Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Ж.Мягмардорж, түүний өмгөөлөгч Д.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн Жагбаатарын Мягмардоржид холбогдох эрүүгийн 201625030958 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сумчин овгийн Жагбаатарын Мягмардорж, 1986 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай номз гудамжны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар НУ86120215.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/;

Шүүгдэгч Ж.Мягмардорж нь 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон зай төвийн гадаа явж байсан иргэн Б.Баттөгсийн 320.000 төгрөгийн үнэ бүхий Ай фон 5 эс маркийн гар утсыг нь хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мягмардорж мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн. Сэжигтнийг яллагчаар татах тогтоолд үнэн зөв бичигдсэн байна...” гэв.

 

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ж.Мягмардорж нь яллагдагчаар мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Бөмбөгөр худалдааны төвийн орчим танил Шар гэдэг хүнтэй таараад архи ууцгаасан юм. Тэгээд салаад явж байгаар Бөмбөгөрийн хойшоо явдаг автобусны буудлын орчим явж байхад хоёр эмэгтэй явж байхаар нь араас нь дагаад нэг эмэгтэйнх нь халаасанд байсан Ай фон 5 эс маркийн гар утсыг авсан. Тэндээс зам хөндлөн гараад автобусанд суугаад Хар хорин орж утсыг нь тааралдсан замын хүнд 30.000 төгрөгөөр зарж архи уусан. ...Би Шар гэдэг хүнтэй архи уучхаад салаад ганцаараа явж байсан юм. Би согтуу байсан болохоор тэр хүнийг сайн санахгүй байна. Ямар ч байсан хоёр эмэгтэй явж байсан ба би араас дагаад куртикных нь баруун талын халааснаас авчихсан. Тэр хоёр эмэгтэй хойшоо 7 буудал явдаг таксины зогсоолын тэнд зогсож байхад нь авсан…” гэжээ /хх 19/. 

Хохирогч Б.Баттөгс мэдүүлэхдээ: “…Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 20-ны 20.00 цагийн үед эгч Отгоны хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал өнгөрөөд Орон зай худалдааны төвийн урд найзтайгаа чихэвчээр утсаар яриад явж байтал утас тасарчихсан юм. Тэгэхээр нь утсаа тасалчихсан юм байх гэж бодоод халаасандаа хийсэн утсаа үзтэл байхгүй болчихсон байхаар нь эргээд хартал миний ар талд нэг хүн байсан бөгөөд эгчийнхээ утсаар өөрийн утас руу залгах гэтэл нэгж байхгүй болохоор нь нэгж аваад эргээд залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан. Ийм зүйл болсон учраас цагдаад хандаж өргөдөл гаргасан юм. Миний утас Ай фон 5 эс маркийн 32гб багтаамжтай, хар өнгийн 420.000 төгрөгөөр 2016 оны 3 дугаар сард Теди төвөөс худалдан авч байсан юм. …хохиролд 240.000 төгрөгийг уг хүнээс авсан. Гомдолтой , хохирлоо бүрэн барагдуулж  авахыг хүсч байна…” гэжээ /хх 10-11/.  

Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23, 27/, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-7/, хохирогч Б.Баттөгсийн “…шүүгдэгч Ж.Мягмардоржоос хохирол бүрэн барагдуулж авсан. Санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй, харилцан эвлэрсэн болно. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү…” гэх хүсэлт зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ж.Мягмардорж нь 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон зай төвийн гадаа явж байсан иргэн Б.Баттөгсийн 320.000 төгрөгийн үнэ бүхий Ай фон 5 эс маркийн гар утсыг нь хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Баттөгсийн мэдүүлэг болон шүүгдэгч Ж.Мягмардоржийн үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Мягмардоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Ж.Мягмардорж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Баттөгс нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.   

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сумчин овгийн Жагбаатарын Мягмардоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.    

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мягмардоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

            3. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

            4. Шүүгдэгч Ж.Мягмардоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          

 

           

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ХАЛИУН