгүй 110 хоног хэтэрсэн байна. Алдангийн хэмжээ 2.750.000 төгрөг болж байгаа бөгөөд хуульд нийцүүлэн үндсэн зээлийн 50 хувь болох 2.500.000 төгрөгний алданги болж байгаа юм.

Иймд хариуцагч Д.Отгонжаргалаас нийт зээл болох 6.000.000 төгрөг түүний алданги 3.000.000 төгрөг, эхний зээл болох 1.000.000 төгрөгний төлөгдөөгүй хүү 480 000 төгрөг сүүлийн зээл болох 5.000.000 төгрөгний төлөгдөөгүй хүү болох 4 800 000 төгрөг нийт 14.280.000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Цэрэнадмид надад гаргуулан өгч намайг хохиролгуй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Бос-Эрдэнэ” ХХК, иргэн Х.Цэрэннадмид нь хариуцагч Д.Отгонжаргалаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 14 280 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Бос-Эрдэнэ” ХХК-иас хариуцагч Д.Отгонжаргал нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөг, иргэн Х.Цэрэннадмидаас 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг тус тус зээлж авсан болох зээлийн гэрээнүүд, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Отгонжаргалд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, эрх үүрэг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

Мөн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч Д.Отгонжаргал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “Бос-Эрдэнэ” ХХК, Х.Цэрэннадмидын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонжаргалаас 229 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Д.Отгонжаргалаас 1 980 000 төгрөг гаргуулан “Бос-Эрдэнэ” ХХК-нд, 12 300 000 төгрөг гаргуулан Х.Цэрэннадмидад тус тус олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 229 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 229 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА