Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1008

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч С.Энхням,

Шүүгдэгч, хохирогч Д.Б, Э.Н, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Б, Э.Н нарт холбогдох 2108000001354 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.        

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :  

1. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын *** -ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ *** “ ХХК-д жолооч ажилтай, ам бүл *** , эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** -ийн *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. *** овгийн ***-ын *** /РД:- *** /,

2. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын *** -ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /том оврын тээврийн хэрэгсэл жолооддог/, ам бүл ***, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. *** овгийн ***-ийн Н /РД: *** /,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Н-тай “машин муу барьдаг, удам судар муутай” гэж маргалдан нүүрэн хэсэгт гараар цохиж зодсоны улмаас биед нь баруун, зүүн үүдэн доод 1-р шүднүүдийн булгарал, дээд, доод уруулын салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-тэй “машин муу барьдаг, удам судар муутай” гэж маргаан үүсгэн улмаар црхиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь : 

            Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох :    

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-тэй “машин муу барьдаг, удам судар муутай” гэж маргаан үүсгэн улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ;  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021.09.14-ний өдрийн 14 цагийн орчим иргэн Д.Б нь зүс таних хүнд зодуулсан...гэх тэмдэглэл /хх-01/,  

 - Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-02/,

- Д.Б-ийн хохирогчоор өгсөн...Би 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянхошууны ойролцоо Э-той явж байхад Э-руу Н залгасан юм тэгээд бид 2 Н-аар гурвалжин руу хүргүүлчихье гээд Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг *** зочид буудлын урд талд очиход Н машиндаа 0,5 литрийн Чингис нэртэй архитай сууж байсан тэгээд бид 3 тэр архинаас тус бүр 100-гийн аягаар уучихаад сууж байхад Н надтай машин муу барьдаг, удам судар муутай гээд байсан тэгээд бид 2 маргалдаж байхад Э явъя гээд нарийн гудамж руу алхаж байхад Н нь араас гүйж ирээд намайг барьж аваад бид 2 заамдалцаад байж байхад Э бид 2 дундуур орж салгаж байхад Н миний ам руу зүүн гараа атгаж байгаад нэг удаа цохисон тэгээд би тонгойход ахиж нэг удаа миний зүүн нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-13/,

- гэрч Д.Э-ын...2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Б бид 2 гурвалжин руу хөөс ачих гээд явж байхад Н нь над руу залгаад Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр *** зочид буудлын урд талд яваад ирээч гэхлээр нь бид 2 очиход *** нь өөрийн Приүс 20 маркийн машиндаа 1 шил 0,5 литрийн *** нэртэй архи бариад сууж байсан. Тэгээд бид 3 архиа ууж байхад Н , Б нар хоорондоо удам судар,  машин тэрэг сайн муу барьдаг гэх мэтээр ярьж байгаад хоорондоо муудалцаад байхаар нь би Б-ийг дагуулаад цаашаа нарийн гудамж руу дагуулаад явж байхад Н араас ирээд Б-тэй барилцаж аваад бие биеэ 3, 4 удаа гараараа толгой хэсэг рүүгээ цохилцоод байсан. Тэгээд би тэр хоёрыг салгахад Б-ийн шүд уначихсан, Н-д хандаж шүд төлж өгөөрэй гэж байсан...гэх мэдүүлэг /хх-10/,

- шинжээчийн 8755 дугаартай дүгнэлт...Д.Б-ийн биед баруун, зүүн үүдэн дээд 1-р шүднүүдийн булгарал, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 10% алдагдуулна...гэх /хх-19-20/ гэх мэдүүлэг,

- шүүгдэгч Э.Н-ын...2021.09.14-ний өдөр...Э , Б бид 3 уулзахад бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, мөн бид 3 нэг шил архи хувааж уусан, Б намайг “чацага минь” гэж хэлээд, бид 2 маргалдсан...Э нь Б-ийг салгаад авч гарсан ба би араас нь дахин маргалдаад Б-ийг хэд хэдэн удаа гараараа нүүр рүү нь цохисон, харилцан зодолдсон, Б шүдийг унагаачихлаа гэж хэлсэн...харилцан зодолдож нэг нэгэндээ гэмтэл учруулсан тухай мэдүүлэг /хх-17/ зэрэг нотлох баримтуудаар,    

 

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт мөн Э.Н-ыг “удам судар муутай” гэж  хэлсэн, зодсон” гэх шалтгааны улмаас түүнийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

- Э.Н-ын хохирогчоор өгсөн...2021.09.14-ний өдөр...Б миний хажууд сууж байсан ба хоорондоо маргалдаад гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон. Тэр үед Э нь Б-ийг салгаад аваад гарсан би ч араас нь гараад Б-тэй дахин маргалдаад би ч Б-ийг хэд хэдэн удаа гараараа миний нүүр лүү нь цохисон...харин Б намайг гараараа нүүр толгой руу хэд хэдэн удаа цохиод бид хоёр харилцан зодолдсон. Тухайн үед миний үүдэн шүд хөдөлчихсөн...гэх мэдүүлэг /хх-17/,  

- гэрч Д.Э-ын...тухайн үед Н, Б нар бие биеэ 3, 4 удаа гараараа толгой хэсэг рүүгээ цохилцоод байсан...гэх мэдүүлэг /хх-10/, 

- шинжээчийн дүгнэлт...Э.Н-ын биед баруун, зүүн үүдэн доод 1-р шүднүүдийн булгарал, дээд доод уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 10% алдагдуулна.../хх-24-25/,

- шүүгдэгч Д.Б-ийн...Бид харилцан зодолдож нэг нэгэндээ гэмтэл учруулсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-49/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч нар тус бүр тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.   

Тодруулбал, шүүгдэгч Д.Б-ийн гэмт санаатай үйлдэл ба хохирогч Э.Н-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, мөн шүүгдэгч Э.Н-ын гэмт санаатай үйлдэл ба хохирогч Э.Н-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хооронд тус тус обьектив зайлшгүй шууд хамаарал буюу шалтгаант холбоо тогтоогдсон, хохирогч нарын эрүүл мэндэд тус бүр учирсан тухайн гэмтлийг тухайн шүүгдэгч тус бүрээс өөр хэн нэг этгээд учруулсан гэж үзэх үндэслэл, нотлох баримтгүйгээс гадна шүүгдэгч Д.Б тийнхүү зодуулсныхаа дараа гэмт санаатай үйлдэл хийсэн байх тул түүнд холбогдох тухайн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.       

Иймд шүүгдэгч Д.Б , Э.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Д.Б , Э.Н нар хохирогчийн хувьд хохиролд хамаарах нотлох баримт гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн /хх-17, 83, 88, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул тус хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлынх талаарх нотлох баримтаа тус бүр бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.       

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                     

Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн хүлээн зөвшөөрсөн, ам бүл *** , “ *** ” ХХК-д жолооч ажилтай буюу тогтмол цалингийн орлоготой болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-28-29, 72-79, шүүх хуралдааны тэмдэглэл/,      

Шүүгдэгч Э.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн хүлээн зөвшөөрсөн, ам бүл *** , хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-33, 56-62, 63-69, шүүх хуралдааны тэмдэглэл/, тус тус судлагдсан болно.   

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , Э.Н нарт тус бүр 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 750.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, тус бүрт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.       

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь :       

1. Шүүгдэгч Э.Н , Д.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр тус бүр  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг  750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750.000 төгрөгөөр торгох ялаар, Д.Б-ийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , Э.Н нарт тус бүр оногдуулсан 750.000 төгрөгийн торгох ялыг шүүгдэгч тус бүрд 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н , Д.Б нар тус бүрд оногдуулсан 750.000 төгрөгийн торгох ялыг тус тус биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус мэдэгдсүгэй.             

5. Хохирогч Э.Н , Д.Б нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус бүр харилцан нэхэмжлэх эрхтэйг болон тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол    Э. Н, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР