Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1037

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Р.Очирсүрэн,       

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М холбогдох 2108012490937 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын *** -ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилдаг гэх, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамжны *** тоотод оршин суудаг, урьд: 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр *** аймгийн *** дундын шүүхийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ял хойшлуулсан, 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр *** дүүргийн шүүхийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ***  дүүргийн шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ***  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 cap 22 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 459 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан, 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулиар эдлээгүй үлдсэн 7 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны 283 дугаартай шүүгчийн захирамжаар суллагдсан, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 542 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, *** овгийн ***-ийн *** /РД: *** /,      

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :  

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 24  цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** дугаар гудамжны *** тоот гудамжны гадна найз эмэгтэй Г.Г-ийг “хамт явсангүй, тамхи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж газар унаган, үснээс нь чирч жалга руу оруулан толгой, нуруу хэсэгт гараараа цохиж, газраас чулуу авч толгойн орой хэсэгт цохиж эрүүл мэндэд “тархи доргилт, зулай, дагзны хуйх, зүүн хацар, баруун нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, нуруунд цус хуралт, дээд доод уруулын салстад язарсан шарх, нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь : 

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :    

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 24  цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** дугаар гудамжны *** тоот гудамжны гадна найз эмэгтэй Г.Г-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :   

- хэрэг зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан...эмэгтэй хүн зодуулсан байдалтай байна...гэх тэмдэглэл /хх-07/,  

- хэргийн газрын үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь СХД-ийн ***-р хороо *** ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 08-11/,

- хохирогч Г.Г-ийн ...Би 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *** төв дээр найз залуу М-тэй уулзаад түүний танил ах С-ийн гэрт очиж, 1  шил архийг М, С ах түүний дүү гэх эмэгтэйтэй хамт уусан. Тэгээд гадна харанхуй болчихсон байхад М бид хоёр гэрээс гарч доош уруудаад ханын материалын эцэст М таньдаг ахтайгаа уулзаад гудамжинд 1 шил архи, хүний 2 шилтэй пиво уусан, дараа нь М бид хоёр доош *** хороолол руу гэр хорооллын гудамжаар алхаж байтал М буцаад С ахын гэрт очъё гэхээр нь би явахгүй гэж хэлсэн, гэтэл чамайг явахгүй бол ална шүү гэж хэлсэн. Би юу ч гэсэн ээжтэй ярьчихъя гэж хэлтэл М чи сүүлийн удаа ээжтэйгээ яриарай, чиний утсыг чинь өгөхгүй гэж хэлэхэд нь би айгаад тэгье гэж хэлээд өөрийн гар утсаа М-c аваад ээж рүү залгаад ярих гэж байтал миний утсыг булааж аваад миний утсыг газарт шидэн, миний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиход би газарт унасан. Намайг газарт унасны дараа хажуу талын хашаа руу үснээс чирч оруулаад хашааны булан хэсэгт байрлах жалга шиг дугуйгаар өрсөн хэсэг рүү оруулаад миний нуруу, толгой хэсэг рүү гараараа цохиод дээрээс өшиглөсөн. Тэгээд намайг тамхи олоод ир гэхээр нь мөнгө байхгүй гэхэд ээжтэйгээ яриад тамхи аваад ир, тамхи авч өгөхгүй бол чамайг ална гэж хэлээд газраас чулуу аваад толгойны орой хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тэр үед миний толгойноос маш их цус гарахаар нь би авраарай гэж орилоход тухайн хашааны хойд талын хашаанаас эмэгтэй хүн гарч ирээд болиулаад цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-17-18/,

- гэрч Т.О-ийн...2021 оны 06 дугаар сарын 10-ны 01 цагийн үед гэртээ унтах гээд хэвтэж байтал эмэгтэй хүн орилох чимээ гарахаар нь гэрээсээ гарч, манай урд байрлах эзэнгүй хашаа руу харж, асаагуурын гэрэлд тусгахад тухайн хашаанд...нэг залуу эмэгтэй хүнийг цамцнаас нь барьчихсан зодож байсан...Тэгээд манай нөхөр очоод гарт нь байсан чулууг булааж аваад хөрш айлын утсаар цагдаа дуудаж өгсөн...гэх мэдүүлэг /хх-21-23/,    

- гэрч Л.О-ны...2021 оны 06 дугаар сарын 09-ны өдөр миний охин надад үерхдэг М-ыг дуудсан гэж хэлээд өдөр 11 цагийн үед гэрээсээ явсан. Тухайн өдрийн 15 цагийн үед залгаж ярихад найз залуугийнхаа гэрт байна гэж хэлсэн. Тэгтэл 10-ны шөнө танихгүй дугаараас над руу залгаад Г гэж танай охин хүнд зодуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би очиход тухайн газарт толгой хэсгээс цус гарчихсан, нүүр нь хавдчихсан, М-ыг цагдаа нар барьчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-31/,      

 - Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-72-73/,   

- шинжээчийн дүгнэлт... Г.Г-ийн биед тархи доргилт, зулай, дагзны хуйх, зүүн хацар, баруун нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд няцарсан шарх, хүзүүнд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр 2021.06.09-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-33-34/,

- шүүгдэгч Б.М-ын...Би тухайн өдөр өөрийн танил Г-ийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн *** -р хорооны нутаг дэвсгэрт 2021.06.10-ны өдөр 22 цагийн орчимд архи уух зорилготой явж байсан...Тэгээд явж байгаад гудамжинд хүмүүстэй хамт архи уусан...Тухайн үед миний танил Ганцэцэг нь А гэх хүнтэй сээтэгнээд байсан, би юм хэлэлгүй ярилгүй байж байсан...Тухайн үед А гэх хүн нь хэрүүл эхэлмэгц явчихсан. Би тухайн үед Г хандаж “чи миний нүднээс далд газар яах чинь хамаа байхгүй, чиний дур” гэх утгатай үг хэллэг хэлсэн. Тэгээд миний өөдөөс хэрэлдээд янз бүр болоод байхаар нь газарт байсан тоосгоны хэлтэрхий авч байгаад толгойн зулай хэсэгт 3 удаа цохисон. Тэгээд байж байтал нэг хүн ирээд цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-63-64/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.                

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Мөн хохирогч нь “тус шүүгдэгчтэй 2021 оны 1 сард гудамжинд архи ууж байгаад танилцсан, бүтэн нэрийг нь мэдэхгүй” гэх баримт /хх-18/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс үзэхэд тэднийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа”-тай гэж үзэх үндэслэл, үйл баримт хангалттай тогтоогдоогүй байгааг тэмдэглэв.     

Иймд шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 138.000 төгрөг нэхэмжилсэн баримттай, тус хохирол төлөгдөөгүй байх /хх-40/ ба гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө, орлогогүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдаж /хх-76, 78-79, 82, 87-125, 131/ судлагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.М өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 сарын 27-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, улмаар шүүгчийн 2015.11.06-ны өдрийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 07 сар 12 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэж, хорих ялаас чөлөөлөгдсөн буюу тэр даруйд суллагдсан баримт байх /хх-106-107/ тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар Б.М-ын санаатай үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн өмнөх 2021.06.30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял шийтгэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг тус бүр 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд тус тус хамаарагдах үндэслэлгүй байна.        

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.30-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.М-д 2 жил 2 сарын хорих ялаас оногдуулсан байх /хх-108-115/ ба 2021.09.23-ны өдрөөр тасалбар болгон тооцоход 01 жил 10 сар 17 хоногийн хорих ял үлдсэн баримттай /хх-69/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь  хэсэгт зааснаар өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 жил 02 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 17 хоногийн хорих ял дээр тус тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 90 хоног буюу 03 сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 02 жил 01 сар 17 хоног хорих ялаар тогтоох үндэслэлтэй.   

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.30-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.М-ын эдлэх 2 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон, уг хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан /хх-39/ болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч 2021.09.23-ны өдрөөс 2021.10.14-ний өдрийг хүртэл /хх-53-54, 69/ нийт 21 цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :       

1. Шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.М-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.30-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 жил 02 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 17 хоногийн хорих ял дээр тус тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 90 хоног буюу 03 сарыг нэмж нэгтгэн, Б.М-ын биечлэн эдлэх хорих ялыг нийт 02 жил 01 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-ын эдлэх 02 жил 01 сар 17 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ын цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.  

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.М-аас 138.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Г-д олгосугай.    

7. Тус хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй. 

8. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

9. Шүүгдэгч Б.М-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021.10.14-ний  өдрөөс эхлэн тоолсугай.  

10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

11. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

  

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР