Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1038

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч П.Ганбаатар,  

Шүүгдэгч, хохирогч Ш.Д , Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :      

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Д , Д.Б нарт холбогдох 2108000000959 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.        

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын *** -ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** ,  хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо ***  дүгээр гудамжны ***  тоотод оршин суудаг, урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгэгдэж 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Б овгийн Д-ийн Б /РД: *** /,

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр *** аймгийн ***  суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, “ *** ” ХХК-д дамжлагын ажилтан, ам бүл *** , эхнэр ***  хүүхдийн хамт ***  аймгийн *** сумын *** дугаар баг Дэнжийн ***  тоотод оршин суудаг албан ёсны бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. *** овгийн ***-ын *** /РД: *** /,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: 

Шүүгдэгч Ш.Д нь Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо ***  тоотод 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Д.Б-ыг эхнэр Д.Б-тай гэр бүлээс гадуур харилцаатай болсон гэх шалтгаанаар эрүүл мэндэд нь халдаж 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, дээд уруулын дотор салстын шарх, хамар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун хажуу хэсэг 2 дал, 2 тохойд зулгаралт, баруун зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** -*** тоотод 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ш.Д-ыг   Д.Б-тай уулзуулсангүй гэсэн шалтгаанаар эрүүл мэндэд нь халдаж уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь :   

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох :     

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ш.Д нь Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** -*** тоотод 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Д.Б-ыг   эхнэр Д.Б-тай гэр бүлийн гадуур харилцаатай хэмээн хардан маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :      

 - Д.Б-ын хохирогчоор өгсөн...Би Б гэх эмэгтэй 2020 оны 08 дугаар сард танилцсан тухайн үед Б надад нөхрөөсөө салсан хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гээд бид хоёр уулзаж үерхдэг болсон. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би Б-тай Г гэх эмэгтэйн гэрт хамт ууж байсан, Б гэнэт байхгүй болчихоор нь гэр лүүгээ харьсан байх гэж бодоод тэдний гэр буюу Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** тоот хашаанд очоод хашааг нь даваад ортол Байгальмаагийн нөхөр *** гарч ирээд юун хүн бэ гэж асуухаар нь би Б хаана байна гэж асуухад Д гэх залуу надтай уулзах хүн өөрөө хүрээд ирлээ гээд над руу дайраад надтай ноцолдоод намайг газар унагаагаад дээрээс цохиж, тухайн гэмтлийг учруулсан, их зодуулж хохирсон ...гэх мэдүүлэг /хх-06-07, 10/,  

- шинжээчийн дүгнэлт...Д.Б-ын биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, дээд уруулын дотор салстын шарх, хамар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун хажуу хэсэг, 2 дал, 2 тохойд зулгаралт, баруун зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.../хх-35-36/,

- гэрч Д.Б-ийн...тухайн өдөр Д зодсон гэж Б надад хэлсэн...Би Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** тоотод хашаа байшинд нөхөр *** хүүхдийн хамт амьдардаг, нөхөр Д 2020 оны 05 дугаар сард маргалдаж улмаар бид хоёр сална гээд хамт амьдрахгүй байгаа, манай нөхөр *** аймагт уурхай дээр байрлаж ажилладаг...гэх мэдүүлэг /хх-24/,  

- шүүгдэгч Ш.Д-ын...2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** -р хороо *** гудамжны *** тоот гэртээ байж байтал орой 19 цагийн орчим....би танай эхнэр Б-ийн найз залуу байна, чи Д мөн биз дээ гэж хэлэхээр нь миний уур хүрээд биеэ барьж чадалгүй Д.Б гэх залуугийн нүүр хэсэгт нь 2-3 удаа цохитол зүүн хөмсөг нь сэтэрч цус гарч нүд нь хөхөрчихсөн...тэгтэл тухайн залуу надтай барилцаж аваад ноцолдсон гэх мэдүүлэг /хх-47-48/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** тоотод 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ш.Д   зодуулсныхаа дараа мөн Ш.Д-ыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :    

- Ш.Д-ын хохирогчоор өгсөн...тухайн үед анх миний уур гэнэт хүрээд биеэ барьж чадалгүй, Д.Б гэх залууг цохисон...Гэтэл тухайн залуу надтай барилцаж, ноцолдож байхдаа миний уруул хэсэгт нэг удаа гараараа цохиж, баруун гарын сарвууг гэмтээчихсэн юм...гэх мэдүүлэг /хх-15/,

- Ш.Д-ын яллагдагчаар өгсөн...тухайн үед би анх Д.Б гэх залуугийн нүүр хэсэгт нь 2-3 удаа цохитол зүүн хөмсөг нь сэтэрч цус гарч нүд нь хөхөрчихсөн...Тэгтэл тухайн залуу надтай барилцаж аваад ноцолдсон гэх мэдүүлэг /хх-47-48/,    

- шинжээчийн дүгнэлт...Ш.Д-ын биед уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.../хх-29-30/,

- шүүгдэгч Д.Б-ын...2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** -р хороо *** гудамжны *** тоотод байрлах гэрийнх нь хашааг даваад ортол Б-ийн нөхөр Д гэх залуу гэрээсээ гарч ирээд хэн бэ гэж асуухаар нь Б байна уу гэж асуутал надтай уулзах хүн өөрөө гүйгээд ирлээ гэж хэлээд над руу дайрч хүрч ирээд надтай барилцаж, ноцолдон миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон, яг тоолж чадаагүй...Тэгээд би Д луу зөрүүлээд цохисон...гэх мэдүүлэг /хх-57-58/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч нар тус бүр тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.   

Тодруулбал, шүүгдэгч Ш.Д-ын гэмт санаатай үйлдэл ба хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, мөн шүүгдэгч Д.Б-ын гэмт санаатай үйлдэл ба хохирогч Ш.Д-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хооронд тус тус обьектив зайлшгүй шууд хамаарал буюу шалтгаант холбоо тогтоогдсон, харин шүүгдэгч тус бүрт холбогдох гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүйг болохыг дурдах нь зүйтэй.     

Иймд шүүгдэгч Ш.Д , Д.Б нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч нарт тус бүр холбогдох тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн хувьд Д.Б , Ш.Д нар тус бүр хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн / шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба хохирогч тус бүр гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлынх талаарх нотлох баримтаа тус бүр бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.      

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх :  

Шүүгдэгч Д.Б урьд нь 1 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-115, 119-121/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.       

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа сайн дураар хүлээн хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-96-101, 102-107, шүүх хуралдааны тэмдэглэл/,      

Шүүгдэгч Ш.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, “ *** ” ХХК-д ажилтай, хөрөнгө орлого болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-63-70, 72-73, 74-82, 93, шүүх хуралдааны тэмдэглэл/ бөгөөд тус тус судлагдсан болно.      

Шүүгдэгч Д.Б-ын хувьд түүний “хөдөлмөр эрхлэлтийн байдал”-ыг хөндлөнгөөс нотлох ажиллагаа бүрэн бус хийгдсэн байх ба Д.Б-ын харилцах дансны орлогын зарим эх сурвалжийг үзэхэд сэлбэг хэрэгсэл, засварын үнэ гэх мэдээллүүд авагдсан байх тул Д.Б-ын “би автомашины засвар болон сэлбэгийн наймаа” хийдэг гэх мэдүүлгийг үгүйсгэх буюу түүний эрх зүйн байдлыг дордуулж дүгнэх боломжгүй гэж үзэв.          

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д , Д.Б нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.         

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :      

1. Шүүгдэгч Д.Б , Ш.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр тус бүр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , Ш.Д нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , Ш.Д нарт тус бүр оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б , Ш.Д нарт тус бүр оногдуулсан тухайн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч нар бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Д , Д.Б нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус бүр нэхэмжлэх эрхтэйг болон тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ш.Д , Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.       

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР