Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 016

 

 Б.Хд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй, прокурор М.Фарида, шүүгдэгч Б.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хохирогч К.А, хохирогчийн өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч Т.Маншүк, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Хд холбогдох эрүүгийн 171300158112 дугаартай хэргийг хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах,1970 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-7, эхэнр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн У  сумын   дугаар багийн “Х” гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж- овогт Б-ийн Х, регистрийн дугаар 0000000

Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн үед тус аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Х” гэх газар оршин суудаг иргэн Ж.К-г бэлчээрийн маргааны улмаас түүний толгойн дагз руу модоор 2 удаа цохиж амь насыг нь хохироосон, мөн талийгаачийн эхнэр К.А-ийн толгой руу модоор цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор:   

 

 “1. Шүүгдэгч Б.Х-г “хүнийг алах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-“хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 9 /ес/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох хөнгөн ялыг 1 сарын хугацаагаар хорих ялд тооцож, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар ногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 жил, 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан 9 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Хд холбогдох эрүүгийн 1713001580112 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Б.Х нь бусдын амь насыг санаатайгаар бусниулсан буюу нийгэмд онц аюултай гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх түүнд 9 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй дэглэмтэй колонид эдлүүлэхээр шийдвэрлэсэн явдалд туйлын их гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Хд маш хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Хы нийгэмд аюултай гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг эхлээд дурдах нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь шүүгдэгч Б.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлээгүй, өөрийгөө илчлээгүй, хэргийн газраас шууд оргон зайлсан, хохирогчид сэтгэл санааны ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй байгаагаас харагдаж байна. Түүнчлэн шүүгдэгч Б.Х нь талийгаачийн бие махбодын, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдээгүй, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдээгүй, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдээгүй, байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдээгүй юм. Иймд түүнд оногдуулсан ял, ялын дэглэм маш их хөнгөн болсон гэж үзэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.А нь мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүх хуралдаанд талийгаач нөхөр К-н амь насыг санаатайгаар бусниулсан шүүгдэгч Б.Хд туйлын их гомдолтой байгаа, амийг амиар, цусыг цусаар сольж өгөхийг хүсэж байгаа, талийгаачийн ар гэрт насанд хүрээгүй 7 өнчин хүүхэд үлдсэн, өөрөө жирэмсэн байхад дайрч биед маань хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Хы өөрийн хамаатан садан болох Б.Ху, М.К нартай бүлэглэн миний нөхрийн амь насыг бусниулсан зэрэг асуудлыг удаа дараа мэдүүлэн шүүгдэгч Б.Хд төрийн хатуу цээрлэл хүлээлгэж өгөхийг хүссэн боловч энэхүү хохирогчийн байр суурийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 65 тоот тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч Б.Хд холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан ялыг хүндрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч Я.Сьезд, хохирогч К.Анарын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Х нь гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч К.А мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19-20 цагийн үед манай гэрийн гадаа УАЗ-469 маркийн машин ирж зогсохоор нь би гэрээсээ гарч ирсэн чинь бага ах Ж.М-ийг Б.Х модоор цохиж зодож байсан. Тэгээд би та яагаад энэ хүнийг зодож байгаа юм бэ гээд явж очиход Б.Х миний толгой руу барьж байсан модоор нэг удаа цохисноос болж толгой эргэн ухаан санаа балартсан байсан. Тэр үед миний араас нөхөр болох Ж.К хүрч ирээд миний эхнэрийг яагаад зодсон бэ гэхэд мөн Б.Х нь түүний толгойн дагз хэсэгт цохисноос болж ухаан алдан унаж, улмаар ухаан оролгүй гэрт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Миний бие зодуулснаас болж толгойд гэмтэл авсан бөгөөд эмч нар аймгийн Нэгдсэн эмнэлэгт авч ирж эмчилж толгойд оёдол тавьсан...Би нийт 10 гаруй сая төгрөг нэхэмжилсэн ба уг мөнгийг бүрэн төлж өгсөн. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.М-ийн: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цаг 30 минутаас 20 цагийн үед дүү Ж.К-ийн байшингийн урд талд УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон. Миний бие нимгэн хувцастайгаа гадаа мал тооллогын хүмүүс ирсэн, тэднийг гэрт оруулж ирье гэж угтаж авах санаатай гарч явж очиход манайд ойрхон оршин суудаг Б.Х, түүний дүү Б.Ху бас нэг Б.Хы том ахын хүүхэд болох нэрийг мэдэхгүй нэг залуу ирсэн байсан...би эд нар намайг зодох гэж байна гэж бодоод малын хашааны урд талд хэвтэж байсан хүрзний иштэй адилхан бөөрөнхий модыг авч тэд нарыг айлгаж хөөж явуулах санаатай модоо даллаж Б.Хыг нэг цохиж авах шиг болсон. Тэр үед Б.Х миний гарт байсан уг модыг булааж аваад өөрийг минь хоёр-гурван удаа зүүн талын тохой, баруун талын бөөрний хэсэг, зүүн гарын алганы хэсэгт цохиж авсан...бэр К.А-ийн толгой хагарсан цус гарсан, дүү Ж.К ухаан алдаж унасан, газарт хэвтэж байсан. Б.Х гэр лүүгээ зугтаж явсан байсан. Тэр үед тэнд байсан хүмүүс Б.Ху болон дагаж ирсэн залууд та нар хүн алчихлаа гэж орилж хашхирч байсан. Тэгээд бид бүгд Ж.К өргөж гэрт оруулаад шаланд хэвтүүлсэн. Ж.К гэрт оруулсны дараа ухаан ороогүй 30-40 минутын дараа хурхирч эхлэхээр нь биеийн байдал муудсан гэж бодоод эхлээд сумын хүн эмнэлгийн эрхлэгч Мухтарт залгаж түргэн дуудсан. Дараа нь сумын цагдаа Батбаярт утсаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ху-ий: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр миний бие хонь хариулж ирээд цай ууж сууж байхад ах Б.Х үхэр харсан уу гэж асуухад нь би манай үхрийг Ж.М-ийн хүүхдүүд хөөж явж байсан гэж хэлсэн. Б.Х, М.К нар тийшээ мотоциклоор явах гэж байхад би машинаа асааж миний машинаар яваад ирье гэж тэд нарыг дагуулж аваад Ж.М, Ж.К /хоч нэр О/ нарын өвөлжөөнд очсон. Бид машинд сууж байхад Б.Х Ж.М-ээс үхэр яасан бэ гэж асуухад бид мэдэхгүй гэж байгаад хэрүүл маргаан болсон....Ж.М мод барьж ирж Б.Хыг цохихоор савах үед Б.Х Ж.М-ээс модыг нь булааж авсан. Тэгж байхад Ж.К-ийн /О/ эхнэр К.А-ийн толгойд модоор цохисон гэх асуудал гарч ирсэн. К.АБ Хд чи миний толгойд модоор цохиж авлаа гэсэн. Би эхлээд Б.Х-ыг Ж.М-ээс салгаж аваад машины ар талд аваачсан. Би К.А-ийн толгойноос гарсан цусыг харж К.А-ийн гараас барьж зодохоо болиорой гэж байхад Ж.К чи миний эхнэрийг модоор цохисон гэж Б.Х руу дайрч очиход Б.Х гарт байсан модоор Ж.К-н нуруунд цохих үед мод хугарч тал нь газарт унасан. Б.Х гарт үлдсэн модоор Ж.К-н толгой руу цохиж авахад Ж.К ухаан алдаж унасан. Ж.К ухаан ороогүй, бид түүнийг өргөж гэрт оруулсан. Би Ж.К-н цээжийг илж массаж хийж өгсөн. Тэр толгойгоо гараар маажих шиг болсон...Б.Х уурлахаараа их ууртай зүрхний өвчтэй юм шиг зан гаргадаг. Өөрт нь халдахгүй бол хэн нэгэн хүнд халдаад байдаггүй, бид түүний занг мэддэг болохоор юм яриад эхлэхээр холдоод явчихдаг” гэх мэдүүлэг,

Гэрч М.К-ий: “...Ж.М гарт байсан модоор Б.Х руу даллаж байсан. Б.Х тэр үед Ж.М руу дайрахаар нь би түүнийг салгаж барьж аваад машины хойд талд аваачсан. Тэр үед гадаа харанхуй байсан...нэг мэдэхэд Ж.К ухаан алдаж уначихсан гэсэн. Ж.К газар элгээрээ хараад ухаангүй хэвтэж байсан. Б.Ху тэр үед Ж.К үхлээ, үхлээ гэж хэлсэн. Би түүний хажууд очсон. Би Ж.К үхчихсэн байх гэж бодсон. Б.Ху өргөж гэрт оруулъя гэсэн. Тэр үед би Ж.К үхсэн байх гэж айгаад зогсож байхад нүдээ хөдөлгөх шиг болохоор нь амьд байна гэж бодоод түүнийг гэрт өргөж оруулж хэвтүүлсэн. К.А-ийн толгойноос цус гарч байсан болохоор би тэр цусыг хөвөнгөөр арчсан. Тэгж байхад Улаанхус сумын түргэний машинаар эмч ирж үзэж эмчилгээ хийсэн” гэх мэдүүлэг,

Гэрч М.Г-ийн: “...аав гарч явсны дараа удаагүй араас нь гарч машинтай ирсэн хүмүүст явж очиход аав руу Б.Х, Б.Ху, М.К нар дайрсан байдалтай байсан. Тэр үед аав хаанаас авсныг би мэдэхгүй байна нэг мод авч ирээд Б.Х-ыг цохиж авахад Б.Х аавын гарт байсан модыг булааж аваад аавыг хоёр удаа баруун бөөрний тус хэсэг болон зүүн тохойд нь цохиж авсан. Би боль гэж очиход Б.Х миний нуруунд гарт байсан модоор нэг удаа цохиж авсан. Тэр үед бэр эгч гэрээс гарч ирээд “бага ахыг аллаа” гэж хашхирч хүрч ирэхэд Б.Х гарт байсан модоор нэг цохиж авахад бэр эгч Айнагүлийн толгойноос цус гарчихсан. Тэр үед ах Ж.К “чи эмэгтэй хүнийг цохичихлоо, эмэгтэй хүнд гар хүрдэг хэн юм бэ” гэж Б.Х руу дайрч ээжтэй хамт яваад очиход Б.Х гарт байсан модоор Ж.К-н толгой дагз руу нэг удаа цохиж авсан. Ж.К тэнд ухаан алдаж унасан. Б.Х-ы барьж цохисон мод хугарч хугарсан тал нь газарт унасан, Б.Х гэр лүүгээ зугтаж явсан” гэх мэдүүлэг,

Гэрч А.Ж-ийн: ”...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед Ж.К, К.А-ын гэрт дуудлагаар ирэхэд Ж.К гэрийн дунд хэсэгт шаланд, К.А оронд хэвтэж байсан. К.А ухаанаа сайн мэдэхгүй, дэмийрсэн байдалтай байсан ба даралтыг үзэхэд 60-40 болж буурсан, шоконд орсон байдалтай байсан. Түүнд өвдөлт намдаах, шокноос гаргах эмчилгээ хийсний дараа биеийн байдал дээрдэж, даралт нь 90-60 болж тогтворжсон. Харин Ж.К-н биеийн байдал маш хүнд ухаангүй хурхирсан байдалтай байсан, зүрхний цохилт маш бага, даралт тодорхойлогдохгүй байсан. Эмчилгээ хийсний дараа биеийн байдал нь ялимгүй дээрдсэн боловч ухаан ороогүй болохоор аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 дугаарт залгаж өвчтөний байдал хүнд байна гэж дуудлага өгсөн. Мэдрэлийн эмч А.М, гэмтлийн эмч Б нарын Ж.К-ийн биед хийсэн үзлэг оношны хүрээнд тэдний бичиж өгсөн эмчилгээг цаг тухайд нь тасралтгүй хийсэн боловч Ж.К-н ухаан оролгүй байсаар байгаад 12 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 09 цаг 05 минутад зүрх судасны үйл ажиллагаа зогсож амьсгал хурааж нас барсан” гэх мэдүүлэг,

Гэрч Д.М-ийн: “...Ж.К Б.Х гарт байсан модоор хоёр удаа цохиж авсан. Б.Х Ж.К-н толгойд цохиж авсныг баттай харсан. Тэр үед Ж.К ухаан алдаж унасан. Эхлээд биеийн аль хэсэгт цохиж авсан болохыг сайн анзаарч хараагүй. Ж.К ухаан алдаж унаснаас хойш ухаан ороогүй гэрт эмчилгээ хийлгэж байгаад тэр өдрийн маргааш нь өглөө 09 цагт нас барсан...К.А намайг Б.Х толгойд минь модоор цохиж авсан гэсэн. К.А-ийн толгойноос их цус гарч байсан. Дараа нь миний охин М.Гү, нөхөр Ж.М нар ч Б.Х модоор цохиж авсан гэж хэлж байсан. Б.Х гарт байсан модоо бариад явган зугтаж явсан болохыг би харсан” гэх мэдүүлэг,

Гэрч А.Ж-ийн: “2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр  21 цагийн үед Ж.К, К.А бусдад зодуулсан гэх дуудлагаар Улаанхус сумын 6 дугаар багт “Хүйтэн даваа” гэх газарт байдаг Ж.К, К.Ана-ын гэрт ирэхэд Ж.К гэрийн шалан дунд хэсэгт, К.А оронд хэвтэж байсан. К.Ань ухаанаа сайн мэдэхгүй, дэмийрсэн байдалтай байсан ба даралтыг үзэхэд 60-40 болж буурсан шоконд орсон байдалтай байсан. Би К.А-д өвдөлт намдаах, шокноос гаргах эмчилгээ хийсний дараа биеийн байдал дээрдэж даралт нь 90-60 болж тогтворжсон. Ж.Кн биеийн байдал маш хүнд, ухаангүй хурхирсан байдалтай, зүрхний цохилт маш бага, даралт тодорхойлогдохгүй байсан. Би Ж.К-д яаралтай эмчилгээ хийсний дараа биеийн байдал ялимгүй дээрдсэн боловч ухаан ороогүй болохоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 103-т залгаж өвчтөний байдал хүнд байна гэж дуудлага өгсөн. Түргэний эмч Б эмч ирж өвчтөний байдлыг үзэж яаралтай эмчилгээ хийсэн. Ж.К нь тархины битүү, хүнд гэмтэлтэй байна, хөдөлгөж болохгүй гэсэн. К.А-ийг эмнэлэгт хүргэхээр авч яваад мэдрэлийн эмч Мен-ийг дагуулж ирсэн. Мен эмч ирж үзэхэд өвчтөний тархины битүү, хүнд гэмтэлтэй байна, цус алдалт явагдаж байж болзошгүй. Өвчтөнд газар дээр нь ямар ч хөдөлгөөн хийхгүй, биеийн байдал тогтворжих хүртэл эмчилгээ хийх шаардлагатай гэж эмчилгээ бичиж өгсөн. Уг эмчилгээний дагуу зохих эмчилгээг Ж.К гэрт түүнд эмчилгээ хийсэн боловч ухаан оролгүй байсаар байгаад 12 дугаар сарын 09-ний өдөр өглөө 09 цаг 05 минутад зүрх судасны үйл ажиллагаа зогсож амьсгал хурааж нас барсан. Ж.К-д тархины хүнд битүү гэмтэлтэй гэж онош тавигдсан, хөдөлгөж болохгүй болохоор биеийн бусад хэсэгт ямар гэмтэл учирсан болохыг бүрэн тодорхойлох боломжгүй...Б.Х нь Ж.К модоор цохиж зодох үед Ж.К ухаан алдаж унасан гэж Ж.М-ийн эхнэр Ме хэлж байсан. Б.Х урьд нь хагалгаанд орж  эмчлүүлж байсан ба түүний өвчний онош, эмчилгээний талаар картад тодорхой бичигдсэн. Энэ эмчлэгдэх хугацаанд зүрхний ямар нэгэн өвчнөөр өвдөж байгаагүй. Харин уурлахаараа биеэ барьж чадахгүй байх нь өвчин биш. Энэ бол тухай хүний зан байдалтай холбоотой” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Г-ийн: “2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед миний нөхөр Б.Х нь ташуураа аваад төрсөн дүү Б.Ху-ий машинаар М.К-ийг дагуулж Ж.М-ийн өвөлжөө рүү алга болсон үхрийг асууна, хашаандаа хашиж авсан байж магадгүй, тэндээс туугаад ирье гээд явсан боловч 30 гаруй минут өнгөрсний дараа явган ирж нэг хүрз, нэг хүрзний иш мэт бөөрөнхий мод барьсан би асуудалд орлоо, би өнгөрлөө гэхээр нь юу болсон бэ гэхэд бүгдийг хядчихлаа, намайг цохиж зодсон хүрз модыг аваад ирлээ гээд өөр тодорхой зүйл хэлэхгүй байсан. Гэрт барьж ирсэн мод, хүрзийг гэрээсээ авч очоогүй байсан. Б.Х-ы биед ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Ж.К нь хүрзээр миний гарын булчин хэсэгт, Ж.М нь модоор цохихоор нь модыг булааж аваад тэднийг цохисон. Тэгэхэд Ж.К ухаан алдаж унасан. Гэхдээ түүний биеийн аль хэсэгт цохиж авснаа мэдэхгүй байна гээд гэрт орж гараад дээрх үгээ давтаад байсан...Ж.К, Ж.М нартай таарамжгүй харилцаа байхгүй боловч Ж.К, Ж.М нар урьд нь бэлчээрээс болж мал хөөж туудаг асуудал гаргадаг байсан. Бид нарын хооронд болж бүтэхгүй, таарахгүй гэх өөр ямар нэгэн асуудал байхгүй...” гэх мэдүүлгийг тус тус мөрдөн байцаалтын шатанд бэхжүүлжээ.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай  “...1, 2. Талийгаач Ж.К-н биед тархины битүү гэмтэл, няцралт, тархины орой яснууд 3 хэсэг болон хугарч цөмөрсөн, урагшаа хоёр салаалсан хугаралт үүссэн, толгойн хуйхны дотор гадаргууд зулай хэсэгт улаан өнгөтэй цус хуралттай, цусан бүлэнтэй, тархины эдүүд няцарч цусан хураа үүссэн, эдийн зааг тод цус хуралттай, хажуугийн болон хөндийд ховдлууд цус хуралттай, тархины зүүн бөмбөлөгт цус хуралттай, хамрын нураанд хөх ягаан өнгөтэй цус хуралттай, баруун гарын бугуйнд цус хуралттай, баруун тохойны хонхорт цус хуралттай, зүүн хөлийн өвдөгний урьд хэсэгт цус хуралттай зэрэг гэмтэл тогтоогдсон. Талийгаач Ж.К-н биед үүссэн бүх гэмтэл шинэ гэмтэл болно. 5. Талийгаач Ж.К нь амь насыг аврах боломжгүй тархины хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаач Ж.К-д архаг хууч өвчин үгүй” гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1, 2. Иргэн К.А-ийн биед тархины доргилт няцралт, зулайны зүүн талд 4 ширхэг оёдол тавьсан шархтай, баруун бүслүүр орчим цус хуралттай гэмтэл тогтоогдсон. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2, 4 дүгээр заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.” гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Ба-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд: “...1. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан 51,5 см урттай, 4 см диаметртэй мод, Б.Х-аас эд мөрийн баримтаар хураан авсан 1 метр 22.5 см урттай, 4 см диаметртэй моднууд урд нь нэг бие, нэг бүхэл эд зүйл мөн байна.” гэсэн дүгнэлт,

Шүүх сэтгэц гэм судлалын 21 дугаартай магадалгаанд: “...1. Б.Х нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй. 3. Хэрэг хариуцах чадвартай. 4. Сэтгэц мэдрэлийн тасагт хяналт байхгүй, сэтгэцийн эмчид үзүүлж байгаагүй. Асуусан асуудлыг зөвөөр ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай” гэсэн дүгнэлтүүд тус тус гаргажээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Мөрдөн байцаагч нь прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар 51.5 см урттай 4 см диаметртэй мод, хар хөх алаг өнгийн ноосон малгай, яллагдагч Б.Х-аас хурааж авсан 164 см урт иштэй хүрз, 122.5 см урттай 4 см диаметртэй модыг хураан авч хавтаст хэрэгт хавсаргажээ.

Шүүгдэгч Б.Х нь М.К, Б.Ху нарын хамт 2017 оны 12 дугаар 08-ны өдрийн 20 цагийн орчимд өөрийн үхрийг сураглах, олох зорилгоор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүйтэн хөтөл” гэх газарт оршин суудаг Ж.К, Ж.М нарын гэрт очиж Б.Х нь “үхэр хаашаа хөөж явуулсан бэ, танай морьтой хүн хөөсөн байна” гэхэд нь Ж.М “хараагүй, үхэр хөөсөн морьтой хүн харсан юм бол та нар үхрээ яагаад хариулж яваагүй юм гэж” хэлснээс болж Б.Х нь машинаас бууж ирэн “та нар миний үхрийг хөөсөн, миний үхрийг хөөдөг хэн юм бэ” гэж уурлахад Ж.М нь хүрзний ишний зориулалт бүхий урт мод барин ирж цохихоор далайн Б.Х-ыг 1 удаа цохих үед Б.Х модыг нь булаан авч Ж.М-ийн баруун бөөрөнд 2 удаа, зүүн тохойн тус газар 1 удаа цохиход, салгахаар очсон М.Гү-ийн нуруун тус газар нь 1 удаа тус тус модоор цохижээ. Тэр үед К.А гэрээсээ гаран “бага ахыг аллаа хэмээн” зодооныг болиулахаар ирэхэд нь Б.Х гартаа барьж байсан модоор түүний толгойн тус газар нэг удаа цохиж, тархины доргилт няцралт, зулайны зүүн талд 4 ширхэг оёдол тавьсан, баруун бүслүүр орчимд цус хуралттай хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Энэ үед К.А-ийн нөхөр Ж.К “чи эмэгтэй хүн цохичихлоо, эмэгтэй хүнд гар хүрдэг хэн юм бэ? гэж байшингийн ойролцоо газар байсан хүрзийг авч Б.Х руу дайрч баруун гарын бугалгад нь 1 удаа цохиход нь Б.Х гартаа байсан модоор Ж.К-н нуруун тус газар нь нэг удаа цохих үед мод нь хугарч тал нь газарт унасан байна. Ингээд гартаа үлдсэн /122.5 см урттай 4 см диаметртэй/ модоор Ж.К-н толгойн дагз хэсэгт 1 цохисноос тархины битүү гэмтэл, няцралт, тархины оройн яснууд 3 хэсэг болон хугарч цөмөрсөн бөгөөд тархины хүнд хавсарсан гэмтлийн улмаас ухаан оролгүй гэртээ эмчлүүлж байгаад 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 9 цагийн орчимд амь нас нь хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүнийг алсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.     

Хохирогч Ж.К нь энэ үйл баримтаас өмнө нас барах хүртлээ бусадтай маргалдсан, цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Х нь “хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхдээ эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлын 14 шинжийг агуулаагүй бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохироосноор төгс үйлдэгдсэнд тооцогддог ба энэ үед нас барсан шалтгаан шууд болсон буюу хэсэг хугацааны дараа нас барсан болох нь гэмт хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй.

Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн, улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг нэг буюу түүнээс дээш удаа үйлдсэн, нийтэд аюултай аргаар гэж ял хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.350.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаатай хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн асуудал тогтоогдсон учраас хөнгөрүүлэх талын нөхцөл байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа байдал, хохирлоо илүү төлсөн, хувийн байдлыг нь дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 хэсэгт зааснаар ял халдааж өгөхийг хүсэж хөнгөрүүлэх байр сууринаас оролцжээ.

            Анхан шатны шүүх Б.Х-ыг “хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8  дугаар зүйлийн 1,2 дэх хэсгийг баримталж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялын 1 сарын хугацаагаар хорих ялд тооцож, уг ялыг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 жил 1 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Х-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.К нас барсан шалтгаант холбоог зөв тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “хүнийг алах” гэмт хэрэг, мөн хохирогч К.А-д хөнгөн хохирол учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Анхан шатны шүүх үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, сайн дураараа илүү төлсөн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж ...” гэж заасныг баримталсан нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, анхан шатны шүүхээс Б.Х-ы үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “...тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ... хоригдлыг ял эдлүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 9 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүхээс тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.  

Мөн хохирогчийн өмгөөлөгч болон хохирогч нар нь “...хүний амь нас хохирсон, талийгаачийн ар гэрт насанд хүрээгүй 7 өнчин хүүхэд үлдсэн, өөрөө жирэмсэн байхад дайрч биед маань хохирол учирсан, шүүгдэгч Б.Х өөрийн хамаатан садан болох М.К, Б.Ху нартай бүлэглэн миний нөхрийн амь насыг бусниулсан зэрэг асуудлыг удаа дараа мэдүүлэн шүүгдэгч Б.Х-д төрийн хатуу цээрлэл хүлээлгэж өгөхийг хүссэн боловч энэхүү хохирогчийн байр суурийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна” гэсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Х-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.Х-ы хувийн байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч К.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хы цагдан хоригдсон нийт 198 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ, 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

 

                                                                                                Д.МӨНХӨӨ