Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар   2021/ШЦТ/991

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Х.Анхцэцэг,       

Шүүгдэгч З.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З.Ц-т холбогдох 2108014730913 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын *** -ны өдөр Архангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, “ *** ” ХХК-д *** ажилтай гэх, ам бүл ***, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт *** -ийн *** /РД: *** /,    

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :  

Шүүгдэгч З.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороо, *** -ын эцсийн автобусны буудал орчим “цээж рүү түлхэлээ” гэх шалтгаанаар маргалдан Д.А-ын биед дээд уруулд шарх, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   ТОДОРХОЙЛОХ нь : 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :    

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Шүүгдэгч З.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороо, ***-ын эцсийн автобусны буудал орчим “цээж рүү түлхсэн” гэх шалтгаанаар маргалдан Д.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :    

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан...СХД-ийн ***-р хороо *** -ын эцсийн автобусны буудал дээр 2021.07.03-ны өдөр бусдад зодуулсан ....гэх тэмдэглэл /хх-03/,  

- хохирогч Д.А-ын...Би 2021.07.03-ны 14 цаг 30 минутын орчим эхнэр Б-ын хамт Сонгинохайрхан дүүргийн *** -р хороо, *** эцсийн автобусны буудлын орчим өөрийн *** улсын дугаартай автомашинтай хойноосоо урагшаа чиглэлтэй, бага хурдтай явж байсан юм. Гэтэл баруунаас зүүн чиглэлтэй гарцгүй газраар *** орчим насны согтуу эрэгтэй хүн миний машины арын хаалга хавьцаа гараараа чанга цохисон. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод буугаад тухайн согтуу хүн дээр очоод яаж байгаа юм бэ гэж хэлэхэд миний өөдөөс дайрахаар нь би гараараа цээж рүү нь түлхсэн тэгтэл намайг зөрүүлээд гараараа уруул руу нэг удаа цохисон. Тэр үед миний уруулнаас их хэмжээний цус гарахаар нь би газарт дарж унагаагаад цагдаа дуудуулсан. Гэтэл дуудлага ихтэй байна гэж хэлсэн. Нөгөө хүн маань зугтаах гээд байхаар нь чирж, машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр дагуулаад авч ирсэн...Миний уруул язарсан. Хоёр шүд хөдөлгөөн орчихсон байна миний машинд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-11, 71-72/,  

- гэрч А.Б-ын...2021.07.03-ны өдөр 14 цагийн үед нөхөр А-ын хамт Сонгинохайрхан дүүргийн *** -р хороо *** -ын эцэс дээр *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байтал замын голоор танихгүй согтуу эрэгтэй хүн машины жолооч талын хэсэгт цохиход нь манай нөхөр зогсоод машинаасаа буугаад очсон чинь тэр эрэгтэй хүн гараараа нэг удаа цохисон,   нөхрийн уруул нь язарсан байхаар нь цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-18/,

- шинжээчийн дүгнэлт...Д.А-ын биед дээд уруулд шарх, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх /хх-42-43/,

- шүүгдэгч З.Ц-ын...2021.07.03-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг *** байдаг ахындаа нэг шил 0.75 литрийн архи уучихаад нэлээн согтсон байсан. Би *** ын автобусны буудал дээр зогсоод автобус ирэхээр нь суух гээд зам дагуу алхаж явахдаа согтуу гуйваад, нэг тээврийн хэрэгслийн хойд хэсэг рүү нь гараараа цохичихсон юм. Гэтэл тэр машины жолооч бууж ирээд надад хандан “та машины урдуур орлоо ш дээ гээд намайг түлхэхээр нь би согтуу байсан учир баруун гараараа жолоочийн нүүрэн тус газар нь цохисон. Гэтэл тэр залуугийн эхнэр нь гарч ирээд, бид хоёрыг салгасан. Тухайн үед нөхөр нь намайг газар дараад цагдаа дуудаад намайг цагдаа саатуулсан...Би хохирогч Д.А-ын биед учирсан гэмтлийн мөнгө буюу 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Согтуу явж байгаад уг зодооныг эхлүүлсэн, миний буруу...гэх мэдүүлэг /хх-20, 57/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.              

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч З.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлж барагдуулсан /хх-71-72, 82/ байх ба хохирогч цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :               

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл *** , хөрөнгө орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдаж /хх-24-30/ судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Цогтбаатарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.                   

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь :        

1. Шүүгдэгч З.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц-т оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.     

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч З.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР