Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1059

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч Н.Ө, түүний өмгөөлөгч Т.Даваасүрэн,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц овогт Т-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108017661341 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ял 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр биелэгдэж дууссан, Ц овогт Т-ын М (РД:...)

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.М нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... зүүн урд байрлах “...” түргэн хоолны салбарын хажууд явж байсан Н.Ө-ын нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд “хоёр шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтад тодорхой мэдүүлсэн, нэмж ярих зүйлгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч Н.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 24-ний өглөө М-тэй анх ... үүдэнд тааралдсан. Намайг хүнтэй андуураад байхаар нь би тэр хүн чинь биш гэхэд миний нүүр лүү цохисон. Харин М намайг өшиглөснийг сайн санахгүй байна. М-ийн цохилтоос болж миний 2 шүд булгарсан. Би нийтдээ 5,785,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. 5 сая төгрөг нь имплант хийлгэхэд гарах зардал, одоо эмчилгээ хийлгэж байгаа. Тэгж байгаад хийлгэнэ. Харин үлдсэн үнийн дүнгээс  45,000 төгрөгөөр нь шүдээ авхуулж, 740,000 төгрөгөөр нь түр шүдэлбэр хийлгэсэн байгаа юм. Онгорхой байлгахгүй гээд. Иймд дээрх зардлуудыг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа юм” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Ө-ын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-ийн 3х), хохирогч Н.Ө-ын мэдүүлэг (хх-ийн 15-17х), гэрч Н.Д-ийн мэдүүлэг (хх-ийн 21-22х), насанд хүрээгүй гэрч Б.Д-гийн мэдүүлэг (хх-ийн 25-26х), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6791 дугаартай дүгнэлт (хх-ийн 32-33х), таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-6х), хохирогчийн эмчилгээний баримт (хх-ийн 9-10х), шүүгдэгч Т.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 49х, 51-57х), оршин суух хаягийн тодорхойлолт (хх-ийн 62х), төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 65х), хохирлын баримтууд (хх-ийн 7-10х),  шүүгдэгч Т.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 45-46х), хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 хуудас хохиролтой холбоотой баримт (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.М нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны зүүн урд байрлах “...” түргэн хоолны салбарын хажууд явж байсан иргэн Н.Ө-ыг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд “хоёр шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Хохирогч Н.Ө-ын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-ийн 3х),

Хохирогч Н.Ө-оор таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-6х),

Хохирогч Н.Ө-ын: “...Би 2021 оны 07 дугаар сарын 24-ний өглөө  05 цаг болж байхад гэртээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн Х гүүрний хойд талын ...-ны хажуугаар явж байхад энэ М-тэй тааралдсан юм. Тэгээд М гэх эрэгтэй нь намайг хүнтэй андуурч дуудахаар нь биш гэж хэлтэл миний нүүр лүү цохисон, тэгсэн чинь миний үүдэн нэг шүд унасан. Хамт байсан хүмүүс нь бид хоёрыг хараад зогсож байсан, М-эс өөр хүн нүүр лүү цохиогүй. Түүний цохилтын улмаас дахин үүдэн нэг шүд хөдөлгөөн орсон байсан учраас 2 шүдээ авхуулж түр шүд хийлгэсэн байгаа. Нийт 2 шүдэнд инплант хийлгэхэд 5,000,000 төгрөг болох юм байна лээ. Одоогоор миний хувьд түр шүд ринбондыг 740,000 төгрөгөөр хийлгэж, 45,000 төгрөгөөр шүдээ авхуулсан. Ингээд нийт 5,785,000 төгрөгийг М-эс нэхэмжилмээр байна. Миний биед гэмтэл учруулснаас хойш М- надад мөнгө төгрөг өгсөн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэрч Н.Д-ийн: “...2021 оны 07 дугаар сарын сүүлээр манайх руу явах гээд Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо ... түргэн хоолны газрын хажууд такси барих гээд зогсож байсан. Тэгсэн манай М гэдэг найз хажуугаар явж байсан хүүхдийг дуудаад уулзаад зогсож байгаад нүүр лүү нь цохисон. Тэгээд бид нар салгаад манайх руу явцгаасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22х),

Насанд хүрээгүй гэрч Б.Д-гийн: “...Би найз М, Б, Д нартай хамт нисэх рүү явах гээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... түргэн хоолны газрын хажуу талаас такси барих гээд зогсож байхад үл таних хүүхэд хажуугаар явахад М тухайн үл таних хүүхдийг дуудсан. Тэгсэн тэр хүүхэд ирээд яасан бэ гэсэн чинь М хүнтэй андуураад нүүр лүү нь цохисон. Тэгэхээр нь бид хэд салгаад явцгаасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6791 дугаартай:

Хэсэг газрын үзлэг хэсэгт: “...дээд эрүүнд зүүн ,2 дугаар шүдгүй,  буйл хонхор, бүлэн тогтсон,  эмзэглэлтэй. Нуруунд 1х1см шар ногоон өнгийн цус хуралттай” гэж тэмдэглэгдсэн,

“...Н.Ө-ын биед 2 шүдний булгарал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 32-33х),

Шүүгдэгч Т.М-ийн яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны зүүн урд байрлах ... түргэн хоолны салбарын хажууд найз Б, Д, Д нартай хамт явж байхад Ө гэх эрэгтэй ганцаараа өөдөөс зам дагаад алхаж байх үед зөрөх агшинд хүнтэй андуураад хөөе гээд дуудахад Ө яасан гээд хүрээд ирсэн. Ирэхээр нь Б гээд миний танилтай адилхан харагдаад байхаар нь дуудсан юм гэж хэлтэл биш гэж хэлэхээр нь би нүүр лүү нь хөлөөрөө өшиглөхөд уг эрэгтэй нүүрээ дараад доошоо газар суухаар нь нүүр лүү нь дахин гараараа цохиж нуруу руу нь түлхчхээд цааш явчихсан. Манай найз нар намайг боль гээд салгасан. Ө-од надаас өөр хүн огт гар хүрээгүй. Хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46х) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудаас харахад, шүүгдэгч Т.М нь найз нарынхаа хамтаар явж байхдаа ганцаараа явсан үл таних хохирогч Н.Ө-ыг ямар нэгэн шалтгаангүйгээр дуудан ирүүлж, өөрөөс нь хүч илүү, давуу байдлаа харуулах зорилгоор нүүр лүү нь цохиж бие махбодод нь халдсан, уг үйлдлээс хохирогчид хөнгөн гэмтэл учирсан нь түүний санаатай үйлдлээс шалтгаалсан байна.

Хэдийгээр хохирогч Н.Ө нь мөрдөн байцаалтад “Т.М нь 2 удаа нүүр лүү өшиглөж, шүд гэмтээсэн” талаар мэдүүлж ирсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт “Т.М нь нүүр лүү гараараа цохисноос 2 шүд суларч гэмтсэн” талаар мэдүүлж, өшиглөсөн эсэхийг санахгүй байна, мэдэхгүй байна гэж мэдүүлгээ өөрчилсөн ч түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь гэрч Н.Д, Б.Д нарын “Т.М нь үл таних хүүхдийн нүүр лүү цохисон” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдсон, дээрх мэдүүлгүүдээр хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгч Т.М-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байх тул уг мэдүүлгийг зөрүүг арилгахаар прокурорт буцаах нь ач холбогдолгүй, харин хохирогч Н.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.М-ийн дээрх хүний эрүүл мэндэд халдаж хүч хэрэглэсэн, хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Т.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ө-ын эрүүл мэндэд 2 шүдний булгарал, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь ribbond түр хиймэл шүд хийлгэсний төлбөр 740,000 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээ авсны төлбөр 45,000 төгрөг, нийт 785,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, мөн 2 шүдний имплант хийлгэхэд 5,000,000 төгрөг болох талаарх “...” ХХК-ийн зарлагын баримтыг хавтаст хэрэгт хавсаргуулан нэхэмжилснээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт “Энхийг цацруулагч” нүүр ам шүдний цогц эмнэлэгт шүдний ормыг эдгээж хиймэл имплант шүдэлбэр хийх, хиймэл яс нөхөх эмчилгээ хийлгэж буй баримтыг гаргаж өгсөн байна. Харин шүүгдэгч Т.М-эс хохирол төлсөн баримтгүй байна.

Хохирогч Н.Ө-ын нэхэмжилсэн дээрх 5,785,000 төгрөгийн хохирлоос нотлох баримтын шаардлага хангасан хохирол болох шүд авхуулахад гарсан зардал болох 45,000 төгрөг, ribbond түр хиймэл шүд хийлгэсний төлбөр 740,000 төгрөг, нийт 785,000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч Т.Мэс гаргуулах нь үндэслэл бүхий байна.

Хэдийгээр шүүдэгчийн өмгөөлөгчөөс энэхүү түр шүд хийлгэсний төлбөр болох 740,000 төгрөгийн баримт нь эргэлзээтэй, эмчлэгч эмч нь Ганхуяг гэх хүн байсан атал тэрбээр тэмдэг дараагүй, харин Ц гэх хүний тэмдэг дарагдсан нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээтэй байгаа тул уг зардлыг гаргуулах нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хэлснийг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь, хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд UBdent шүдний эмнэлэг 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Н.Ө-од ribbond түр хиймэл шүд хийж, төлбөрт нь 740,000 төгрөг гарсан тухай эмчлэгч эмч Б.Г гарын үсгээ зурж, санхүүгийн тэмдэг дарагдсан /уг баримтад Ц гэх эмчийн тэмдэг давхар дарагдсан байх боловч/  энэхүү баримт нь бэлэн мөнгөний орлогын ордер, хохирогч нь Голомт банкны харилцах дансаар 740,000 төгрөгийг бэлэн бусаар төлсөн талаарх баримтуудаар давхар нотлогдсон, эдгээр баримтууд нь нэг нь нөгөөгөө бататгасан шинжтэй, зөрүүгүй авагдсан баримтууд байх тул уг зардлыг шүүгдэгч Т.М-эс гаргуулах нь үндэслэлтэй байна.

Харин хохирогч Н.Ө-оос имплант шүд хийлгэхэд гарах зардал гэж нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.

Учир шалтгаан нь, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас  өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн  эрхийг  сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар  бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж, 4 дэх хэсэгт “...хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм  хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан.

Гэвч Н.Ө нь тус хэрэгт ... шүдний эмнэлэгт имплант шүд хийлгэхэд гарах зардал нь 5,000,000 төгрөг болох тухай баримтыг гаргаж өгч уг мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн хэдий боловч шүүхийн хэлэлцүүлэгт өөр эмнэлгийн буюу “Энхийг цацруулагч” нүүр ам шүдний цогц эмнэлэгт шүдний ормыг эдгээж хиймэл имплант шүдэлбэр хийх, хиймэл яс нөхөх эмчилгээ хийлгэж буй баримтыг гаргаж өгсөн, улмаар цаашид имплант шүдийг ... шүдний эмнэлэгт хийлгэхгүй, харин эмчилгээ хийлгэж буй “Энхийг цацруулагч” нүүр ам шүдний цогц эмнэлэгт хийлгэнэ гэж мэдүүлсэн хэдий ч уг эмнэлэгт имплант шүдийг ямар үнэ өртөг зардлаар хийгддэг талаарх баримтыг гаргаж өгөөгүй болно.

Иймээс шүүхээс таамаглалд үндэслэж уг хохирлын зардлыг шүүгдэгч Т.М-эс гаргуулах боломжгүй тул хохирогч нь энэхүү зардлаа нотлох баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.М-эс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх” тухай дүгнэлтийг,

Хохирогч, түүний өмгөөлөгч: “... ямар нэгэн саналгүй” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль алин нь алга байна. Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, ажил хөдөлмөр эрхэлж, хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг нэн даруй төлөх зорилготой байгаа тул прокурорын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг бууруулж 350 цаг болгож багасгаж өгнө үү” гэж,

Шүүгдэгч “...хэлэх зүйл байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Т.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй байдал, нөгөө талаас шүүгдэгч Т.М нь хувийн байдлын хувьд өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байх тул дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Т-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-эс 785,000 (долоон зуун наян таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Ө-од олгож, хохирогч Н.Ө нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.М-эс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ