Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 422

 

А.Цэрмаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч А.Цэрмаа, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 548 дугаар магадлалтай, А.Цэрмаагийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст /хуучнаар/ холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэгч А.Цэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 548 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, А.Цэрмааг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга. ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацаанд буюу 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар цалинг тооцож, хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийджээ.  

Хариуцагч Баянхонгор аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж тус хэлтсийн дарга Д.Одонтунгалаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогч А.Цэрмааг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төлөвлөлт, санхүү бүртгэлийн газарт хандаж гаргасан 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн өргөдлийн дагуу өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлсөн буюу Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасанчлан төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх зохицуулалтын дагуу чөлөөлсөн байхад “...төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Магадлалд дурдагдсан Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.1 дэх заалт нь Төрийн албаны тухай хуульд байхгүй байна. А.Цэрмаагийн гаргасан “өмнө нь ажиллаж байсан хяналт шалгалт хариуцсан байцаагчийн ажилд шилжүүлэн томилох” хүсэлтийн хувьд шийдвэрлэх боломжгүй юм. Төрийн албан хаагчийн сэлгэн ажиллах зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд зохицуулагдсан бөгөөд 22.1-д “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан.

А.Цэрмаагийн хувьд ажлын зайлшгүй шаардлагаар гараагүй тул сэлгэн ажиллуулах боломжгүй тохиолдол, өөрөөр хэлбэл шийдвэрлэх боломжгүй юм. Харин А.Цэрмаа нь сонирхож буй ажлын байрандаа ажлын байр гармагц Төрийн албаны тухай хуулийн дагуу орж ажиллах боломж нээлттэй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 548 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, уг маргаанд хэрэглэх ёсгүй Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” Б/19 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт, А.Цэрмаагийн өөрийн өргөдлийг үндэслэн түүнийг Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогчийн үүрэгт ажлаас 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс чөлөөлжээ.

Нэхэмжлэгч А.Цэрмаа нь уг тушаалыг хүчингүй болгох, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргаж, “...өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлгүй байсан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр манай хэлтэс дээр ирж дарамтлан загнахад нь ...энэ ажлаа өгөөд өмнө ажиллаж байсан байцаагчийн ажилд томилогдоё гэж өргөдөл бичсэн” гэж маргажээ.

А.Цэрмаа нь 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөвлөлт санхүү бүртгэлийн газарт хандаж “..ажиллаж байх хугацаандаа мэдээ тайлан удаа дараа хожимдуулсан зөрчил гаргасан тул нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх, цаашид өмнө ажиллаж байсан хяналт шалгалт хариуцсан байцаагчаар ажиллах хүсэлтэй” гэсэн өргөдөл гаргасан ба уг өргөдөлд нь “хүсэлтийг харгалзан тохирох ажилд томилох” гэж тус газрын дарга нь цохолт хийсэн байна.

Үүнээс үзвэл, А.Цэрмаа нь төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, харин дээд байгууллагад явуулах мэдээ, тайлангийн хугацааг хожимдуулсан алдаа, дутагдлаа хүлээн зөвшөөрч санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга бөгөөд ахлах нягтлан бодогчийн албан тушаалаас буурч, өмнө эрхэлж байсан хяналтын байцаагчийн ажлаа хийх хүсэлтээ илэрхийлжээ.

Гэтэл, хариуцагч нь А.Цэрмаагийн өргөдөлд үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа, өргөдөлд дурдагдсан асуудлыг бүрэн шийдвэрлээгүй тул уг актыг гаргасан зорилгодоо нийцээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “...ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн, харин ажлын байрыг сэлгэн ажиллах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй” гэж нотлох баримтыг буруу үнэлж, уг маргаанд хэрэглэх ёсгүй буюу захиргааны санаачилгаар төрийн жинхэнэ албан хаагчийг өөртэй нь тохиролцож сэлгэн ажиллах журмыг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг хэрэглэсэн нь буруу болсон байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлсэн, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хариуцагч хяналтын гомдолдоо “...А.Цэрмаа ноцтой, удаа дараа зөрчил гаргасан, ...сэлгэн ажиллуулах боломжгүй” гэсэн нь түүний гаргасан тушаалын үндэслэл болоогүй учир уг гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Харин давж заалдах шатны шүүхийн хийсэн хариуцагч “төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгааг зөрчсөн”, нэхэмжлэгч “шахалт, шаардлагаар өргөдөл” бичсэн гэх дүгнэлтүүд үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 548 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ          

  ШҮҮГЧ                                                               Ч.ТУНГАЛАГ