Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0418

 

 

 

 

 

 

“Эм Си Си Си корпорэйшн” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Хишигбаяр, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өнөрхуяг, хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, Н.Байгальмаа, Ч.Оюунсүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Эм Си Си Си корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Эм Си Си Си корпорэйшн” ХХК-ийн “Барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоож, эрх зүйн харилцаа байгааг тогтоож хүлээн зөвшөөрөх, Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 3667 дугаар захирамжийн заалтыг зөрчиж, өрсөлдөгчөө шахан хавчих үйлдэл хийж байгаа Барилгын хөгжлийн төвийн хууль бус үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргахыг Барилга хот байгуулалтын сайдад даалгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 6/713 дугаар албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/533 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өнөрхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлын 06 дугаар тогтоол гарсан. Агентлагийн хэрэгжүүлж байсан чиг үүргийг зарим улсын үйлдвэрийн газар, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар санал боловсруулаад Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанд оролцуулан шийдвэрлээд Засгийн газрын гишүүдэд даалгасан. Үүний дагуу Барилга, хот байгуулалтын сайд “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг санал болгосны үндсэн дээр 2012 оны 47 дугаар тогтоол гараад тус тогтоолтой холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд 37 дугаар тушаалаар магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүргийг шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Барилгын хөгжлийн төв магадлал хийх ажлын сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байгаа.

“Эм Си Си Си корпорэйшн” ХХК-д ямар нэгэн магадлал хийх эрхийг олгосон баримт бичиг, гэрээ байхгүй. Тийм учраас ямар нэгэн эрх зүйн харилцаа байхгүй гэж. үзэж байна. 6/713 дугаар албан бичиг бол “Эм Си Си Си корпорэйшн” ХХК-ийг магадал хийх эрхгүй болохыг тогтоосон албан бичиг юм. Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 6/713 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 6/713 дугаар албан бичиг нь ямар нэгэн шийдвэр гаргасан захирамжлах шинжтэй захиргааны акт биш юм. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас лавлагаа хүссэн тухай албан бичгийн хариу байгаа. Тус албан бичигт “Эм Си Си Си корпорэйшн” ХХК нь магадлал хийх эрхгүй болохыг тодорхойлсон. 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6/713 дугаар албан бичиг юм. Тус албан бичгийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Барилга, хот байгуулалтын сайдын 37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Тус тушаал нь Засгийн газрын 47 дугаар тогтоол гарсантай холбоотойгоор яамны тодорхой чиг үүргийг Барилгын хөгжлийн төвд шилжүүлсэн тушаал юм. Энэ тушаал нь гадагшаа чиглэсэн биш дотооддоо асуудлыг шийдвэрлэсэн тушаал байгаа. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын гол үндэслэл нь захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам зөрчсөн гэж нэхэмжлэгч тал үзсэн. Дотооддоо асуудлаа шийдвэрлэсэн байгаа тул Засгийн газрын 119 дүгээр тогтоолд заасны дагуу хууль зүйн яаманд бүртгүүлэх шаардлага байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгальмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, уг байгууллагын дүрмийг Төрийн өмчийн хорооны 2012 оны 446 дугаар тогтоолоор баталсан. Тус дүрмийн хүрээнд төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар хэрэгжүүлэхээр болсон. Барилгын тухай хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагын эрх үүрэг нь 6 дугаар зүйлийн 6.2.1-6.2.11 гэсэн заалтын дагуу Барилгын хөгжлийн төвд олгосон. Олгосон чиг үүргүүдийн нэг нь магадлалын ажлыг зохион байгуулах.

Экспертүүдийг сонгон шалгаруулах гэсэн чиг үүрэг байгаа. Барилгын тухай хуульд магадлалын ажлыг зохион байгуулах, магадлал хийх гэсэн хоёр өөр ойлголт байдаг. Магадлал хийх ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Барилгын хөгжлийн төв зохион байгуулна. Мөн магадлал хийгч этгээдийг сонгон шалгаруулна гэж заасан байгаа. Магадлалын ажлыг зохион байгуулах бүрэн эрх гэдэг нь магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, тэдгээртэй гэрээ байгуулан ажлаа гүйцэтгүүлэх, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх хүсэлтийг нь хүлээн аваад зураг төсөлд магадлал хийгч иргэн, хуулийн этгээдэд хуваарилж, тодорхой чиглэлийн дүгнэлт гаргуулаад тухай байгууллагад олгодог. Энэ цогц үйл ажиллагаа нь магадлалын ажлыг зохион байгуулах юм. Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм батлах тухай” дүрэм, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2010 оны 561 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар магадлал дүгнэлтийг гаргана гэж заасны дагуу магадлалын ерөнхий дүгнэлт манай байгууллагаас гарч байгаа. Яагаад гэвэл Барилгын хөгжлийн төв магадлалын ажлыг зохион байгуулах эрхтэй байгаа.

Магадлал хийгч этгээд гэдэг нь “Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8-д заасан сонгон шалгаруулалтад орж тэнцсэний үндсэн дээр тус байгууллагатай гэрээ байгуулан тодорхой чиглэлээр магадлал хийдэг иргэн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасан байгаа. Гэтэл магадлалын ажлыг зохион байгуулах, магадлал хийгч этгээд гэсэн хоёр ойлголтыг ойлгохгүй байна. Иймд “Эм Си Си Си корпорэйшн” ХХК нь Барилгын тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна.

Өөрт олгогдоогүй эрхийг буюу магадлалын ажлыг зохион байгуулах гэж ойлгоод байгаа. Зөвлөх үйлчилгээ, магадлалын ажил хоёрыг ялгаж ойлгохгүй байна.

Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 1/533 дугаар албан бичгээр хүчингүй болгуулах хүсэлт гаргасан. 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн аудитын газраас “Эм Си Си Си корпорэйшн” ХХК зураг төсөлд магадлал хийх эрхтэй болохыг тодруулахаар албан бичгийг ирүүлсэн. 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1/533 дугаар албан бичгээр “Эм Си Си Си корпорэйшн” ХХК нь магадлалын ажлыг зохион байгуулах эрхгүй, зөвхөн зөвлөх үйлчилгээний бүртгэлд бүртгэгдсэн байна гэсэн хариу өгсөн. Гэхдээ дээр дурдагдсан албан бичиг нь эрх зүйн хүрээнд ямар нэгэн асуудлыг зохицуулаагүй. Өөрөөр хэлбэл эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд лавлагаанд өгсөн албан бичиг байгаа. Тийм учраас захиргааны актад хамаарахгүй гэж үзэж байна. Тухайн үед гарсан албан бичгүүдийг “Эм Си Си Си корпорэйшн” ХХК мэдэж байсан. Мэдэж байсан гэдэг нь албан бичгүүдээр нотлогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 321 дүгээр шийдвэрээр: “Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 3.1.9, 6 дугаар зүйлийн 6.2.8, 6.2.9, 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Эм Си Си Си корпорэйшн” ХХК-ийн гаргасан ““Эм Си Си Си корпорэйшн” ХХК-ийн “Барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоож, эрх зүйн харилцаа байгааг тогтоож хүлээн зөвшөөрөх”, “Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 6/713 дугаар албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/533 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах”, “Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны баримтлан нэхэмжлэгч “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 3667 дугаар захирамжийн заалтыг зөрчиж, өрсөлдөгчөө шахан хавчих үйлдэл хийж байгаа Барилгын хөгжлийн төвийн хууль бус үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Төрбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдаррагчаа нар давж заалдах гомдолдоо:Нэг. Нотлох баримт бүрдүүлэх, түүнийг үнэлэх талаар гарсан зөрчил

1. Шүүхийн үзлэгийг Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын архивт хийх ёстой байтал зураг төслийн магадлал, зөвлөх үйлчилгээний эрх олгох шийдвэрт хамааралгүй Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ийн архивт хийсэн. ГХБГЗЗГ-ын эх тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэл зэргийг үзэж үндсэн эхийг нотлох баримтаар хэрэгт аваагүй, зөвхөн манайд анх олгосон гэрчилгээний үндсэн эхийг олж авсан боловч түүнээ зөвхөн гэрчийн ам мэдүүлгийг үндэслэн “олгогдоогүй загвар байсан”, ”туршилтын загвар байсан” (Шийдвэрийн хуудас 18 сүүлийн 4 мөр), Л.Шагдаррагчаа, шүүх хуралдаанд “тухайн гэрчилгээг албан ёсоор бичиж олгоогүй, энэ бол загвар байсныг үгүйсгээгүй гэж (шийдвэрийн хуудас 18, дороосоо 8-9 дүгээр мөр) шүүгч манайхыг хүлээн зөвшөөрсөн мэтээр бичсэн байна.

Шүүхийн үзлэгээр илэрсэн гэрчилгээний үндсэн эх нь тамга тэмдэг гарын үсэг бүхий бүрэн албажсан байгаа бөгөөд “загвар” гэсэн ямар ч тэмдэглэгээ нотолгоогүй байдаг (гэрчилгээний загвар хэрэгт авагдсан) Зөвлөхийн гэрчилгээг албан ёсоор олгоод буцааж хурааж авсан тухай гэрч Ц.Ганхүү амаар нотолж, ЗТБХБЯ-ны сайд 2012 оны 07 сарын 05-ны 1/3375 дугаар бичгээрээ “...гэрчилгээг олгох ёсгүй байжээ. гэрчилгээг хүчингүйд тооцно уу” гэсэн бичиг (Хавтаст хэргийн хуудас 44) хэрэгт авагдсан, тус гэрчилгээг бидэнд албан ёсоор олгоод сүүлд нь ГХБГЗЗГ-аас буцааж авсан нь хөдөлбөргүй нотлогдож байхад (олгоод буцааж авсан гэрчилгээний загвар олдоогүй) шүүх “загвар байсан” гэж үзэж нотлох баримтыг үнэлээгүй нь хийсвэр дүгнэлт хийж, буруу шийдвэр гаргахад хүргэсэн.

Шүүх хуралд гэрчээр оролцсон Ц.Ганхүү нь зөвлөх үйлчилгээ, магадлалынхаа учир ялгааг ч мэддэггүй дүрд жүжиглэж, өөрийнхөө гаргасан тушаал, гэрчилгээнийхээ талаар худал мэдүүлж, хийсэн үйлдлээ бүрхэгдүүлэн мэдэн будилсан, зөрчилтэй мэдүүлэг өгч байхад түүнийг шүүх хянан магадлаагүй, энэ талаар шүүх хуралдааны үед мэтгэлцэх боломжийг нэхэмжлэгчид олгоогүй, гэрчийн аман мэдүүлгийг “чин үнэн” гэж үзсэн нь шүүх гагцхүү хуульд захирагдан, баримт нотолгоонд тулгуурлах зарчмаа зөрсөн гэж үзэж байна.

2. Шүүхээс Барилгын хөгжлийн төвд шүүхийн үзлэг хийхдээ энэ байгууллагын эрх статус ямар болох, энэ байгууллага нь магадлалын ажлыг зохион байгуулах, улмаар магадлал хийх албан ёсны зөвшөөрөл.бүртгэлтэй эсэх, зөвшөөрөл олгосон гээд байгаа Барилга хот байгуулалтын сайдын 37 дугаар тушаал нь (ХХ-ийн хуудас 185) хуулийн хүчинтэй эсэх, Хууль зүйн яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, мөн барилгын хөгжлийн төв нь барилгын зураг төслийн магадлалыг өөрөө хийж байгаа эсэх, түүнээс ямар ашиг орлого олж байгаа, энэ үйл ажиллагаа нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагчийн актад заасан зөрчил, Авилгатай тэмцэх газрын албан бичигт заасан ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн эсэхийг тогтоож, холбогдох баримтыг үндсэн эхээр нь хэрэгт авч, түүнийг хууль зүйн үүднээс бодитой үнэлээгүй нь шүүх буруу шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байна.

Ингэхгүйгээр Барилгын хөгжлийн төвөөс Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8-6.2.9, 13 дугаар зүйлийн 13.1 болон Засгийн газрын 2012 оны 387, 2015 оны 251, (ХХ-ийн хуудас 10) тогтоолуудыг зөрчин хууль ёсны өрсөлдөгчөө шахан зайлуулах далд сонирхлоос энэ хэрэг үүдсэний нарийн учир холбогдол, далд шалтгааныг зөв зүйтэй тогтоон шийдвэрлэх боломжийг хааж, Барилгын хөгжлийн төвийн хууль бус үйлдлийг шүүх хамгаалсан буруу шийдвэр гаргахад хүргэсэн.

3. Шүүхийн үзлэгээр хавтаст хэрэгт авсан нотлох баримтынхаа хууль зүйн үндэслэл болон баримтын цаг хугацааны асуудлыг шүүхээс шинжлэн тогтоогоогүй, гэрч Ц.Ганхүүгийн дүр эсгэсэн ам мэдүүлгийг үнэн гэж үзээд зөвлөх үйлчилгээний ангилал, ажилбарыг санаатайгаар буруу тайлбарлаж, зөвлөх үйлчилгээний үндсэн төрөл болох “магадлал хийх ажлыг зөвлөх үйлчилгээ биш” гэж андуурсан (Засгийн газраас баталсан Зөвлөх үйлчилгээний дүрмийн 3 ба 4 дүгээр зүйлийг баримтлах атал), шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ энэ асуудалд хамааралгүй өөр харилцаа зохицуулсан журам, дүрмээс ишлэл авч буруу субьектив дүгнэлт хийж, хэрэг шийдвэрлэх ажиллагаанд хууль, тогтоомжийг буруу хэрэглэсэн байна.

Хоёр. Нэхэмжлэлийн агуулгыг буруу тайлбарласан, шүүхийн шийдвэрийн дотоод бүтцийн зөрчлийн тухай

Нэхэмжлэгчээс нотлох баримт үнэлэхэд нотолгоо гаргах,түүнтэй холбогдсон тайлбарыг хуралд сонсож, хэлэлцүүлээгүй, шүүхийн 321 дүгээр шийдвэрийн (17 дахь хуудасны төгсгөлийн мөр, 18 дугаар хуудасны 1-2 дугаар мөр) үндэслэх хэсэгт “Зөвлөхийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан ангиллыг баримтлан 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан ажлын бүрдлийн дагуу Барилгын зураг төслийн магадлал хийх болзол шаардлагыг хангасан гэж үзэн шалгаруулан бүртгэж, гэрчилгээ олгожээ” (321 дүгээр шийдвэрийн хуудас 17-ийн сүүлчийн хуудас 18-ын эхний 2 мөрөнд) гэж хуулийн дагуу дүгнэсэн мөртлөө, Ц.Ганхүүгийн аман мэдүүлэг болон магадлал хийх процессыг л зохицуулсан сайдын болон ГХБГЗЗГ-ын тушаалаар баталсан журмуудыг Засгийн газрын 185 дугаар тогтоолоор батлагдсан зөвлөх үйлчилгээний дүрмээс илүү хуулийн хүчтэй мэт үзсэн. Манайд “магадлалын эрх бүртгэл олгоогүй байна” гэсэн шийдвэр нь үндэслэл, дүгнэлттэйгээ хоорондоо зөрчилтэй бичигдсэн.

Гурав. Хариуцагчийн статус болон ашиг сонирхлоос үүдэлтэй хууль бус ажиллагааг зөвтгөсөн талаар

Барилгын зураг төсөлд магадлал хийх эрхийн талаар хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа Барилгын хөгжлийн төв (ТӨУҮГ) нь Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг (Захиргааны ерөнхий хуулийн 5.1.3.захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд) хууль бусаар хэрэгжүүлэн Ашиг сонирхлын тухай хууль зөрчсөн тухай сайдад Авлигатай тэмцэх газраас өгсөн хугацаат шаардлага, мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг зөвшөөрөлгүйгээр мөн өрсөлдөөнгүйгээр дангаар ноёрхон хийж байгаа тухай Барилгын Хөгжлийн Төв (ТӨУҮГ)-ийн асуудлыг хууль дүрэмд нийцүүлэх тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн дүгнэлт, бичгүүдийг Барилга, хот байгуулалтын сайдад хүргүүлсэн байдаг. (Хавтаст хэргийн хавтас №3, хуудас 26-27, 28-30)

Эдгээр шалгалтын дүгнэлт, албан бичгийг хэрэгт авагдсан байхад шүүх хуралдаанд танилцуулан хэлэлцэхгүй шийдвэр гаргасан. Төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг шилжүүлэх хуулийн зохицуулалт тодорхой байхад “татан буугдсан агентлагийн 42 ажилтны орон тоо цалингийн санг шилжүүлсэн асуудлыг “төрийн чиг үүргийг Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т “шилжүүлсэн” мэт буруу тайлбарлаж (шийдвэрийн хуудас) хариуцагчийг илт хамгаалсан. Барилгын хөгжлийн төв нь “өөрийгөө төрийн захиргааны байгууллага” хэмээн зарлах боломжийг нээж, манай компанийн магадлал хийх эрхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж бичиг тарааж, өрсөлдөгчөө хууль бусаар шахан зайлуулж зах зээлд дангаар ноёрхон, өөрийнхөө магадлал хийх боломжийг нээх зорилгод хариуцагчийг түлхсэн. Энэ нь Барилгын хөгжлийн төвд магадлалын эрх олгосон сайдын 37 дугаар тушаалтай холбоотой байдаг. Энэ хэргийн нөхцөл , шалтгаан.үр дагаврыг шүүх хууль зүйн үүднээс үнэлж тогтоогоогүй буруу шийдвэрт хүрсэн байна.

Дөрөв. Сайдын тушаалын хуулийн үндэслэл, хүчин төгөлдөр байдлыг буруу үнэлсэн тухай

Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалаар Барилгын хөгжлийн төвд магадлал хийх үйл ажиллагааг зохион байгуулах “эрхийг олгосон нь зөв”, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзжээ. (шийдвэрийн хуудас 23) Гэтэл энэ тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд Төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх асуудлыг хуульчлан “...төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр...” заасныг зөрчсөн, мөн тушаал гаргасан Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудал, бүрэн эрхэд Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Засгийн газрын агентлаг болох Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг бусдад шилжүүлэх эрх олгосон хууль эрхийн ямар ч шийдвэр байхгүй байхад ийм тушаал гаргасныг шүүх тогтоогоогүй.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал, Засгийн газрынхаа бүрэн эрхэнд сайд бүдүүлгээр халдаж, өрсөлдөөгүйгээр давуу эрх олгосон ноцтой үйлдлийг шүүх зөв гэж үзсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэнтэй холбоотой байна. Энэ тушаал нь МУ-ын үндсэн хууль.бусад хуульд нийцсэн байх, тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх захиргааны эрх зүйн үндсэн шаардлагыг зөрчсөнийг шүүх авч үзээгүй.

Сайдын 37 дугаар тушаал нь Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын бүрэн эрхийг дур мэдэн шилжүүлж, мөн Барилгын тухай хуулийн 6.2.8-6.2.9 дэх заалтыг ноцтой зөрчсөнийг шүүх авч үзээгүй, хууль хэрэглээний энгийн ойлголт, хууль дээдлэх зарчмыг баримтлаагүйг харуулж байна.

Өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах боломж олгосон Барилга, хот байгуулалтын сайдын 37 дугаар тушаал нь Барилгын хөгжлийн төвийн хууль зөрчсөн үйлдлүүдийн эх үндэс болсныг шүүх тогтоож хүчингүй болгоогүй нь (Захиргааны акт илт хууль бус болохыг тогтоогоогүй шийдвэр гаргасан).

Тав. Шуух хуралдааны дэг, горимыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн тухай

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны 321 дүгээр шийдвэрийг хуульд заасан хугацаанаас нь даруй нь 10 хоногийн дараа албан шаардлага хүргүүлэн байж 05 дугаар сарын 27-ны орой авсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд.заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.-Мөн хуулийн 108.4-д” ...хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна” гэсэн заалтуудыг зөрчлөө. Энэ зөрчлөө шүүхийн шийдвэрийн агуулгыг бичгээр үйлдэн шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах 7 хоногийн хугацааг нэмж тооцон 321 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 4-д бичиж хоцруулснаа зөвтгөсөн байна. Хуулийн хугацааг 3 хоногоор хоцруулсан.

2. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд манай компанийн эрх ашгийг хохироосон асуудлаар гаргасан үндсэн болон нэмэлт шаардлагуудын талаар шүүх хуралдааныг даргалсан шүүгч Д.Зоригтбаатар нь хуульд заагаагүй тулгалтыг хийж, “хэрэв энэ шаардлагаа татаж авахгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” хэмээн манай зарим шаардлагыг хасуулж, тулгалт хийж татан авах бичигт гарын үсэг зуруулсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн 16 дугаар хуудсанд манайхыг шаардлагаасаа сайн дураар татгалзсан мэтээр санаанаасаа зохиож, нэхэмжлэгчийг гүтгэж, шүүхийн шийдвэрт ташаа бичсэн байна.(18 дугаар хуудас)

3. Шүүгч Д.Зоригтбаатар нь ”... асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд маргаж байгаа асуудлаар “талуудыг ямар нэг үйлдэл хийхгүй байхыг даалгасан” 2015 оны 05 сарын 26-ны 3667 дугаар захирамжийг гаргасан бөгөөд энэ захирамжийг нь удаа дараа зөрчсөн тухай манай гомдол болон нэхэмжлэлийг үл ойшоож, шүүгч өөрийн захирамжаа хэрэгжүүлэх ямар ч санаачлага гаргаагүй, шүүгчийн зүгээс эс үйлдэл гаргасан. Шүүх хуралдааны эхэнд нэхэмжлэлийн энэ шаардлагыг чинь “хүлээж авахгүй эсвэл татаж ав” гэсэн тулгалт хийж, аргагүй байдалд оруулсан.;

4. Анхан шатны шүүх нь Барилгын тухай хуулийн 13.1, 25 дугаар зүйлээр хуульчилсан заалт болон Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолоор баталсан “Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрмийн” 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2 болон 4.2.8-д заагдсан зөвлөхийн ажлын ангилал, түүнд хамаарах ажилбаруудыг зориуд буруу тайлбарлан, магадлалын ажил нь “зөвлөх үйлчилгээ биш” хэмээн хууль тогтоомжийг буруу хэрэглэн, хууль зүйн ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Зөвлөх үйлчилгээнд ямар ажлууд хамаардаг талаар Засгийн газрын 185 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын зөвлөх үйлчилгээний дүрэм”-ээс өөр зөвлөхийн хүрээнд багтдаг ажилбаруудын талаар эрх бүхий байгууллагуудаас гаргасан ямар нэг акт одоо болтол байхгүй байхад шүүх ингэж дүгнэсэнд харамсаж байна.

Анхан шатны шүүх манай компанийг хохироосон үйлдлийг таслан зогсоохын оронд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Барилгын хөгжлийн төв (ТӨУҮГ)-ийн хууль бус үйлдлийг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан нь Шүүх-ээс нийгмийн харилцааг зохицуулах хэрэгсэл болсон хуулийг хэрэгжүүлэх чиг үүргээсээ хэтэрхий хазайсан хариуцлагагүй үйлдэл боллоо гэж үзэж байна. Энэ үйлдэл нь шүүгч нь хариуцагч талтай сонирхол нэгтэй гэх хардлага төрүүлж байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгч Д.Зоригтбаатар нь 2015 оны 07 дугаар сарын 09-нд энэ асуудлыг хэлэлцэхдээ нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг зөв тогтоож, манай нэхэмжлэлийг хангаж захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 442 дугаар шийдвэр гаргаж байснаасаа ухарч, ингэж тэс өөр хууль бус байр сууринд шилжсэнийг ойлгоход бэрхтэй.

Энэ нь хууль зөрчин хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, манай компанийн хууль ёсны эрхийг дур мэдэн үгүйсгэж байгаа үйлдэл юм. Энэ нь Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дугаар заалтыг зөрчиж, шүүх гагцхүү хууль дээдлэх үндсэн зарчмаа хөсөрдүүлсэн, гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Зургаа. Магадлал хийх эрх, улсын бүртгэлийн хүчинтэй байдал, үүссэн хохирол ур дагаврын талаар

Манай компанид барилгын зураг төсөлд магадлал хийх эрхийн бүртгэл хийсэн Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын 294 дүгээр тушаал нь хүчин төгөлдөр байгаа, энэ эрх, бүртгэлийн дагуу 2012 оноос хойш 3 жил гаруй хугацаанд ажиллаж байгаагийн зэрэгцээ Улсын бүртгэлийн ерөнхий газраас манай компанийн магадлалын эрхийг албан ёсоор бүртгэж, компанийн гэрчилгээнд 9311 гэсэн кодоор магадлал хийх эрхийг баталгаажуулсан. (ХХ-ийн хуудас 6)

Эдгээр эрх зүйн актуудыг хүчингүй болгосон ямар нэг шийдвэр огт гараагүй байхад магадлалын эрх олгогдоогүй байна ( шийдвэрийн хуудас 20. Дээрээсээ 14 дэх мөр,дороосоо 6-7 мөр) гэсэн ямар ч үндэслэл нотолгоогүй шийдвэрийг гаргасан нь манай компанийн эрх ашгийг ноцтой хохироож, ажил үйлдвэрлэлийг бүтэн жил гаруй хугацаанд зогсоож, олон арван барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажлыг саатуулсан. Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн хууль бус тушаал, албан бичгүүдээс үүдэн гарсан үр дагавар, хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Шууд хохирол 284.5 сая төгрөг болсон. (Хохирлын тооцоо, баримт, нотолгоо хэрэг авагдсан хавтас №1 хуудас 69-115)

Энэ асуудал 2015 оны 04 сарын 13-наас хойш 3 шатны шүүхээр дамжиж, манайх ихээр хохирч цаг хугацаа алдаж байна.

Иймд, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, шүүхэд гаргасан манай нэхэмжлэлийн шаардлагуудыг давж заалдах шатанд нэг мөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэг. Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.5-д барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх ... хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрмийг батлах бүрэн эрхийг Засгийн газарт олгосны дагуу Засгийн газрын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаар тогтоолоор “Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм”-ийг баталж, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч иргэн, хувь хүн болон зөвлөх үйлчилгээний ангилал, зөвлөх үйлчилгээний ажлын бүрдэл зэрэгтэй холбоотой асуудлуудыг зохицуулсан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8-д барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох бүрэн эрхийг олгосон, Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолоор баталсан дээрх дүрмийн 1.3-д “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх нь барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр үүснэ. Бүртгэлийг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна” гэж заасантай холбоотойгоор Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар тушаалаар “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм”-ийг баталжээ.

Дээрх хууль тогтоомжийн хүрээнд Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 294 дүгээр тушаалаар нэр бүхий 12 этгээдийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхийг бүртгэсний дотор “Эм Си Си Си корпорэйшн” ХХК-ийн “1.1 хөрөнгө оруулалтын судалгааны ажил гүйцэтгэх, 2.1 хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, 2.2 орон сууц, олон нийт, иргэний ба үйлдвэрийн барилга байгууламжийн зураг төслийн, 3.1 барилгын ажлын гүйцэтгэлийн явцад үнэлэлт дүгнэлт өгөх, 4.1 барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, хийц бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын, 6.1 төслийн удирдлага зохион байгуулалт, технологийн зэрэг ажлуудад “зөвлөх үйлчилгээ” үзүүлэх эрхийг бүртгэн авсан, энэ талаар 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/2324 дүгээр албан бичгээр мэдэгдсэнээр[1] нэхэмжлэгч компанид дурдсан ажлуудад “зөвлөх үйлчилгээ” үзүүлэх эрх үүсчээ.

Барилгын тухай хуулийн /2008 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.9-д “Зөвлөх үйлчилгээ” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 5.1.15-д заасныг; Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.15-д ““зөвлөх үйлчилгээ” гэж гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээ” гэх утгаар ойлгохоор тодорхойлсноос үзвэл Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2012 оны 294 дүгээр тушаалаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхийг нь бүртгэн авснаар “ Эм Си Си Си корпорэйшн” ХХК-д тухайн тушаалын хавсралтад дурьдсан ажлын бүрдлийн хүрээнд өөрийн тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр бусдад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эрх үүсчээ.

Нэхэмжлэгчээс Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2012 оны 294 дүгээр тушаал гарсантай холбогдуулан тухайн газраас Зөвлөх үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээ /1/2012/-г олгож, Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолоор баталсан бүхий л зөвлөх үйлчилгээний ангилал, зөвлөх үйлчилгээний ажлын бүрдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх олгогдсон гэх боловч тухайн гэрчилгээнд дурдсан ажлын бүрдэл, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2012 оны 294 дүгээр тушаалд зааснаас зөрүүтэй тусгагдсан, энэ талаарх гэрч Ц.Ганхүүгийн мэдүүлэг зэргийг үндэслэн тухайн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хоёр. Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.6-д “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм батлах;” бүрэн эрхийг Засгийн газарт, 6.2.8-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох, 6.2.9-д магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгожээ.

Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх” дүрмийг баталсан, тухайн дүрмийн 7.4-д “Зураг төсөлд магадлал хийх ажлыг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна. Зураг төслийн баримт бичигт магадлал хийх хуулийн этгээд, иргэнийг өрсөлдөөний журмаар шалгаруулж, гэрээ байгуулж ажиллана” гэж заасан зэрэгтэй уялдуулж, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 561 дүгээр тушаалаар “Зураг төслийн баримт бичигт магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах журам”, Зураг төслийн баримт бичигт магадлал хийж баталгаажуулах ажлын гэрээний загвар” зэргийг баталсан, дээрх хууль тогтоомжийн дагуу Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Зураг төслийн баримт бичигт магадлал хийх иргэн, хуулийн этгээдийн бүрэлдэхүүнийг батлах тухай” 24 дүгээр тушаалаар мэргэжлийн дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус иргэн, хуулийн этгээдийн бүрэлдэхүүнийг баталсны дотор нэхэмжлэгч компани багтаагүй байна.

Эндээс үзвэл “ Эм Си Си Си корпорэйшн” ХХК-ийг Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д /”барилгын зураг төслийн магадлал” /цаашид “магадлал” гэх/ гэж барилгын зураг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, архитектур, хот төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэх, инженерийн хангамжийн техникийн шийдэл, галын аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, байгалийн баялгийг зохистой ашиглах, үйлдвэрлэлийн технологийн сонголт нь барилгын норм, дүрэм, стандартын шаардлагыг хэрхэн хангасныг тогтоож, мэргэжлийн дүгнэлт гаргах ажиллагааг;/ заасан мэргэжлийн дүгнэлт гаргах эрхтэй гэж үзэх боломжгүй байна.

Харин мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Барилгын зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2.8-д заасны дагуу сонгосон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно” гэх заалтаас үзвэл мөн хуулийн 5.1.5-д заасан барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх ... хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй этгээдийн тухайд 6.2.8-д заасан сонгон шалгаруулалтад оролцохыг шаардахгүй зөвхөн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулснаар тухайн ажлыг гүйцэтгэж болохоор байна.

Нэхэмжлэгч “Эм Си Си Си корпорэйшн” ХХК-ийн тухайд хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8-д заасны дагуу сонгогдоогүйн дээр барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай энэ талаар байгуулсан гэрээгүй учраас хуулийн 3.1.8-д заасан мэргэжлийн дүгнэлт гаргах буюу магадлал хийх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй.

Гурав. Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрыг татан буулгаж[2], мөн оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 47 дугаар тогтоолоор[3] “Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга, захиалагчийн алба” Улсын үйлдвэрийн газрыг “Барилгын хөгжлийн төв” Аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, тухайн газрын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, төсвийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн өмчийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Үүнтэй холбогдуулж Барилга, хот байгуулалтын сайд 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар татан буугдаж барилгын чиг үүргүүд “Барилгын хөгжлийн төв” /ТӨААТҮГ/-д шилжсэнтэй холбогдуулан Зураг төсөл, төсөвт магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-т олгосон байна.

Хожим Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д /Засгийн газар төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж болох/ дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газар 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 251 дүгээр тогтоолоороо “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, хот байгуулалтын баримт бичигт экспертийн дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, тэдгээрийг зохион байгуулах чиг үүргийг хариуцлага хүлээх чадвар бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн нь Барилгын тухай хуулийн /2008 оны/ 6.2.8, 6.2.9-д /барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох, магадлал хийх ажлыг зохион байгуулах/ заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ хэрэгжүүлж ирснийг давхар нотолж байна.

Энэ тохиолдолд Барилгын тухай хуулийн 5.1.6-д заасан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх магадлал хийх эрхтэй гэж өөрийгөө үзэж байгаа нэхэмжлэгч компани болон мөн хуулийн 6.1.8, 6.1.9-д заасан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ыг зах зээлд өрсөлдөгч, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-аас явуулж байгаа үйл ажиллагааг өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэх боломжгүй.

Харин хуульд заасан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж байгаатайгаа холбогдуулан гаргасан “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын шийдвэр буюу нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардсан тухайн байгууллагаас Нийслэлийн аудитын газарт хандсан 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/533 дугаар албан бичгийг захиргааны акт мөн гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5.1.5-д заасан зөвлөх үйлчилгээ үзүүлэх буюу өөрийн тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр бусдад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй нэхэмжлэгч “Эм Си Си Си корпорэйшн” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол мөн хуулийн 5.1.6, 6.1.8, 6.1.9, 13 дугаар зүйлүүдэд заасны дагуу мэргэжлийн дүгнэлт гаргах буюу магадлал хийхтэй холбоотой асуудалд хамааруулж хариуцагч нараас гаргасан маргаан бүхий захиргааны актууд, тухайлбал, “Зураг төсөл, төсөвт магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг “Барилгын хөгжлийн төв”-д олгосон” Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаал, “Барилга байгууламжийн зураг төсөлд магадал хийх ажлыг Барилгын хөгжлийн төв зохион байгуулан ажиллаж байгаа, Барилгын зөвлөх үйлчилгээний эрхтэй “Эм Си Си Си корпорэйшн” ХХК нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрх аваагүй талаар” Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт мэдэгдсэн Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 6/713, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-аас Нийслэлийн аудитын газарт мэдэгдсэн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/533 дугаар албан бичгүүдийн улмаас зөрчигдөөгүй байна. Иймд, “Эм Си Си Си корпорэйшн” ХХК-ийн барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болохыг буюу эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг шүүхээс гаргах боломжгүй.

Эдгээр асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Харин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.3, 32.5-д заасан шаардлагыг хангаагүй тодорхой бус буюу “захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 3667 дугаар захирамжийн заалтыг зөрчиж, өрсөлдөгчөө шахан хавчих үйлдэл хийж байгаа Барилгын хөгжлийн төвийн хууль бус үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүх шууд хүлээн авч хянан шийдвэрлэх боломжгүй байхад тухайн шаардлагыг хүлээн авахаас татгалзалгүй нэхэмжлэлийн шаардлагатай адилтган үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн, мөн маргаан бүхий “Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2014 оны 6/713, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын 2015 оны 1/533 дугаар албан бичгүүдийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан шинжийг агуулаагүй, захиргааны акт биш” гэж үзсэн атлаа холбогдох шаардлагыг нь хүлээн авахаас татгалзалгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөрчилтэй болсон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй зэрэг алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Барилгын тухай хуулийн /2008 оны/ 6 дугаар зүйлийн 6.2.9, 13 дугаар зүйлийн 13.1” гэж, Тогтоох хэсгийн “3, 4” дэх заалтын дугаарыг “2, 3” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

                               ШҮҮГЧ                                                                О.НОМУУЛИН

                              ШҮҮГЧ                                                                Д.БАТБААТАР

 


[1] ХХ-1-39; 42; 2-43

[2] ХХ-1-182

[3] ХХ-1-184